Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 203/МА2026/00015

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2026 оны 05 сарын 20 өдөр Дугаар 203/МА2026/00015 Даланзадгад сум

 

 

 

С.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Т.Дэлгэрмаа, шүүгч Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШШ2026/00188 дугаар шийдвэртэй

С.*******ын нэхэмжлэлтэй

Э.*******т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч С.*******ын гаргасан давж заалдах гомдлоор 2026 оны 04 сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Угтахбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пүрэвдорж /цахимаар/, нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс маргааны үйл баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Э.*******ээс зээлийн гэрээний үүрэгт 10,400,000 төгрөгөөр гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч Э.******* нь С.*******той 2023 оны 03 сард танилцаж хамт амьдарч байгаад 2024 оны 05 сард салсан. С.******* нь миний данс руу мөнгө шилжүүлж бэлэн мөнгө авах, өрхийн хэрэгцээндээ зориулж хувцас хунар, хоол унд, хүнс, бензин тос, бусад зардал зэргийг төлдөг байсан. Гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан мөнгөө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Өмнөговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх нэхэмжлэгч С.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч С.******* эс зөвшөөрч Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан дүгнэлт хийхгүйгээр хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн тул Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШШ2026/00188 дугаартай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэх агуулгатай давж заалдах гомдлыг гаргажээ.

 

Хэрэгт нэхэмжлэгчээс С.******* нь өөрийн нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хугацааны дансны хуулгыг хх-4-24 дүгээр талд гарган өгчээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, зохигчдын тайлбар зэрэгт үндэслэн ...Зохигчид хамтын амьдралтай байх цаг хугацаандаа амьдралын хэрэгцээ шаардлагаар харилцан мөнгө, эд хөрөнгө өгч байсан байх тул тэдний хооронд зээлийн харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нь мөнгө, эд зүйл хариуцагчаас шаардах эрхгүй байна гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчид нэхэмжлэгчийн шаардсан мөнгөн дүнгээс хэдэн төгрөгийг зээл, эсхүл ахуйн хэрэгцээний зориулалтаар өгсөн, авсан тухай хэрэгт авагдсан дээрх баримтуудад тулгуурлан дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагын хангаагүй гэж үзнэ.

Анхан шатны шүүх энэ нөхцөл байдлын талаар зохигчдыг мэтгэлцүүлээгүй байх ба давж заалдах шатны шүүх хуралдааны явцад энэ нөхцөл байдал тодорхой тогтоогдохгүй байна.

Талуудын мэтгэлцээгүй асуудлын талаар дүгнэлт хийх нь талуудын чөлөөт байдлыг зарчмыг зөрчих үндэслэл болох тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлага үндэслэлтэй эсэхэд давж заалдах шатны шүүхээс тодруулан шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэртээ ..Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч хариуцагчид 2023 оны 07 дугаар сараас 10 дугаар сарын хооронд мөнгө шилжүүлсэн, дахин дахин давтамжтай мөнгө шилжүүлдэг байсан, мөнгө шилжүүлэхдээ зээл гэсэн утгыг илэрхийлэхээр шилжүүлж байгаагүй, эхнэр шиг байж сэтгэл гаргада ханиа гэх утгаар мөнгө шилжүүлж байсан,шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн хариуцагч нэхэмжлэгчийн автомашин авах зориулалттай зээлийн хамтран зээлдэгчээр байдаг, өөрийн Хаан банкны данс руу шилжүүлсэн мөнгийг хариуцагч ашигладаг байсан гэх тайлбар зэргээр зохигчид 2023 онд хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна. гэж дүгнэсэн ба энэ нь маргаж буй зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бус, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоох бие даасан эрх зүйн харилцаа болохыг анхаарвал зохино.

Давж заалдах шатны шүүхээс дээр дурдсан үндэслэлүүдийг залруулж хэргийг шийдвэрлэх боломжгүй, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 1.3-т заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.*******ын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШШ2026/00188 дугаар шийдвэрийг хүчингүй болгосугай.

 

2. С.*******ын нэхэмжлэлтэй Э.*******т холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхэд буцаасугай.

 

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ГЭРЭЛМАА

 

ШҮҮГЧИД Т.ДЭЛГЭРМАА

 

Л.УГТАХБАЯР