Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00600

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

      Нэхэмжлэгч: Увс аймаг, Түргэн сумын 2 дугаар багт оршин суух, 1977 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОН77031368, Жулаагууд  овогтой Тамсүрэнгийн Нарантуяагийн нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Увс аймаг, Улаангом сумын 4 дүгээр баг, 6-32 тоотод  оршин суух /одоо  “Залуус өргөө-1 орон сууцны 3 давхрын 3-12 тоотод оршин суух/  1974 онд төрсөн, эрэгтэй, ОЮ74091918 регистрийн дугаартай, Тугтан овогтой Чойжилсүрэнгийн Содномгаваад холбогдох,

           Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 4.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Т.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь Ч.Содномгаваа болон түүний эхнэр Тэгшжаргал нартай найз нөхдийн холбоотой бөгөөд 2015 оны 6 дугаар сард Ч.Содномгаваа манайд ирээд “Надад мөнгөний хэрэг гараад байна, 6 сарын хугацаатай 4.000.000 төгрөг  зээлээч,  хашаа байшингаа зараад  өгмөөр байна” гээд гуйгаад байсан. Тэгэхээр нөхөр бид хоёр хоорондоо яриад Ч.Содномгаваатай гэр бүлийн найзууд болохоор итгээд хүүхдийнхээ хадгадамжийг барьцаалж байгаад 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдөр би “Хаан банк”-аас өөрийн нэр дээр жилийн 21.6 хувийн хүүтэй 4.000.000 төгрөгийн зээл авч, тэр өдрөө Ч.Содномгаваад 4.000.000 төгрөгөө зээлдүүлсэн юм. Ингээд 6 сарын дараа зээлсэн мөнгөө өгөхгүй, утсаар ч ярихгүй, утсаа ч авахгүй  болохоор нь би Байрамын даваанаас машин хөлсөлж Улаангом суманд ирж, Ч.Содномгавааг 3 хоног дагаж яван өрөө нэхэхэд үндсэн зээл болох 4.000.000 төгрөгийг  олж өгөөгүй, “Мөнгө байхгүй” гэсэн ба 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр миний авсан зээлийн хугацаа дуусаж байсан тул арга буюу хадгаламж барьцаалж авсан зээлийнхээ хүү болох 460.000 төгрөгийг Ч.Содномгаваагаас аваад зээлийн хүүгээ төлөөд хугацааг нь 2 сараар сунгаад буцсан. Түүнийг дараа удаа дараа утсаар ярьж, өрөө нэхсэн боловч өгөөгүй.  2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Хаан банкнаас хадгаламж барьцаалж авсан зээлийн  сунгуулсан 2 сарын хугацаа дууссан. Хаан банкнаас зээлээ төлөхийг шаардсан тул би нөхрийн хамт Улаангомд орж ирээд Ч.Содномгаваатай уулзан өрөө нэхсэн. Гэтэл “Одоо  мөнгө алга, удахгүй төслийн мөнгө орж ирнэ, та 2 түр хүлээж байгаач” гэх мэтээр шалтаг тоочин төлж өгөхгүй өнөөдрийг хүрлээ. Иймд Ч.Содномгаваагаас үндсэн зээл 4.000.000 төгрөг, зээлийн хүү 1.000.000 төгрөг,  нийт 5.000.000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

              Хариуцагч Ч.Содномгаваа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие эхнэр 5 хүүхдийн хамт 11 дүгээр баг, 3-12 тоотод амьдардаг. Миний бие нь Т.Нарантуяагаас 2015 оны 6 дугаар сард 4.000.000 төгрөг хүүхдийн хадгаламж барьцаалан зээл гаргуулж авсан. 2015 оны 12 дугаар сард хүү 460.000 төгрөг төлсөн. Миний бие 2014 онд хашаа байшингаа зарж түүнээс авсан 4.000.000 төгрөгөө хүүтэй нь хамт төлөхөөр тохиролцсон. Одоо өөрт байгаа өвс, луувангийн үр, адуу малаа зарж 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 4.000.000 төгрөг, хүү болох 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг төлж барагдуулна” гэжээ.

            Нэхэмжлэгч Т.Нарантуяа шүүхэд гаргасан тайлбартаа: “Ч.Содномгаваагийн тайлбартай танилцлаа. Хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хурал оруулахгүйгээр шийдэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Т.Нарантуяа нь хариуцагч Ч.Содномгаваагаас зээлийн гэрээний үүрэгт нийт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ч.Содномгаваа нь нэхэмжлэгч Т.Нарантуяагийн нэхэмжлэлийн шаардлага болох 5.000.000 төгрөгийг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна. 

            Хариуцагч Ч.Содномгаваа нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд 5.000.000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгөөс 47.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 47.475 төгрөгийг, хариуцагч Ч.Содномгаваагаас 47.475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Т.Нарантуяад олгох нь зүйтэй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.Нарантуяагийн 5.000.000 /таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Содномгаваа нь 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гэхэд төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Т.Нарантуяагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 /ерэн дөрвөн мянга есэн зуун тавь/ төгрөгийн тал хувь буюу 47.475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 47.475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг, хариуцагч Ч.Содномгаваагаас 47.475 /дөчин долоон мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулан  нэхэмжлэгч Т.Нарантуяад олгосугай.  

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА