Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00609

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар баг, 07-03 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЭ66072006 регистрийн дугаартай, Шаавай овогтой Идэшийн Дугарсүрэнгийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч И.Дугарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч И.Дугарсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 оны 7 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Би 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Увс аймгийн Тариалан сумын Захиргаанд үйлчлэгчээр ажилд орж, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүртэл, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2000 оныг дуустал хугацаанд Увс аймгийн Холбооны газарт үйлчлэгчээр тус тус ажилласан. Миний Холбооны газарт ажиллаж байх үеийн баримт дутуу учир 1990 оны 1 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан байдлаа нөхөн тооцох тухай хуулиар тооцуулсан. Миний Тариалан сумын Захиргаа болон 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Холбооны газарт ажилласан үеийн тушаал шийдвэр олдохгүй байгаа юм. Иймд миний 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Захиргааны үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Холбооны газарт үйлчлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү” гэжээ. 

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч И.Дугарсүрэн нь 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Захиргааны үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Холбооны газарт үйлчлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэгт нэхэмжлэгч И.Дугарсүрэнд 1983 оны 6 дугаар сарын 15-ны өдөр олгосон 346071 тоот хөдөлмөрийн дэвтэр эх хувиар авагдсан байх ба уг хөдөлмөрийн дэвтэрт “Увс аймгийн Тариалан сумын Ардын Хурлын Тэргүүлэгчдийн 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 24 тоот тогтоолоор тус сумын Захиргаанд үйлчлэгчээр авч, 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 19 тоот тогтоолоор тус үйлчлэгчийн ажлаас чөлөөлсөн, мөн Увс аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 99 тоот тушаалаар Холбооны газарт үйлчлэгчээр томилсон” тухай бичилт хийгдсэн байна.

            Мөн Увс аймгийн Холбооны газрын даргын 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 99 тоот тушаал эх хувиар авагдсан ба уг тушаалд Идэш овогтой Дугарсүрэнг цэвэрлэгч, үйлчлэгчээр томилсон тухай дурджээ.

          Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн цалингийн тодорхойлолтод И.Дугарсүрэнгийн Увс аймгийн Холбооны газарт 1987 оны 10 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд үйлчлэгчээр ажиллаж цалин авч байсныг түүвэрлэн ирүүлсэн байна.

           Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Дуламжав, Я.Норов, Н.Буянтогтох, А.Буянтогтох нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Дуламжав: “И.Дугарсүрэн нь аав, ээжийн хамтаар Увс аймгийн Тариалан суманд амьдардаг байсан ба аав Идэш нь Худалдаа бэлтгэл ангийн түүхий эдийн эрхлэгчээр ажилладаг байсан. И.Дугарсүрэн өөрөө сумын захиргааны үйлчлэгчээр 1983 оноос 1987 оныг дуустал ажиллаж байгаад хүнтэй суун тусдаа гарч, Улаангом сум руу шилжин явсан. Тэр үед би сумын агрономч хийж байсан” гэх мэдүүлэг, гэрч Я.Норов: “И.Дугарсүрэнг би сайн мэднэ. Аав Идэш гэх хүн Тариалан сумын Худалдаа бэлтгэл ангийн түүхий эдийн эрхлэгчээр ажиллаж байсан. И.Дугарсүрэн нь өөрөө аав ээжийн хамт амьдарч байхдаа Тариалан сумын захиргаанд үйлчлэгчээр 1983 оноос 1987 оныг дуустал ажилласан ба хүнтэй суун тусдаа амьдралтай болоод Улаангом руу шилжсэн. Тэр үед би нэгдэлд нягтлангаар ажиллаж байсан учраас мэдэж байна” гэх мэдүүлэг, гэрч Н.Буянтогтох: “Би Увс аймгийн Холбооны газарт 1982 оноос 2008 он хүртэл эрхлэгч, шугамын монитороор ажиллаж байсан. Намайг ажиллаж байхад И.Дугарсүрэн нь 1987 онд үйлчлэгч, харуулаар ажилд орж, 2000 оныг дуустал ажилласан. Тэр үед би шугамын монитороор ажиллаж байсан. И.Дугарсүрэн нь ажилдаа идэвхи зүтгэлтэй, хариуцлагатай, сайн ажилчин байсан. Мөн Увс аймгийн Холбооны газрын баярын бичиг болон сайшаалын үнэмлэхээр шагнагдаж байсан. Увс аймгийн Холбооны газрын даргаар О.Шаалав, н.Шагдаржав, Т.Ядамсүрэн, Ж.Лхагвасүрэн, Ш.Жамбалдорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч А.Буянтогтох: “Би анх 1986 онд Увс аймгийн Зүүнговь сумын Холбооны салбарт эрхлэгчээр ажилласан. 1988 онд амьдарлын шаардлагаар шилжин Увс аймгийн Холбооны газарт техникчээр ажилд ороход И.Дугарсүрэн тус газарт үйлчлэгчээр ажиллаж байсан. И.Дугарсүрэн бид хоёр 1988 оноос 2000 оныг дуустал хамт ажилласан учраас нэгнээ сайн мэднэ. И.Дугарсүрэн нь хамт олондоо нэр хүндтэй. Байгууллагын шагналуудаар шагнагдаж байсан, шударга шулуун зантай, ажилдаа хариуцлагатай сайн ажилчин байсан. И.Дугарсүрэн маань 2000 оны 10 дугаар сард орон тооны цомхотголоор ажлаас гарч байсан. Увс аймгийн Холбооны газрын даргаар н.Шагдаржав, Т.Ядамсүрэн, Ж.Лхагвасүрэн, Ш.Жамбалдорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн байх бөгөөд гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

           Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шаавай овогтой Идэшийн Дугарсүрэнгийн 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Захиргааны үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Холбооны газарт үйлчлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар И.Дугарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шаавай овогтой Идэшийн Дугарсүрэнгийн 1983 оны 6 дугаар сарын 17-ны өдрөөс 1987 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Захиргааны үйлчлэгчээр, 1987 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Увс аймгийн Холбооны газарт үйлчлэгч, цэвэрлэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч И.Дугарсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА