| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00565/и |
| Дугаар | 00612 |
| Огноо | 2016-09-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 00612
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 10 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЭ66081365 регистрийн дугаартай, Тайж овогтой Батаагийн Нарантуяагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын сарын 01-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би 1982 онд тухайн үеийн Худалдаа бэлтгэлийн трестийн харьяанд худалдагчаар ажилд орж, бөөний худалдааны Увс ХК болсны дараа буюу 1999 он хүртэл ажилласан билээ. Ажиллаж байсан хугацаандаа хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсэн ба архивын байгууллагаас ажилд орсон тушаал олдохгүй байгаа тул тухайн үеийн бусад ажил үйлчилгээнд хамрагдаж оролцож байсныг нотлох баримт, шийдвэр, цалингийн тодорхойлолтыг гаруулж авсан болно. Иймд миний цуглуулсан энэхүү баримт материал болон хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн 1982 оноос 1993 оны хооронд худалдагчаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Нарантуяа нь Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд 1982 оны 7 дугаар сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Б.Нарантуяагийн Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд 1982 оны 7 дугаар сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.
Түүнчлэн Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 294 тоот тушаал, мөн даргын 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 313 тоот тушаал, мөн даргын 1988 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 268 тоот тушаалууд хавсралтын хамтаар авагдсан байх ба уг тушаалууд болон хавсралтад дурдсанаар эд хариуцагч Б.Нарантуяагийн хариуцаж байсан эд зүйлийг тоолохоор комисс томилж, мөн Б.Нарантуяад шагналт цалин олгохоор шийдвэрлэж байсан талаар дурдсан байна.
Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ц.Цэцэгмаа, Ц.Сэржмаа нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ц.Цэцэгмаа: “Би 1976 онд Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургууль төгсөөд, 1976 оны 7 дугаар сараас Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн арын дэлгүүрт кассчинаар ажилд орж, 1999 оныг хүртэл ажилласан. Б.Нарантуяа нь 1982 онд сургуулиа төгсөж ирээд Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестэд 1999 оныг хүртэл ажилласан. Бид хамтдаа нэг нь худалдагч, нөгөө нь кассчин хийж байсан болохоор нэг нэгнээ сайн мэдэж байна. Хотын Худалдаа бэлтгэлийн трест нь 1993 онд хувьчлагдаад “Увс” хувьцаат компани болон өөрчлөгдсөн. Бид “Увс” хувьцаат компанид 1999 оныг хүртэл ажилласан. Тухайн үед Хотын Худалдаа бэлтгэлийн трестийн даргаар н.Пүрэвсүрэн, н.Гомбодорж, н.Түмэн-Өлзий гэх хүн ажиллаж байсан” гэж, гэрч Ц.Сэржмаа: “Би Завхан аймгийн Худалдааны техник мэргэжлийн сургууль төгсөөд 1982 онд Төвд томилогдон 3 жил ажиллаад 1985 онд Увс аймагт шилжин ирсэн ба Улаангом хотын Худалдаа бэлтгэлийн трестийн 12 худалдагчтай дэлгүүрт худалдагчаар ажилд ороход Б.Нарантуяа нь 1982 онд ажилд орсон гээд тэнд худалдагчаар ажиллаж байсан. Б.Нарантуяа бид нар 1993 оныг дуустад хамт ажиллаж байгаад “Увс” хувьцаат компанид 1999 оныг хүртэл ажилласан. Хотын Худалдаа бэлтгэлийн трест нь “Увс” ХК болон өөрчлөгдсөн. Б.Нарантуяа бид хоёр 12 худалдагчтай дэлгүүрт хамтдаа худалдагчаар ажиллаж байсан учраас сайн мэдэж байна” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан Архивын тасгийн тодорхойлолт, Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестийн даргын 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 294 тоот тушаал, мөн даргын 1985 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 313 тоот тушаал, мөн даргын 1988 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 268 тоот тушаалууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Б.Нарантуяагийн Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд 1982 оны 7 дугаар сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд худалдагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Батаагийн Нарантуяагийн Увс аймгийн Улаангом хотын Худалдааны трестэд 1982 оны 7 дугаар сараас 1993 оны 10 дугаар сарыг дуустал хугацаанд худалдагчаар нийт 11 жил 4 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Нарантуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА