Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 1069

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүгч М.Мөнхбаатар, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам, улсын яллагч Х.Анхцэцэг, иргэдийн төлөөлөгч Х.Отгонбаяр, шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос М овогт Б-ийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02797 0563 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М овогт Б-гийн А, Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл нэг, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг, Арслан цохио ** тоотод оршин суудаг,  регистрийн дугаар ********, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамж, 24 тоот П.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч 32 инчийн ТСЛ маркийн зурагт, кабелийн хүлээн авагч зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн П.Ц-д 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Махны үйлдвэрийн харуулын байрнаас иргэн С.А-ын эзэмшлийн “Самсунг жи-3” маркийн, иргэн А.Ө-ийн эзэмшлийн “Самсунг жи-2” маркийн гар утаснуудыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн С.А-д 250,000 төгрөгийн, иргэн А.Ө-д 180,000 төгрөгийн, нийт 430,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-76 тоотод байрлах нийтийн байрны ** тоот Г.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч НКС маркийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан авч, иргэн Г.Т-т 190.000 төгрөгийн хохирол учруулсан,

 -2019 оны 02 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан Дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шонхор” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байхдаа иргэн Л.М-ын эзэмшлийн Самсунг д5, иргэн Ч.Н-н эзэмшлийн Вива Х-9 загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, иргэн Л.М-д 200 000 төгрөгийн, иргэн Ч.Н-д 400000 төгрөгийн, нийт 600.000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fashion” пабын хажуугийн үсчинд үйлчлүүлж байсан иргэн Ж.Х-гийн гар цүнх болон гар утас, хөөргөний дайлан, гоо сайхны хэрэгсэл, бичиг баримт, бэлэн 40,000 төгрөг, 100 юань, виза карт зэрэг эд зүйлсийг хулгайлсан авч, иргэн Ж.Х-д нийт 2,562,931 төгрөгийн хохирол тус тус учруулсан,

-Мөн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжинд байрлах “Энх-Ундарга” хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Д.Б-гийн эзэмшлийн Самсунг Галакси С6 маркийн гар утсыг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнөр 32” зочид буудлын хүлээн авагчаар ажиллаж байсан иргэн Я.Х-гийн Самсунг Нөүт 5 маркийн гар утсыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Б.А нь 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн 4 дүгээр гудамжны 24 тоот П.Ц-ын хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт хууль бусаар нэвтэрч 32 инчийн “TCL” загварын зурагт, кабелийн хүлээн авагчийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Ц-д 370,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчний 1-76 тоотод байрлах нийтийн байрны ** тоот Г.Т-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч “НКС” загварын зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Т-т 190,000 төгрөгийн хохирол учруулсан,

-2019 оны 02 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө Сонгинохайрхан Дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Шонхор” нэртэй зочид буудлаар үйлчлүүлж байхдаа иргэн Л.М-ын эзэмшлийн “Samsung g5”, иргэн Ч.Н-н эзэмшлийн “Viva Х-9” загварын гар утаснуудыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Л.М-д 200,000 төгрөгийн, хохирогч Ч.Н-д 400,000 төгрөгийн, нийт 600,000 төгрөгийн хохирол учруулсан,

 - 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой 18 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Fashion” паабын хажуугийн үсчинд үйлчлүүлж байсан иргэн Ж.Х-ийн гар цүнх болон гар утас, хөөргөний дайлан, гоо сайхны хэрэгсэл, бичиг баримт, бэлэн 40,000 төгрөг, 100 юань, цахим төлбөрийн карт зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, хохирогч Ж.Х-д нийт 2,562,931 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Махны үйлдвэрийн харуулын байрнаас иргэн С.А-ын эзэмшлийн “Samsung g-3” загварын, иргэн А.Ө-ийн эзэмшлийн “Samsung g-2” загварын гар утаснуудыг тус тус илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч С.А-д 250,000 төгрөгийн, хохирогч А.Ө-д 180,000 төгрөгийн, нийт 430,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 5 дугаар гудамжинд байрлах “Энх-Ундарга” хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Д.Б-гийн эзэмшлийн “Samsung galaxy s-6” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч Д.Б-д 216,000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2019 оны 03 дугаар сарын 19-ний орой Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнөр 32” зочид буудлын угтан авагчаар ажиллаж байсан иргэн Я.Х-гийн “Samsung note-5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэн авч, хохирогч Я.Х-д 244,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч Б.А-ий шүүх хуралдаанд өгсөн: “...мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэсэн мэдүүлэг;

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 12 дугаар хуудас), Тэнцвэр Эстимэйт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (1хх-ийн 56 дугаар хуудас);

 3. Хохирогч П.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянбулагийн *** тоотод ээж М-гийн гэрт очиход Б.А ээжийн гэрт байсан. Намайг ээжийн гэрт ороход А буцаад гараад явсан. Тэгээд би ээжийг аваад дүү Баярнямын хамтаар Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байх Капитал банк орж ээжийнхээ тэтгэврийг аваад буцаж гэртээ ирэхэд ээжийн гэрт байсан 32 инчийн зурагт алга болсон байсан. Гэртээ оролгүй гаднаас нь хараад цагдаа дуудсан. Би өөрийн дүү Н-той хамт амьдарч байсан Б.А-ийг сэжиглэж байна. Манай гэрээс 32 инчийн ТСЛ маркийн зурагт хүлээн авагчийн хамт алга болсон байсан. Би тухайн зурагтаа 600,000 төгрөгөөр, хүлээн авагчийг нь 120,000 төгрөгөөр үнэлнэ. А ээжийн гэрт ирээд мөнгө хэрэг болоод байна, байцаагчид байцаагдаж байгаа гэж хэлсэн байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40, 44 дүгээр хуудас);

4. Гэрч П.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Намайг гэртээ байж байтал манай дүүгийн салсан нөхөр болох А билүү А билүү орж ирээд юм ярьж байгаад би Сонгинохайрхан дүүргийн байцаагч дээрээ оччихоод явж байна, мөнгөний хэрэг байна гэх мэтийн зүйл яриад байсан. Тэгээд гараад явсан. Би гарч явж байгаад 20-30 минутын дараа гэртээ ирэхэд манай гэрийн хаалга онгорхой байдалтай, гэрт байсан 32 инчийн TCL загварын зурагт MNBC хүлээн авагчийн хамт алга болсон байсан. А-ийг сэжиглэж байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 47 дугаар хуудас);

5. Гэрч Э.Н-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Ц эгч эд зүйлээ алдсан өдрөө А-ий дугаарыг надаас аваад залгасан. Дуудаад авахгүй байсан. Эд зүйл алдсаны дараа А хааяа манайд ирж хонодог байсан бөгөөд би А-нээс “яагаад ээжийн зурагтыг хулгайлсан юм бэ, зөндөө хоолыг нь хороож байсан юм байж, яаж байгаа юм бэ” гэхэд А-ий нулимс нь цийлгэнээд юу ч дуугарахгүй байсан. Тэгээд нэг сүүлд ирж хонохдоо Ц эгч намайг барьж авах юм байна, дахиж ирэхгүй гэж хэлээд дахиж ирээгүй ...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 54 дүгээр хуудас);

6. Хохирогч С.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байсан шиг санаж байна. Би тэр өдөр 14 цагийн орчим найз Ө-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өнчин цагаан гэх газарт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай гэх махны үйлдвэрлэл эрхэлдэг компани дээр очиж мах буулгах ажил хийсэн юм. Ингэхдээ компанийн үүдний харуулын байранд гадна хувцсаа тайлахдаа өөрийн “Samsung J-3” загварын гар утсыг харуулын байрны ширээн дээр тавьж цэнэглэж орхиод дотогшоо ороод ажлаа хийж байтал мах буулгаж байсан машины жолооч нь миний утсыг авч ирж өгөхөөр нь ярьчхаад цэнэглүүлэхээр буцааж өгч явуулаад ажлаа үргэлжлүүлэн хийж байтал бидэнтэй хамт ажиллаж байсан А гэх залуу бие засаад ирье гэж яваад буцаж ирэхгүй алга болчихоор нь араас нь хайж яваад харуулын байранд ирж манаачаас асуухад чиний цэнэглэж байсан гар утсыг аваад гараад явсан аваачиж өгөөгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд нь Ө куртикнийхээ халаасанд үлдээсэн байсан гар утсаа үзэхэд мөн алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн юм. ...Миний алдсан гар утас нь хар өнгийн корпустай, “Samsung J-3” загварын, дэлгэцийн гадна талд нь наасан шилэн наалт нь голоороо хөндлөн цуурсан, өөр содон шинж гэхээр зүйлгүй утас байсан. 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 400,000 төгрөгөөр худалдаж авч байсан болохоор авсан үнээрээ үнэлнэ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 196 дугаар хуудас);

7. Хохирогч А.Ө-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би найз А-ын хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Өнчин цагаан гэх газарт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрлэл эрхэлдэг компанид ажил хийхээр 14 цагийн орчимд очоод компанийн үүдний харуулын байранд гадна талаараа өмсөж байсан куртикээ тайлаад харуулын орон дээр тавьж орхиод ажилд гарч машин дээрээс мах буулгаж зооринд хурааж 2 цаг орчим хугацаанд ажилласан. Намайг харуулын байранд куртикээ тайлаад ажилд гарахад А мөн куртикээ тайлж орхихдоо гар утсаа гаргаж ирээд харуулын байрны ширээн дээр цэнэглэж тавиад үлдээж байсан бөгөөд ажил хийж байхад А гар утсаа барьчихсан хүнтэй утсаар ярьж байснаа мах буулгаж байсан машины жолоочийг харуулын байр луу явахад нь гар утсаа цэнэглээд тавьчих гэж хэлээд өгч байсан. Тэгээд хэсэг ажиллаж байтал А над руу ирээд миний утас байхгүй байна гэнэ, хоёулаа харуулын байр очоод ирье гэхээр нь бид 2 хамт яваад харуулын байранд ирээд өөрийн куртикний халаасанд хийж үлдээсэн гар утсаа үзэхэд миний гар утас мөн алга болсон байсан. Тэгээд харуул хийж байсан нэрийг нь мэдэхгүй ахаас асуухад та нартай хамт ажиллаж байсан нэг залуу чинь аваад гарсан шүү дээ, аваачиж өгөөгүй юм уу? гэж хэлсэн. А бид хоёрыг мах буулгаж байхад 2 танихгүй залуу хамт мах буулгаж байгаад нэг залуу нь бие засна гэж яваад буцаж ирээгүй болохоор түүнийг аваад явчхаж гэдгийг мэдээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний алдсан гар утас “Samsung J-2” загварын хар өнгийн корпустай, дэлгэц нь ямар нэгэн хамгаалалтын наалт байхгүй, 2018 оны 09 дүгээр сарын 10-ны дөр 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тиймээс одоо 350,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 189 дүгээр хуудас);

8. “Тэнцвэр эстимэйт” ХХК-ний Хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 209 дүгээр хуудас);

9. Шүүгдэгч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: "... ажил хийж байгаад харуулын байранд ороход тухайн харуулын байранд хүн байхгүй, хаалга нь онгорхой ил цэнэглээд тавьсан “Samsung J-3”, “Samsung J-2” маркийн хоёр гар утас байхаар нь аваад ажлаа дуусгалгүй, цалин аваагүй шууд яваад Хархорин зах дээр танихгүй хүн нийлүүлээд 100,000 төгрөгөөр зарсан. Тэр мөнгөө өөрөө хэрэглээд дууссан...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 220 дугаар хуудас);

10. Иргэн Б.Б-ээс 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Нийтийн байрнаас зурагт хулгайд алдагдсан” талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (2хх-ийн 113-114 дүгээр хуудас), хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2хх-ийн 115 дугаар хуудас);

11. Хохирогч Г.Т-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 6 тоот өрөөнөөс зурагт алдсан. Хөрш айлын эхнэр нөхрийг сэжиглэж байна. Тэр хоёр тухайн өдөр байрнаас нүүсэн байсан. Халуун тогоо, орны бүтээлэг алдаагүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 134, 136 дугаар хуудас);

12. Гэрч Г.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...надтай хамт 1 номерын өрөөг түрээслэн амьдарч байхдаа гудасныхаа доод талд нэг ширхэг түлхүүр нуусан байсныг энэ ямар учиртай түлхүүр нуусан бэ гэхэд би гаднаас олсон юм гэхээр нь би нэг их тоогоогүй. Найз залуу А нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд яг тогтмол хийдэг ажил гэж байхгүй. Хааяа ачаа бараа зөөх зэрэг ажил хийдэг байсан ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 148 дугаар хуудас);

13. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан (2хх-ийн 152 дугаар хуудас);

14. “ВG&ЕЕ” ХХК-ийн 208726 дугаартай “...НКС 100 000 үйлчлүүлэгч Б-ийн А...” гэсэн барьцаат зээлийн гэрээ (2 хх 126 дугаар хуудас);

15. Иргэн Л.М-аас 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Галакси А-5, Вива-9 маркийн 2 ширхэг гар утас хулгайд алдсан” тухай гэмт хэргийн талаарх гомдол, гомдлыг хүлээн авсан (1 хх 123 дугаар хуудас),

16. Хохирогч Л.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шонхор нэртэй зочид буудалд ороод захиалсан буузаа идээд ямар архи авсныг санахгүй байна уг буудлаасаа нэг шил архи аваад ууж байгаад өглөө 07 цагийн орчимд унтсан. Тэгээд би сэрээд миний утас хаана байна гэсэн чинь миний утсыг өгөхөөр нь би утсаа харсан чинь миний утсыг унтраасан байсан, тэгэхээр нь буцаж унтаад 09 цагийн орчимд сэрэхэд нөгөө махлаг шар үл таних залуу алга болчихсон, баарны хамгаалагч Н бид гурав хамт унтаж байсан. Би утсаа гаргаж ирээд асаах гэсэн чинь миний гар утас алга болчихсон байсан. Тэгээд би найз болон баарны хамгаалагч хоёрыг дуудаад утас алга болчихсон байна гэсэн буудлын ресейпшнтэй уулзахад танай өрөөнд хүн ороогүй, та нартай хамт байсан орсон залуу 7 өнгөрч байхад гарсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 133 дугаар хуудас);

17. Хохирогч Ч.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, “Арвайн үндэс”-ийн эсрэг талд байрлах Шонхор нэртэй зочид буудалд бид 4 хамтдаа орсон. Буудалд ороод бид 4 нэг шил архи уусан, хэдэн граммын ямар нэртэй архи байсан талаар мэдэхгүй байна. Тэгээд 4-5 цагийн орчимд унтсан, намайг унтахад М миний утсыг өөрийнхөө утастай хамт цүнхэндээ хийгээд унтсан гэж хэлж байсан. Өглөө 8-9 цагийн орчим сэрээд утсаа авах гэсэн чинь М бид хоёрын утас алга болсон байсан. Тэгээд буудлын ресейпшнээс асуухад та нартай хамт явсан махлаг биетэй шар залуу гадагшаа гарсан өөр хэн нэгэн гарч ороогүй гэж хэлж байсан... Миний гар утас вива ххх-9 маркийн ягаан өнгөтэй гар утас бөгөөд ямар загвар, ямар үнэтэй байдаг талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 141 дүгээр хуудас);

18. Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Шонхор нэртэй буудалд ороод бид дөрөв 0.75 литрийн савлагаатай Хараа архи буудлын ресейпшнээс аваад хамт уусан бөгөөд би тасраад өглөө сэрсэн чинь нөгөө хоёр эмэгтэй гар утас алга болсон байна гэж байсан. Тэгээд буудлын эзнийг дуудаад хяналтын камер шүүлгэж үзсэн чинь бид нарын өрөөнд миний зүс таних эрэгтэйгээс өөр хүн орж гараагүй, тэр залуу өглөө 07 цагийн орчим гараад явсан байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 146 дугаар хуудас);

19. Гэрч Ш.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний танил М буюу М гэдэг Баян-Уул төвийн бааранд хамгаалагч хийдэг залуу над руу 04 цаг өнгөрч байхад залгаад идчихмээр юм байна уу гэхээр нь гэдсээр хийсэн бууз л байна гэсэн чинь за тэрийгээ жигнэчих гэхээр нь би жигнээд байж байсан чинь удалгүй нэг залуу, хоёр эмэгтэйтэй хамт орж ирээд 3 ортой өрөө авъя гэж хэлсэн, тэгсэн чинь нөгөө хоёр эмэгтэй нь М-өөс нөгөө бууз чинь болоогүй юм уу гээд асуугаад байсан, тэгээд би өрөө рүү оруулаад араас нь жигнэсэн буузаа оруулж өгсөн. Тэгээд дахиж би тэд нарын өрөөнд ороогүй, тэгээд байж байсан чинь 7 цагийн орчимд М-тай хамт явж байсан залуу гараад явсан. Удалгүй тэр өрөөнд орсон хоёр эмэгтэйн нэг нь бууж ирээд миний утас алга болсон байна гэхээр нь танай өрөөнөөс хамт явсан залуу чинь л гарсан өөр хэн нэгэн орж гараагүй гэж хэлсэн....тэд нарын орсон давхарт өөр хэн нэгэн байгаагүй, зөвхөн тэд л байсан...Уг залуу 170 см орчим өндөртэй, махлагдуу шар царайтай хууз сахалтай бор өнгийн үстэй нэхий шиг гадуур хувцастай, хөх өнгийн жинс өмдтэй, дотуураа цагаан футболктой байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 148 дугаар хуудас);

20. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 126, 128 дугаар хуудас), хулгайд алдагдсан гэх Самсунг А5, Вива Х-9 загварын гар утаснуудыг 600,000 төгрөгөөр үнэлсэн “Тэнцвэр-Эстимэйт” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний 131, 200 дугаартай дүгнэлтүүд (1хх-ийн 155, 161 дүгээр хуудас);

21. Шүүгдэгч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...нөгөө хоёр эмэгтэй хамгаалагч М бид дөрөв Их Нарангийн орчим байдаг зочид буудалд 02 цагийн үед ороод 1 шил архи ууж байгаад унтацгаасан ба би 07 цагийн үед тэр гурвыг сэрэхээс нь өмнө босоод нөгөө хоёр эмэгтэйн Самсунг А-5, Вива гэдэг хоёр гар утсыг хулгайлаад аваад гарсан. Тэгээд уг утаснуудаа Хархорин зах дээр очиж танихгүй ченжид 160,000 төгрөгөөр зарсан. Би утас зарсан мөнгөө өөрийн хувийн хэрэгцээнд зарсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 179 дүгээр хуудас);

 22. Иргэн Ж.Х-аас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн байгууллагад ирүүлсэн “Үсчний газраас гар цүнхээ алдсан” тухай гомдол, гомдлыг хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 224 дүгээр хуудас);

 23. Камерын бичлэгт үзлэг хийсэн “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 18 цаг 30 минутад цэнхэр өнгийн бэлтгэлийн өмд, саарал өнгийн бэлтгэлийн цамцтай 23-26 настай, бага зэргийн махлаг эрэгтэй хүн тухайн үсчин рүү орж байгаа бичлэг, 18.59 минутад буцаад гарахдаа жижиг хар өнгийн цүнх үүрээд гарч байна...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1хх-ийн 225 дугаар хуудас);

24. Хохирогч Ж.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр ... хажуугийн үсчин рүү орж үсээ засуулахаар суухад та үсээ угаалгачих гэхээр нь үсчний хамт үсээ угаахаар цаад талын өрөө рүү ороод угаалгачхаад эргэж гарч ирээд үсээ засуулаад байж байтал үл таних эмэгтэй 20,000 төгрөг задлаад өгөөч гэхээр би өлгүүрт байсан гар цүнхээ авах гэтэл миний гар цүнх байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 232 дугаар хуудас);

25. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: (1хх-ийн 241 дүгээр хуудас),

26. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, 5 дугаар гудамж, Их Ундарга дэлгүүрт байхад зүс таних хүн гар утсаар чинь яриад өгье гэж хэлээд гар утас аваад зугтсан...” гэсэн тэмдэглэл (2хх-ийн 15 дугаар хуудас);

27. Хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Эх Ундарга дэлгүүрийн орчим явж байсан чинь миний амьдардаг нийтийн байранд галч хийдэг байсан А гэдэг залуу тааралдаад утсаараа нэг яриулаач гээд гуйгаад хажууд алхаад явж байгаад Дэлгүүр лүү хамт орсон. Ороод гуйгаад байхаар нь утсаа өгчхөөд дэлгүүрээс юм худалдаж авч байхад утсаар ярьж байгаа юм шиг болоод гараад явсан. Би гадагшаа харахад үүдэнд миний гар утсаар яриад байж байсан. Удаагүй юмаа аваад гараад ирэхэд байхгүй байсан. Панда хүнсний дэлгүүрийн хяналтын камерыг шүүж үзэхэд А хажуугаар нь гараад гүйж байсан ...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 28, 30-32 дугаар хуудас);

28. Эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2хх-ийн 21-22 дугаар хуудас);

29. Гэрч Б.А-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сард ах А-ий надад өгсөн шаргал өнгийн Самсунг Эдж 6 маркийн гар утсыг хураалгаж хохирогчид нь өгөхийг хүсэж байна. Надад энэ утсыг өгөхдөө өөрийн утас гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 36 дугаар хуудас);

30. Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний "...Samsung Galaxy S6 edge загварын гар утас 216,000 төгрөг...” гэсэн тайлан (2хх-ийн 40 дүгээр хуудас);

31. Шүүгдэгч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн:  “...2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зүс таних залуу хүүхэдтэйгээ явж байсан. Тэгэхээр нь гар утсаа өгч бай нэг ярьчхаад буцаагаад өгье гэсэн. Тэгээд утсыг нь аваад ярих гээд зогсож байтал гар утасны эзэн дэлгүүр лүү орчихоор нь дэлгүүрийн гадаа үлдээд гар утсыг нь аваад явсан... ” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 48 дугаар хуудас);

32. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан “Өнөр 32 дэн буудлаас гар утсаа алдсан” тэмдэглэл (2хх-ийн 76 дугаар хуудас);

33. Хохирогч Я.Х-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”..2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Өнөр 32 дэн буудалд ресейпшнээр ажиллаж байсан. Үл таних эрэгтэй хүн сул өрөө байна уу гээд 30,000 төгрөгөөр 2 тоот өрөөнд хоносон. 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр тус өрөөнөөс гарах цаг нь буюу 11 цаг болоход тэр үл таних залуу өдрийн цагаар сунгая гэхээр нь би зөвшөөрөөд байж байтал тэр залуу над дээр хүрч ирээд утсаар чинь хүн рүү яриадахъя гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэр залуу миний утсаар нэг хүнтэй яриад текийн урд талд орон дээр сууж байхаар нь 2 тоот өрөө рүү дэрний уут солих гээд ортол ард хаалга дуугарсан. Би тек рүү яваад очтол миний гар утсаар ярьж байсан үл таних залуу миний гар утсыг аваад явсан байсан. Би тэр залууг харвал танина...” гэсэн мэдүүлэг (2 хх 87-89 дүгээр хуудас);

34. Гэрч Б.Д-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст эргүүлийн цагдаагаар ажилладаг. А гэдэг хүнийг 2019 оны 03 сард Сонгинохайрхан дүүргийн 19-н автобусны буудалд дээр гар утас зарах гээд явж байхад нь саатуулж шалгасан. Тэгээд уг гар утасны эх үүсвэрийг хэлж чадахгүй байсан учир эрүүгийн мөрдөгч Жавхланд гар утасны хамт хүлээлгэн өгсөн. Тухайн үед А надад хэлэхдээ манай найзын гар утас байгаа юм. Архи уух гээд мөнгөний хэрэг гараад манай найз зараад ир гэсэн гэж хэлж байсан. Утас зарах гэж байхдаа ганцаараа явж байсан. Шар өнгийн Самсунг галакси Нөүт 5 маркийн хэрэглээний бага зэргийн сэвтэй, доторх эд зүйлийг нь устгаж форматалсан утас байсан, дугаар бол байгаагүй...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 93 дугаар хуудас);

35. Таньж олуулах ажиллагаа явуулсан “...4 дугаарын зурган дээр байгаа хүн миний гар утсыг авч явсан хүн мөн байна...” гэсэн тэмдэглэл (2хх-ийн 15 дугаар хуудас), эд зүйл түр хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2хх-ийн 79-80 дугаар хуудас), Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Самсунг галакси Нөүт 5 маркийн гар утас 244000 төгрөг...” гэсэн тайлан (2хх-ийн 40 дүгээр хуудас);

36. Шүүгдэгч Б.А-ий мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би дээрх үйлдлийг хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг (2хх-ийн 104 дүгээр хуудас), мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл (1хх-ийн 22 дугаар хуудас), нийгмийн даатгалын ерөнхий газрын архивын мэдээлэл (1хх-ийн 191 дүгээр хуудас);

37. Шүүгдэгч Б.А-ий иргэний үнэмлэхийн лавлагаа (1хх-ийн 184 дүгээр хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 78 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Энэ хоёр зүйлчлэлийг өмгөөлөгчийн зүгээс аль алийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 6 дугаар сарын 4, 2018 оны 12 дугаар сарын 24, 2019 оны 1 дүгээр сарын 15, 2019 оны 02 дугаар сарын 23, 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд тус тус үйлдсэн гэмт хэргүүдийг хулгайн гэмт хэргээр зүйлчилж, амьжиргааны эх үүсвэр болгосон гэж үзэж байна. Энэ нь үндэслэлгүй, учир нь 1хх-50 дугаар хуудсанд байх Б.А-ий мэдүүлэгт тухайн зурагтыг 80000 төгрөгөөр зарсан гэдгээ хэлсэн байна. Зурагтыг 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдөр зарсан гэж үзвэл дараагийн үйлдэл нь 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл дараагийн гэмт хэргийг 6 сарын дараа үйлдсэн байдаг бөгөөд 6 сарын хугацаанд шүүгдэгч нь зурагтыг зарсан 80,000 төгрөгөөр амьдарсан болж таарч байна. Шүүгдэгч нь нийтийн байранд эхнэрийн хамт амьдардаг. Цаг хугацааны хувьд анхаарах ёстой гэж үзэж байна. Тэгэхээр эхний үйлдлийн хувьд амьжиргааны эх үүсвэр болгосон гэх үндэслэл байхгүй байна. Улсын яллагч хохирлын үнэлгээг шинжээчийн үнэлсэн үнэлгээ болох 370,000 төгрөгөөр үзэж байгаа байх. Өмгөөлөгчийн хувьд амьжиргааны эх үүсвэр болгосон гэдэгт шинжээчийн үнэлсэн үнэлгээ огт хамааралгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн тухайн зурагтыг зарсан үнэлгээгээр тооцож, амьдралын эх үүсвэр болох боломжтой байсан эсэхийг анхаарах ёстой гэж үзэж байна. Бусад 5 үйлдлийн тухайд 2018 оны 6 дугаар сарын 4-ний өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл буюу нийт 9 сарын хугацаанд шүүгдэгч нь гэмт хэргийн журмаар олсон хөрөнгөөрөө амьдарсан гэсэн агуулга харагдаж байна. Нийт үйлдлээс сүүлийн 2 дээрэмдэх гэсэн үйлдлийг хасвал 5 үйлдлийнхээ нийт хохирлыг нэмж үзэхээр 2,102,930 төгрөг болж байна. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон байна. Харин шүүгдэгчийн хавтас хэрэгт авагдсан мэдүүлэг болон бусад баримтаар зарж борлуулсан, барьцаалсан үнийн дүн нь 590,000 төгрөг байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 3 дугаар сар хүртэлх хугацаанд миний үйлчлүүлэгч 590,000 төгрөгөөр амьдарсан байх нь. Үүнийг амьжиргааны эх үүсвэр болно гэж үзэхгүй байна. 1хх-50, 2хх-206, 2хх-146, 1хх-180, 1хх-72 дугаар хуудаснуудад шүүгдэгч нь тухайн эд зүйлүүдийг аваад хэрхэн яаж зарж борлуулсан талаар хэлж тайлбарласан байдаг. Би шүүгдэгчийг өмгөөлж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрсөн бөгөөд би шүүгдэгчээс чи гэмт хэргийн улмаас олсон мөнгөө өөрийн амьдралдаа зарцуулсан юм биш үү гэж удаа дараа асуусан. Гэтэл үгүй гэж хариулдаг байсан. Мөн юунд зарцуулсан талаар асуухад наргиж, цэнгэж дуусгадаг байсан талаар хэлсэн. Тэгэхээр шүүгдэгч нь тухайн эд зүйлсээ зарж борлуулчхаад гэр орондоо, амьдрал ахуйдаа зарцуулсан бол энэ талаарх баримт нь хэрэгт авагдсан байх ёстой. Ийм нотлох баримт байхгүй бол шүүгдэгчийг хулгайлах гэмт хэргийг амьжиргааны эх үүсвэр болгосон гэж зүйлчлэх боломжгүй. Энэ гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, нийгмийн хор аюулын хэр хэмжээ нь үнэхээр бага. Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Түүнчлэн, эхнэр нь удахгүй амаржих гэж байгаа бөгөөд үйлчлүүлэгч маань цаашид эцэг хүний хувьд шударгаар амьдраад явах байх гэж би итгэж байгаа. Хулгайлах хэргээс гадна хоёр үйлдлийг дээрэмдэх гэмт хэрэг гэж зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь тухайн гар утсыг А-д өгсөн үйлдэл нь дээрэмдэх гэмт хэрэг биш харин тухайн гар утасны эзнээс нь авахдаа залилан мэхлэх аргаар авсан байна гэж үзэж байна. Иймд дээрэмдэх гэмт хэргийг залилах гэмт хэргээр зүйлчилж өгнө үү...” гэв.

2015 оны Эрүүгийн хуульд хулгайлах гэмт хэргийг хуульчлахдаа “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн онцлон хүндрүүлэх бүхэлдэхүүний шинжийг шинээр хуульчилсан бөгөөд хууль зүйн хувьд энэхүү шинж нь тооны болон чанарын шинжийг давхар агуулсан илүү өргөн хүрээтэй ойлголт болсон юм. Эрүүгийн эрх зүйн уламжлалт онолд олонлог гэмт хэргийн гол шалгуур нь гэмт үйлдлийн тооны давтамж байсан бол шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт этгээдийн гэмт санаа зорилго, гэмт хэрэг үйлдэж олсон зүйлсийг хэрхэн яаж зарцуулсныг давхар харгалзах шинэ ойлголтыг бий болгосон билээ.

Иймд хулгайлах гэмт хэргийг энэхүү шинэ шинжээр зүйлчлэхдээ гэмт этгээд хэдэн удаа, ямар давтамжтай хулгай хийсэн байгааг харгалзахаас гадна хулгайн эд зүйлсийг хэрхэн яаж борлуулсан, зарцуулсан, амьдралын хэв маяг болгосон, амьжиргаа нь түүнээс зохих хэмжээгээр хамааралтай болсон байдлыг заавал харгалзах учиртай.

Гэтэл шүүх хуралдаанд шүүгдэгч Б.А нь хулгайлсан эд зүйлсээ амьдралдаа хэрхэн яаж зарцуулсан гэдгийг нотолсон баримт шинжлэн судлагдаагүй тул шүүх хулгайлах гэмт хэргийг амьдралын эх үүсвэр болгож үйлдсэн гэсэн чанарын шинжийг хангахгүй байна гэж үзэж Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчиллөө.

Залилах гэмт хэргийн хувьд хохирогч өөрийн өмч хөрөнгө болон түүний эрхийг гэмт этгээдэд өөрийн сайн дураар шилжүүлэн өгөхдөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн өгч явуулдаг онцлогтой. Харин гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр бусдын эд хөрөнгийг ил цагаан авч явахын тулд худал хэлж буйг залилах гэмт хэрэг хэмээн үзэж болохгүй. Нөгөө талаас, хохирогч өөрийн эд зүйлсийг авч явах зөвшөөрөл олголгүйгээр өөрийн хяналт дор түр ашиглуулахаар өгч байгаа зүйлийг ил цагаан авч явж байгааг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэнд тооцно.  

Хохирогч С.А-ын “...харуулын байранд ирж манаачаас асуухад чиний цэнэглэж байсан гар утсыг аваад гараад явсан аваачиж өгөөгүй юм уу гэж хэлсэн. Тэгэхэд нь Өзгерту куртикнийхээ халаасанд үлдээсэн байсан гар утсаа үзэхэд мөн алга болсон байсан тул цагдаад дуудлага өгсөн юм...”, хохирогч А.Ө-ийн “...Тэгээд хэсэг ажиллаж байтал А над руу ирээд миний утас байхгүй байна гэнэ, хоёулаа харуулын байр луу очоод ирье гэхээр нь бид 2 хамт яваад харуулын байранд ирээд өөрийн куртикний халаасанд хийж үлдээсэн гар утсаа үзэхэд миний гар утас мөн алга болсон байсан. Тэгээд харуул хийж байсан нэрийг нь мэдэхгүй ахаас асуухад та нартай хамт ажиллаж байсан нэг залуу чинь аваад гарсан шүү дээ, аваачиж өгөөгүй юм уу? гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд Б.А нь харуулыг харж байхад, түүний дэргэд гар утсыг илээр авч явсан байх тул хулгайлах гэмт хэрэг гэж үзэхгүй харин хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийг илтэд хууль бус болохыг ухамсарлаж, шунахайн сэдлээр бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул хулгайлах болон дээрэмдэх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэнд тооцно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Б.А-ийг “хулгайлах” гэмт хэргийг дөрвөн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн “дээрэмдэх” гэмт хэргийг гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч нар нь хохирлоо бүрэн авсан гэдгээ мөрдөн байцаалтын явцад илэрхийлсэн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Б.А-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:             

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жилийн хугацаагаар тогтоолгох саналтай байна. Шүүгдэгч нь өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээд 6 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргуулах, шүүгдэгч 190 хоног цагдан хоригдсон ба уг хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах саналтай байна саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирол төлбөргүй болохыг шийтгэх тогтоол дурдах нь зүйтэй байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн. Цагдан хоригдож байх хугацаандаа тухайн гэмт хэргийг үйлдсэндээ харамсаж, ухамсарлаж ойлгосон. Мөн шүүгдэгч нь тухайн авсан аваагүй гэдэг үйлдэл дээрээ маргадаггүй, өөрийн хийсэн үйлдлүүдээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзээсэй гэж шүүхээс хүсэж байна. Иймд тухайн тухайн зүйл ангиудад заасан хамгийн бага ялыг оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хуульд зааснаар хорих ялын доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.А болон түүний өмгөөлөгч нь хулгайлах гэмт хэргийн хувьд зүйлчлэлийн талаар маргасан боловч тэдний мэдүүлэг, дүгнэлт нь шүүхээс тогтоосон гэм буруутай тохирч байх тул шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд тэрээр бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаж байх тул шүүх мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэг болох 4 жил, доод ялын хоёрны нэг болох 1 жилийн хооронд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжтой байна.

Харин дээрэмдэх гэмт хэргийн тухайд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар шүүх хуралдаанд зүйлчлэлийн талаар маргаж оролцсон бөгөөд шүүхээс тогтоосон гэм буруутай тохирохгүй байх тул дээрэмдэх гэмт хэргийн гэм буруугийн талаар маргасан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шүүх шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.4 дэх заалтыг тус тус журамлан түүнд мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг хоёр жил найман сараар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нийт 190 хоног цагдан хоригдсон байх тул энэ хугацааг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул түүнд урьд авсан “цагдан хорих” таслан арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүллээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн нэг ширхэг компакт дискийг хэрэгт хавсарган архивд хадгалуулахаар тогтож, эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.М овогт Б-гийн А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах” гэмт хэргийг дөрвөн удаагийн үргэлжилсэн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “дээрэмдэх” гэмт хэргийг гурван удаагийн үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

3.Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар хоёр жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 2.4 дэх заалтыг тус тус журамлан шүүгдэгч Б.А-д мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан найман сарын хугацаагаар хорих ялыг нэмж, нийт биечлэн эдлэх хорих ялын хугацааг хоёр жил найман сараар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д оногдуулсан хоёр жил найман сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ий цагдан хоригдсон 190 (нэг зуун ер) хоногийг түүний эдлэх хорих ялын хугацаанд оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг компакт дискийг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээсүгэй.

8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.  

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.А-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх хорих ялын хугацааг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.А-д авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

                                    ДАРГАЛАГЧ                                       Б.БАТАА

                                    ШҮҮГЧИД                                           М.МӨНХБААТАР

                                                                                                Г.МӨНХЗУЛ