Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00263

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01440 дүгээр шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2151 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Х” ХХК

          Хариуцагч: А.Ж

          Хариуцагч: Д.О нарт холбогдох

          Зээлийн гэрээний үүрэгт 244.063.168 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч А.Жы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан  нэхэмжлэлдээ: А.Ж 2014-07-29-ний өдөр “Х” ХХК-тай 1790001826 дугаар гэрээ байгуулж, 170 сая төгрөгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Уг гэрээнд Д.О хамтран зээлдэгчээр оролцсон. Зээлд Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг барьцаалсан. Зээлдэгч 2015-05- 27-ны өдрөөс хойш  төлөлт  хийгээгүй. Иймд А.Ж, Д.О нараас үндсэн зээлийн үлдэгдэл 160.598.211 төгрөг, хүүгийн үлдэгдэл 76.941.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.523.367 төгрөг, нийт 244.063.168 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч нар шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01440 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан  А.Ж, Д.О нараас 244.063.168 төгрөг гаргуулан “Х” ХХК-д олгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд  А.Ж, Д.О нарын өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот хаягт байршилтай, 115.9 м.кв талбайтай 4 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангахыг даалгаж, “Х” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 1.378.266 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1.378.266 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2151 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч А.Жы  гомдлыг хангахгүй орхижээ.

       Хариуцагч А.Ж хяналтын гомдолдоо: Давж заалдах  шатны  шүүх хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй байна. Анхан шатны шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй учир хариуцагч шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, мэтгэлцэх эрхээ алдсан. Өөрөөр хэлбэл, шүүх хурлын тов мэдэгдсэн “мэдэгдэх хуудас” хүргэгдсэн эсэх тухай асуудлыг хянаж, ИХШХШТХ-ийн 100, 100.3-г баримтлан хариуцагч нарын эзгүйд шүүх хуралдааныг явуулах үүрэгтэй байсан. Хариуцагч нарт хурлын тов мэдэгдээгүй, хариуцагч нар шүүх хурлын товыг хүлээн аваагүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцсэн нь хуулийг буруу хэрэглэн шийдвэрээ гаргасан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам  зөрчсөн. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаараагүй. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ИХШХШТХ-ийн 72-р зүйл, 72.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч нарыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй гээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байдаг. Шүүхийн шийдвэрт “ ...хариуцагч Д.О нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирэх боломжгүй байгаа тул хойшлуулж өгнө үү...талууд эвлэрэх талаар харилцан ярилцаж байгаа гэсэн хүсэлтүүдийг үндэслэн шүүх хуралдаан хойшилсон бөгөөд  ...” гэсэн нь хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй, хэдийгээр тайлбар өгөөгүй боловч нэхэмжлэгч талтай эвлэрэх тухай яригдсан баримт байсаар атал ИХШХШТХ-ийн 72 дугаар зүйл, 72.3 дахь хэсгийг хэрэглэх ёсгүй байсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэн шүүх хуралдааныг хойшлуулж, талуудыг эвлэрэх, эсвэл мэтгэлцэх эрхээр хангах үүрэгтэй байсан гэж үзэж байна.  Шийдвэрт тусгасан байдлаар нэхэмжлэгч тал хариуцагч талтай эвлэрэн хэлэлцэх тухай асуудлыг хэлэлцэж байсан болох нь тогтоогдож байсаар байхад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагтай холбоотой асуудлыг шууд ханган шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гарахад нөлөөлсөн, талуудад эвлэрэх боломжийг хангахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд  нэмэгдүүлсэн шаардлага 6.523.367 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

          Хасбанк ХХК 2017 оны  02 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, А.Ж, Д.О нараас үндсэн зээлийн үлдэгдэл 160.598.211 төгрөг, хүүгийн үлдэгдэл 76.941.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6.523.367 төгрөг нийт 244.063.168 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахыг шаарджээ.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

        Хариуцагч А.Жы гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

        “Хасбанк” ХХК нь А.Ж, Д.О нартай 2014 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1780001826 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулж, нэхэмжлэгч 170.000.000 төгрөгийг зээлүүлэх, хариуцагч нар уг мөнгийг 365 хоногт 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлэх талаар тохиролцож, үүргийн гүйцэтгэлд Улаанбаатар хотын, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр ХД 86 дугаар байр, 1 тоот, 4 өрөө орон сууцыг барьцаалсан нь тогтоогджээ.  

        Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд Хасбанк ХХК нь 170.000.000 төгрөгийг хариуцагч нарт олгосон, зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийг төлөөгүй тул  нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг зээлдэгч нараас шаардах эрхтэй.

       Хариуцагч нар  2015 оны 5 дугаар сараас хойш зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь нотлогдсон, зээлдэгч нар үндсэн зээлийн үлдэгдэлд 160.598.211 төгрөг, хүүд 76.941.590 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6.523.367 төгрөг төлөх үүрэгтэй гэж шүүх үзсэн нь  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцсэн байна.

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул энэ тухай гомдлоор шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлгүй гэж үзлээ.

       Шүүх А.Жд 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр, Д.Од 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх, үүргийг нь тайлбарлан өгөх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан журмын дагуу гүйцэтгэсэн боловч хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбарыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй  байна.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-25.2.4-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй нь хэргийг шүүх хянан шийдвэрлэхэд саад болохгүй бөгөөд энэ тухай шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

       Шүүх хэрэгт байгаа нотлох баримтын хэмжээнд шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул энэ тухай гомдлыг хангах боломжгүй байна.

         Харин анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилахдаа нэхэмжлэгчийн оноосон нэрийг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулаагүй байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагч А.Жы гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2151 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2017/01440 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Голомт банк ХХК...” гэснийг “...Хасбанк ХХК...” гэж өөрчлөн, шийдвэр болон магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч А.Жы гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 140.000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                    ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ