Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/01004

 

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01478 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 199,890,879 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ******* ХК-тай зээлдэгч *******, нар 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээг байгуулж, 229,257,000 төгрөгийг сарын 2,7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, машин механизм худалдан авах зориулалтаар зээлсэн. Уг зээлийн барьцаанд 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ******* улсын дугаартай, арлын дугаартай, Shaanxi, SX42555V344 маркийн зүтгүүр, арлын дугаартай, СІМС, THT8320ТС маркийн холбогч гар, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, 91-42 ОЧ улсын дугаартай, ******* арлын дугаартай, CIMC, THT9801ТР маркийн тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд Монгол Улсад орж ирсэн, ******* ОЧ улсын дугаартай, ******* арлын дугаартай, СІМС, THT9800TP маркийн тавцант чиргүүлийг тус тус барьцаалсан.

1.2. Зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа өгсөн боловч төлж барагдуулаагүй гэрээний үүргийг ноцтой зөрчсөн. Зээлийн гэрээний 9.2.1 дэх заалтыг үндэслэн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлдэгч *******, нарын ******* ХК-тай байгуулсан зээлийн өр, төлбөр 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээл 162,992,373.29 төгрөг, хүү 35,685,555.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191,950.48 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 199,890,879 төгрөг болсон.

Иймд хариуцагч *******, нараас зээлийн гэрээний үүрэгт 199,890,879 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХК-тай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр зээлийн болон фидуцийн гэрээ байгуулж, нүүрс тээврийн зориулалттай Shacman Х3000 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан. Тус тээврийн хэрэгслийг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байрлах ******* хилийн боомт дээр улс хоорондын ачаа тээвэр буюу богинын тээвэрт явуулсан. 2023 онд улс орны хэмжээнд нүүрс тээврийн ажил бүх боомт дээр маш сайн, тээврийн үнэ ханш ч маш сайн байсан.

2025 оноос улс төрийн тогтворгүй байдал, төмөр замын хил холболттой холбоотой улсын хэмжээнд нүүрс тээврийн салбарт бүх боомтод уртын болон богинын тээвэр явахгүй хэмжээнд хүрсэн. ******* хилийн боомт дээр ачааны ханш унасан. Энэ хүндрэлтэй байдлыг ******* ХК-ийн зээлийн мэргэжилтэнд мэдэгдэн хилээр гарсан, орсон мэдээллийг хүргүүлж байсан. 2025 онд тэг зогсолт руу шилжин зогссон.

2.2. ******* ХХК-аас зээл авахдаа урьдчилгаанд 100,000,000 төгрөг төлж, өнөөдрийн байдлаар үндсэн зээл 67,388,665 төгрөг, зээлийн хүү 103,662,351 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 856,746 төгрөг, нийт 271,907,762 төгрөгийг төлсөн. Тээврийн хэрэгсэл ******* боомт дээр байгаа. Фидуцийн гэрээний 1.2-т заасны дагуу харилцан тохиролцсон үнэ болох нийт 229,257,000 төгрөгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахад татгалзах зүйлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******, нараас зээлийн гэрээний үүрэгт 199,890,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,157,405 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасан гэрээний талуудын чөлөөт байдлыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний шинж, гэрээний зүйл талуудын эрх, үүрэг зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж зөв тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагаас хальж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг тодорхойлсон бөгөөд гэрээлэгч талууд хуульд заасан эдгээр аргуудаас аль тохиромжтой хэлбэрийг сонгон хэрэглэхээс гадна үүрэг гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлээ хэрхэн шаардахаа өөрөө сонгохоор заасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* ХК хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг шаардсан бөгөөд Иргэний хуулийн 231, 235 дугаар зүйлд заасан фидуцийн гэрээтэй холбоотой шаардах эрх хэрэгжүүлээгүй. Гэтэл шүүх ...нэхэмжлэгч нь хариуцагчаас фидуцийн гэрээний зүйл болох машин механизмийг бодитойгоор гаргуулан авахаар шаардах, уг шаардлагыг эс зөвшөөрсөн тохиолдолд зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй... гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагаас хальсан, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандсан нэхэмжлэгчийг хохироосон үндэслэлгүй шийдвэр гаргасан. Мөн фидуцийн зүйл болох автомашин нь ******* ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй боловч өнөөдрийг хүртэл хариуцагч ын эзэмшилд байдаг. Тэрээр Дорноговь аймагт ******* хилийн боомтод тээвэр хийж байгаа талаар анхан шатны шүүх хуралдаан дээр тайлбарласныг шүүх Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь ойлгомжгүй, хуульд нийцээгүй.

4.2. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 9.2.1 дэх хэсэгт хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн тохиолдолд зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаанаас өмнө төлөхийг шаардах эрхтэй байхаар талууд харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид зөрчлөө арилгах хугацааг хангалттай олгосон бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөр тасалбар болгон зээлийн гэрээг цуцалж, тухайн өдрийн байдлаарх үндсэн төлбөр, хүүг тооцон нэхэмжилсэн. Тус өдрийн байдлаар хариуцагч нар хуваарьт төлбөрийг 246 хоног хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн шаардах эрх аль хэдийн үүссэн байсан. Үүнийг шүүхээс харгалзан үзэлгүйгээр нэхэмжлэгчид зээлийн гэрээний шаардах эрх үүсээгүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Би анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед хэлсэн маргаан бүхий зээлийг төлж чадахаа больсон тул фидуцийн зүйл болох ******* хилийн боомт дээр байгаа машин механизмыг өгч үүргийн гүйцэтгэлийг хангуулъя. Тухайн машин механизм явахгүй буюу манай компани үйл ажиллагаагаа явуулахгүй байгаа гэх байр сууриа дэмжиж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******, нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 162,992,373.29 төгрөг, зээлийн хүү 35,685,555.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191,373.48 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 199,890,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүүг эс зөвшөөрч маргасан.

 

3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

3.1. ******* ХК нь *******, нартай 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч ******* ХК нь 229,257,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлүүлэх, зээлдэгч *******, нар зээлийг тохирсон хугацаанд хүүгийн хамт нэхэмжлэгчид буцаан төлөх, төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх 10-12/

 

3.2. Энэ өдөр талууд эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ байгуулж, гэрэгээр 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсад орж ирсэн, 9142 УАХ улсын дугаартай, арлын дугаартай, Shaanxi, SX42555V344 маркийн, ногоон өнгөтэй, зүтгүүр, арлын дугаартай, СІМС, THT8320ТС маркийн холбогч гар, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, 9142 ОЧ улсын дугаартай, ******* арлын дугаартай, CIMC, THT9801ТР маркийн, цэнхэр өнгөтэй, чиргүүлийн зориулалттай тавцант чиргүүл, 2023 онд үйлдвэрлэгдсэн, 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Монгол Улсад орж ирсэн, улсын дугаартай, ******* арлын дугаартай, СІМС, THT9800TP маркийн, цэнхэр өнгөтэй, чиргүүлийн зориулалттай, тавцант чиргүүл зэрэг машин механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. /хх-ийн 13-15, 20/

 

3.3. Хариуцагч нар фидуцийн гэрээний зүйл болох машин механизмыг нэхэмжлэгчийн өмчлөлд 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр, нэхэмжлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хариуцагч нарт тус тус шилжүүлсэн.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ болон Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ тус тус байгуулагдсан, эдгээр гэрээ нь хүчин төгөлдөр гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

3.4. Талууд 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн хугацааг 5 сараар, мөн 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр дахин зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийг хугацааг 6 сараар тус тус сунгасан. /хх-ийн 16-19/

 

3.5. Хариуцагч нараас зээлийн төлбөрт 67,388,665 төгрөг, зээлийн хүүнд 103,662,351 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 856,746 төгрөг, нийт 171,907,763 төгрөг төлсөн. Харин үндсэн зээлээс 162,992,373.29 төгрөг, зээлийн хүү 35,685,555.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191,373.48 төгрөг, нийт 199,869,879 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хэргийн 22 дугаар талд авагдсан хүү тооцооллын хүснэгт болон талуудын тайлбараар тогтоогдсон.

 

4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 199,890,879 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсныг дараах байдлаар залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

4.1. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ  /фидуци/ нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүрэг хүлээх талаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан. Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан байна. 

 

4.2. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ ...хариуцагч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй буюу зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөн тул зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээл 162,992,373.29 төгрөг, зээлийн хүү 35,685,555.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191,373.48 төгрөг, нотариатын зардал 21,000 төгрөг, нийт 199,890,879 төгрөг гаргуулна гэж тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг хүүгийн хамт шаардсан.

 

4.3. Талуудын байгуулсан зээлийн гэрээний 9.2-т зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй дараах тохиолдлуудад зээлдүүлэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө дангаар цуцалж, зээлийн үндсэн төлбөр, хүүг хугацаанаас өмнө төлөхийг шаардах эрхтэй. Үүнд: 9.2.1-д зээлдэгч энэхүү гэрээний заалтыг ноцтой зөрчсөн буюу зээлийн үндсэн төлбөр түүний хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрүүдийг эргэн төлөх хуваарьт хугацааг хэтрүүлсэн, эргэн төлөх хуваарийг 2 буюу түүнээс дээш удаа зөрчсөн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, хуваарьт төлбөрийг 90 болон түүнээс дээш хоногоор хэтрүүлсэн гэж заасан.

 

4.4. Хэргийн баримтаас үзвэл хариуцагч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буруутай болох нь нэхэмжлэгчийн 2024 оны 04 дүгээр сарын 16 болон 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шаардах хуудас гэх баримтаар тогтоогдсон. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

 

4.5. Нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт зээлдүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардсан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, фидуцийн гэрээний зүйл болох машин механизмыг бодитойгоор гаргуулан авахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь буруу юм.

 

4.6. Түүнчлэн, талууд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээг байгуулснаар урьдчилан шийдвэрлэх журам тогтоосон гэж үзэхгүй байхаас гадна нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг хариуцагч нараас бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болсон гэх үндэслэл хэргийн тогтоогдсонгүй.

 

4.7. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч нь хариуцагчаас үндсэн зээлийн гэрээний үүрэг шаардсан байхад нэмэлт гэрээний үүргийг буюу фидуцийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байгааг залруулж хариуцагч нараас үндсэн зээл 162,992,373.29 төгрөг, зээлийн хүү 35,685,555.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,191,373.48 төгрөг, нийт 199,890,879 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

5. Мөн хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор нэхэмжлэгчид 21,000 төгрөгийн хохирол учирсан нь хэргийн баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас нэхэмжлэгчид гаргуулж шийдвэрлэнэ.

 

6. Түүнчлэн, нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан туланхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг нэмж баримтална.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч *******, нараас 199,890,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгож, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 192/ШШ2026/01478 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан хариуцагч *******, нараас 199,890,879 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтыг ...үлдээсүгэй. гэснийг ...үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,157,405 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр урьдчилан төлсөн 1,157,405 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ