Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 00611

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

           Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 3-18 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОО66080285 регистрийн дугаартай, Булгадар овогтой Дүгэрийн Сүрэнжавын,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Сүрэнжав, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

          Нэхэмжлэгч Д.Сүрэнжав шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Миний аав Дүгэр нь Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид он удаан жил ажиллаж байсан бөгөөд өр зээл, дутагдалд орж хуулийн дагуу арга хэмжээ авахуулж байсан ба тухайн үед би дөнгөж 15 настай ээж, нялх дүү нарын хамт ажил төрөлгүй үлдэж байсан билээ. Ингээд амьдралын эрхээр ээж дүү нартайгаа үлдээд амьдарлаа авч явахын тулд, нөгөө талаар аавтай хамт ажиллаж байсан Худалдаа бэлтгэл ангийн удирдлага болох дарга Бужгаа, Сэргээ, Баазаржав нар манай амьдарлыг бодолцож намайг Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1981 оны 8 дугаар сараас эхлэн түр цэвэрлэгчээр авч ажиллуулсан. Уг нь би 9 дүгээр сарын 01-ээс хичээлдээ явах байсан ч амьдарлын эрхээр сургуулиас гарч ажил хийж эхэлсэн үе маань тэртээ 1981 он байсан юмаа. Би 1981 оны 8 дугаар сараас 1982 оны 8 дугаар сар хүртэл жил гаруй цэвэрлэгчээр ажиллаж байгаад 1982 оны 8 дугаар сараас дэвшиж, дэлгүүрийн худалдагч, кассчинаар ажилласан. Энэ үеэс тасралтгүй 1990 оны 12 дугаар сарыг дуустал худалдагч, кассчинаар ажилласан. Одоо миний тэтгэвэрийн нас болж бичиг баримтаа бүрдүүлэхээр аймгийн Архивт хандахад миний авч байсан цалингийн тодохойлолт гаргаж өгсөн. Иймд миний 1981 оны 8 дугаар сараас 1982 оны 8 дугаар сар хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, 1982 оны 8 дугаар сараас 1990 оныг дуустал хугацаанд худалдагч, кассчинаар тус тус ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Сүрэнжав нь Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1981 оноос 1990 оныг дуустал хугацаанд цэвэрлэгч, кассчин, худалдагчаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

     Хэрэгт Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангиас Д.Сүрэнжавт олгосон 180930 тоот хөдөлмөрийн дэвтэр авагдсан байх ба уг хөдөлмөрийн дэвтэрт түүнийг 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангийн кассчинаар, 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн “Таван гол” хэрэглээний хоршоонд худалдагчаар тус тус ажиллаж байсан тухай бичилтүүд хийгдсэн байна.

          Мөн Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн ангийн даргын 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 67 тоот тушаал буюу Дүгэр овогтой Сүрэнжавыг дэлгүүрийн кассчинаар томилсон тухай тушаалын хуулбар, Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн цалингийн тодорхойлолтод Д.Сүрэнжавын 1982 оны 8 дугаар сараас 1990 оны 8 дугаар сарыг дуустал хугацаанд Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид кассчинаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн, 1990 оны 12 дугаар сарын 21-ний өдөр олгосон 8 дугаар таван жилийн гавшгайч цол тэмдэгийн үнэмлэхний хуулбар, байгууллагын 1988 оны аварга болон авахуулсан гэрэл зургийн үзүүлэлт зэрэг баримтууд тус тус авагдсан байна.

     Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Ичинноров, Р.Төмөрбаатар нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Ичинноров: “Миний бие Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангийн дэлгүүрт 1984 онд худалдагчаар ажилд ороход Д.Сүрэнжав нь тус дэлгүүрт кассчин хийдэг байсан. Д.Сүрэнжав тухайн дэлгүүрт анх цэвэрлэгчээр ажиллаж байгаад сүүлд кассчин болсон гэсэн. Тэрээр их даруухан, ажилдаа сайн, хамт олондоо нэр хүндтэй ажилчин байсан. Бид хамтдаа 1991 оныг дуустал хугацаанд ажилласан. Мөн Д.Сүрэнжав нь шагнал урамшуулал их авдаг байсан. Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар Бужгаа, Буянхүү нар ажиллаж байсан юм” гэх мэдүүлэг, гэрч Р.Төмөрбаатар: “Би Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1979 онд чанарын албаны ажилчнаар ажиллаж эхэлсэн. Худалдаа бэлтгэл ангид аж ахуйн нярав, хүнсний няраваар тус тус ажиллаж байгаад 1994 оныг хүртэл ажиллаад бэлтгэл анги татан буугдаад ажилгүй болж байсан. Д.Сүрэнжав 1981 онд анх манай байгууллагад цэвэрлэгчээр ажилд орж байсан. Д.Сүрэнжав нь 8-р ангиа төгсөөд ар гэрийн гачигдлаас болж хичээл номоо хаян Худалдаа бэлтгэл ангийн дэлгүүрт цэвэрлэгчээр ажилд орж байсан. Нэг жил цэвэрлэгчээр ажиллаад кассчин, худалдагчаар 1994 оныг хүртэл ажилласан. Д.Сүрэнжав нь манай байгууллагын тэргүүний ажилчин байсан. Шагнал урамшуулал их авдаг, байгууллагын аврага болж байсан. Бид хамтдаа нэг байгууллагад ажиллаж байсан учраас нэгнээ сайн таньж мэдэж байна. Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангийн даргаар н.Бужгаа, Б.Буянхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн байх ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 267 тоот, 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 106 тоот шийдвэр зэрэг баримтууд авагджээ.

          Хэдийгээр нэхэмжлэгчийн 1981 оны 8 дугаар сараас 1982 оны 8 дугаар сарыг хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид цэвэрлэгчээр ажиллаж байсныг нотлох бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй  боловч гэрч М.Ичинноров, Р.Төмөрбаатар нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар Д.Сүрэнжавын тухайн жилд цэвэрлэгчээр ажиллаж байсныг тогтоох боломжтой гэж үзлээ.

         Мөн нэхэмжлэгч нь “1990 оныг дуустал хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба түүний хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээс үзэхэд 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэлийн анги нь “Таван гол” хэрэглээний хоршоо болж, зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байх тул нэхэмжлэгчийг 1990 оны 4 дүгээр сараас 12 дугаар сарыг дуустал хугацаанд тус хоршоонд ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй байна.

        Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Сүрэнжавын Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1981 оны 8 дугаар сараас 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд кассчинаар, Увс аймгийн Тэс сумын “Таван гол” хэрэглээний хоршоонд 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Сүрэнжавын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Булгадар овогтой Дүгэрийн Сүрэнжавын Увс аймгийн Тэс сумын Худалдаа бэлтгэл ангид 1981 оны 8 дугаар сараас 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл хугацаанд цэвэрлэгчээр, 1982 оны 8 дугаар сарын 08-ны өдрөөс 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл хугацаанд кассчинаар, Увс аймгийн Тэс сумын “Таван гол” хэрэглээний хоршоонд 1990 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд худалдагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Сүрэнжавын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА