| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00526/и |
| Дугаар | 00610 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 00610
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 28 дугаар хороо, Хужир булан гудамжны Б-5-28 тоотод оршин суух, 1964 онд төрсөн, эмэгтэй, ПЮ64051306 регистрийн дугаартай, Цагаагчид овогтой Нийдээгийн Цэгмидийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэгмид шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1964 онд төрсөн, 52 настай, 4 хүүхэдтэй. Би 1980 оноос 1989 оныг дуустал 9 жил 6 сарын хугацаанд Увс аймгийн Тэс сумын “Лениний зам” нэгдэлд хонь, ямаа малласан. 1993 онд манайх тэмээгээр нүүж өвөлжөөнд буух үеэр авдар ачсан тэмээ усанд унаснаар манай өрх гэрийн бүх бичиг баримт норж, дахин хэрэглэх аргагүй болж, хөдөлмөрийн дэвтэргүй болсон. Ийм учраас тэтгэвэр тогтоолгох хугацаагаа 2 жил гаруй алдаж байна. Хөдөлмөрийн дэвтрээ нөхүүлэх, бичүүлэх гэхээр нэгдэл тарсан тул Тэс сумын “Лениний зам” нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Цэгмид нь Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Н.Цэгмидийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Доноров, Д.Бадарч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Доноров: “Би 1972 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд малын эмчээр 1991 оныг дуустал буюу нэгдэл тарах хүртэл ажилласан. Н.Цэгмид нь 1980 онд 8-р ангиа төгсөөд илгээлтээр аав Нийдээ, ээж Ивгээлийн хамтаар бог мал маллаж эхэлсэн. Н.Цэгмид нь 1989 оныг дуустал тус нэгдэлдээ бог мал малласан. Би малын эмчээр ажиллаж байсан, малчдын гэрээр орж гардаг байсан учраас сайн мэдэж байгаа юмаа. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар Д.Гомбосүрэн, Г.Норов, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Д.Бадарч: “Би 1976 онд Тэс сумын Лениний зам нэгдлийн Нуур бригадын даргаар томилогдон ажилласан боловч миний ажилд орсон тушаалыг 1977 оны 4 сараас гаргасан байдаг. Ингээд би Тэс сумын Лениний зам нэгдлийн Нуур бригадын даргаар 1987 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаад Намын дээд сургуульд 4 жил явж суралцаад ирсэн. Намын дээд сургуулийг би 1991 онд төгсөж ирээд аймгийн Нэгдсэн эмнэлгийн орлогч даргаар 2 сар ажилласан. Ингээд өөрийн хүсэлтээр ажлаас гарч Тэс суманд Брокерийн пүүс байгуулан ажилласан. Н.Цэгмид нь 8-р ангиа төгсөөд илгээлтээр 1980 оноос эхлэн аав, ээжийн хамтаар бог мал маллаж байгаад тусдаа маьдралтай болон үргэлжлүүлэн тус нэгдэлдээ 1990 оныг хүртэл малаа малласан. Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдлийн даргаар Д.Гомбосүрэн, Г.Норов, Н.Далай гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан Архивын тасгийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.Цэгмидийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Н.Цэгмидийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Цагаагчид овогтой Нийдээгийн Цэгмидийн Увс аймгийн Тэс сумын Лениний зам нэгдэлд 1980 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар нийт 9 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Н.Цэгмидийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА