| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00593/и |
| Дугаар | 00608 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 00608
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр баг, 7-19 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эрэгтэй, ОЮ60112314 регистрийн дугаартай, Омог хөх хуйх овогтой Дунгайн Батсуурийн нэхэмжлэлтэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Батсуурь, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батсуурь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1960 онд төрсөн, 56 настай. Би Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1978 оноос 1979 онд тракторын жолоочоор ажиллаж байгаад 1979 онд цэрэгт явж ирээд 1982 оноос 1994 оныг дуустал хугацаанд Сагил сумын Ялалт нэгдэл, Ялалт компанид тасралтгүй тракторын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үедээ буюу 1987 оны курст давтан суралцаж тракторын 3-р зэргийн үнэмлэх авсан юм. Тэр үед нэгдэлд ажиллаж байхдаа авсан хөдөлмөрийн дэвтрээ гээж үрэгдүүлсэн учраас аймгийн Архивын тасгаас авч байсан цалингаа түүвэрлүүлэн авсан. Миний 1978 оноос 1979 он, 1982 оноос 1994 оныг дуустал хугацаанд Ялалт нэгдэл, Ялалт хувьцаат компанид тракторын жолоочоор ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батсуурь нь Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон Ялалт хувьцаат компанид 1978 оноос 1979 он, 1982 оноос 1994 оныг дуустал хугацаанд тракторын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Д.Батсуурийн Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл болон Ялалт хувьцаат компанид 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.
Түүнчлэн 1987 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Д.Батсуурьт олгосон тракторч-машинчийн 3 дугаар зэргийн үнэмлэхний хуулбар авагдсан.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ж.Норовсамбуу, Д.Ариунтуяа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ж.Норовсамбуу: “Миний бие нь 1983 онд Увс аймгийн Сагил сумын дэргэдэх Түргэн хоршоололд тракторын жолоочоор ажилд ороход Д.Батсуурь нь Сагил сумын Ялалт нэгдэлд тракторын жолоочоор ажиллаж байсан. Түргэн хоршоолол нь 1984 онд тараад би Ялалт нэгдэлд мөн тракторын жолоочоор ажиллаж эхэлсэн тэр үеэс 1994 оныг дуустал Д.Батсуурьтай хамт ажилласан. Жолооч бид нар малчидад өвс, тэжээл зөөдөг, мөн нүүдэл суудал хийдэг байсан болохоор нэгдлийн малчид биднийг сайн мэднэ. Ялалт нэгдэл нь 1992 оноос Ялалт компани болон 1994 оныг дуустал ажилласан. Бид нар Сагил сумын нутаг болох Хөх модон, Бүрийн хөндий гэх газруудаар намар хадланд гараад, өвөлд нь малчдад өвс, прессээ зөөгөөд л, ер нь их л завгүй ажилладаг байсан. Манай техник салааны дарга Мижид гэх хүн байсан. Их зарчимч, жолооч бид нар байнга бэлэн байдалд байдаг байсан. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар н.Содномжамц, н.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч Д.Ариунтуяа: “Д.Батсуурь нь намайг Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд 1980 оноос эхлэн саальчнаар ажилаж байхад 1982 онд цэргээс халагдаж ирээд тракторын жолоочоор ажиллаж байсан. Тэр үеэс эхлэн Д.Батсуурь ахыг таньж мэднэ. Д.Батсуурь нь цэрэгт явахаасаа өмнө Ялалт нэгдэлдээ мөн жолоочоор ажиллаж байсан. Д.Батсуурь нь малчдад өвс, тэжээл зөөдөг, мөн нүүдэл суудал хийдэг байсан болохоор сайн мэднэ. Бид хамтдаа Ялалт нэгдэл тарах хүртэл буюу 1992 он хүртэл ажилласан. Ялалт нэгдэл нь 1992 оноос Ялалт компани болон ажиллахад Д.Батсуурь Ялалт компанийн жолоочоор ажиллаад үлдсэн. Би нэгдэл тараад малаа хувьчлаад аваад гарсан. Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдлийн даргаар н.Содномжамц, н.Давааням гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Гэрч Ж.Норовсамбуугийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, түүний ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 209 тоот шийдвэрт Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэл нь 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд “Ялалт” ХК болон үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч Д.Батсуурь нь тухайн компанид ажиллаж байсан болох нь аймгийн Архивын тасгийн цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн шүүхэд гаргасан тайлбар зэргээр нотлогдож байна.
Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Батсуурийн 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд, 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус сумын “Ялалт” ХК-д тус тус тракторын жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Омог хөх хуйх овогтой Дунгайн Батсуурийн 1978 оны 7 дугаар сараас 1979 оны 6 дугаар сарыг дуустал, 1982 оны 7 дугаар сараас 1992 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Сагил сумын Ялалт нэгдэлд, 1992 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус сумын “Ялалт” ХК-д тус тус тракторын жолоочоор нийт 13 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Батсуурийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА