Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2019/ШЦТ/328

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,

Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг, 

Шүүгдэгч Г.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.С-од холбогдох эрүүгийн 1938003540376 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.С.

Шүүгдэгч Г.С- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг Сэмжин, 4 дүгээр багийн Бариул гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 05-ны хооронд зохих зөвшөөрөлгүй 9.41 м.куб унанги мод бэлтгэж байгаль орчинд 814.200 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.С- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байхдаа хувьдаа байшин барих зорилгоор Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Сэмжин”, 4 дүгээр багийн нутаг “Бариул” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 05-ны хооронд зохих зөвшөөрөлгүйгээр 9.41 м.куб унанги шинэс мод бэлтгэж, байгаль орчинд 2.442.600 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:

  • Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/,
  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,
  • Шалгалт хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,
  • Хэмжилт хийсэн түүвэр /хх-ийн 14 дүгээр хуудас/,
  • Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
  • Хохирогч Ч.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”...Би энэ хэрэгт Тосонцэнгэл сумын Засаг даргын Тамгын газрын даргын томилсны дагуу хохирогчоор оролцож байна. Экологи-эдийн засгийн үнэлгээний дагуу учирсан хохирлыг орон нутгийн орлогын дансанд буруутай этгээд нь тушаах хэрэгтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,
  •  Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчимд ажил дээрээ сууж байтал Тосонцэнгэл сумын 3 дугаар багийн иргэн Г.С- нь ажлын өрөөнд орж ирээд байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Ц-т хандан “ах аа шалгалт ирэх гэж байгаа юм уу урд хөрөө раманд мод буулгасан байгаа эрхийн бичиг авах гэсэн юм” гэхэд нь байгаль орчны хяналтын улсын байцаагч Л.Ц- “өө тийм үү шалгалт ирэх гэж байгаа, наад модоо хурдан ачиж ав” гэхэд нь “за” гээд гараад явсан. Удалгүй би Тосонцэнгэл сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Өлзийт-Хайрхан” нөхөрлөлийн хөрөө раманд хяналт шалгалт хийхэд эрхийн бичгийн зөвшөөрөлгүй 53 ширхэг мод буусан байсныг шалгалтын тэмдэглэл үйлдэж мод бэлтгэсэн Г.С-од хандаж тэр 53 ширхэг хэрэглээний модыг энэ байгаа газраас хөдөлгөхгүй үрж хорогдуулахгүй байхыг анхааруулж хэлээд улсын байцаагч Л.Ц-т танилцуулж 53 ширхэг хэрэглээний модыг нэг бүрчлэн хэмжиж шалгалтын тэмдэглэл бичсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
  •  Гэрч Л.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 05 дугаар сарын 08-ны өдөр албан өрөөндөө сууж байтал 11 цагийн орчимд Тосонцэнгэл сумын иргэн Г.С- ажлын өрөөнд орж ирээд “Ц- ах аа би мод бэлдээд раман дээр буулгачихсан надад эрхийн бичиг бичээд өгөөч” гэхэд нь би “хууль бус байна бид нар бэлтгэсэн модонд эрхийн бичиг бичихгүй, байшин барих гэж байгаа бол зөвхөн мэргэжпийн байгууллагаас модоо худалдаж ав” гэж хэлээд би модыг чинь очиж шалгаж үзнэ гэсэн. Тэгээд “Өлзийт-Хайрхан” нөхөрлөлийн хөрөө раман дээр очиж үзэхэд 1 метр 39 сантиметрээс 7 метр 85 сантиметр хүртэл урттай нийт 53 ширхэг хуурай дүнз байхаар нь би ойгоос мод бэлтгэх журам танилцуулаад модонд хэмжилт хийж баримтжуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,
  •  Гэрч Г.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...улсын дугаартай “Киа-Пронтер” маркийн тээврийн хэрэгслийг миний ах Г.С- худалдаж аваад гэрчилгээг нь миний нэр дээр авч байсан. Уг тээврийн хэрэгсэл нь Г.С- ахын эзэмшлийн тээврийн хэрэгсэл” гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
  •  “Киа Пронтер” маркын автомашиныг 6.000.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 43 дугаар хуудас/,
  •  “Дэлгэрмөрөн” сум дундын ойн ангийн: “....Г.С-ын бэлтгэсэн 9.41 м.куб хуурай шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ 814.200 төгрөг” гэх дүгнэлт, бөөрөнхий модон материалын хэмжилтийн хүснэгт, гэрэл зураг /хх-ийн 50-54 дүгээр хуудас/,
  •  Шүүгдэгч Г.С-ыг төрийн албан хаагч болохыг тодорхойлсон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Б-ын тодорхойлолт /хх-ийн 66 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Г.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...Би байгаль орчинд учруулсан хохирол болох 812.400 төгрөгийг Тосонцэнгэл сумын төрийн санд тушаагаад баримтаа авчирсан” гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэж хариулж байсан болон бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Цэнгэл багийн Засаг даргын “тодорхойлолтын хуулбар /хх-ийн 64 дүгээр хуудас/,
  • Шүүгдэгч Г.С-ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 65 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг баримт бичиг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.

Шүүгдэгч Г.С- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

Шүүгдэгч нь төрийн албан хаагчаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Шүүгдэгч Г.С- нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажиллаж байхдаа хувьдаа байшин барих зорилгоор Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг “Сэмжин”, 4 дүгээр багийн нутаг “Бариул” гэх газраас 2019 оны 04 дүгээр сарын 01-нээс 05-ны хооронд зохих зөвшөөрөлгүй 9.41 м.куб унанги мод бэлтгэж байгаль орчинд 2.442.600 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг

үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Г.С-ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, экологи-эдийн засагт 2.442.600 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 812.400 төгрөгийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн ... дугаарын данс руу шилжүүлсэн банк хоорондын шилжүүлгийн баримт /хх-ийн 67/, “байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ болох 812.400 төгрөг бүрэн төлсөн. ...Г.С- нь хохирлыг бүрэн барагдуулсан тул өөр нэхэмжлэх зүйлгүй” гэх эвлэрлийн гэрээ /хх-ийн 68/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс ойн санд учирсан хохирлын 1.628.400 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.С-од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, учруулсан хохирлоос 812.400 төгрөгийг нөхөн төлсөн, үлдэгдэл 1.628.400 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.

Шүүгдэгч Г.С- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувьд анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” 1 дэх хэсгийн 1.2 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Г.С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал, шүүгдэгчээс “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Г.С-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1 метр 39 сантиметрээс 7 метр 85 сантиметрийн урттай 53 ширхэг 814.200 төгрөгийн үнэлгээтэй хэрэглээний шинэс мод, шүүгдэгч Г.С-ын эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэлгээтэй .... улсын дугаартай “Киа-Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хураан авч, худалдан борлуулж олсон орлогоос 1.628.400 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд оруулж, хохирлоос илүү гарсан хэсгийг Хөвсгөл аймгийн төрийн сангийн дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.С- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “Төрийн албан хаагч хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.С-ыг хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Г.С-од тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С- нь ахин гэмт хэрэг санаатайгаар үйлдсэн, шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Д.Г.С- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 1 метр 39 сантиметрээс 7 метр 85 сантиметрийн урттай 53 ширхэг 814.200 төгрөгийн үнэлгээтэй хэрэглээний мод, шүүгдэгч Г.С-ын эзэмшлийн 6.000.000 төгрөгийн үнэлгээтэй .... улсын дугаартай “Киа-Пронтер” маркийн тээврийн хэрэгсэл зэргийг хураан авч, худалдан борлуулж олсон орлогоос 1.628.400 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын төрийн сангийн дансанд оруулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд Хөвсгөл аймгийн төрийн сангийн дансанд шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.С-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  1. . Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.АЗЖАРГАЛ