| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10451/И |
| Дугаар | 210/МА2026/00962 |
| Огноо | 2026-04-29 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2026/00962
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Золзаяа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00725 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******, ******* ОНӨААТҮГ-т тус тус холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: гэрээний үлдэгдэл төлбөр 53,658,885 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:
1.1. Тус компани нь Нийслэлийн 112 дугаар цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлах ажлын тендерт шалгарч, *******тай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гэрээгээр *******ийн барилгын ажлыг 78,974,610 төгрөгөөр 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн дотор ашиглалтад оруулахаар тохиролцсон.
1.2. ******* нэмэлтээр цэцэрлэгийн дотор халаалтын магистраль шугам болон халуун хүйтэн усны шугамыг солиулах зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэж уг ажлыг гүйцэтгэсэн. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан тус ажлын төсөвт өртөг 132,633,495 төгрөгөөр батлагдсан. Уг төсөвт заагдсан ажлыг хийж гүйцэтгэж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гаргуулсан.
1.3. Манай компани нь гэрээт ажлыг зохих ёсоор чанартай гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Гэрээний дагуу ажлын хөлс 78,974,610 төгрөгийг авсан, үлдэгдэл хөлс 53,658,885 төгрөгийг төлөөгүй. Энэ талаар *******, ******* ОНӨААТҮГ-т тус тус хандан төлбөрийг шаардсан.
Захиалагч *******, зургийн компани, Нийслэлийн 112 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, тус компанийн зүгээс хамтарсан хуралдаан зохион байгуулснаар 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн тэмдэглэлд ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн боловч өнөөг хүртэл үлдэгдэл төлбөр 53,658,885 төгрөгийг төлөөгүй байна.
Иймд хариуцагч нараас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 53,658,885 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны ******* дугаар захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2022 онд Сонгинохайрхан дүүрэгт хэрэгжүүлэх ачаалал өндөр байршилд байгаа цэцэрлэгүүдийн засварын ажлын жагсаалтыг баталж худалдан авах ажиллагааны эрхийг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргад шилжүүлсэн. Тус захирамжийн 3 дугаар хавсралтаар 112 дугаар цэцэрлэгийн засварын ажлын төсөв 80,000,000 төгрөгөөр батлагдсан. Улмаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2022 оны ******* дугаар захирамжаар тус арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулснаар төсөл арга хэмжээнд ******* ХХК нь шалгарч, *******тай 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд батлагдсан үнийн дүн 78,974,610 төгрөг болно.
2.2. Гэрээний тусгай нөхцөлийн 5.2-т гэрээний үнийн тохируулга хийж болохгүй тогтмол байна гэсэн зохицуулалт тусгагдсан. Гүйцэтгэгч компани нь гэрээний ерөнхий ба тусгай нөхцөлийг хүлээн зөвшөөрч тендер шалгаруулалтад оролцсон. Гэтэл нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүрэг, 112 цэцэрлэгийн зүгээс нэмэлтээр цэцэрлэгийн дотор халаалтын магистралын шугам болон халуун хүйтэн усны шугамыг солиулах шаардлагатай байгаа талаар мэдэгдэн, уг ажлыг гүйцэтгэсэн тул гэрээт ажлын үлдэгдэл төлбөр 53,658,885 төгрөгийг гаргуулна гэжээ. Тус ажлыг гүйцэтгүүлэхээр захиалагч Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас гаргасан хүсэлт, холбогдох бичиг байхгүй.
2.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.4-т зааснаар нээлттэй тендер шалгаруулалтын аргаар худалдан авсан ажлын нэмэлт ажлын өртөг анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрэхгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол нэг эх үүсвэрээс худалдан авах аргыг хэрэглэж нэмэлт гэрээ байгуулан ажлыг гүйцэтгүүлэх боломжтой байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь нэмэлт гэрээ байгуулаагүй, захиалагч байгууллагын хүсэлт, батлагдсан төсөв холбогдох шийдвэргүйгээр нэмэлт ажлыг гүйцэтгэсэн.
Түүнчлэн, Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэгт Төсвийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагаа хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно, Засгийн газрын 278 дугаар тогтоолын 4.8.31-т төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу зохион байгуулагдаагүй хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төсвөөс санхүүжүүлэхгүй гэж заасан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын тайлбар, татгалзлын агуулга:
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар ******* ХХК-тай 2022 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 78,974,610 төгрөгийн үнийн дүн бүхий цэцэрлэгийн засварын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Улмаар 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр гэрээний үнийн дүн болох 78,974,610 төгрөгийн 100 хувийн санхүүжилтийг олгож, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр улсын комиссын дүгнэлтээр байнгын ашиглалтад оруулсан.
Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын хувьд захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн оролцох эрх, үүргийнхээ хүрээнд ажлын явцад хяналт тавьж гүйцэтгэлийг баталгаажуулан ажилласан.
Иймд *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч Нийслэлийн Засаг даргын тамгын газар, ******* ОНӨААТҮГ-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 53,658,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 426,245 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
Нэхэмжлэгч ******* ХХК нь ******* болон *******тай *******ийн засварын ажлыг гэрээний 4-т зааснаар зураг төслийн магадлалын дагуу хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Уг зураг төсөлд заасан магадлалын ажил 132,633,495 төгрөгөөр гүйцэтгэгдэхээр батлагдсан бөгөөд гэрээт ажлыг гүйцэтгүүлэхээр Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас мэдэгдсэний дагуу ажлыг гүйцэтгэн улсын комисст хүлээлгэн өгсөн. Хэрэв 78,974,610 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн тохиолдолд цэцэрлэгийн шугам сүлжээний ажиллагаа хэвийн байдалд орохгүй байсан. Гэтэл шүүхийн шийдвэрт ******* нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн гэх 53,658,885 төгрөгийн ажлыг захиалаагүй, талууд гэрээгээр тохиролцоогүй байхаас гадна Төсвийн тухай хуулийн 24.4-т заасныг зөрчсөн учраас хариуцагчийн татгалзал үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Нэмэлтээр бичгээр хэлцэл үйлдээгүй боловч гэрээгээр үүрэг хүлээж буй Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эрх бүхий этгээдийн мэдэгдэл, зөвшөөрлөөр ажлыг гүйцэтгэн улсын комисс болон 112 дугаар цэцэрлэгт хүлээлгэн өгсөн. Нэмэлт хэлцэл хийгээгүй, ажлыг захиалаагүй гэж дүгнэн Төсвийн хууль тогтоомжоор нэхэмжлэл хангагдах боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэгч талыг буруутгаж, түүний хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн. Нэхэмжлэгч төрийн байгууллагаас зохион байгуулагдсан тендерт шалгарч тухайн ажлыг зохих түвшинд хийж гүйцэтгэсэн. Гэвч хариуцагч нар өөрсдийн дотоод зохион байгуулалт, ажлын хариуцлагагүй байдлын улмаас дутуу баримт бичиг бүрдүүлэн ажил захиалснаас шалтгаалан нэхэмжлэгчийг хохироосон. Өөрөөр хэлбэл, ажлыг хүлээж авсан цэцэрлэгийн байгууллага хэвийн үйл ажиллагаатай болсон байхад нэхэмжлэгч талаас гарсан төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Нийслэлийн 112 дугаар цэцэрлэг нь нийслэлийн өмчит хуулийн этгээд тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.2-т тус тус зааснаар хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцааж шаардаж болно
Иймд гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
78,974,610 төгрөгийн ажил гүйцэтгэгдсэн тохиолдолд цэцэрлэгийн шугам сүлжээний ажиллагаа хэвийн байдалд орохгүй байсан
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарын агуулга:
Гомдлын агуулгын хүрээнд өмнө бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны буюу үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, ******* ОНӨААТҮГ-т тус тус холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 53,658,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Нийслэлийн Засаг даргын 2022 оны ******* дүгээр захирамжаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр *******ийн засварын ажлыг 80,000,000 төгрөгөөр засварлахаар төсөв баталж, тус цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлах ажлын тендерт ******* ХХК шалгарсан байна.
3.2. Тендерт шалгарсан ******* ХХК-тай ******* 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь *******ийн засварын ажлыг 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эхэлж, 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ашиглалтад оруулах, захиалагч ******* ажлын хөлсөнд 78,974,610 төгрөг төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 7/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.3. Хэргийн баримтаас үзвэл талуудын гэрээгээр тохирсон цэцэрлэгийн засварын ажил нь *******ийн барилгын гадна дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон гэж үзэхээр байна.
3.4. Нэхэмжлэгч нь цэцэрлэгийн барилгын гадна дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэн хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын хөлс 78,974,610 төгрөгийг бүрэн төлсөн. /хх-ийн 8-9, 24-26, 37-66/
3.5. Дээрх ажлаас гадна нэхэмжлэгч нь *******ийн барилгын дотор халаалтын магистралын шугам болон халуун хүйтэн усны шугамыг солих ажлыг хийж гүйцэтгэсэн байна. /хх-ийн 8-10, 51-53/
Талууд *******ийн барилгын дотор халаалтын магистралын шугам болон халуун хүйтэн усны шугамыг солих ажлыг гэрээнд нэмэлт оруулж тохирсон эсэх, уг ажлын хөлсийг төлөх эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ******* нэмэлтээр тус цэцэрлэгийн дотор халаалтын магистраль шугам халуун хүйтэн усны шугамыг солиулах зайлшгүй шаардлагатайг мэдэгдсэн, Барилгын хөгжлийн төвийн магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажсан тус ажлын төсөвт өртөг 132,633,495 төгрөгөөр батлагдсан. Уг ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн тул ажлын хөлс 53,658,885 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.
4.1. 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т нэмэлт ажлын өртөг нь анхны гэрээний үнийн 15 хувиас хэтрээгүй нөхцөлд тендер шалгаруулалтаар худалдан авсан ажлын нэмэлт болон түүнтэй ижил төстэй ажлыг давтан хийх тохиолдолд дахин тендер шалгаруулалт явуулснаар илүү сайн санал ирэхгүй гэж үзсэн бол гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж болохоор зохицуулсан.
4.2. *******ийн засварын ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас захиалагчаар *******, нөгөө талаас гүйцэтгэгчээр ******* ХХК оролцож байгуулсан. Захиалагч ******* газрын зүгээс *******ийн барилгын дотор халаалтын магистралын шугам болон халуун хүйтэн усны шугамыг солих ажлыг нэмэлтээр гүйцэтгүүлэхээр гүйцэтгэгч ******* ХХК-д захиалсан гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
4.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь *******ийн дотор халаалтын магистраль шугам халуун хүйтэн усны шугамыг солиулах ажлыг нэмж гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг хариуцагч *******т хүргүүлж, зөвшөөрсөн нөхцөлд гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, төсөв батлуулсны үндсэн дээр уг ажлыг гүйцэтгэх байтал хуульд заасан журмыг зөрчиж дээрх ажлыг гүйцэтгэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.4-т заасантай нийцэхгүй байна.
Иймд нэхэмжлэгч нь захиалагчийн хүсэлтгүй, батлагдсан төсөвгүй, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулалгүй, маргаж буй ажлыг гүйцэтгэсэн учир хариуцагч байгууллага ажлын хөлс төлөхөөс татгалзсан нь Төсвийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасантай нийцжээ.
5. Нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн ажлыг ******* ХХК-иар 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо, 112 дугаар цэцэрлэгийн гадна инженерийн шугам сүлжээг засварлах ажлын зураг төслийн ажлыг гүйцэтгүүлэн, магадлалаар оруулахад Барилгын хөгжлийн төв-ийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2362/2022 дугаартай барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр гадна дулааны шугамын засвар шинэчлэлт 124,806,102 төгрөг, тохижилтын ажил 4,527,393 төгрөг, зураг төслийн үнэ 3,300,000 төгрөг, нийт төсөвт өртөг 132,633,495 төгрөг болсон баримтыг шүүхэд гаргасан. /хх-ийн 61-89/
5.1. Нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн *******т 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 24/219 тоот албан бичгээр, *******т 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25/55 тоот албан бичгээр тус тус зөрүү төлбөр болох 53,658,885 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх-ийн 12-13/
5.2. Хэргийн 54-60 дугаар тал дахь төсөвт өртгийн товчоо, хэргийн 70-77 дугаар тал дахь Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл, хэргийн 80-89 дгээр тал дахь 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн *******ийг засварлах ажлын төсөв зэрэг баримтуудыг харьцуулан үзвэл *******ийн гадна дулааны шугамын засвар шинэчлэлтийн ажил дээр хийсэн төсөв байна. Өөрөөр хэлбэл эдгээр баримтаар нэхэмжлэгчийн *******т нэмэлтээр хийсэн дотор халаалтын магистраль шугам халуун хүйтэн усны шугамыг солиулах нэмэлт ажлын хөлс 53,658,885 төгрөг багтсан гэж үзэх үндэслэл эргэлзээгүйгээр тогтоогдохгүй байна.
5.3. Харин 2022 оны 12 дугаар сарын 07 өдөр болон 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэлийн тайлан, барилга угсралт, их засварын үе шатны хуваарь, цэцэрлэгийн засварын ажилд захиалагчийн хяналт хийсэн тайлан, төсөвт өртгийн нэгдсэн товчоо гэх баримтуудад нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын санхүүжилтийн дүн 78,974,610 төгрөг гэсэн байх ба төсөв нэмэгдсэн, нэмэлт ажил хийсэн ажлын хөлсний талаар нэхэмжлэгч тухайн цаг хугацаанд маргаж байгаагүй байна. /хх-ийн 49-54/
5.4. Хэргийн 10 дугаар тал дахь 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн хурлын тэмдэглэлээс үзвэл захиалагч болох Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын БЗХ-ийн хяналтын инженер ******* , зургийн автор ******* ХХК-ийн захирал , ашиглагч 112 дугаар цэцэрлэгийн эрхлэгч , гүйцэтгэгч ******* ХХК-ийн захирал ******* нар оролцож хурал хийсэн. Уг хурлаар 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын захиалгатай, ******* ХХК-ийн 2022 онд гүйцэтгэсэн цэцэрлэгийн засвар ажлын барьцаа хөрөнгө чөлөөлөх болон доторх халаалтын магистраль шугам болон халуун хүйтэн усны шугамын ажлын санхүүжилтийн талаар хэлэлцэж, гүйцэтгэсэн ажлын барьцаа хөрөнгийг чөлөөлөх, гүйцэтгэсэн нэмэлт ажлыг олгохыг дэмжиж байгаа талаар хэлэлцжээ.
5.5. Дээрх тэмдэглэлээс дүгнэвэл хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 53,658,885 төгрөгийг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр шийдвэрлээгүй байхаас гадна уг төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн этгээд болох гэрээний нэг тал биш байна. Иймд нэхэмжлэгч нь гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл төлбөрийг хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээгээр тохиролцсон ажил гүйцэтгэгдсэн тохиолдолд цэцэрлэгийн шугам сүлжээний ажиллагаа хэвийн байдалд орох боломжгүй байсан, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын эрх бүхий этгээдийн мэдэгдэн түүний зөвшөөрлөөр ажлыг гүйцэтгэсэн байхад нэхэмжлэгчийг буруутган хийсэн ажлыг үнэгүйдүүлсэн. Хариуцагч нарын буруугаас нэхэмжлэгч хохирсон байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар төлбөрийг гаргуулна... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
6. Анхан шатны шүүх хариуцагч *******, ******* ОНӨААТҮГ-т тус тус холбогдох ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 53,658,885 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00725 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 426,245 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ