| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 183/2022/05478/И |
| Дугаар | 210/МА2026/01005 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/01005
*******ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч Ч.Батчимэг, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02685 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК-д холбогдох
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******
Нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 8,387,710 төгрөг гаргуулах тухай үндсэн,
орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай иргэний хэргийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* ХХК-тай 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ТӨХК-ийн баруун хойд талд орон сууцны Д блокийн 1 дүгээр орц, 5 давхар, 23 тоот хаягт байрлах 51.69 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч нь орон сууц үнэ 90,457,500 төгрөг төлснийг гэрээнд тэмдэглэсэн. Орон сууцыг ашиглалтад оруулан улсын комисс хүлээн авсан боловч ******* ХХК нь орон сууцыг хүлээлгэж өгөөгүй орон сууцанд өөр хүмүүсийг оруулсан байсан.
1.2. Гэрээний 5.1-д гүйцэтгэгч тал нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойш хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг захиалагчид төлнө гэж заасны дагуу алданги 13,387,710 төгрөг болсноос ******* ХХК-аас 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 8,387,710 төгрөг болж байна.
Иймд Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо, Эрчим ротхон Д блокийн 1 дүгээр орц, 5 давхрын 23 тоот хаягт байрлах, 51.69 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж, алданги 8,387,710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
Нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээнээс 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 90,457,500 төгрөгийг буцаан өгөхийг шаардаж, 5,000,000 төгрөгийг буцаан авсан. Өмчлөгчөөр тогтоолгох бол орон сууцны талаар нэхэмжлэгчтэй маргаан байхгүй, гэрээ хийсэн, нэхэмжлэгч төлбөрөө бүрэн төлсөн, улсын комисс хүлээн авсан, захиалагчид орон сууцыг хүлээлгэн өгөх, өмчлөх эрхийг баталгаажуулах баримт бичгийг холбогдох байгууллагад хүргүүлэх үүрэг үлдсэн. Гэвч ТӨХК-ийн ажилчдын ГҮТББ шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах захирамж гарснаар дээрх үүргээ биелүүлэх боломжгүй байна.
Нэхэмжлэгч орон сууц захиалгын гэрээг цуцлах санал тавьж, 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлбөр барагдуулж, цуцлах гэрээг байгуулснаар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, алдангид 8,387,710 төгрөг гаргуулах боломжгүй. Харин орон сууц захиалан бариулах гэрээний дагуу төлбөр барагдуулах, гэрээ цуцлах гэрээг эсэхийг нэхэмжлэгч шийдэж чадаагүй тохиолдолд гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хариуцагчаас шаардах эрхгүй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлага, үндэслэлийн агуулга:
Миний аав нь ТӨХК-д 1986-2016 оныг хүртэл ажилласан. ТӨХК нь 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр компани өөрийн эзэмшлийн газар дээр ажилчдын орон сууцыг өөрийн хөрөнгөөр барьж ашиглалтад хүлээлгэн өгөх, тендерт ******* ХХК шалгарсан. Уг компани нь ТӨХК-тай гэрээ байгуулж, тус орон сууцны барилгыг 2015 ондоо барьж эхлүүлэх, эхний ээлжийн 2 орон сууцны барилгыг 2016 оны 2 дугаар улиралд, үлдэгдэл 5 орон сууцны барилгыг 2017 оны 4 дүгээр улиралд багтаан барьж дуусган захиалагч ажилтанд түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр гэрээ байгуулж, захиалагч урьдчилгаа төлбөр 1,546,216,200 төгрөгийг гүйцэтгэгчийн дансанд шилжүүлсэн.
Миний аавд ТӨХК-аас 20,000,000 төгрөгийн орон сууцны дэмжлэг олгогдож ******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн. Компанийн захиалгаар баригдаж байгаа орон сууц нь 2016 оны 2 дугаар улиралд барьж дуусгах байсан боловч хугацаандаа дуусгаагүй байхад аав минь 2016 оны 8 дугаар сард нас барсан. ТӨХК-ийн захиргаанаас зөвшөөрөл авч орон сууцны захиалгын гэрээг өөрийн нэр дээр болгож, орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан. Би гэрээний дагуу Х, ТӨХК-ийн баруун хойд талд байрлах 10/4 дүгээр байрны 23 тоотод байрлах 51.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны түлхүүр өгөхийг шаардсан боловч гүйцэтгэгч компани өгөхгүй, дур мэдэн гадны иргэдэд давхар зарж борлуулж байсан. Ээж маань очиж давхар зарж борлуулагдсан эсэхийг шалгуулахад Санхүүгийн албаны дарга нь шалгаад давхардал байхгүй гэж хэлсэн. Станцын ажилтнуудтай нийлж 2022 оны 10 дугаар сарын 07-09-ний өдрүүдэд буюу 3 хоног гадны иргэдийг орон сууцандаа оруулахгүй байх, орон сууцны түлхүүр хүлээлгэж өгөхийг шаардаад 10-ны өдөр Иргэний хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу өөртөө тусалж орон сууцандаа орж амьдарсан.
Иймд Х, ДЦС-2 ТӨХК-ийн баруун хойд талд байрлах , 10/4 дүгээр байр, 23 тоотод байрлах, 51.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагчийн этгээдийн шаардлагад гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
Хариуцагч ******* ХХК, нарын хооронд байгуулсан гэрээ нь болзол тавьж хийсэн хэлцэл бөгөөд гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр болоогүй. ******* ХХК-тай нэхэмжлэгч гэрээ хийхэд маргаан бүхий орон сууцны үнийг төлж худалдаж авсан гэж мэдэгдээгүй, гэрээ байгуулахад харилцан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд нэхэмжлэгч *******ы байгуулсан гэрээ хүчин төгөлдөр орон сууцны үнийг 100 хувь төлж хууль ёсоор өмчлөгч болсон тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргасан гуравдагчийн этгээдийн шаардлагад гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:
нь 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр тус компанитай 14 хоногийн дотор урьдчилгаа 30 хувийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгөөр орон сууц захиалгаар бариулах болзолтой гэрээ байгуулсан. Гэрээний 2.3-т заасны дагуу үлдэгдэл төлбөрийг тохиролцож графикийн дагуу төлөх байтал гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл 20,128,086 төгрөгөөс 18,000,000 төгрөгийг байгууллага нь төлсөн боловч үлдэх урьдчилгааны 2,128,086 төгрөгийг төлж гэрээг баталгаажуулж, хүчин төгөлдөр болгох тухай мэдэгдлийг компанийн зүгээс гардуулж байсан нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгсөн.
Зургаан жил, дөрвөн сар өнгөрсний дараа компанийн зүгээс гэрээний эрхийг охин болох *******д шилжүүлэх хүсэлтийн дагуу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгөөр орон сууц захиалгаар бариулах болзолт гэрээг байгуулж хямд орон сууцтай болох боломжийг 2 дахь удаагаа олгосон. Гэтэл ******* нь 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан гэрээний 2.2-т заасан болзолт хугацаагаа алдсан атлаа гэрээний 2.4-д заасан компанийн дансанд биш, эрх зүйн харилцаанд ороогүй ГҮТББ-д төлсөн нэхэмжлэгчийн орон сууцанд дайрч орсон.
Иймд гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг Х, хаягт байршилтай, орон сууцны Д блокийн 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот, 51,69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг нэхэмжлэгчид гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, 8,387,710 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулан нэхэмжлэгч *******д олгож,
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х, хаягт байршилтай, орон сууцны Д блокийн 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот, 51,69 м.кв талбай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,176 төгрөгийг, гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,418 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 652,176 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
7.1. Анхан шатны шүүх хэргийн үйл баримт, түүний өрнөсөн дарааллыг зөв тогтоосон боловч нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэлгүйгээр хууль зөрчиж үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Тодруулбал, гуравдагч этгээд ******* нь өөрийн аав ы нэр дээр байгуулагдсан гэрээг аав нь нас барсны дараа ТӨХК, ГҮТББ, ******* ХХК нарын зөвшөөрлөөр шинэчилж ******* ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Уг гэрээ нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хүчин төгөлдөр болсон. Талууд гэрээний 2.2-т захиалагч ажилтан орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 20,186,086 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор гүйцэтгэгч талд төлснөөр тус гэрээ хүчин төгөлдөрт тооцогдоно гэх зохицуулалтыг оруулсан. Улмаар ТӨХК-аас ажилтнууддаа орон сууц авахад дэмжлэг болгон олгосон мөнгөн төлбөр болох аав ы нэр дээр ******* ХХК-д төлөгдсөн 18,000,000 төгрөгийг гэрээний урьдчилгаанд тооцож авсан нь хэрэгт цугларсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбараар нотлогдсон.
Хариуцагч нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.Уянгыг гэрээний 2.2-т заасан шаардлага болох 20,186,086 төгрөг төлөхөөс 2,128,086 төгрөгийг төлөөгүй гэрээний зөрчил бөгөөд гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний урьдчилгаа төлбөрт төлөгдөх 30 хувь буюу 20,186,086 төгрөгөөс 18,000,000 төгрөг төлөгдсөн байгаа нь тэрээр урьдчилгаа төлбөрийн үүргээ 89.1 хувьтай биелүүлсэн. Цаашид гэрээний үүргээ биелүүлж хариуцагчид болон ГҮТББ-ын дансанд орон сууцны төлбөрөө бүрэн төлж барагдуулсан нь тогтоогдсон. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т Дараах тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж, 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн гэж заасан. Үүнээс үзэхэд ******* нь гэрээ байгуулснаас хойш 14 хоногийн дотор урьдчилгаа төлбөрөөс 2,128,086 төгрөгийг дутуу төлсөн байгаа нь гэрээний үүргийн ялимгүй зөрчилд хамаарах учир хариуцагч ******* ХХК нь гэрээнээс татгалзахгүй эрхгүй.
7.2. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6.2-т захиалагч ажилтан нь энэхүү гэрээний 2.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг төлж гэрээгээ баталгаажуулаагүй тохиолдолд уг гэрээг үл маргах журмаар цуцалж дараагийн ажилтанд шилжүүлнэ, 6.3-т гүйцэтгэгч тал нь энэхүү гэрээний 4.1-д заасны дагуу орон сууц хүлээлцэх тухай мэдэгдлийг захиалагч ажилтанд хүргүүлсэн боловч захиалагч ажилтан 4.1-д заасан хугацаанд орон сууцыг хүлээн аваагүй тохиолдолд гэрээг дангаар цуцлах эрхтэй гэж гэрээг цуцлах болон цуцалсан тохиолдолд орон сууцыг хэнд худалдах тухай зохицуулсан. Гэрээний 6.2-т зааснаар гэрээг цуцалсан бол уг орон сууцыг ТӨХК-ийн ажилтанд худалдах, шилжүүлэх талаар зохицуулсныг хариуцагч мөн адил зөрчиж ТӨХК-д хамааралгүй ******* гэх хүнд худалдсанд анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.
7.3. Хариуцагч ******* ХХК нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах тохиолдолд хуульд заасан гэрээг цуцлах, татгалзах журмыг баримтлах ёстой. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Б.Уянгыг гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах, улмаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2, 225 дугаар зүйлийн 225.2-д зааснаар үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацааг олгох байсан. Гэтэл хариуцагч нь хуульд заасан гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах журмыг баримтлаагүйн зэрэгцээ *******д хандаж гэрээг цуцалсан эсхүл гэрээнээс татгалзсан талаар мэдэгдээгүй. Энэ тохиолдолд гэрээнээс татгалзсан эсхүл гэрээг цуцалсан гэж үзэх үндэслэлгүй.
Захиалагч ажилтнууд орон сууц захиалгын гэрээний төлбөрөө ГҮТББ-ын дансанд төвлөрүүлж улмаар ГҮТББ-аас хариуцагч ******* ХХК-ийн дансанд шилжүүлдэг байсан нь хариуцагчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 20/12 тоот албан бичгийн 3 гэж дугаарласан заалтаар нотлогдсон. Түүнчлэн, ******* нь орон сууцны үлдэгдэл төлбөрөө ГҮТББ-ын дансанд бүрэн төлсөн нь ГҮТББ-аас шүүхэд ирүүлсэн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7/23 тоот албан бичиг болон гүйлгээний баримтуудаар тус тус тогтоогдсон.
7.4. Хариуцагч ******* ХХК нь бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулснаасаа хойш 5 сарын дараа нэхэмжлэгч *******тай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан. Хариуцагч ******* ХХК нь *******тай байгуулсан гэрээг цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй байж гэрээний зүйлийн талаар ТӨХК-ийн ажилтан бус өөр этгээд болох *******тай дахин гэрээ байгуулж байгаа нь үндэслэлгүй.
Хариуцагч ******* ХХК, нэхэмжлэгч ******* нар 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээг байгуулж, гэрээний дагуу ******* ХХК нь нэхэмжлэгч *******д орон сууцны төлбөрөөс 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн нь хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбараар тогтоогдсон. Гэтэл хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрчилж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбар гаргаж бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн мэтгэлцэх, шинээр нотлох баримт гаргах боломжгүй нөхцөлд оруулсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Гуравдагч этгээд нь талуудын байгуулсан гэрээний 2.2-т тусгасан заалтыг дурдахдаа ялимгүй зөрчил гаргасан гэж тайлбарласан. Гуравдагч этгээд маргаан бүхий орон сууцны урьдчилгаа төлбөрийн 10 гаруй хувийг төлөөгүй байсан. Мөн тэрээр ямар дүнгээс тооцож ялимгүй зөрчил гаргасан гэх үндэслэлээ хангалттай нотлох тайлбар гаргаагүй. Нөгөөтээгүүр, үүргийг ялимгүй эсхүл үлэмж хэмжээгээр зөрчсөн эсэхийг шалгахдаа талуудын ашиг сонирхлыг дэнсэлж үзсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ******* ХХК нь уг төлбөрийг авснаар тухайн үйл ажиллагаа цааш үргэлжлэх байсан эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх ёстой. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд талууд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан үндэслэлийг тайлбарлаж байна. Гэтэл талуудын байгуулсан гэрээний 2.2-т үл маргах журмаар цуцлах тухай асуудлыг тусгасан бөгөөд анхан шатны шүүх энэ талаарх үйл баримтыг зөв дүгнэсэн.
Маргаан бүхий мөнгө нь компанид биет байдлаар шилжиж ирсэн үйл баримт байхгүй. Өөрөөр хэлбэл, уг төлбөрийг ТӨХК шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч гуравдагч этгээдийн нэр дээр ямар нэгэн төлбөр, мөнгө шилжиж ирээгүй. Энэ тохиолдолд шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үндэслэлийг хэрэглэх боломжгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан. Гуравдагч этгээд нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үе шатанд тухайн мөнгийг өөрийн нэрээр тушаасан гэх үйл баримтад маргаагүй. Гэвч гэрээний 2.2-т тусгасан зүйлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасан үндэслэлтэй холбож тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь гэрээнд заасан нөхцөлүүд болон нөхцөлийн дагуу хэрэглэх Иргэний хуульд заасан зохицуулалтууд өөр юм.
Талууд үл маргах журмаар буюу дахин энэ асуудлаар шаардлага тавихгүй гэрээг цуцлахаар тохиролцсон. Өөрөөр хэлбэл, татгалзаж байгаа зүйл байхгүй бөгөөд хэрэв татгалзсан тохиолдолд бид 20,000,000 төгрөгийг төлсөн этгээд буцааж шилжүүлэх асуудал гарах ёстой. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт өмчлөх эрх олж авч байгаа этгээд эд хөрөнгийн үнийг хугацаанд нь төлөөгүй байхад өмчлөх эрхээ шилжүүлж байгаа этгээд гэрээнээсээ татгалзвал үүрэг ёсоор талууд өмнө нь шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгийг өмчлөгч нь ердийн элэгдэл, хорогдлыг эс тооцон өөрт учирсан бодит хохирол, алдагдлаа нөхөн төлүүлэхээр үүргээ биелүүлээгүй талаас шаардах эрхтэй гэж заасан. Уг хуулийн зохицуулалтыг анхан шатны шүүх зөв хэрэглэсэн бөгөөд энэ талаарх үйл баримтад гуравдагч этгээд маргадаггүй.
Нэхэмжлэгч нь 90,457,000 төгрөгийг гэрээнд заасан хугацааны дагуу 100 хувь төлж барагдуулсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн. Бид маргааны шатанд татгалзаж байгаа хэлбэрээр тайлбар гаргаж байсан боловч анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа асуудлыг дэмжих хэлбэрээр оролцсон. Анхан шатны шүүх Иргэний хууль болон холбогдох хуулийг зөв хэрэглэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй. Гуравдагч этгээд нь маргаан бүхий нөхцөл үүссэнээс хойш орон сууцны төлбөрийг төлж барагдуулсан. Одоогийн байдлаар орон сууцны урьдчилгаа төлбөр төлөгдөөгүй байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон баримтууд авагдсан, харин гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг нотолсон баримтууд байхгүй. Тодруулбал, гуравдагч этгээд нь ГҮТББ-д орон сууцны төлбөрийг төлсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл ГҮТББ-тай холбогдох маргааныг шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд уг асуудал нь талуудын байгуулсан гэрээтэй холбоотой биш бөгөөд захиалагч, гүйцэтгэгч нар холилдсон өмчийг тодруулахдаа хэн хэдэн төгрөг төлсөн болохыг тодруулах шаардлагатай гэх агуулгаар дурдсан. Уг шийдвэрийн дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдэд холбогдох төлбөрийг төлж барагдуулсан үйл баримт байхгүй. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн шаардлагын үндэслэл болсон орон сууц захиалгын гэрээнд заасан үүргийг хэрхэн яаж биелүүлснийг анхан шатны шүүх Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар зөв дүгнэсэн.
Гуравдагч этгээд нь гомдолдоо гэрээг цуцлах шаардлага гаргаагүй гэж дурдсан боловч Иргэний хуульд хүчин төгөлдөр гэрээг хэрхэн цуцлах талаар зохицуулалтыг тусгаж өгсөн байдаг. Мөн хүчин төгөлдөр болоогүй хэлцлийг цуцлах, шаардах тухай асуудал байхгүй. Гуравдагч этгээд нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д ялимгүй зөрчлийн талаар тайлбарласан. Талууд хүсэл зоригоо илэрхийлж хийсэн хэлцэл нь гэрээний үүргийн гүйцэтгэлийн явцад зөрчигдсөн тохиолдолд ялимгүй зөрчлийн асуудал яригдана. Гэтэл гуравдагч этгээд нь ГҮТББ хүлээн зөвшөөрсөн учир түүнд төлсөн гэж тайлбарлаж байна. Хэрэв орон сууцны төлбөрийг ГҮТББ-д төлсөн бол ГҮТББ болон гуравдагч этгээд нар нь шаардах эрхээ хэрхэн хэрэгжүүлсэн бэ. ******* ХХК нь орон сууцны төлбөрийг ГҮТББ-ын дансанд хий гэх агуулгатай итгэмжлэл хэрэгт байхгүй. Мөн шаардах эрх шилжүүлсэн баримт байхгүй бөгөөд өөрсдийн дураар шийдвэрлэсэн байдаг.
Хавтаст хэргийн 50-60 дугаар талд авагдсан баримтууд нь шаардах эрх үүсээгүй болохыг харуулдаг. Талуудын байгуулсан гэрээний 6.2-д гэрээний үүргээ гүйцэтгэсэн тохиолдолд өмчлөх эрх үүсэж дараагийн асуудлууд яригдана гэж заасан. Өмчлөх эрх үүсээгүй байхад улсын бүртгэлийн газраас холбогдох баримт бичгийг гаргуулахыг даалгах асуудал байх ёсгүй бөгөөд өмч эрх үүссэн талаараа нотлох ёстой. Гуравдагч этгээд үүргээ биелүүлсэн болохыг ГҮТББ-ын албан бичгээр нотлогдоно гэж тайлбарлаж байна. Уг албан бичиг нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр үйлдэгдсэн. Талуудын байгуулсан гэрээнд улсын комисс хүлээж авснаар үүргээ гүйцэтгэж дууссан гэж үзнэ гэж заасан бөгөөд 08 дугаар сарын 25-ны өдрийг тодорхойлж өгсөн. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалд тусгагдсан. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 8,387,710 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан тул өмчлөгчөөр тогтоолгох, алданги гаргуулах шаардлага үндэслэлгүй гэж маргасан.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул гэрээг цуцалсан гэж, нэхэмжлэгч нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж, орон сууцны өмчлөгч болсон тул бие даасан шаардлага үндэслэлгүй тус тус тайлбарлан маргасан.
3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтыг үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.2. ТӨХК нь ГҮТББ-тай 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээ байгуулж, гэрээгээр ТӨХК нь орон сууцыг ажиллагсдад хуваарилах, орон сууцны хөнгөлөлттэй урт хугацааны зээлд хамруулах, ГҮТББ-ын гишүүдэд хамтын гэрээнд заасны дагуу тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлэх, харин ГҮТББ нь ТӨХК-ийн эзэмшилд байсан 4800 м.кв газрыг тус байгууллагын нэр дээр шилжүүлэн өгөх, уг газрыг зохих журмын дагуу ашиглах, барьцаанд тавих, санхүүжилт болон барилгын ажлын явц, гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулахад хяналт тавьж хамтран ажиллахаар тохиролцсон. /хх-ийн 131-133/
3.3. ТӨХК-аас ажилчдын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарласан, уг тендерт ******* ХХК шалгарсан. Улмаар ТӨХК нь ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр ******* ХХК нь Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ТӨХК-ийн баруун хойд талд ы хашаанд баригдах 735 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад өгөх, ТӨХК нь ажилтан болон захиалагч байгууллагын зүгээс орон сууцны хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоо хийхээр тохиролцсон. /хх-ийн 122-130/
3.4. ГҮТББ нь ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 24-ны өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ГҮТББ захиалагчийн орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөрийг төвлөрүүлэх, барилгын ажлын явц, гүйцэтгэл, санхүүжилтэд хяналт тавих, байрыг хүлээн авах улсын комисст өөрийн төлөөллийг оруулах, ХХК барилгыг барьж дуусгахаар тохиролцсон. /хх-ийн 93-95/
3.5. ГҮТББ нь Х, Үйлдвэрийн баруун бүс /17070/ Ажилчны гудамж, 10/4 тоот хаягт байршилтай 14,342.4 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлснээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон.
3.6. ******* ХХК нь ГҮТББ-д 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 18/14 тоот, 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 18/17 тоот албан бичгүүдээр ...банканд барьцаалж зээл авахад тус компанийн нэр дээр шилжүүлэх шаардлагатай гэх хүсэлт гаргасныг дагуу Х, Үйлдвэрийн баруун бүс /17070/ Ажилчны гудамж, 10/4 тоот хаягт байршилтай 14,342.4 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй барилгын өмчлөгчөөр ******* ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх-ийн 137-138, 142/
3.7. Х, Үйлдвэрийн баруун бүс /17070/ Ажилчны гудамж хаягт байрлах, 12 давхар, 24 автомашины зогсоолтой, 154 айлын ажилчдын орон сууцны барилгыг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр дугаартай дүгнэлтээр улсын комисс хүлээн авсан байна. /хх-ийн 144-146/
3.8. ******* ХХК нь тай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Х, ТӨХК-ийн баруун хойд талд -ны Д орон сууцны 1 дүгээр орцны 5 тоот 51.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьж хүлээлгэн өгөх, орон сууцны үнэд 67,093,620 төгрөг төлөхөөр тохиролцсон байна. /хх-ийн 57-59/
3.9. ******* ХХК нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Х, ТӨХК-ийн баруун хойд талд -ны Д орон сууцны 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот 51.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2021 оны 4 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч ******* орон сууцны үнэд 67,093,620 төгрөг төлөхөөр тохиролцсон. /хх-ийн 60-62/
3.10. Үүний дараа ******* ХХК нь *******тай 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч ******* ХХК нь Х, ТӨХК-ийн баруун хойд талд -ны Д орон сууцны 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот 51.69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2022 оны 01 дүгээр улиралд ашиглалтад оруулах, захиалагч ******* нь орон сууцны үнэд 90,457,500 төгрөг төлөхөөр тохиролцсон бөгөөд орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн гэж гэрээнд тусгасан. /хх-ийн 3-7/
3.11. ******* нь гэрээний үүргийг биелүүлж, ХААН банк дахь ын тоот данснаас 90,457,500 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Оюунчулуун 23 тоот байрны төлбөр гэх гүйлгээний утгатайгаар Голомт банк дахь ******* ХХК-ийн ******* тоот дансанд шилжүүлсэн. /хх-ийн 9/
3.12. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-тай 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ цуцлах гэрээ гэх нэртэй гэрээ байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь захиалагчийн гэрээний төлбөрт төлөгдсөн төлбөрийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дотор буцаан өгч төлбөр тооцоо бүрэн дууссанаар 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээ цуцлагдаж, гэрээ дуусгавар болохоор харилцан тохиролцсон. /хх-ийн 34/
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь хариуцагч ******* ХХК-тай байгуулсан орон сууц захиалан бариулах гэрээний үүргийг зөрчсөн эсэх, хэрэв зөрчсөн бол ноцтой зөрчил эсэх, гэрээ цуцлах эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* хариуцагч ******* ХХК-ийн хооронд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлагдаагүй, хүчин төгөлдөр гэж, харин гуравдагч этгээд ******* нь гэрээний урьдчилгаа төлбөрийг бүрэн төлөөгүй тул ******* ХХК болон ******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээ цуцлагдсан дүгнэн, нэхэмжлэгч *******ы орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 8,387,710 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг хангаж, гуравдагч этгээд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.
5. Гуравдагч этгээд бие даасан шаардлагыг тухайд:
5.1. Хариуцагч ******* ХХК нь татгалзлаа нь тус компанитай 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 14 хоногийн дотор урьдчилгаа 30 хувийг төлснөөр гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлтэйгөөр орон сууц захиалгаар бариулах гэрээ гэх болзолт хэлцэл байгуулсан. Гэрээний урьдчилгаанд төлөх 20,128,086 төгрөгөөс ТӨХК-аас 18,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 2,128,086 төгрөгийг төлөөгүй, түүний охин гэрээний эрхийг шилжүүлэх хүсэлтийн дагуу дээрх гэрээний нөхцөлөөр 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан боловч 14 хоногийн дотор 2,128,086 төгрөгийг төлөх болзлыг биелүүлээгүйгээс хэлцэл хүчин төгөлдөр болоогүй, орон сууцны үлдэх төлбөрийг ГҮТББ-д төлснийг төлбөр төлсөн гэж үзэхгүй гэж тайлбарласан.
5.2. Хариуцагч ******* ХХК нь тай 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан, улмаар нь нас барсан тул орон сууц захиалгын гэрээний эрхийг түүний охин *******д шилжүүлж, түүнтэй 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
5.3. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 2.1-д гэрээний үнэ 67,093,620 төгрөг гэж, 2.2-т захиалагч орон сууцны 30 хувийн урьдчилгаа төлбөр болох 20,186,086 төгрөгийг гэрээ байгуулагдсанаас хойш 14 хоногийн дотор гүйцэтгэгчид төлснөөр тус гэрээ хүчин төгөлдөр тооцогдоно гэж, 2.3-т үлдэгдэл 46,966,534 төгрөгийг төлнө гэж тус тус заасан.
5.4. ТӨХК-аас ажилтан д орон сууцны дэмжлэг үзүүлж урьдчилгаа төлбөрийг хоёр хуваан хариуцагч ******* ХХК-д 18,000,000 төгрөг төлсөн талаар талууд маргахгүй байна. тай байгуулсан гэрээний нөхцөлөөр урьдчилгаа төлбөр 20,186,086 төгрөгийг 14 хоногийн дотор төлөхөөр *******тай тохирч өмнө ы төлбөрт төлөгдсөн 18,000,000 төгрөгийг ******* ХХК-аас *******тай байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт тооцож, үлдэх 2,128,086 төгрөгийг төлөхөөр тохирсон боловч уг хугацаанд төлөөгүй гэрээний үүргийг ******* зөрчсөн буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь нэг талын гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал нь хүлээн авснаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тул 14 хоногийн дотор урьдчилгаа төлбөр төлөх үүрэгтэй гэж талууд тохирсныг болзолт хэлцэл бус харин үүрэг гүйцэтгэх хугацааны нөхцөл байна. Энэ тохиолдолд урьдчилгаа төлбөр дутуу төлөгдсөн нь талуудын хооронд гэрээ байгуулагдаагүй, хүчин төгөлдөр болоогүй гэж үзэх үндэслэл болохгүй, харин гэрээний үүрэг зөрчсөний үр дагавар үүссэн гэж үзэх юм.
5.5. ******* нь гэрээний үүргийг ялимгүй зөрчсөн байх тул хариуцагч ******* ХХК нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасны дагуу гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Түүнчлэн, ******* урьдчилгаа болон үлдэгдэл төлбөрт 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хооронд бүрэн төлснөөс үзвэл гэрээний үүргээ хугацаа хэтрүүлж биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагч нь гуравдагч этгээдтэй 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзах эрхгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
5.6. Түүнчлэн, хэргийн 96-97 дугаар талд авагдсан хариуцагч ******* ХХК-аас ТӨХК-д хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн санал хүргэх тухай албан бичигт ...гэрээний талуудыг оролцуулан 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр уулзалт зохион байгуулан талуудын хооронд үүссэн үл ойлголцлыг үгүй хийж, зогсонги байдалд орсон барилгын ажлыг эрчимжүүлэхэд нэгдсэн ойлголтод хүрсэн. Үүнд: 3-рт ГҮТББ-ийн зүгээс орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан захиалагч ажилчдын төлөх төлбөрийг шахаж шаардах, төлбөрийг өөрсдийн дансанд цуглуулж, ажлын гүйцэтгэлийн дагуу ХХК-д шилжүүлэх, барилгын ажилд хөндлөнгийн хяналт тавих гэжээ.
5.7. Гуравдагч этгээд ******* нь орон сууцны төлбөрт 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 8,193,620 төгрөг, нийт 48,193,620 төгрөгийг ГҮТББ-ийн дансанд төлсөн нь хэрэгт авагдсан ХААН банк ХК-ийн шилжүүлгийн баримт, ГҮТББ-ийн 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7/23 тоот албан бичгээр тогтоогдсон. Иймд гуравдагч этгээд ******* нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар орон сууцны төлбөрийг хариуцагч ******* ХХК-ийн нэрлэн заасан этгээд болох ГҮТББ-ийн дансанд төлсөн байх тул хариуцагчийн орон сууцны төлбөрийг төлөөгүй, өөр байгууллагын дансанд төлсөн гэх татгалзал үндэслэлгүй.
5.8. Талуудын байгуулсан гэрээний 3.1.2-т гүйцэтгэгч тал нь захиалагч ажилтны захиалгад нийцсэн чанарын шаардлага хангах барилгыг ашиглалтад оруулж түлхүүр хүлээлгэн өгөх зарчмаар орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгнө, 3.1.4-т ...барилга баригдаж дууссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан.
Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу гуравдагч этгээд ******* нь гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлсэн байх тул маргаж буй орон сууцны орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрх бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
6. Үндсэн нэхэмжлэлийн тухайд:
6.1. Хэргийн баримт болон талуудын тайлбараас үзвэл хариуцагч ******* ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлж орон сууцны үнэд 90,457,500 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч байгууллагад төлсөн байна. Иймд талуудын хооронд хүчин төгөлдөр, худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.
6.2. Захиалсан орон сууц гэрээнд заасан хугацаанд ашиглалтад ороогүйгээс нэхэмжлэгч гэрээг цуцлах санал тавьсан тул талууд 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдөр төлбөр барагдуулах гэрээг байгуулан орон сууцны төлбөрт төлсөн төлбөрийг буцаан төлөх үүргийг хариуцагч хүлээсэн. Улмаар хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид орон сууцны үнэд төлсөн төлбөрөөс 5,000,000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогдсон.
6.3. Нэхэмжлэгч нь дээрх төлбөрийг хариуцагч гэрээний алдангид төлсөн, гэрээ цуцлагдаагүй гэж тайлбарласан боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй. Иймд талуудын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээг цуцлагдсан гэж үзнэ.
6.3. Түүнчлэн, хариуцагч ******* ХХК нь *******тай 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээний 6.2-т захиалагч ажилтан нь энэхүү гэрээний 2.2-т заасны дагуу урьдчилгаа төлбөрийг төлж гэрээгээ баталгаажуулаагүй тохиолдолд уг гэрээг үл маргах журмаар цуцалж дараагийн ажилтанд шилжүүлнэ гэж заасан. Гэтэл хариуцагч ******* ХХК нь гуравдагч этгээд захиалсан орон сууцанд ТӨХК-ийн ажилтанд бус нэхэмжлэгч *******тай орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулсан нь уг гэрээний заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
7. Талуудын 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний 5.1-д гүйцэтгэгч тал нь орон сууцыг захиалагчид хүлээлгэн өгөхөөр тогтоосон хугацааг 3 сараар хэтрүүлсэн тохиолдолд 3 сар хэтэрснээс хойш хугацаанд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.1 хувийн алдангийг захиалагчид төлөхөөр тохиролцсон нь хуульд нийцсэн. Гэвч хариуцагч гэрээний үүрэг зөрчсөнөөс нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан тул алданги буюу гэрээний нэмэлт үүрэг мөн адил цуцлагдсан тул шаардах эрхгүй.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлээгүй байгааг дээрх байдлаар зөвтгөж, хариуцагч ******* ХХК-д холбогдох Х, Үйлдвэрийн баруун бүс /17070/ Ажилчны гудамж, 10/4 тоот хаягт байршилтай, орон сууцны Д блокийн 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот, 51,69 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 8,387,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Х, хаягт байршилтай, орон сууцны Д блокийн 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот, 51,69 м.кв талбай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Уянгыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2026/02685 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* ХХК-д холбогдох Х, Үйлдвэрийн баруун бүс /17070/ Ажилчны гудамж, 10/4 тоот хаягт байршилтай, орон сууцны Д блокийн 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот, 51,69 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг гаргаж өгөхийг даалгах, алданги 8,387,710 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Х, хаягт байршилтай, орон сууцны Д блокийн 1 дүгээр орцны 5 давхрын 23 тоот, 51,69 м.кв талбай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр Б.Уянгыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтуудыг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д хүлээлгэж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгасугай. гэж,
3 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 652,176 төгрөгийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 493,418 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-аас 493,418 төгрөгийг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******д олгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр урьдчилан төлсөн 493,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХУЛАН
ШҮҮГЧИД Ч.БАТЧИМЭГ
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ