| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 179/2019/0302/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/330 |
| Огноо | 2019-11-04 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батзориг |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2019/ШЦТ/330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах,
Улсын яллагчаар, хяналтын прокурор Ч.Батзориг,
Шүүгдэгч Ч.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.А-д холбогдох эрүүгийн 1938005650366 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.А.
Шүүгдэгч Ч.А- нь Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шаварын голын “Хавчиг” нэртэй газраас 2019 оны 01 дүгээр сард 5.2 м.куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэн байшингийн торх өрж, байгаль орчинд 1.946.160 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.А- нь хувьдаа байшин барих зорилгоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шаварын голын “Хавчиг” нэртэй газраас 2019 оны 01 дүгээр сард 5.2 м.куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэн байшингийн торх өрж, байгаль орчинд 5.838.480 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болох:
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн байгаль орчин, экологийн мэдлэг дутмаг байдал
дээрх гэмт хэргийг үйлдэх шалтгаан нөхцөл болсон байна.
Шүүгдэгч Ч.А- нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь гэрчийнмэдүүлгээр нотлогдож байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан төрийн хамгаалалтад байх ойн санд хохирол учруулан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийг үйлдэж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулсан хор уршигт зориуд хүргэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.
Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.
Шүүгдэгч Ч.А- нь хувьдаа байшин барих зорилгоор Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Шаварын голын “Хавчиг” нэртэй газраас 2019 оны 01 дүгээр сард 5.2 м.куб нойтон шинэс мод хууль бусаар бэлтгэн байшингийн торх өрж, байгаль орчинд 5.838.480 төгрөгийн хохирол учруулан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн нь шунахайн сэдэлтээр, санаатайгаар дээрх гэмт хэргийг үйлдсэн байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтоосон байх тул шүүгдэгч Ч.А-гийн үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь байгаль орчин, ойн санд 5.838.480 төгрөгийн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.А- нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 1.946.160 төгрөгийг орон нутгийн орлогын 100171800952 тоот данс руу шилжүүлсэн орлогын дансны хуулга /хх-ийн 70/, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын “Тус сумын Зуунмод багийн иргэн Ч.А- нь учруулсан хохирол болох 1.946.160 төгрөгийг орон нутгийн орлогын 100171800952 тоот дансанд төвлөрүүлсэн нь үнэн болно” гэх албан тоот хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчээс 3.892.320 төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төрийн сангийн дансанд оруулах нь зүйтэй байна.
Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.
2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ч.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэргийг тус тус харгалзан “Хууль бусаар мод бэлтгэх” үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчийн хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Ч.А- нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох ял шийтгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй байна.
Шүүх шүүгдэгч Ч.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгчээс “миний эцгийн бие тааруу байгаа учраас нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд хүндрэлтэй байна. Иймд торгох ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.А-гийн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 80.000 төгрөгийн үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн моторт хөрөө 1 ширхэг, 400.000 төгрөгийн үнэлгээ бүхий 6x4 хэмжээтэй байшингийн торхыг тус тус хураан авч, Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний газарт хэрэгцээний дагуу шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.А- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Ч.А- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.А-гаас ойн санд учирсан хохирол болох 3.892.320 /гурван сая найман зуун ерэн хоёр мянга гурван зуун хорин/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын төрийн сангийн дансанд оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.А-гийн эзэмшлийн цагаан өнгийн моторт хөрөө 1 ширхэг, 6x4 хэмжээтэй байшингийн торх зэргийг тус тус хураан авч, Хөвсгөл аймгийн Халамж үйлчилгээний газарт хэрэгцээний дагуу шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч Ч.А-д оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг, дээрх эд хөрөнгийг хэрэгцээний дагуу шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл тогтоол гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ