Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 00602

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

            Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Н.Гэрэлтуяа  би,

          Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Ерөнхий сайд Амарын гудамж, өөрийн байранд байрлах, 9016001007 улсын бүртгэлийн дугаартай, 2578697 регистрийн дугаартай, Хас банкны нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 13-13 тоотод оршин суух, 1979 онд төрсөн, эмэгтэй, регистрийн дугаар ОЮ79052726, Шарнууд овогтой Норовын Баттогтох,

           Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 13-13 тоотод оршин суух,  1977 онд төрсөн, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ77082117, Зуутраг овогтой Олцонгийн Намсрай нарт холбогдох,

         Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 87.413.213,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Н.Баттогтох нь тус банкнаас 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 1250023164 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан 50.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 20.5 хувийн хүүтэйгээр амины орон сууц барьж дуусгах зориулалтаар 120 сарын хугацаатай буюу 2026 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэй, 2014 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 1660003521 тоот зээлийн гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 22,8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгө зориулалтаар 48 сарын хугацаатай буюу 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр дуусгавар болох нөхцөлтэй, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 5001534682 тоот шугамын зээлийн гэрээ байгуулан 27.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 25,2 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай буюу 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулах баталгаа болгон Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 13-11 тоотод байрлалтай 40 м.кв талбайтай 1 өрөө үйлчилгээний барилга /гд-000229624 Y-1520002559/, 100 м.кв талбайтай 4 өрөө хувийн орон сууц /гд-000229625 Y-1520004084/, 486,6 м.кв гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газар /гд-000197944 Г-1520001503/, 155,5 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар /гд-000197943 Г-1520002765/, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 6-30 тоотод байрлалтай 589,7 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /гд-000182078 Г-1520002525/, Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 2 дугаар буудал цагдаагийн кабоны дэргэд 700 м.кв талбайтай гэр хашааны зориулалттай газар эзэмших эрх /гд-000464180/, Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 9-4 тоотод байрлалтай 705,8 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар /гд-000197513 Г-1520002654/, 6 ханатай гэр зэргийг барьцаалуулж зээлийн батлан даалтын сангаар баталгаа гаргуулах авсан. Зээлдэгч эргэн төлөлтийн хуваариа зээл авсан үеэсээ эхлэн хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2016 оны 8 дугаар сараас хойш зээлийн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардаж уулзахад эргэлтийн хөрөнгөгүй, дэлгүүрийн орлого буурсан, орлогогүй болсон, нөхөр алтанд явж барилгын туслах ажил хийж байгаа гэх боловч ямар ч орлого орж ирэхгүй байна гэх зэргээр хариулж зээл төлөх ямар нэгэн үйлдэл санаачлага гаргахгүй, шалтгаан тоочсон байдлаар зээлийн төлбөрийг төлөхөөс зайлсхийсээр байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү 1250023164 тоот зээлийн гэрээний 4.2.1, 1660003521 тоот зээлийн гэрээний 3.4.2, 5001534682 тоот зээлийн гэрээний 3.4.1-д заасны дагуу зээлийн төлбөрөө төлөх үүргээ зөрчсөн байх тул банкны зүгээс 1660003521, 5001534682 тоот зээлийн гэрээний 5.1.1, 1250023164 тоот зээлийн гэрээний 6.1.1 Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-т заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Зээлдэгчээс зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу хийхгүй байгаа нь Банктай байгуулсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4.2 дахь заалт, 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтад заасан үүргийг зөрчиж байгаа бөгөөд нэхэмжлэл гаргах /2016.09.02/ өдрийн байдлаар Н.Баттогтох болон түүний хамтран зээлдэгч О.Намсрай нарын төлөх ёстой үндсэн зээлийн үлдэгдэл нь 83.648.347,46 төгрөг, зээлийн хүү 3.717.386,62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 479,74 төгрөг, нийт 87.366.213,82 төгрөг төлөх үүрэгтэй байгаа, мөн холбогдох материал нотариатаар баталгаажуулсны зардал 47.000 төгрөг зарцуулсан тул нийт 87.413.213,82 төгрөгийг зээлдэгчээр гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү” гэжээ.

           Хариуцагч Н.Баттогтох, О.Намсрай нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Хас банктай манайх сүүлийн 8 жил харилцаж байгаа бөгөөд нэхэмжлэлийн шаардлага 87.413.213,82 төгрөгийн зээл авсанаа амаар болон бичгээр хүлээн зөвшөөрч байна. Энэ зээлийг төлөхийн тулд эхний ээлжинд дараах арга хэмжээ авч 6 сараас 1 жилийн дотор сар бүр 800.000 төгрөгөөс 1.000.000 төгрөг төлж хашаа байшингаа зарах арга хэмжээ авч энэ зээлийг хохиролгүй төлж барагдуулна. Энэ саналыг зөвөөр шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгүүдийн зарж борлуулахад татгалзах зүйлгүй” гэжээ.

            Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал М.Пүрэвхүү шүүхэд гаргасан тайлбартаа: “Харилцагч Н.Баттогтох, О.Намсрай нарын гаргаж өгсөн тайлбартай танилцаж зээлийн төлбөрт сар бүр 1.000.000 төгрөгийн төлбөр төлөх, 6 сарын хугацаанд барьцаа хөрөнгүүдээ худалдан борлуулж зээлийн төлбөрт хийх хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Хас банк нь хариуцагч Н.Баттогтох, О.Намсрай нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 87.413.213,82 төгрөг гаргуулах, зээлийн гэрээнд заагдсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Баттогтох, О.Намсрай нар нь нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлага болох 87.413.213,82 төгрөгийг сар бүр 800.000-1.000.000 төгрөгөөр төлөхөөр, мөн барьцаа хөрөнгүүдийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангахаар тус тус хүлээн зөвшөөрсөн ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагч нарын гаргасан тайлбарын дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх тул хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.    

            Хариуцагч Н.Баттогтох, О.Намсрай нар нь дээрх үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

            Нэхэмжлэгч Хас банкны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595.016 төгрөгөөс 297.508 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 297.508 төгрөгийг, хариуцагч Н.Баттогтох, О.Намсрай нараас 297.508 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгох нь зүйтэй байна.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Н.Баттогтох, О.Намсрай нар нь зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд 87.413.213 /наян долоон сая дөрвөн зуун арван гурван мянга хоёр зуун арван гурав/ төгрөгийг сар бүр 800.000-1.000.000 төгрөгөөр төлөхөөр, мөн барьцаа хөрөнгүүдийг зарж борлуулан үүргийн гүйцэтгэлийг хангахаар нэхэмжлэгч Хас банкны нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкнаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 595.016 /таван зуун ерэн таван мянга арван зургаа/ төгрөгийн тал хувь буюу 297.508 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуун найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн ХААН банк дахь 150000941 тоот данснаас 297.508 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуун найм/ төгрөгийг, хариуцагч Н.Баттогтох, О.Намсрай нараас 297.508 /хоёр зуун ерэн долоон мянга таван зуун найм/ төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкинд олгосугай.

            3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нар заасан хугацаандаа шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжинд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Н.ГЭРЭЛТУЯА