Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 1065

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Т.Болор-Эрдэнэ, шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Х овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1908 03650 1162 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Х овогт Д-ийн Б, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн ** тоотод оршин суудаг, регистрийн дугаар **********, урьд: 2002 онд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 712 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин агуулах худалдааны төв”-өөс Парламент нэртэй 1 хайрцагтаа 500 боодолтой тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, нийт 1,854,500 төгрөгийн хохирол учруулахыг завдсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд “шүүгдэгч Хагшууд шарайд овогт Д-ийн Б нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номин агуулах худалдааны төв”-өөс 1,854,500 төгрөгийн үнэлгээ бүхий нэг хайрцаг буюу 500 боодол (блок) парламент нэрийн тамхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч гарах гэж байгаад харуулд баригдсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Д.Б-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэг зүйлгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч Н.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Номин тав трейд” ХХК-ийн дэлгүүрт зарагдаж байсан “Парламент” нэртэй 1 хайрцаг буюу 500 хайрцагтай тамхийг үл таних 40-45 насны эрэгтэй хүн хулгайлж авч гарч байгаад үүдний гарах хаалганы шалгагч А.У-д баригдсан. Тухайн өдөр би 6 дугаарын касс дээр бичилт хийж байсан. Манай дэлгүүрийн 1-8 дугаартай кассын аль алинаар нь авсан бараагаа уншуулаагүй, шууд дэлгүүрийн орох хэсгээр гараад явчихсан байсан. Энэ талаар дэлгүүрийн зохион байгуулагч Ууганбаяр хэлэхэд анх мэдсэн. Нэг хайрцагт 500 ширхэг тамхи байдаг. Би одоогоор компанийн хөрөнгийн жагсаалтад ямар үнэтэй бүртгэгдсэнийг сайн мэдэхгүй байна. 1 хайрцаг “Парламент” нэртэй тамхийг нэмэгдсэн өртгийн албан татварын үнэ ороод 4,959 төгрөгөөр зарж борлуулдаг юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас);

3. Гэрч А.У-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Номин агуулах худалдааны төв”-ийн 22 дугаар салбарт шалганы үүрэг гүйцэтгэж байх хугацаанд дэлгүүрийн орох, гарах хаалгаар овор ихтэй хайрцагтай зүйл тэвэрч гарч байсан үл таних 45-50 орчим насны эрэгтэй хүнийг шалгахад надад хандаж хүний бараа өргөж авч гарч байгаа юм гэж хэлсэн. Ингээд уг хүнээс дахин тодруулан авч гарч байгаа хайрцагтай эд зүйлийн талаар асуухад мэдэхгүй байсан тул уг хайрцагтай эд зүйлийг задалж үзэхэд “Парламент” нэртэй тамхинууд байсан. Яг хэдэн хайрцаг тамхи байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан бүтэн хайрцагтай тамхи байсан. Би 45-50 орчим насны эрэгтэйд хандаж “падаангүй бараа гаргахгүй, барааны эзэн ирсний дараа танд барааг өгч гаргуулна” гэж хэлэхэд “ах нь гадагшаа гараад падаанаа аваад ирье” гэж хэлэхэд нь би уг хүнийг гаргаагүй. Ингээд дэлгүүрийн хяналтын камер хянагч Берикболатыг дуудаж өрөөнд нь оруулж шалгахад манайхаас хулгай хийснийг мэдсэн. Дэлгүүрийн камер хянагчид хулгай хийсэн талаараа намайг гарсны дараа ярьсан гэсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 31 дүгээр хуудас);

4. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ажил дээрээ байж байх хугацаанд дэлгүүрээс миний буулгасан тамхинуудыг 45-50 орчим насны эрэгтэй хүн хулгайлж авч гарч байгаад баригдсан гэж сонссон. Миний буулгасан хайрцагтай тамхи 1 боодолдоо 10 ширхэг, хайрцагтаа 500 ширхэг байдаг...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 33 дугаар хуудас);

5. “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ний 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 816 дугаартай эд зүйлийн үнэлгээ (хх-ийн 39-41 дүгээр хуудас);

6. Шүүгдэгч Д.Б-ийн иргэний иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 58 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 69 дүгээр хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 72 дүгээр хуудас);

7. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Микроноос буугаад Номин агуулах худалдааны төвөөс архи авч уух гээд орсон. 100 грамм татчих санаатай. Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор дэлгүүр дотор байсан том хайрцагтай зүйл лангууны хажууд газар байж байхаар нь аваад гадаа гаргаж тавьсан. Тэгсэн чинь миний хойноос нэг эмэгтэй гарч ирээд та наад авч явж байгаа бараагаа бичүүлсэн юм уу? Та намайг дагаад ороод ирээрэй гэхээр нь би дагаад орсон,  хайрцагтай зүйлээ тэврээд. Тэгэхэд цаанаас хамгаалагч гарч ирээд өрөөнд оруулан камер шүүсэн. Тэгээд өрөөндөө байхдаа утсаар цагдаа дуудсан. Жоохон юм уусан байсан болохоор нэмээд ганц шил архи уух гэж хулгай хийж, хайрцагтай зүйл авч гарсан. Би хулгай хийх үедээ ганцаараа байсан. Намайг хулгай хийхэд харсан хүн байхгүй байсан гэж бодож байна. Өмнө нь энэ дэлгүүрт орж ирж байгаагүй. Анх удаагаа орж ирж байна. Надад өөр хийсэн хэрэг байхгүй. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52 дугаар хуудас);

8. Шүүгдэгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Өмнөх мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн. Надад нэмж ярих зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 94 дүгээр хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэрэг нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг сэм буюу нууц далд аргаар, шунахайн сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломжийг өөртөө бүрдүүлж чадсанаар төгсдөг онцлогтой.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахад шууд чиглэсэн үйлдлийг санаатай хийж эхэлсэн боловч өөрийнх нь хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу харуулын шалгалтаар гэмт үйлдэл нь таслан зогсоогдсон байх тул тэрээр хулгайлсан эд зүйлсээ өөрийн дураар захиран зарцуулах бодит боломжгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ” хэмээн хуульчилсан тул шүүгдэгч Д.Б-ийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзнэ. 

Хөрөнгийн үнэлгээний тусгай зөвшөөрөл бүхий байгууллагаас хулгайн эд зүйл болох нэг хайрцаг Парламент тамхийг 1,854,500 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүх гэмт хэргийн улмаас учирч болох байсан хохирлын хэр хэмжээг Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш буюу нийт 1,854,500 төгрөгөөр тогтоосон болно.

Шүүгдэгч Д.Б-ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Д.Б-ийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Н.Б нь эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Б-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргуулах, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдлийн шинж ба гэмт хэргийг төгсгөж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан энэ хуулийн тусгай ангид тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулна” гэж заасныг журамлан шүүгдэгч Д.Б-д гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүнийг цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Х овогт Д-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3.Шүүгдэгч Д.Б-д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

5.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Д.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.БАТАА