Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 204/МА2026/00008

 

2026 оны 3 сарын 03                                                   204/МА2026/00008                       


“Байгууллага А” Хадгаламж зээлийн хоршооны 
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

    Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн хуралдаанд 
                                             
                                  Хариуцагч Иргэн В-ийн өмгөөлөгч С.Сансартуяа
                                  Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
    
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 146/ШШ2025/00384 дүгээр шийдвэртэй “Байгууллага А” ХЗХоршооны нэхэмжлэлтэй Иргэн В, Иргэн Д нараас зээлийн гэрээний үүрэгт 272,238,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Иргэн В-ийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь: 

    1. Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Иргэн Б-ийн овогтой Иргэн В нь нөхөр Иргэн Г-ийн овогтой Иргэн Д-ийн хамт 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 тоот зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай сарын 1,9 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлээ хугацаанд нь төлж барагдуулах талаар олон удаа утсаар ярьж, биечлэн уулзаж, мэдэгдэл өгсөн боловч төлж, барагдуулна гэж явсаар өдийг хүрч байгууллага хохирсон. Дээрх зээлийн үлдэгдэл 249,480,870 төгрөг, 124 хоногийн хүү 19,633,620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,123,710 төгрөг, нийт 272,238,200 төгрөгийн төлбөрийг Иргэн В, Иргэн Д нараас гаргуулж өгнө үү гэжээ. 

    2. Хариуцагч Иргэн В-ийн анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын агуулга: Миний бие 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 дугаартай зээлийн гэрээгээр 300,000,000 төгрөг зээлээр авсан бөгөөд 209 дугаартай зээлийн гэрээгээр сар бүрийн 25-ны өдөр төлөхөөр эргэн төлөлтийн хуваарь батлуулсан. Тухайн зээлийг заримдаа эргэн төлөлтийн хуваарийн дагуу заримдаа хугацаа хэтрүүлэн төлдөг байсан. Хугацаа хэтрүүлэн төлөх бүрд зээлийн гэрээний дагуу нэмэгдэл хүү, үндсэн хүүг төлүүлдэг байсан. 
    2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 6,000,000 төгрөг, үндсэн хүүд 43,190,697 төгрөг төлөх байснаас “Байгууллага А” ХЗХоршооны тайлангаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн төлөлтөд 6 100,000 төгрөг, үндсэн хүүд 47,260,720 төгрөг нийт 53,360,720 төлсөн. 
    2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээ 293,900,000 төгрөг, үндсэн хүү 147,253,394 төгрөг төлөхөөр байснаас 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл буюу зээлийн үндсэн хугацаа дуусах хүртэл “Байгууллага А” ХЗХоршооны тайлангаар үндсэн зээлд 44,419,520 төгрөг, үндсэн хүүд 146,111,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,451,679 төгрөг нийт 219,982,239 төгрөг төлсөн байна. 
    Үүнээс үзэхэд зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусахад миний бие зээлийн гэрээгээр хүлээсэн нэмэгдэл хүү болон үндсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн байна. Харин үндсэн зээлийн төлбөрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар 50,519,520 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш 95,219,220 төгрөгийг “Байгууллага А” ХЗХоршоонд төлсөн. 
    Зээлийн үндсэн хугацаанд зээлийн хүү болон нэмэгдэл хүүг төлсөн тул 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төлсөн 95,219,220 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж 154,261,260 төгрөгийг төлөхөөр “Байгууллага А” ХЗХоршоотой эвлэрэх саналтай байна гэжээ. 

    3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Байгууллага А” ХЗХоршооны гишүүн Иргэн В-д 2021 оны 01 дүгээр сарын 06-нд 209 дугаартай зээлээр хөрөнгө оруулалтын зээл буюу 300,000,000 төгрөгийн зээл гарсан. 
    Зээлийн зориулалт нь хөрөнгө оруулалт буюу зочид буудал барих зориулалттай байсан. Зээлийн төлөлт эхний 10 сард хэвийн явагдаж байгаад 2022 оны 01 дүгээр сар, 02 дугаар сард 50,000,000, 50,000,000 төгрөг үндсэн зээлээс төлөх үед Иргэн В манайх ургац алдсан, зээлийг төлөх боломжгүй гээд зээлийн хуваарьт нэг удаа өөрчлөлт оруулж өгөөч гэсэн санал тавьж, 2022 оны 01 дүгээр сарын 25, 2022 оны 02 дугаар сарын 25, 2023 оны 01 дүгээр сарын 25, 2023 оны 02 дугаар сарын 25-нд төлөх нийт үндсэн зээлийн 200,000,000 төгрөгийг хугацааны эцэст буюу 2024 оны 04 дүгээр сарын 25-нд төлүүлэхээр хуваарьт өөрчлөлт оруулсан. 
    Хуваарьт өөрчлөлт оруулаад явж байх үед нэг удаа зээлийн төлбөрийг сунгаж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Манайх тухайн үед яагаад сунгалт хийгээгүй гэхээр хөрөнгө оруулалтын зээл 36 сарын хугацаатай гардаг, бүх зээлүүд 24 сарын хугацаатай гараад нэг удаагийн сунгалт нь 6 сарын хугацаатай сунгах боломж байдаг. Тэгэхээр нэг удаагийн зээлийн мөчлөг 30 сар байдаг. Энэ зээл өөрөө 36 сарын хугацаатай гарсан учраас зээлийг нэмэлтээр сунгах боломж байхгүй. Мөн манайд анх барьцаалсан барьцаа хөрөнгүүдийг явцын дундаас өөр банканд урт хугацаатай, хүү багатай зээл судлуулах гэсэн юм гээд түр чөлөөлүүлж авсан боловч тэр гэрчилгээ нь буцаж манайд бүртгэгдээгүй учраас барьцаа хөрөнгийн асуудал үүссэн. Тиймээс барьцаа хөрөнгөө жигдлэхгүй бол манайх сунгах боломжгүй гэсэн хариуг өгсөн. 
    Хариуцагч нарын зүгээс 95,219,220 төгрөгийг үндсэн зээлээс хасуулахаар гэсэн эвлэрэх санал тавьсан. Нэгэнт тухайн 95,219,220 төгрөг хоршооны орлогоор бүртгэгдээд тайлан гаргачхаад байхад үүнийг буцаах боломжгүй. 
    249,480,000 төгрөгийн үндсэн зээлээр эрсдэлийн сан байгуулсан. Эрсдэлийн сан байгуулна гэдэг нь тухайн жилийн турш олсон орлогоосоо энэ хэмжээний төгрөгөөр хоршоонд хохирол учирч, ашиг буурч байна гэсэн үг юм. Тэгэхээр энэ дүнгээр манай 1566 гишүүний эрх ашиг тухайн жилийн хүртэх ёстой хүртээмж нь буурч байгаа учраас хоршоо хохирч байна гэж үзсэн.
    Мөн хугацаа хэтэрсэн зээл үүсэхэд манайх барьцаа хөрөнгөөр нь тухайн зээлийг нь барагдуулах арга хэмжээ авдаг. Иргэн В-ийн хөрөнгө зах зээлийн үнэлгээний 60%-иар үнэлэгдсэн, бага үнэлгээ гэсэн үг юм. Иймд тухайн хүний хөрөнгийг бага үнэлээд борлуулаад хохирол учруулж байхаар хариуцагч барьцаа хөрөнгөө өөрөө борлуулаад зээлээ хаагаад, зөрүү мөнгийг нь өөртөө хэрэглэх боломж байна гэсэн хүсэлт гаргасан учраас түүнийг нь харгалзаж өдий хүрсэн гэжээ. 

    4. Хариуцагч Иргэн В-ийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлээс 6,000,000 төгрөг, үндсэн хүүд 43,190,697 төгрөг төлөх байснаас “Байгууллага А” ХЗХоршооны тайлангаар 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл зээлийн үндсэн төлөлтөд 6 100 000 төгрөг, үндсэн хүүд 47,260,720 төгрөг нийт 53,360,720 төлсөн. 
    2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд миний бие тухайн зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл 293,900,000 төгрөг, үндсэн хүү 147,253,394 төгрөг төлөхөөр байснаас 2022 оны зээлийн үндсэн хугацаа дуусах хүртэл “Байгууллага А” ХЗХоршооны тайлангаар үндсэн зээлд 44,419,520 төгрөг, үндсэн хүүд 146,111,040 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 29,451,679 төгрөг нийт 219,982,239 төгрөг төлсөн. 
    Үүнээс үзэхэд зээлийн гэрээний үндсэн хугацаа дуусахад зээлийн гэрээгээр хүлээсэн нэмэгдэл хүү болон үндсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлсөн байна. 
    Харин үндсэн зээлийн төлбөрөөс 2024 оны 04 дүар сарын 25-ны өдрийн байдлаар 50,519,520 төгрөг төлсөн бөгөөд үүнээс хойш 95,219,220 төгрөгийг Байгууллага А ХЗХоршоонд төлсөн. Зээлийн үндсэн хугацаанд зээлийн хүү болон нэмэгдэл хүүг төлсөн байгаа тул 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл төлсөн 95,219,220 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж 154,261,260 төгрөгийг төлөхөөр “Байгууллага А” ХЗХоршоотой эвлэрэх саналтай байна гэжээ. 

    5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар хариуцагч Иргэн В, Иргэн Д нараас зээлийн гэрээний үүрэгт 272,238,200 төгрөгийг гаргуулж "Байгууллага А" Хадгаламж Зээлийн Хоршоонд олгохоор, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,519,141 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Иргэн В, Иргэн Д нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,519,141 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Байгууллага А” Хадгаламж Зээлийн Хоршоонд олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

6. Хариуцагч Иргэн В-ийн өмгөөлөгч С.Сансартуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "Байгууллага А" ХЗХоршооны нэхэмжлэлтэй Иргэн В болон Иргэн Д нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч Иргэн В-ийн өмгөөлөгчийн хувиар дараах гомдлыг гаргаж байна. 
Уг иргэний хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх 2025 дугаар 12 дугаар сарын 18-ны өдөр 146/2025/00384 тоот шийдвэрээр хянан шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 
Учир нь шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хэрэгт тал бүрээс нь ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй үнэлж дүгнээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул шүүхийн шийдвэр хэт нэг талыг барьсан үндэслэл муутай болсон гэж үзэж байна. 
Үүнд: Шүүх талуудын хооронд байгуулагдсан гэх 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №209 тоот зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3 дах хэсэгт: "... зээлийн барьцааны болон батлан даалтын гэрээг бичгээр байгуулна" гэж заасан байдаг. Уг гэрээний нэг хэсэг болгон 2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн №209 тоот "Зээлийн барьцааны гэрээ"-г байгуулсан боловч гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэлт хийгээгүй байна. 
Учир нь дээрх гэрээ болон талуудын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбараас харахад барьцааны гэрээний зүйл нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө байх бөгөөд хэрэв үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан бол уг гэрээг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэх хууль ёсны шаардлага тавигддаг. 
Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр гэж үнэлсэн гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т "Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа оршин байгаа газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана", мөн зүйлийн 156.3-т "Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна", Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т "Гэрээг улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжид заасны дагуу бүртгүүлнэ" мөн зүйлийн 12.3-т "Улсын бүртгэлд бүртгүүлэх журмыг зөрчиж бүртгүүлсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна" гэж заасныг тус тус зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ байна. 
Үүнтэй холбоотойгоор анхан шатны шүүх хуульд заасан хэлбэрийн шаардлага хангаагүй хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэж шийдвэрээ гаргасан тул шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлгүй байна. 
2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 тоот зээлийн болон барьцааны гэрээний хамтран хариуцахыг зөвшөөрсөн зээлдэгч гэсэн хэсэгт Иргэн Д, Иргэн Е, Иргэн Ж гэх хүмүүс дурдагдаж бүгд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. 
Зээлийн гэрээний хамтран зээлдэгч гэдэг нь тухайн зээлийн гэрээний үүрэг, хариуцлагыг хамтран хариуцах үүрэгтэй этгээдийг ойлгох бөгөөд энэхүү хэргийн тохиолдолд зээлийн гэрээнд тухайлан зохицуулаагүй учраас гэрээний үүргийг хувь тэнцүүлэн хариуцахаар харилцан тохиролцсон гэж үзэхээр байна. 
Гэтэл шүүхийн шийдвэрээс харахад үндсэн зээлдэгч Иргэн В, хамтран зээлдэгч нараас зөвхөн Иргэн Д нарыг дурдаж эдгээр 2 этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хэдийгээр хариуцагч этгээд хэн байхыг зөвхөн нэхэмжлэгч талын үзэмжээр тогтоодог боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, эсхүл шүүхийн санаачилгаар болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно" гэж заасны дагуу зээлийн гэрээний хамтран хариуцагч нарыг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй нь Иргэн Е, Иргэн Ж гэх хүмүүсийн эрх, үүргийг хязгаарласан, эсхүл хөндсөн байж болохоор байна. 
Өөрөөр хэлбэл Иргэн Е, Иргэн Ж гэх хүмүүс өөрсдөө зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байхад шүүх эдгээр хүмүүсийн эрх, ашиг сонирхол нь энэхүү зээлийн болон барьцааны гэрээний хувьд ямар байсан, эдгээр гэрээнүүдийн үүргийг хэн, хэн хэрхэн хариуцах талаар эсхүл зөвхөн хэлбэр төдий үүрэг хүлээлгэсэн гэх мэт нөхцөл байдлыг тодруулаагүй нь уг гэрээнүүдэд дээрх хүмүүс огт оролцоогүй буюу гэрээний нэг тал биш гэх ойлголт төрүүлж байх бөгөөд энэхүү харилцаа зохигч талуудын хооронд үүссэн маргаан мэтээр ойлгогдохоор болжээ. 
Хариуцагчийн өмгөөлөгчийн хувьд дээрх хамтран зээлдэгч нарт үүрэг, хариуцлага ногдуулах эсэх асуудал шийдвэрлэгдээгүй үлдсэн гэж үзэж байгаа учраас энэхүү нөхцөл байдлыг тодруулах нь хэргийг үнэн зөв, шударгаар шийдвэрлэхэд зайлшгүй ач холбог богдолтой гэж үзэж байна. Энэ бүхнээс харахад шүүх гуравдагч этгээдээр татвал зохих этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн энэхүү ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна. 
Иймд анхан шатны шүүх хийвэл зохих ажиллагааг хийгээгүй, нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 
7. Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ний 146/ШШ2025/00384 тоот шийдвэрийг бодит байдлыг зөв дүгнэсэн гэж үзэж байна. XXXXXXXX тоот гэрчилгээтэй XXXXXXXX тоот бүртгэлийн дугаартай нийслэлийн XXXXXXXX 111,68 м.кв орон сууц нь Иргэн Е, Иргэн Ж нарын өмчлөлтэй бөгөөд Иргэн З-д 3 жилийн хугацаагаар итгэмжлэл олгож зээлийн барьцаанд тавих эрх олгосноор уг хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээ хийж Иргэн З эрхийн дагуу гарын үсэг зурж баталсан. Харин гэрчилгээний хуулбарыг авч ирж гэрээ хийлгээд эх хувийг авчир ч өгнөө гэсэн боловч өгөөгүй тул Улсын бүртгэлд бүртгүүлж чадаагүй. Иргэн Е, Иргэн Ж нар хамтран хариуцагчаар гарын үсэг зураагүй, итгэмжлэлээр эрх авсан Иргэн З зурсан. Миний охин Иргэн З гэр бүлийн асуудалтай амьдрал, сэтгэл санаа нь хүнд байгаа тул нэхэмжлэлд битгий оруулаарай, зээлийг Иргэн Д бид хоёр л авсан, бид хоёр л төлнө, Иргэн З-д хамаагүй гэж гуйснаар Иргэн В-д зээлийн хороо итгэсэн.Иргэн В 2002 онд тус хоршоог үүсгэн байгуулалцаж хоршооны тэргүүлэгч гишүүнээр сонгогдон олон жил ажиллаж хоршооны дүрэм, урмыг батлалцаж хоршоог өсгөж хөгжүүлэх, эрсдэлгүй ажиллуулахад анхаарч явдаг хамтран зүтгэгч гэж ойлгодог учир зээл олгосон. 
Иргэн В нь хоршооноос зочид буудал барихаар хөрөнгө оруулалтын зориулалтаар 1,9% энгийн зээлээс бага хүүтэй, өндөр дүнтэй зээл аваад зориулалтын бус зүйлд зарцуулсан, төлбөрөөс зайлсхийж барьцааны хөрөнгийг урт хугацаатай, бага хүүтэй банкны зээл судлуулах нэрийдлээр барьцаанаас түр чөлөөлүүлэн хэсэгчлэн борлуулсан, бусдад шилжүүлсэн зэрэг нь залилангийн шинжтэй байна. Иймд зээлийн гэрээний 3.5-д зааснаар хоёр тал гарын үсэг зурсан өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болсон материалыг үндэслэн хоршооны хамт олны эрх ашгийг хамгаалсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээж өгнө үү гэжээ.
8. Хариуцагч Иргэн В-ийн өмгөөлөгч С.Сансартуяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр гомдол гаргасан. Хавтаст хэргийн 5 болон 6 дугаар талд “Байгууллага А” хадгаламж зээлийн хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээ болон тусгай зөвшөөрлийн хуулбар авагдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасны дагуу бичмэл нотлох баримтыг эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн байдлаар шүүхэд хэрэгт хавсаргаж өгөх ёстой байхад хуулбарыг өгсөн нөхцөл байдлаас үүдэж хадгаламж зээлийн хоршоо өөрөө зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа эрх бүхий этгээд мөн үү гэдэгт эргэлзээ төрүүлэхээр байна. Шүүх нотлох баримтын шаардлага хангахгүй нотлох баримтыг үнэлж шийдвэр гаргах боломжгүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13.1, 13.2 13.4-д заасны дагуу Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн хуульд заасан тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг авдаг. Гэтэл тусгай зөвшөөрөлтэй байсан үйл баримт тогтоогдоогүй байна. Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хавтаст хэргийн 37 дугаар хуудаст авагдсан баримтад Иргэн З-г гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй. Иргэн Е, Иргэн Ж хоёр гарын үсэг зураагүй. Харин Иргэн З гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т заасны дагуу төлөөлүүлэгчээс бүрэн эрхийн хүрээнд түүний өмнөөс гэрээ, хэлцэл хийнэ, харин эрх үүрэг нь зөвхөн төлөөлүүлэгчид үүсэх ёстой. Төлөөлүүлэгч нь Иргэн Е буюу Иргэн Ж гэдэг 2 хүн байдаг. Хадгаламж зээлийн хоршоо зөвхөн гишүүддээ үйлчлэх ёстой. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17.1-д зөвхөн гишүүддээ зээл олгож болохоор заасан. Гэтэл хамтран зээлдэгчээр Иргэн Ж буюу Иргэн Е гэдэг хүмүүсийг оролцуулаад итгэмжлэлээр нь гарын үсэг зурсан нөхцөл байдлыг хэрхэн тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй, хууль зүйн хувьд үндэслэлгүй. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн хориглох зүйлд гишүүн бус этгээдэд зээл олгохыг Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18.1.2-т зээл олгохыг хориглодог. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 18.3, 18.1-д заасныг зөрчсөн үйлдэл нь тухайн хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл болдог үр дагавартай зүйл болсон. Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 17.8-д заасны дагуу мөн Иргэний хуульд заасны дагуу байгуулах ба гэрээ нь зээлийн гэрээнд нэмэгдүүлсэн хүү тооцохоор зааж болно гэж зохицуулсан. Иргэний хуулийн 451.3-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн үйл ажиллагааг хуулиар зохицуулна гэж заасан. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зээлийн гэрээнд тусгах нөхцөлийг тодорхойлж өгсөн. Зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас зээлийн хүүгийн хэмжээг зээлийн гэрээнд заавал тусгах ёстой гэсэн зохицуулалтыг оруулж өгсөн. Гэтэл нэхэмжлэгч, хариуцагч нарын 300,000,000 төгрөгийн зээлийг анх хэдэн төгрөгөөс хэдийг нь төлж, хэд үлдээд, хэдийг нь хэдэн төгрөгөөр, хэд хоногоор яаж тооцсон тухай нэхэмжлэгч, хариуцагч нар маргадаггүй боловч шүүх энэ талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байдаг. Зээлийн гэрээнд тусгасан зээлийн хүүгийн хэмжээгээр бодогдсон уу эсвэл энэ зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш 1 жилийн хугацаанд аваад байгаа мөнгө нь өөрөө зээлийн гэрээ хүчинтэй байх хугацааны хувь хэмжээгээр бодогдоод байгаа нь үндэслэлтэй юу гэдэгт шүүх дүгнэлт хийгээгүй байна гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч анх 300,000,000 төгрөгийг зээлж авсан. Үүнээс үзэхэд үндсэн зээлээс 50,519,630 төгрөг, хүү 263,541,600, нэмэгдүүлсэн хүү 3,364,200 нийт 317,425,430 төгрөг өнөөдрийн байдлаар төлсөн байна. Гэрээнд заасны дагуу үүргээ биелүүлсэн 300,000,000 төгрөгөөс гадна хүүд 147,253,300 төгрөгийг төлөх ёстой байсан. Гэтэл 147,253,000 төгрөгийн хүү нь өнөөдрийн байдлаар 263,541,600 төгрөг гэсэн байдлаар төлөгдсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2026 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр дууссанаас хойш 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүртэл төлсөн мөнгийг хүүд хүүлж авч байгаа нь үндэслэлгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Зээлийн гэрээний төлөлтөд тодорхой үндэслэл бүхий дүгнэлт гаргасан бол үндсэн зээлийн үлдэгдэл нь 116,288,200 төгрөг болох байсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа нотлох баримтаар гаргаж өгөх, энэ үүргээ биелүүлээгүй, мөн нотлох баримтын шаардлага хангасан, хангаагүй, нотлох баримттай, мөн барьцааны гэрээ асуудалтай, гишүүн бус этгээдэд зээл олгож үндэслэлгүй хүү авч байгаа нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх үнэлж, тогтоох ёстой байхад энэ ажиллагаа хийгдээгүй. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байгаа учраас зээлийн гэрээ хүчин төгөлдөр бус байх буюу Иргэний хуулийн 56.1.1-д заасан Хадгаламж зээлийн хоршооны тухай хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байх хэлцэл шинжийг агуулсан гэж үзэж байна. Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 146/ШШ2025/00384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв. 
ХЯНАВАЛ:
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав. 
Шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
10. “Байгууллага А” ХЗХоршоо нь Иргэн В, Иргэн Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 272,238,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 
Хариуцагч Иргэн Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Иргэн В нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч зээлийн хүүнд суутгасан 95 219 220 төгрөгийг үндсэн зээлээс хасуулж тооцуулна гэж маргасан. 
11.  Анхан шатны шүүх... Хариуцагч нар нь гэрээнд заасан үндсэн төлбөр ,хүүг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх үүргээ биелүүлээгүй.., Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй... гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ. 
12. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 209 тоот зээлийн гэрээгээр зээлдүүлэгч “Байгууллага А” ХЗХ нь 300 000 000 төгрөгийг хөрөнгө оруулалтыг дэмжих /зочид буудал барих/ зориулалтаар, сарын 1.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хугацаа хэтэрсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээлдэгч Иргэн В, хамтран хариуцагчаар Иргэн Д, Иргэн Е, Иргэн Ж нартай харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан байна.
         Хадгаламж зээлийн хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.-т...Хадгаламж, зээлийн хоршоо нь Хорооноос олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааг эрхэлнэ...гэж заасан бөгөөд энэ нөхцөл байдал тогтоогдсоноор нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар эрх зүйн дүгнэлт өгөх боломжтой юм. 
         Хэрэгт авагдсан нэхэмжлэгч “Байгууллага А” ХЗХ нь хадгаламж, зээлийн үйл ажиллагаа тусгай зөвшөөрөл олгосон тухай баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй байхад анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна. 
        Өөрөөр хэлбэл дээрх нотлох баримт нь хуульд заасан шаардлагад хэрхэн нийцэж байгаа талаар шүүх эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх шаардлагатай байжээ.
        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх үүрэгтэй.
        Хэргийн нөхцөл байдал тодорхой бус байх нь шүүхийн хууль хэрэглээний асуудлаар эрх зүйн дүгнэлт хийх боломжийг үгүйсгэдэг. 
        Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бус байх гэдэгт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, шүүхээс тогтоогдсон гэж үзсэн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал нотлогдоогүй байх, шийдвэрт тусгагдсан нөхцөл байдал баримтаар тогтоогдоогүй байх нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болдог.
         Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
        13. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хариуцагч Иргэн В-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,519,141 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгохоор шийдвэрлэв. 
         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:


1.    Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 146/ШШ2025/00384 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж  заалдах гомдол гаргахдаа хариуцагч Иргэн В-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,519,141 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар гаргуулан буцаан олгосугай.  
 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

        ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Н.ЭНХМАА 
                                            ШҮҮГЧИД                          Л.НЯМДОРЖ
    Б.ЦЭРЭНПҮРЭВ