| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/11766/И |
| Дугаар | 210/МА2026/00930 |
| Огноо | 2026-04-27 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00930
Намсрайгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/02466 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагаварт 25,000,000 төгрөг, хохиролд 2,900,000 төгрөг, нийт 27,900,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
*******тэй 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээний дагуу 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр урьдчилгаа 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 24,800,000 төгрөг хариуцагчид шилжүүлж, харин 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр татварт 2,700,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нотариат 200,000 төгрөг, нийт 27,900,000 төгрөг зарцуулсан.
Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын газраас худалдан авсан нэгж талбарын ******* дугаар бүхий газар нь Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6-д заасны дагуу гэрчилгээг бусдад шилжүүлэх боломжгүй болохыг мэдэгдсэн. Иймд 2025 оны 7 дугаар сараас хойш *******ээс хохирлыг барагдуулахыг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийг буцаан төлөөгүй.
Иймд хариуцагч *******ээс нийт 27,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Би Lexus 570 /Лексус/ маркийн автомашинаа 2018 онд иргэн н.Болдбаатарт зарж борлуулахдаа ******* байрлах зуслангийн зориулалттай газрыг 20,000,000 төгрөгт тооцон авсан. Татварт 2,700,000 төгрөг төлж бүртгэлийг өөрийн нэр дээр болгосон.
2.2. Уг газрыг худалдахаар зар тавьсан. Зарын дагуу нэхэмжлэгч холбогдож газрыг авъя гээд урьдчилгаа төлбөрт 200,000 төгрөгийг шилжүүлж, маргааш нь газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг нотариатаар батлуулж 24,800,000 төгрөг шилжүүлж, нийт 25,000,000 төгрөг төлсөн. Харин газрын татвар 2,700,000 төгрөг болон нотариатын төлбөрийг би аваагүй тул зохих газраас нэхэмжлэх боломжтой.
Иймд газрын төлбөрт авсан 25,000,000 төгрөгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй боловч нэг дор төлж барагдуулахад санхүүгийн боломжгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч *******ээс 27,900,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 297,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 297,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:
Би нэхэмжлэгчээс газрын төлбөрт 25,000,000 төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр авсан. Харин татварт төлсөн 2,700,000 төгрөгийг надад өгөөгүй учраас Сонгинохайрхан дүүргийн Татварын албанд хүсэлт гаргаж өөрийн дансанд буцааж авах боломжтой байхад шүүх надаас гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Харин нэхэмжлэгчээс авсан 25,000,000 төгрөгийг буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй, нэмэлт мөнгө өгөх боломжгүй гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
*******ийн нэр дээр бүртгэлтэй газрын татварыг би төлсөн. Тухайн татварыг төлсөн үйлдэл нь өмчлөх, эзэмших эрх үүсгэсэн эсхүл тухайн газрын эрх зүйн байдлыг өөрчилсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд өөрийн нэр дээр бус, өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй газрын татварыг төлсөн атлаа дахин газрын албанд гомдол гаргах, маргаан үүсгэх шаардлагагүй.
Уг маргаан удаан хугацаанд үргэлжилж нэг жилийн турш шийдвэрлэгдэхгүй явж ирсэн бөгөөд хариуцагч тал шүүх хуралдаанд тогтмол ирэхгүй, асуудлыг сунжруулсан байдалтай байгаа нь бодит нөхцөл байдлыг хүндрүүлсэн. Хариуцагчтай эвлэрч, харилцан тохиролцох санал гаргаж байсан боловч шүүхээр яв гэх байдлаар хандсан тул маргаан шүүхийн журмаар шийдвэрлэгдэх нөхцөл байдалд хүрсэн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан гэрээнээс татгалзаж, гэрээнээс татгалзсаны үр дагаварт 25,000,000 төгрөг, хохиролд 2,900,000 төгрөг нийт 27,900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч газрын төлбөрт шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг буцаан төлөхийг зөвшөөрч, харин татвар болон нотариатын зардалд төлсөн 2,900,000 төгрөгийн төлбөр төлөхийг эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
3.1. Талуудын хооронд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* нь өөрийн эзэмшлийн *******,*******,*******, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг шилжүүлэх, ******* нь газрын төлбөрт 27,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. /хх-ийн 9/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.
3.2. Нэхэмжлэгч нь хариуцагчид 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 24,800,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг, харин 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр нотариатын зардалд 200,000 төгрөг, 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр татварын байгууллагад 2,700,000 төгрөг тус тус төлсөн болох нь хэргийн 5-8 дугаар тал дахь шилжүүлгийн мэдээллийн баримт болон талуудын тайлбараар тогтоогдсон.
3.3. Хариуцагч ******* нь *******,*******,*******, нэгж талбарын ******* дугаартай, 699 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зуслангийн газрын эзэмших эрхийг нэхэмжлэгч *******н ******* ХХК-ийн нэр дээр шилжүүлэх хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанд гаргасан байна. Тус газрын алба 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 10-20/2174 тоот албан бичгээр хариу өгсөн. Уг албан бичигт ...тухайн байршил нь ойн сан бүхий газарт хамаарч байх тул Ойн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 8 дугаар зүйлийн 8.6 дахь заалтыг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх боломжгүй гэжээ. /хх-ийн 10/
4. Худалдах, худалдан авах гэрээний зүйл болох дээрх зуслангийн газар нь Ойн тухай хуульд заасан ойн сан бүхий газарт хамаарч байх тул уг газрыг иргэнд зөвхөн ашиглах эрх олгох бөгөөд ашиглах эрх нь өмчлөх эзэмших эрхийг үүсгэхгүй. Учир нь ойн сан төрийн өмч, тусгай дэглэмтэй тул уг газрыг иргэнд эзэмшүүлэх боломжгүй юм.
4.1. Хариуцагчийн нэхэмжлэгчид худалдсан зуслангийн газар нь эрхийн зөрчилтэй доголдолтой хөрөнгө байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д заасны дагуу эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй, хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол зардлыг төлөх үүрэгтэй байна. Иймд Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д хэсэгт зааснаар хариуцагч нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох зуслангийн газрыг эрхийн доголдлын улмаас нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ гүйцэтгэх боломжгүй буюу гэрээний үүргээ зөрчсөн буруутай тул нэхэмжлэгч нь худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй.
4.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан өгөх үүргийн хүрээнд хариуцагч нь нэхэмжлэгчээс гэрээний төлбөрт авсан мөнгөн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэгтэй.
4.3. Анхан шатны шүүх хариуцагчаас газрын төлбөрт шилжүүлсэн 25,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу шаардах эрхтэй.
5.1. Нэхэмжлэгч нь газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотойгоор нотариатын зардалд 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөгийг, *******т 2025 оны 04 дүгэээр сарын 28-ны өдөр зуслангийн газрын төлбөрт 2,700,000 төгрөгийг тус тус төлсөн төлбөрийг хохиролд тооцож хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болсон байна. Учир нь хариуцагч нь нэхэмжлэгчид эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан буруутайн улмаас гэрээнээс татгалзсан. Уг гэрээг байгуулсантай холбоотойгоор нэхэмжлэгчээс нотариатын зардалд 200,000 төгрөг, газрын төлбөрт хариуцагчийн өмнөөс 2,700,000 төгрөг төлж, нийт 2,900,000 төгрөгийн зардал гарч хохирсон нь шалтгаант холбоотой байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/02466 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 58,150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ