Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/00929

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Д.Хулан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02140 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирол болон өмгөөллийн хөлс нийт 48,230,219 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******,******* байрлалтай үйлчилгээний зориулалттай ******* барилгыг анх би барьж ашиглалтад оруулснаар өмчлөгч болсон. ******* барилгын урд байрлах 22 дугаар нийтийн орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад ******* ХХК нь тэнцсэн тул уг барилгыг буулгаж эхэлсэн. Тухайн үед зэргэлдээ байрлах манай барилгыг гэмтээх, барилгын цахилгаан болон цэвэр усны шугам гэмтээх, бохирын шугамыг бидэнд мэдэгдэлгүй шилжүүлэх зэргээр их хэмжээний хохирол учруулсан. ******* ХХК нь ******* барилгын урд байрлах 22 дугаартай нийтийн орон сууцны барилгыг буулгах явцдаа аюулгүй байдлыг хангаж ажиллаагүй, мэргэжлийн бус, хөлсний хувь хүмүүсээр буулгуулсны улмаас нурааж байгаа барилгын бүхэл хананы нэг хэсэг том бетон манай барилга руу унаж ******* барилгын үндсэн хийцлэлийг эвдсэн.

******* ХХК-аар хэмжилт хийлгүүлж, дүгнэлт гаргуулж, засварын ажлын зураг болон төсөв гаргуулахад нийт төсөв 23,433,131 төгрөг болсон. Үүнээс ******* ХХК-аас 18,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр, барилга хоорондын зайн стандарт зөрчиж, хөлсний бөхчүүдтэй хүч түрэмгийлж хашаа барьж манай барилгын урд хэсэгт машин механизм орох зай байхгүй болгосноор манай барилгад хүчитгэлийн ажил хийх боломжгүй болсон, үлдэгдэл мөнгө 5,433,131 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөхгүй байгаагаас барилгын эвдрэлээ засаж чадахгүй хохирсон. Мөн ******* ХХК-ийн барилгын ажлын улмаас манай барилгад хазайлт үүсэж болзошгүй байсан бөгөөд энэ нөхцөл байдлыг хэлэхэд барилгын хазайлтын хэмжих цэг хатгуулъя, танайх мөнгөө гаргаад цэгээ хатгуулчих, удахгүй мөнгийг нь өгнө гэсэн учир манайх барилгын хазайлтыг хэмжих 5 цэгийг 250,000 төгрөгөөр хатгуулсан. Уг төлбөрийг ******* ХХК нь өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.2. ******* ХХК нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр манай цэвэр усны шугамыг зөвшөөрөлгүй ухсан, улмаар шугамыг хагалж манай барилгыг цэвэр усгүй болгосныг өөрийн хөрөнгөөрөө засаж шугамаа хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Цэвэр усны хагарсан хоолой солиулахад хувь хүнд 800,000 төгрөгийн ажлын хөлс өгсөн. Улсын баяр наадмын өдрүүдэд манай барилгад захиалгат үйл ажиллагаатай байсан учраас аргагүй байдалд орж өндөр үнээр гагнуурын ажил хийлгүүлсэн. Энэ талаар хариуцагчид хэлэхэд уг төлбөрийг мөн өгөөгүй. Цэвэр усны шугамыг доргиож гэмтээснээс хойш дахин 2024 оны 01 дүгээр сард болон 2024 оны 02 дугаар сард гэмтэл гарч их хэмжээний ус алдаж хохирол учирсан. Бид цэвэр усны шугамаа 2 удаа засварлахад 2 удаа экскаватор хөлсөлж төлбөрт 2,300,000 төгрөг, шугамын засварын ажлын хөлсөнд 515,000 төгрөг, шугамын тодруулга 150,000 төгрөг, засварын материалд 436,500 төгрөг, усны алдагдлын зөрүүнд 1,325,500 төгрөг төлж, нийт 5,527,000 төгрөг болсон.

1.3. 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс манай барилгын нойлын өрөөний бохир усны шугам бөглөрч бохир ус хальж эхэлсэн. Манай барилгын цэвэр ус, дулаан, бохирын шугамыг хариуцдаг ОСНААУГ харьяа XYT-5-д удаа дараа дуудлага өгч, тэдний инженерүүд, засварчид засварлах гэсэн боловч бохирын шугамын бөглөрөл гарахгүй байсан тул бохирын шугамыг хэмжилтийн дурангаар шалгуултал ******* ХХК нь бидэнд мэдэгдэлгүйгээр, мөн зөвшөөрөлгүйгээр манай барилгын гадна бохир усны шугамын трассыг өөрчилж, бохир усны шугамыг байгаа газраас нь зөөж нүүлгэн шилжүүлсэн байсан. XYT-5-ийн инженерүүд уг шинэчилсэн бохир усны шугам нь холбогдох стандартыг зөрчиж хийсэн байгаа талаар манайд мэдэгдэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 258 дугаартай албан бичиг ирүүлсэн. ******* ХХК-ийн энэ хууль бус үйлдэлтэй холбогдуулан эрх бүхий байгууллагуудад гомдол гаргаж, шаардлага хүргүүлсэн боловч арга хэмжээ авахгүй байсан. Бохирын шугам гэмтэж, үүнээс болж бохир бөглөрөх, халих гэх мэт асуудалтай байсаар аргагүй эрхэнд бидний хувьд 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан бохирын шугамын ажлыг 29,890,088 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн.

1.4. Хариуцагч нь бохир усны шугам нүүлгэн шилжүүлэхдээ манай бохирын худгийн тагийг суурийн хамт ачаад явсан. Манай худаг барилга буулгасан шороогоор дүүрч бөглөрсөн байсныг манайх ажилчин хөлсөлж ухуулж цэвэрлэсэн. Хүйтний улирал болоход гадна бохир усны худаг таггүй хөлдөх аюултай тул шинээр худгийн таг авч хийсэн.

1.5. Хариуцагч нь дур мэдэн манай гадна бохирын шугамыг нүүлгэн шилжүүлсэн, мөн цахилгааны шугам тасалж холбож, холбооны шугам устгаж байхгүй болгосон. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

Иймд хариуцагч ******* ХХК-аас ******* барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад гаргасан зардал 29,890,088 төгрөг, бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000 төгрөг, цэвэр усны шугамын гэмтэл, алдагдлын засварын зардал 5,527,000 төгрөг, барилгын хазайлтыг хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг, барилгын хийцлэл засварлах үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөг, өмгөөллийн зардал 6,600,000 төгрөг, нийт 48,230,219 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******-ийн барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад гаргасан зардал 29,890,088 төгрөг нэхэмжилсэн. Бохир ус зайлуулах шугам нь *******ы өмчлөлийн зүйл биш бөгөөд энэ нь Хот, суурин ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу Төрийн болон Орон нутгийн өмчид хамаарна. Тухайн бохир усны шугамд хохирол учруулсан, буруу байршуулсан гэж маргаж байгаа тохиолдолд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар буюу өмчлөгч шаардах эрхтэй юм.

Мөн гэх компанитай гэрээ байгуулан төлбөрийг тус компанийн тоот дансанд төлөхөөр тохиролцсон байсан. Нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга нь гэрээнд тусгагдсан буюу шилжүүлсэн данс хоорондоо зөрүүтэй байна. Зургийг хэзээ хаана дарсан, тус компани хийсэн эсэх нь тодорхойгүй байна.

2.2. Бохир усны таг 250,000 төгрөг нэхэмжилсэн. Барилгажих газрын дотор байсныг гадна байршуулсан. Үүнийг шинээр авах зайлшгүй шаардлагатай зүйл биш бөгөөд том цементийг авч явах боломжгүй. Нэхэмжлэлд мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч ямар газраас юу авсан нь тодорхойгүй байдаг.

2.3. Цэвэр усны шугамын гэмтэл, алдагдлын засварын зардал 5,527,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой баримтгүй, хэрхэн тооцоолж гаргаж ирсэн нь тодорхойгүй.

2.4. Барилгын хазайлтыг хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт байхгүй.

2.5. Барилгын хийцлэл засварлах үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөг нэхэмжилсэн. Хэргийн 2 дугаар хавтасны 171 болон 172 дугаар талд тохиролцоо байдаг ч хохирлын үнэлгээ тогтоосон зүйл байхгүй. Гэвч ******* ХХК-тай 18,000,000 төгрөгөөр тохиролцож төлбөрийг 11 дүгээр сард 25-ны өдөр нэхэмжлэгчийн эзэмшлийн дансанд шилжүүлсэн.

2.6. Өмгөөллийн зардал 6,600,000 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцох, оролцохгүй байх эрх нэхэмжлэгч талд байдаг. Үүнтэй холбоотой зардлыг хариуцагчаас шаардаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 33,255,088 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14,975,131 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /315,300+101,885+70,200+70,200+199,926/ 757,511 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 324,225 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 358,410 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн 10.1-д ...*******ийн хэрэглэсэн бохирын шугам нь хэвийн ажиллагаагүй болсон, үүний улмаас бохир усны шугамыг стандартын шаардлага хангуулан дахин завсарлахад холбогдох зардлыг нэхэмжлэгч ******* гаргасан тогтоогдсон гэжээ. Гэтэл бохир дамжин өнгөрөх шугамыг урьдын байранд 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ХХК-аар хуучин хэвэнд оруулж дахин засварлуулсан гэх боловч тухайн засварласан гэх цаг хугацаанд ******* ХХК маргаан бүхий барилгын газрын эзэмшигч хэвээр байсан бөгөөд эгүүлэн ямар нэгэн засвар хийгээгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байна. Энэ талаар өөрсдийн татгалзлын нотлох зорилгоор анхан шатны шүүх хуралдаан дээр маргаан бүхий газар буюу бохирын шугамд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч шүүх дээрх хангахаас татгалзаж мөнгө шилжүүлсэн нь бохирын шугамыг хуучин байранд байршуулсан гэж үзнэ гэж дүгнэж байгаа нь хариуцагч татгалзлаа нотлох эрхийг хязгаарлаж ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоогдоогүй байхад нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн.

4.2. Шүүхийн шийдвэрийн 12.4-т ...зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой, ...баримтад үндэслэн нэхэмжлэгч шаардсан нь үндэслэлтэй гэж үзэв гэжээ. Гэтэл дээрх бохирын худгийн тагыг ******* ХХК авч явсан нь баримтаар нотлогдох ёстой байхад энэ талаар баримт байхгүй, мөн нотлох баримтаар гаргасан ******* эсхүл нэхэмжлэгч ******* худалдаж авсан гэх нотлох баримт биш байхад шүүх энэ хэсгийг хангаж шийдвэрлэж байгаа үндэслэлгүй.

4.3. Шүүхийн шийдвэрийн 12.3-д ...хариуцагч баримтаар няцаагүй, гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлоогүй байна гэжээ. Гэтэл нэхэмжлэгч нь ******* ХХК-ийн ямар буруутай үйл ажиллагаанаас болж гэм хор учруулаад байгаа талаар нотолсон баримт хавтаст хэрэгт байхгүй байхад татгалзлаа нотлоогүй гэж хариуцагчийг буруутгаж буй нь үндэслэлгүй, хуульд заасан урьдчилсан нөхцөл болох гэм хор учруулсан нь нотлогдсон байх шаардлагыг хангаагүй байна.

4.4. Мөн шүүх хавтас хэрэгт авагдсан Барилга, хот байгуулалтын яаманд ирүүлсэн албан бичгийг үндэслэл бүхий байдлаар дүгнээгүй, *******ийн барилгын гадна бохир усны шугам нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны 21, 22 дугаартай барилгаас холбогдох нормын зай хэмжээ аваагүй угсралт хийгдэж ашиглагдаж байсан байна гэх байдлаас харахад ******* нь анхнаасаа зөвшөөрөлгүйгээр 21, 22 дугаар байрны барилгажих талбайд бохир усны шугам байршуулж, тухайн шугам нь анхнаасаа эвдэрхий буюу шууд хөрсөнд шингэж байсан зэрэг нотлох баримтад дүгнэлт хийлгүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

4.5. Нэхэмжлэгч ******* нь ыг төлөөлөх эрх бүхий этгээд биш атлаа дангаараа нэхэмжлэл гаргаж байгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасан шаардлага хангаагүй буюу бүрдүүлбэр хангаагүй байхад шүүх хэргийг хүлээн авч шийдвэрлэж байгаа шийдвэрлэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил юм.

4.6. Хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан боловч анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн хүсэлтийн хүрээнд бус нэмэлт шинжилгээ хийлгэх тухай захирамж гаргасан. Тиймээс шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан татгалзлаа нотлох зорилгоор гэрчээр шинжээчийг оролцуулах хүсэлт гаргасан боловч мөн үндэслэлгүйгээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан нь татгалзлаа нотлох эрхийг хязгаарласан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгох эсхүл нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын бохирын шугам хоолойг зөвшөөрөлгүй, холбогдох журам, стандартын горим, зураг төсөлгүйгээр дур мэдэн шилжүүлэн нүүлгэсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар бүрэн тогтоогдож байдаг. Үүний улмаас нэхэмжлэгчийн барилга нь 2023 оны 10 дугаар сараас эхлэн бохир нь бөглөрч халих, бохир усны үнэр үнэртэж, бохирын шугам хоолой нь удаа дараа хөлдөх болсон. Тиймээс нэхэмжлэгч нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан бөгөөд бохир нь халих, бөглөрөх, шугам хоолой хөлдөх гэсэн нөхцөл байдалтай 1 жил гаруй хугацаа өнгөрсөн бөгөөд дахин хүйтний улирал эхлэхээс өмнө өөрийн зардлаар эрх бүхий этгээдээр холбогдох журам, стандартын дагуу 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрийн барилгын буюу хариуцагчийн нүүлгэн шилжүүлсэн бохирын шугам хоолойг засварласан. Энэ нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэсэн эрх бүхий байгууллагын албан бичиг, гадна ариутгах татуургын системийг угсарсан, сорилтоор шалгасан акт, төлбөр шилжүүлсэн баримт, ажил гүйцэтгэж байх үеийн фото зураг зэргээр нотлогдсон.

Гомдлын нэгдүгээр хэсэгт *******ийн гадна бохир усны шугамын засвар хийгдсэн цаг хугацаа болох 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хариуцагч маргаан бүхий барилгын газар эзэмшигч хэвээр байсан гэх боловч тус газар 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр барилга барих сонгон шалгаруулалтад ХХК шалгарч Улаанбаатар орон сууцжуулалт ХХК-аас Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 22 дугаар байрны барилга барих батламж гардаж авсан. Иймд *******ийн бохир усны шугам засварлах явцыг ******* ХХК харах болон хянах боломжгүй. Иймээс хариуцагчийн нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, үзлэг хийснээр энэ нөхцөл байдал нь үгүйсгэгдэж, хариуцагчийн засварлаагүй гэсэн татгалзал нотлогдоно гэж шүүхийн шийдвэрийг үндэслэлгүй гэж гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

5.2. Дээр дурдсанчлан хариуцагч нь нэхэмжлэгчийн барилгын бохирын шугам хоолойг шилжүүлэн нүүлгэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдож байхаас гадна шүүх хуралдаанд ч мөн өөрсдөө нүүлгэн шилжүүлсэн гэдгээ хэлдэг. Бохирын шугам хоолой нь бохирын худагтайгаа холбогдсон байдаг бөгөөд бохирын худаг нь тагтай байдаг. Хариуцагч нь барилга барих талбайгаа хашаалан нэхэмжлэгчид мэдэгдэлгүй бохирын шугам хоолойг шилжүүлэн нүүлгэж, өөрсдийн барилга барих талбайг цэвэрлэхдээ бохирын худгийн тагийг суурьтай нь ачаад авч явсан байсан тул бохирын худаг барилга буулгасан шороогоор дүүрч бөглөрсөн байсныг мөн л нэхэмжлэгч ажилчин хөлсөлж ухуулж цэвэрлэж, хүйтний улирал болоход гадна бохир усны худаг таггүй хөлдөх аюултай учраас шинээр худгийн таг авч хийсэн.

5.3. Хэрэгт дараах баримт авагдсан бөгөөд эдгээр нь бүгд хариуцагч ******* ХХК нь холбогдох журам, стандартын горим зөрчиж нэхэмжлэгчийн өмчлөлийн барилгын бохирын шугам хоолойг шилжүүлэн нүүлгэсэн, мөн хариуцагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан болохыг бүрэн нотолж байгаа болно. Үүнд: мэргэжлийн газрын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаар албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №258 дугаар албан бичиг, , газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №01/1387 дугаар албан бичиг, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №11/7847 тоот албан бичиг, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын хэрэглэгчдэд үйлчлэх төв-5-ийн 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №161 дугаар албан бичиг, ******* ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №АК-53/2022 дугаар Техникийн дүгнэлт, Хот байгуулалт хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шаардах хуудас, ******* ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн №63/24 тоот албан бичиг, Хот байгуулалт хөгжлийн газрын 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн №01-10/779 тоот барилгын ажил зогсоолгох тухай албан бичиг, Хот байгуулалт хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн №А/15 тоот барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлэх тухай тушаал, Нийслэлийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №13 дугаартай прокурорын тогтоол, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаар шинжээчийн дүгнэлт, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн № дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн № дугаар магадлал, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №02 дугаар шинжээчийн дүгнэлт байдаг.

5.4. Нэхэмжлэгчийн өмчлөлийн ******* барилгын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнд *******, гэж 2 иргэний нэр байдаг. Хамтран өмчлөгчтэй болсон нөхцөл байдлыг тодруулбал, 2003 онд ******* нь бизнесийн үйл ажиллагааны зорилгоор иргэн аас мөнгө зээлсэн бөгөөд нь тухайн үед зээлийг эргүүлэн төлөх хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд нэрээ хамтран өмчлөгчөөр оруулна гэснийг зөвшөөрч, ы нэрийг 2003 онд өмчлөх эрхийн гэрчилгээнд түр оруулан бүртгүүлсэн. Улмаар ******* нь зээлсэн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан боловч нь 2006 онд гэр бүл, үр хүүхдүүдтэйгээ Америк улсад цагаачлан гарч, 2011 онд нэг удаа Монгол Улсад ирснээс хойш 15 жилийн турш Монгол Улсад ирээгүй, өнөөдрийг хүртэл ямар нэг аргаар түүнтэй холбоо барих боломжгүй байдаг.

нь Хятад улсын иргэн бөгөөд Монгол улсад цагаачлан амьдардаг байсан. ******* нь өөрийн өмчлөлийн хөрөнгийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнээс иргэн ы нэрийг нь хасуулах талаар шүүхэд хандсан боловч хаяг дээрээ оршин суудаггүй гэсэн тул эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргаж Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс эрэн сурвалжлуулах шийдвэр гарсан болно. Мөн Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт Иргэний хуульд тухайн харилцааг зохицуулсан хэм хэмжээ байхгүй бол түүнтэй төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээг хэрэглэнэ, 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт Дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж тус тус заасан. Хамтран өмчлөгч нарын нэг нь дангаараа нэхэмжлэл гаргах, эрхээ хамгаалуулах талаар шаардлага гаргах эрхгүй гэж заасан хуулийн зохицуулалт байхгүй байгаа тул Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1дэх хэсэгт заасныг баримтлан 108 дугаар зүйлийн 108.2-д заасныг төсөөтэй хэрэглэх боломжтой.

Тиймээс өөрийн өмчлөлийн зүйлийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг хангах, өмчлөгчийн эрхээ хамгаалуулах үүднээс шүүхэд хандаж байгаа нь холбогдох хууль тогтоомжид бүрнээ нийцэж байгаа бөгөөд энэ ч үүднээс шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авч хэргийн шийдвэрлэсэн нь хууль ёсны гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн, хууль тогтоомжийг бүрэн хэмжээнд судалж, дүгнэлт хийж, үндэслэл бүхий дүгнэлт хийж, хууль ёсны байх шаардлагыг хангасан шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан ******* -ийн барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад шаардагдах зардал 29,890,000 төгрөг, бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000 төгрөг, цэвэр усны шугамын алдагдлын засварт 800,000 төгрөг, барилгын хазайлтын хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг, хийцлэл эвдэлж гэмтээсний засварын ажлын үлдэгдэл 5,433,131 төгрөг, нийт 36,903,131 төгрөг гаргуулах, бохир усны шугамыг урьдын байршилд зөөж засварлах ажлыг хийж гүйцэтгэх болон барилгын засварын ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл бололцоогоор тус тус хангахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн, өөрчилсөн шаардлагадаа ******* барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад гарсан зардал 29,890,088 төгрөг, бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000 төгрөг, цэвэр усны шугамын гэмтэл алдагдлын засварт 5,527,000 төгрөг, барилгын хазайлтын хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг, барилгын хийцлэл засварлах үлдэгдэл төлбөр 5,433,131 төгрөг, өмгөөллийн зардал 6,600,000 төгрөг, нийт 48,230,219 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

4. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. , ******* нарын Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, 11 Их тойруу гудамж, 26 тоот хаягт байршилтай, 930 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг улсын бүртгэлийн байгууллагаас 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон. /1-р хх-ийн 12/

 

4.2. Нийслэлийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар *******ны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай 21, 22 дугаар орон сууцны барилгыг буулган дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр ******* ХХК шалгарсныг батламжилж, газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй гэрээ байгуулах эрх олгосон. Улмаар хариуцагч ******* ХХК-д Сүхбаатар дүүргийн 06 дугаар хорооны 22 дугаар орон сууцны барилгын буулгалтын ажилд Хот байгуулалт, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 249/2022 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, мөн барилга байгууламжийг шинээр барих барилгын ажилд 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус олгосон. /1-р хх-ийн 77-82/

 

4.3. Хариуцагч ******* ХХК нь 22 дугаар орон сууцны барилгыг буулгах явцдаа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд барилгын бүхэл хананы хэсэг бүтнээрээ зэргэлдээ байрладаг нэхэмжлэгчийн өмчлөлийн *******-ийн барилгын чиглэлд унахдаа уг барилгыг мөргөн үндсэн хийцлэлд гэмтэл учруулсан байна.

 

4.4. Нэхэмжлэгч нь *******-ийн барилгад учруулсан гэмтлийн талаар шинжээчийн дүгнэлт ******* ХХК-аар 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр гаргуулсан. Уг дүгнэлтэд ...өмнөх барилгыг буулгах явцад 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 18 цагт барилгын хананы хэсэг бүтнээрээ унаж *******-ийн барилгын зоорийн хананы дээд хэсэгт зоорийн хучилтын доохно хүчтэй цохилт өгсөн. График аргаар зурж үзэхэд унаж цохисон хананы хэсгийн өндөр 4.8 метр болох нь тодорхой байна. Цохилтын улмаас *******-ийн барилгын өмнө талын 6.8 метр урттай хэсэгт блокон сууриудын завсрын болон босоо чиглэлийн зуурмагууд салсан нь харагдана. Доод хэсгийн блокууд хугарсан байх магадлалтай. Нэгдүгээр давхрын тоосгон хананы дотор гадна талын олон газар нарийн цавууд үүссэн нь цохилтын үеийн доргилт чичиргээнээс үүсдэг болно. Мөн төвийн хоёр блокийн заадал доргилтоор хөдөлснөөс шалтгаалж зуурмагаар битүүлэгдсэн босоо заадлын өнгөлгөө эмтэрч унаад заадал ил гарч тодорсон нь ажиглагдана. Одоогоор суурь, хананы ан цав үүссэн өрөө тасалгаанд үйл ажиллагаа түр явуулах боломжтой ч газар хөдлөлтийн 8 баллын хэвтээ чиглэлийн ачааллыг тэсвэрлэх боломж огт байхгүй. гэжээ. /1-р хх-ийн 25-26/

 

4.5. Дээрх барилгын гэмтэлтэй холбоотой хариуцагч ******* ХХК-ийн зүгээс 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр албан бичиг *******-д хүргүүлсэн. Уг албан бичигт ...2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Оюунтуяа *******-ийн эзэн *******ы охин ******* нар *******-ийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн гарсан осолтой холбогдуулан хохирлын хэмжээг 18,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсон болохыг баталж, 18,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор *******ы ******* тоот дансанд шилжүүлнэ гэжээ.

******* ХХК-ийн ХААН банк дахь тоот данснаас 18,000,000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэгч *******ы ХААН банк дахь тоот дансанд шилжүүлсэн. /2-р хх-ийн 171-172/

 

4.6. Мөн нэхэмжлэгч *******-ийн гэмтэлтэй холбоотойгоор барилгын хазайлтыг хэмжих геодезийн хэмжилт хийлгэж 5 цэг тавиулах ажлыг Газрын мэдээлэл ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын төлбөрт 250,000 төгрөг төлсөн байна. /1-р хх-ийн 22/

 

4.7. Хариуцагч ******* ХХК-аас газар шорооны ажлыг хийхдээ 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр *******-ийн барилгын цэвэр усны шугамыг гэмтээсэн тул нэхэмжлэгч Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт хандаж, улмаар тус газрын 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн №161 тоот албан бичигт ...ус дулаан дамжуулах төвийн хүйтэн усны ерөнхий тоолуур дээр алдагдал үүссэний дагуу орон сууцны байр, аж ахуйн нэгж байгууллагуудын гадна инженерийн шугам сүлжээг шалгахад танай байгууллагын хүйтэн усны ф50-ийн хэмжээтэй шугам хагарч гэмтсэн байна. Иймд дээрх гэмтлээ яаралтай засварлана уу. Засварлаж дуусах хүртэлх хугацаанд хүйтэн усаар хангах боломжгүй болохыг нэхэмжлэгч *******д мэдэгдсэн. /1-р хх-ийн 21/

 

4.8. Мөн 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэгч *******-ийн барилгын нойлын өрөөний бохир ус шугам бөглөрч бохир ус хальсан талаарх дуудлагыг Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газарт дуудлага өгснөөр тус газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 258 тоот албан бичигт ...танай эзэмшлийн ариутгах татуургын худаг, шугамд үзлэг хийсэн. Тус шугам нь тунаатай, худаг хоорондын стандартын дагуу уналт гаргаагүй улмаас ашиглалтын үед бөглөрч байна. Иймд ариутгах татуургын шугамыг шинээр сольж, угсралтын ажлыг тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар хийлгэнэ үү... гэжээ. /1-р хх-ийн 15/

 

4.9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь Хот байгуулалт, хөгжлийн газарт ...*******нд байрлах *******-ийн гадна цэвэр усны шугам, цахилгааны шугамыг эвдэлж гэмтээсэн, бохир усны шугамыг ******* ХХК дур мэдэн нүүлгэн шилжүүлснийг шалгуулах-аар 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Уг гомдлыг , газрын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 01/1387 тоот албан бичгээр Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хороонд шилжүүлсэн. /2-р хх-ийн 55-58/

 

4.10. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны ус хангамж, ариутгах татуургын улсын байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дугаартай тогтоолоор зөрчлийн хэрэг нээж шалган, 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гомдол мэдээллийг Барилга, хот байгуулалтын яамны салбарын газарт харьяаллын дагуу шилжүүлэх санал Нийслэлийн прокурорын газарт гаргасныг тус прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор *******-ийн гадна бохирын шугамыг ******* ХХК нь дур мэдэн шилжүүлсэн гэх хэргийг харьяаллын дагуу Барилга, хот байгуулалтын яамны салбарын газарт шилжүүлсэн. /2-р хх-ийн 51-52, 73/

 

4.11. Барилга, хот байгуулалтын яамны салбарын газрын Барилга байгууламжийн техникийн улсын ахлах байцаагчийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тогтоолоор ******* ХХК нь *******ийн гадна бохир усны шугам хоолойн хамгаалалтын бүсийн дэглэмийг зөрчсөн гэх зөрчлийн хэргийг шалгахад хэрэгт цугларсан Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн баримтаар *******-ийн гадна ариутгах татуургын шугам сүлжээ хот байгуулалтын мэдээллийн санд оруулаагүй, хамгаалалтын зурвас газар тогтоолгоогүй, тус ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг ашиглалтын шаардлага хангахгүй буулгагдсан 21, 22 дугаартай барилгаас холбогдох нормын зай хэмжээ баримтлалгүйгээр гүйцэтгэж, ашиглаж байсан зэрэг нь тогтоогдсон тул ******* ХХК-д холбогдох зөрчлийг хэргийг хэрэгсэхгүй болгосон. /2-р хх-ийн 86-87/

 

4.12. Дээрх зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосон улсын ахлах байцаагчийн тогтоолыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* эс зөвшөөрч гомдол гаргасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 83 дугаартай тогтоолоор Зөрчлийн тухай хуулийн 6.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийг зөрчсөн буюу ус хангамж, ариутгах татуургын барилга байгууламжийн хамгаалалтын бүсийг зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэн гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 93-34/

 

4.13. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газарт хандсан 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 11/7847 тоот албан бичигт ...*******ээс 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ирүүлсэн гомдлын дагуу , газрын Барилгын техникийн хяналт улсын ахлах байцаагч нарын хийсэн хяналт шалгалтаар ******* ХХК-ийн шинээр барьж буй үйлчилгээтэй, орон сууцны барилга болон *******-ийн барилгын бохир усны шугам хоорондын зай нь шугамын хамгаалалтын зурвас зөрчсөн гэж тогтоосон. Иймд холбогдох хууль тогтоомжийн дагуу ******* ХХК-аар зөрчлийг арилгуулна уу гэжээ.

 

4.14. Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/15 тоот тушаалаар ...*******ны нутаг дэвсгэр дэх орон сууцны 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч ******* ХХК нь төсөл хэрэгжүүлж байгаа байршил дахь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч *******-ийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан зөрчлөө арилгах хүртэлх хугацаагаар дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн. /2-р хх-ийн 102/

 

4.15. Хот байгуулалт, хөгжлийн газраас , газарт 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01-10/779 тоот албан бичгээр ...******* ХХК нь төслийн байршил дахь хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч *******-ийн шугам сүлжээний ашиглалтын хэвийн нөхцөл байдлыг алдагдуулсан байх тул барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн. Иймд ******* ХХК-ийн барилгын үйл ажиллагааг зогсоож хамтран ажиллана уу гэжээ. /2-р хх-ийн 101/

 

4.16. Мөн Хот байгуулалт, хөгжлийн газраас нэхэмжлэгч *******д 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 08/1052 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичигт ...******* ХХК-ийн төсөл хэрэгжүүлж байгаа барилгын талбайд байсан *******-ийн барилгын бохир усны шугамыг зөвшөөрөлгүй шилжүүлсэн, шилжүүлснээс үүссэн асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай хохирлыг барагдуулах талаарх гомдлыг хууль байгууллагад хандан шийдвэрлүүлнэ үү. Одоогийн байдлаар *******ны нутаг дэвсгэр дэх орон сууцны 21, 22 дугаар байрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг дээрх асуудлыг шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд түр түдгэлзүүлсэн гэжээ. /1-р хх-ийн 87/

 

4.17. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дугаар шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/649 дүгээр Төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан захирамж, Хот байгуулалт, хөгжлийн газрын /хуучин нэрээр/ даргын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн А/15 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг түдгэлзүүлсэн тушаал, 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/24 дугаар барилгын ажлын зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаалыг тус тус хүчингүй болгуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрт 22 дугаар орон сууцны барилгыг ******* ХХК буулгах явцдаа хил залгаа орших *******ийн барилгын бүтээцэд гэмтэл учруулсан, барилгын суурийн ажлын хүчитгэл хийхдээ тус төвийн барилгын гадна бохир ус татан зайлуулах шугам сүлжээг гэмтээсэн, улмаар уг шугам сүлжээг хэрэглэгчийн болон мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр зураг төсөлгүйгээр шилжүүлсэн гэж дүгнэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. /2-р хх-ийн 189-208/

 

4.18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ХХК-тай 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр гүйцэтгэгч ХХК нь Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 26-д байрлах *******-ийн гадна бохир усны хуучин трасс шугамыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэх, захиалагчийн төлөөлж ******* нь ажлын хөлсөнд 29,890,088 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /2-р хх-ийн 209-216/

 

4.19. Дээрх гэрээний дагуу ХААН банк дахь *******ийн тоот данснаас ХААН банк дахь тоот дансанд 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг бохир усны шугамын ажлын хөлс урьдчилгаа гэх утгатайгаар, ХААН банк дахь 5028734081 тоот дансанд 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 19,890,088 төгрөгийг 01 гэрээний төлбөр бохир усны шугам гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн. /2-р хх-ийн 215-216/

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэц, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тус тус үүрэгтэй гэж заасан.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас учирсан гэм хорын хохирол шаардахад хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас түүний эд хөрөнгөд гэм хор учирсан байх, гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой байх нөхцөл бүрдсэн байх учиртай.

 

6. Барилгын хийцлэл эвдэлж гэмтээсний засварын ажлын үлдэгдэл 5,433,131 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

6.1. Нэхэмжлэгч нь хариуцагчийг 22 дугаар орон сууцны барилгыг буулгах явцдаа барилгын бүхэл хананы нэг хэсэг том бетон унаж *******-ийн барилгын үндсэн хийцлэлийг эвдсэн тул засварын ажлын зураг болон төсөв гаргуулахад нийт төсөв нь 23,433,131 төгрөг болсноос 18,000,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан, харин үлдэгдэл 5,433,131 төгрөгийг төлөөгүйгээс барилгын эвдрэлийг бүрэн засаж чадахгүй хохирсон гэж тайлбарласан.

 

6.2. Хэргийн баримтаар хариуцагч ******* ХХК нь *******ны ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслийн хүрээнд 22 дугаар орон сууцны барилгыг буулгах явцдаа 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 18 цагийн орчимд барилгын бүхэл хананы зарим хэсэг зэргэлдээ байрладаг нэхэмжлэгчийн *******-ийн барилгын чиглэлд унахдаа уг барилгыг мөргөн үндсэн хийцлэлд гэмтэл учруулсан.

 

6.3. Хариуцагч нь дээрх барилгыг буулгахдаа барилгын ажлын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, эрсдэлийг урьдчилан тооцоогүй, мэргэжлийн стандарт зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй. Дээрх хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчийн *******-ийн барилгын үндсэн хийцлэл гэмтэж хохирол учирсан нь шалтгаант холбоотой.

 

Хариуцагч нь хохирол учруулсан үйл баримтын талаар маргаагүй боловч хохирлыг 18,000,000 төгрөг байхаар тохиролцон төлбөрийг төлсөн, цаашид дахин уг асуудлаар хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж маргасан.

 

6.4. Хэргийн баримтаар талууд барилгын бүтцэд учирсан гэм хорын хохирлыг 18,000,000 төгрөг байхаар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр харилцан тохиролцсон, улмаар хариуцагч ******* ХХК-аас нэхэмжлэгчид 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шилжүүлсэн. Иймд талууд барилгын бүтцэд учирсан гэм хорын хохирлыг 18,000,000 төгрөг байхаар тохиролцсон хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх тул цаашид гарах хохирлыг хариуцах үндэслэлгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.

 

6.5. Анхан шатны шүүх барилгын хийцлэлийг засварлахад 23,433,131 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар нотлогдоогүй гэж дүгнэн талуудын тохиролцсон 18,000,000 төгрөгийн хэмжээгээр хохирлыг тодорхойлж, нэхэмжлэгчийн засварын ажлын үлдэгдэл 5,433,131 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

7. Барилгын хазайлтын хэмжих цэг тавиулсан зардал 250,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

7.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...барилгын ажлын улмаас манай барилгад хазайлт үүсэж болзошгүй байсан бөгөөд хариуцагч нь барилгын хазайлтыг хэмжих 5 цэгийг өөрсдөө хатгуулчих дараа нь зардлыг төлнө гэж хэлсэн тул тухайн цэгүүдийг хатгуулж ажлын хөлсөнд 250,000 төгрөг төлсөн боловч хариуцагч нөхөн төлөөгүй гэж, хариуцагч татгалзлаа ажлын хөлсөнд 250,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоогүй гэж тус тус тайлбарласан.

 

7.2. Нэгдүгээр хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан баримтаар нэхэмжлэгч барилгын хазайлтыг хэмжих 5 цэг тавиулах ажлыг Газрын мэдээлэл ХХК-аар гүйцэтгүүлж, ажлын хөлсөнд 250,000 төгрөг төлсөн болох нь тогтоогдсон.

 

7.3. Хариуцагч байгууллага барилга буулган нураах явцад барилгын бүхэл хананы зарим хэсэг нэхэмжлэгчийн өмчлөлийн *******-ийн барилгын чиглэлд унахдаа уг барилгыг мөргөн үндсэн хийцлэлд гэмтэл учруулсан буруутайн улмаас уг барилгын хазайлтыг хэмжих 5 цэг тавиулж 250,000 төгрөгийн хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

 

7.4. Барилгын хазайлтын хэмжих цэг тавиулж, нэхэмжлэгчийн төлсөн 250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

8. Цэвэр усны шугамын гэмтэл алдагдлын засварт 5,527,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

8.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ ...хариуцагч 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр *******-ийн шугамыг зөвшөөрөлгүй ухахдаа цэвэр усны шугамын хоолойг хагалсныг өөрсдийн хөрөнгөөрөө засаж шугамаа хэвийн үйл ажиллагаанд оруулсан. Цэвэр усны шугамыг доргиож гэмтээснээс шалтгаалан дахин 2024 оны 01 болон 02 дугаар сард дахин гэмтэл гарч их хэмжээний ус алдаж хохирол учирсан. Цэвэр усны шугамыг 2 удаа засварлахад 2 удаа экскаватор хөлсөлж төлбөрт 2,300,000 төгрөг, шугамын засварын ажлын хөлсөнд 515,000 төгрөг, шугамын тодруулга хийхэд 150,000 төгрөг, засварын материалд 436,500 төгрөг, усны алдагдлын зөрүүнд 1,325,500 төгрөг тус тус төлж хохирсон гэж, хариуцагч татгалзлаа ...цэвэр усны шугамын гэмтэл, алдагдлын засварын зардал 5,527,000 төгрөг нэхэмжилсэн боловч үүнтэй холбоотой баримтгүй, хэрхэн тооцоолж гаргасан нь тодорхойгүй гэж тус тус тайлбарласан.

 

8.2. Хэрэгт цугларсан баримтуудаар хариуцагч ******* ХХК-аас барилгын газар шорооны ажлыг хийх явцдаа 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн *******-ийн барилгын цэвэр усны шугамд гэмтэл учруулсан байна.

 

8.3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан. Хариуцагч нь газар шорооны ажлыг хийхдээ *******-ийн барилгын цэвэр усны шугам хагарсан талаар маргаагүй, харин уг барилгын цэвэр усны шугам хагарч гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэх нөхцөл байдлаа нотлоогүй тул гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.

 

8.4. Мөн нэгдүгээр хавтаст хэргийн 212-213 дугаар талд авагдсан баримтаас үзэхэд ХААН банк дахь *******ийн тоот данснаас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 515,000 төгрөгийг Вatmyagmar ajlyn huls гэх утгатайгаар, мөн өдөр 1,200,000 төгрөгийг ekske ajlyn huls гэх утгатайгаар, 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөгийг ekske ajlyn huls гэх утгатайгаар, мөн өдөр 150,000 төгрөгийг sangiin material truba гэх утгатайгаар тус тус шилжүүлсэн дансны хуулгаар тогтоогдсон.

 

8.5. Хариуцагч нь барилгын газар шорооны ажлыг хийх явцдаа нэхэмжлэгчийн өмчлөлийн *******-ийн барилгын цэвэр усны шугамд гэмтэл учруулсан буруутай, уг гэмтлийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан нь шалтгаант холбоотой байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг шаардах эрхтэй.

 

8.6. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хариуцагчаас 2,865,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 2,662,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...хариуцагчийн ямар буруутай үйл ажиллагаанаас болж гэм хор учруулсан талаарх нотолсон баримт хэрэгт байхгүй гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9. *******-ийн барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгож, урьдын байршилд зөөж засварлахад шаардагдах зардал 29,890,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

9.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...тус барилгын нойлын өрөөний бохир усны шугам бөглөрч бохир ус хальсан. Гэтэл хариуцагч ******* ХХК нь зөвшөөрөлгүйгээр барилгын гадна бохир усны шугамын трассыг өөрчилж, зөөж нүүлгэн шилжүүлснээс бохир усны шугам хэвийн горимоор ажиллах боломжгүй болж, бөглөрөх, хөлдөх болсон. 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан бохирын шугамын ажлыг 29,890,088 төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн... гэж, хариуцагч татгалзлаа ...бохир ус зайлуулах шугам нь *******ы өмчлөлийн зүйл биш, харин Төрийн болон Орон нутгийн өмчид хамаарна. Тухайн бохир усны шугамд хохирол учруулсан, буруу байршуулсан тохиолдолд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар буюу өмчлөгч шаардах эрхтэй. гэх компанитай гэрээ байгуулан төлбөрийг тус компанийн дансанд төлөхөөр тохиролцсон байхад төлбөр шилжүүлсэн данс хоорондоо зөрүүтэй, зургийг хэзээ хаана дарсан, тус компани хийсэн эсэх нь тодорхойгүй байна гэж тус тус тайлбарласан.

 

9.2. Хэргийн баримтаар Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

- 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр *******-ийн бохир усны гадна шугам сүлжээг газар дээр нь хэмжилт, үзлэг хийхэд: БУХ-2 /бохир усны худаг гэх цаашид/-ын өндөржилт 1302,57 метр, БУХ-З-ын өндөржилт 1302,92 метр, БУХ-4-ын өндөржилт 1303,22 метр, БУХ-5-ын өндөржилт 1302,97 метр тус тус байв. Үүнээс үзэхэд БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү 25 см буюу эсрэг чиглэлтэй налуутай байна. Энэ нь БНбД 40-04-16 болон БНбД 40-01-14-д заасан стандартад нийцэхгүй байна.

-2025 оны 03 дугаар сарын 06-ны өдөр газар дээр нь үзлэг, хэмжилт хийх явцад БУХ-4 болон БУХ-5 бөглөрсөн, хөлдөлт үүсэж эхэлж байсан. Энэ нь БУХ-5-aac, БУХ-4 рүү 25см-ын эсрэг уналтын налуутай байгаагаас шалтгаалан тухайн худгуудад туналт үүссэн. Мөн шугам сүлжээг зөөж шинэчлэн солих явцад шугам угсралтын ажлыг стандартын дагуу угсарсан эсэх нь тодорхойгүй учир нь ажлын зураг болон гүйцэтгэлийн зураг байхгүй, ажлыг хийж гүйцэтгэх явцад мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулж угсралтын ажлыг актаар үйлдэж баталгаажуулаагүй байгаа нь шугам угсралт стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй.

-*******-ийн бохир усны шугам сүлжээний өмнөх трассыг өөрчилснөөр шинээр угсарсан БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү нь эсрэг чиглэлтэй байгаа нь 2 бохир усны худгийн хооронд бохир ус туналттай, өөрийн түрэлтээр бохир усыг татан зайлуулахад саад учруулж байна.

-Мөн *******-ийн бохир усны шугам нь анхны байрлалаас зүүн тийш БУХ-З-г 10 метр орчим газарт, хуучин диаметр 150мм-ийн шугамыг 37 метр орчим шинэчлэн солин зөөж, шинээр БУХ-4-г нэмж угсарсан байна. Шугам сүлжээг зөөж, шинээр угсрах явцад батлагдсан ажлын зургийн дагуу угсраагүй, шугам сүлжээг зөөж угсрахдаа мэргэжлийн байгууллагаар хяналт хийлгэж, актаар үйлдэж баталгаажуулаагүй байгаа нь шугам угсралтын ажил стандартад нийцсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна. БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү нь эсрэг 25см-ийн чиглэлтэй байгаа нь 2 бохир усны худгийн хооронд бохир ус туналттай, өөрийн түрэлтээр бохир усыг татан зайлуулахад саад учруулж тухайн 2 бохир усны худаг бөглөрч хөлдөлт үүссэн байна гэжээ. /2-р хх-ийн 118-120/

 

9.3. Түүнчлэн, 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №02 дугаартай шинжээчийн нэмэлт дүгнэлтэд:

-...БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү 25 см буюу эсрэг чиглэлтэй хэвгийтэй байна. Энэ нь БНбД 40-01-14-ын 5.1.1-д/ Дамжуулах хоолой, сувгийн хамгийн бага хэвгийг бохир усны хөдөлгөөний зөвшөөрөгдөх хамгийн бага хурднаас хамааруулан тооцвол зохино. Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг хоолойн голчоос хамааруулан: 150мм-0,008; 200мм-0,007; байхаар тооцно гэж заасан стандартад нийцэхгүй байна. Тодруулбал, Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг 150мм шугам хоолойн хувьд 1 м тутамд 0,008мм буюу 0,8 см байхаар стандартад заасан бол БУХ-4 болон БУХ-5 хоорондын шугамын нийт урт 14 метр байгаа бөгөөд 150мм-н 1 метр шугам хоолой тутам дахь хэвгий 0,56 см байгаа нь БНбД 40-01-14-ын 5.1.1-д нийцэхгүй байна.

- шугам сүлжээг зөөж шинэчлэн солихдоо БНбД 40-04-16-н 3.1/ Байгууламжийн тэнхлэг, хоолойн трасс /чиг/ байгуулж шуудуу малтах, суурийн нүх ухах хил зааг, мөн тухайн нутаг дэвсгэрийн газар доорх шугам сүлжээнүүдийн байршлыг тодорхойлсны үндсэн дээр угсралтын ажлын зөвшөөрлийн дагуу газар шорооны ажил эхэлнэ./ болон 3.2 /Инженерийн шугам сүлжээг малтаж ил гарган нээх замаар шугам хоолойтой холбохдоо холбогдох мэргэжлийн байгууллагын төлөөлөгч заавал байлцуулах бөгөөд ил гаргасан сүлжээг гэмтэх, хөлдөхөөс хамгаална./ гэсэн эдгээр заалтуудыг зөрчиж ашиглагч мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулаагүй.

- "*******-ийн бохир усны шугам сүлжээний өмнөх трассыг өөрчилснөөр шинээр угсарсан БУХ-4 болон БУХ-5-ын хооронд 25см-н уналтын хэвгийтэй байгаа нь 2 БУХ хооронд бохир усны урсгалын хурд саарч өөрийн түрэлтээр бохир усыг татан зайлуулахад саад учруулж БУХ-4, БУХ-5-д хөлдөлт үүссэн байна.

Мөн *******-ийн бохир усны анхны шугам нь анхны байрлалаас зүүн тийш БУХ-З-г 11 метр орчим газарт, хуучин диаметр 150мм-ийн шугам хоолойг 37 метр орчим шинэчлэн солин зөөж, шинээр БУХ-4-г нэмж угсарсан байна. Шугам сүлжээг зөөж, шинээр угсрахдаа БНбД 40-04-16-н 1.1-д /Ус хангамж, ариутгах татуургын гадна сүлжээ, байгууламжийг барих өргөтгөх ажлыг гүйцэтгэх, турших, хүлээн авахдаа ажлын зураг төсөл, энэ норм дүрэмд тусгасан шаардлагаас гадна барилгын угсралтын ажлын үед мөрдөх техникийн аюулгүй ажиллагаа, барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалтын тухай хүчин төгөлдөр мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм болон салбарын яам, газруудын нормативын баримт бичгийг мөрдөнө./ гэж заасны дагуу зураг төсөл хийгдээгүй мөн ашиглагч мэргэжлийн байгууллагаар хяналт тавиулаагүй.

БУХ-4 болон БУХ-5-ын хооронд шугамын уналтын зөрүү 25 см буюу эсрэг чиглэлтэй хэвгийтэй байна. Энэ нь БНбД 40-01-14-ын 5.1.1-д /Дамжуулах хоолой, сувгийн хамгийн бага хэвгийг бохир усны хөдөлгөөний зөвшөөрөгдөх хамгийн бага хурднаас хамааруулан тооцвол зохино. Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг хоолойн голчоос хамааруулан: 150мм-0,008; 200мм-0,007; байхаар тооцно/ гэж заасан стандартад нийцэхгүй байна. Тодруулбал: Ариутгах татуургын бүх системд дамжуулах хоолойн хамгийн бага хэвгийг 150мм шугам хоолойн хувьд 1м тутамд 0,008мм буюу 0,8 см байхаар стандартад сан бол БУХ-4 болон БУХ-5 хоорондын шугамын нийт урт 14 метр байгаа бөгөөд мм-н 1 метр шугам хоолой тутам дахь хэвгий 0,56 см байгаа нь БНбД 40-01-14-ын 5.5.1-д нийцэхгүй байна гэж дүгнэжээ. /2-р хх-ийн 118-220, 240-243/

 

9.4. Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ХХК-тай 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их сургуулийн гудамж 26-д байрлах *******-ийн гадна бохир усны хуучин трасс шугамыг шинэчлэх ажлыг ХХК-иар гүйцэтгүүлж, ажлын төлсөнд 29,890,088 төгрөг төлсөн байна.

 

9.5. Хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******д мэдэгдэж, зөвшөөрөл авахгүйгээр тэдний бохир усны шугамын трассыг өөрчлөн бохир усны шугамыг зөөж нүүлгэн шилжүүлсний улмаас бохир усны шугам хэвийн ажиллах боломжгүй болж бөглөрөх, хөлдөх зэрэг асуудал үүссэн тул мэргэжлийн байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгон засварлахад нэхэмжлэгч *******д 29,890,088 төгрөгийн хохирол учирсан нь хариуцагчийн буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу гэм хорын хохирлыг шаардах эрхтэй байна. Иймээс бохир ус зайлуулах шугам нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл биш гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

9.6. Харин *******-ийн гадна ариутгах татуургын шугам сүлжээ хот байгуулалтын мэдээллийн санд оруулаагүй, хамгаалалтын зурвас газар тогтоолгоогүй, тус ариутгах татуургын шугам сүлжээний угсралтын ажлыг ашиглалтын шаардлага хангахгүй буулгагдсан 21, 22 дугаартай барилгаас холбогдох нормын зай хэмжээ баримтлалгүйгээр гүйцэтгэж, ашиглаж байсан нь хариуцагч байгууллагаас нэхэмжлэгчид мэдэгдэж зөвшөөрөл авахгүйгээр бохир усны шугамын трассыг өөрчлөн бохир усны шугамыг байгаа газраас нь зөөж нүүлгэн шилжүүлснийг зөвтгөх үндэслэл болохгүй.

 

9.7. Анхан шатны шүүх хэргийн баримтууд болон талуудын тайлбарыг харьцуулан дүгнэж нэхэмжлэгч *******ы шаардсан *******-ийн барилгын бохир усны шугамыг мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар стандартын дагуу хэвийн үйл ажиллагаатай болгоход шаардагдах зардал 29,890,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...бохир дамжин өнгөрөх шугамыг засварласан гэх цаг хугацаанд ******* ХХК маргаан бүхий барилгын газрын эзэмшигч хэвээр байсан тул ямар нэгэн засвар хийгээгүй өнөөдрийг хүртэл ашиглаж байсан... гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.

 

10. Бохир усны худгийн таг 250,000 төгрөг, ажлын хөлсний зардал 280,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

10.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ...хариуцагч нь бохир усны шугам нүүлгэхдээ *******-ийн бохирын худгийн тагийг суурьтай нь ачаад авч явснаас худаг барилга буулгасан шороогоор дүүрч бөглөрсөн байсныг ажилчид хөлсөлж ухуулж цэвэрлэсэн. Хүйтний улирал болоход гадна бохир усны худаг таггүй хөлдөх аюултай тул шинээр худгийн тагийг нөхөн авч хийхэд 250,000 төгрөг, мөн ажлын хөлсний зардалд 280,000 төгрөг төлсөн гэж, хариуцагч татгалзлаа ...барилгажих газрын дотор байсныг гадна байршуулсан, худгийн тагийг шинээр авах зайлшгүй шаардлагатай зүйл биш, том цементийг авч явах боломжгүй. Түүнчлэн, нэхэмжлэлд мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргасан боловч ямар газраас юу авсан нь тодорхойгүй гэж тус тус тайлбарлан маргасан.

 

10.2. Нэгдүгээр хавтасны 27 дугаар тал дахь баримтаар нэхэмжлэгч нь ХХК-аас хэлтгий таг 160,000 төгрөгөөр, таг 90,000 төгрөгөөр тус тус худалдан авсан болох нь тогтоогдсон. Харин хэргийн 28 дугаар талд авагдсан 2023.11.10-нд бохирын худгийн кольцо, таг худаг ухаж засварласан болно. Ажлын хөлс 280,000 төгрөг Бат-Эрдэнэ, Улаанхүү гэсэн баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй гэх шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

10.3. Хариуцагч нь гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт заасны дагуу чөлөөлөгдөнө. Өөрөөр хэлбэл, хариуцагч нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу бохирын худгийн тагийг алга болгоогүй гэх нөхцөл байдлаа нотлох үүрэгтэй байхад нотолж чадаагүй гэж үзнэ.

 

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч байгууллагаас бохир усны худгийн тагны төлбөрт 250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн үндэслэлтэй байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

11. Өмгөөллийн зардалд 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

11.1. Шүүх өмгөөллийн зардал нь бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоогүй гэж дүгнэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 6,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иргэний хэрэгт нэхэмжлэгч нь өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлснийг түүнд учирсан хохирол гэж үзэхгүй юм. Энэ шийдэлд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

12. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарт үндэслэн хариуцагч ******* ХХК-аас 33,255,088 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 14,975,131 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад тус тус нийцжээ.

 

13. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

13.1. Хэргийн баримтаар Сүхбаатар дүүргийн 06 дугаар хороо, 11 Их тойруу гудамж, 26 тоот хаягт байршилтай, 930 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр , ******* нар 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. Харин нэхэмжлэгч ******* нь хамтран өмчлөгч ыг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд Сүхбаатарын дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр эрэн сурвалжилж шийдвэрлэсэн. Гэтэл нь Буянт-Ухаа агаарын замын боомтоор 2011 оны 08 дугаар сарын 02-ны өдөр улсын хилээр гарсан нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2-4в/227 тоот албан бичгээр тогтоогдсон.

 

Иймээс нэхэмжлэгч ******* нь тухайн үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байх тул гэм хорын хохирлыг хариуцагчаас шаардан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Харин хамтран өмчлөгч нь шүүхэд нэхэмжлэл гаргаагүй нь гэм хорын хохирлыг нэхэмжлэх нөгөө өмчлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

13.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дахин шинжээч томилуулах хүсэлтийг шүүхэд гаргасан ба тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн дугаар тогтоолоор Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №01 дугаартай шинжээчийн дүгнэлт хэт ерөнхий байдлаар хариулсан нь бүрэн бус гэх үндэслэлийг бий болгосон гэж дүгнэн нэмэлт шинжилгээ хийж гүйцэтгэхийг шинжээчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

 

13.3. Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжээчийг гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн дугаар тогтоолоор бичмэл нотлох баримтаар нотлогдох боломжтой үйл баримтыг гэрчээс тодруулах гэж байгаа шалтгаан үндэслэл тодорхой бус байхаас гадна шинжээчээс тодруулах гэж байгаа асуудал нь шинжилгээ хийлгэсэн асуудалтай холбоогүй гэж дүгнэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь буруу биш юм. Өөрөөр хэлбэл, шүүгч хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

14. Анхан шатны шүүх иргэдийн төлөөлөгчийн ...хариуцагч нь хана нурааж хохирол учруулсан. Энэ нь бодитоор ил харагдах, мөн бохирын шугам сүлжээнд хохирол учруулсан байна. Тиймээс хариуцагч нь нэхэмжилж буй төлбөрийг хариуцах үүрэгтэй. Учир нь гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон. Түүнчлэн, бохирын шугамын асуудлыг мөн хариуцах үүрэгтэй. ******* ХХК нь нэхэмжлэгч талын нэхэмжилсэн нийт төлбөрийг нөхөн төлөх үндэслэл байгаа нь баримтаар нотлогдсон тул төлөх ёстой... гэх дүгнэлтийг шийдвэрт дурдсан нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/02140 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр урьдчилан төлсөн 324,225 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Д.ХУЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ