Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 00019

 

Б.Эрдэнэбатад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Хэргийн индекс 179/2017/0131/Э

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

Прокурор: Л.Отгончимэг,

Ялтан: Б.Эрдэнэбат,

Ялтны өмгөөлөгч: Б.Отгонцэцэг,

Нарийн бичгийн дарга: О.Өлзийбуян нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолтой Б.Эрдэнэбатад холбогдох 201722000034 дугаартай эрүүгийн хэргийг ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Их мэргэд овогт Батмөнхийн Эрдэнэбат, 1974 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Төмөрбулаг суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар РА74021010/.

Б.Эрдэнэбат нь согтуурсан үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт найз Д.Үнэнбатын гэрт түүнийг “гар утас хулгайлан авсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Д.Үнэнбатын гэдэс рүү өшиглөж нарийн гэдэсний урагдал бүхий амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Их мэргэд овогт Батмөнхийн Эрдэнэбатыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Эрдэнэбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3/гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Б.Эрдэнэбатад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, 188.1.2-д зааснаар 1999 оны 08 дугаар сарын 03-нд төрсөн хүү Э.Энхболд, 2003 оны 03 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Э.Долгорсүрэн нарыг харгалзан дэмжүүлэхээр Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт даалгаж, Энэ хэрэгт хураагдан ирсэн эд зүйлгүй, баримт бичиггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Ялтны өмгөөлөгч Б.Отгонцэцэг давж заалдах гомдолдоо: ...Хохирогч Д.Үнэнбатын биед нарийн гэдэсний урагдал бүхий гэмтэл учирсан байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэсэн Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, мөн Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комисс 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх нотлох баримтад үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдаж байна. Түүнчлэн хохирогч Д.Үнэнбат нь нарийн гэдэсний сүрьеэ өвчтэй байсан эсэх талаар гэрч Эрдэнэбаатарын мэдүүлэгт тодорхой байдаг тул тухайн өвчний улмаас хохирогчийн нарийн гэдэс явцаараа тасрах байсан эсэх, заавал гадны хүчин зүйлийн улмаас тасрах эсэхийг нарийн тогтоох шаардлагатай байсан болно. Иймд Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг хянаж анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Б.Эрдэнэбат нь согтуурсан үедээ буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хөвсгөл аймаг Мөрөн сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт найз Д.Үнэнбатын гэрт түүнийг “гар утас хулгайлан авсан” гэх шалтгаанаар маргалдаж улмаар иргэн Д.Үнэнбатын гэдэс рүү өшиглөж нарийн гэдэсний урагдал бүхий амь биед аюултай хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг їйлдсэн болох нь ялтан Б.Эрдэнэбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 81 дугаартай дүгнэлт, мөн Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 05 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Анхан шатны шүүх ялтан Б.Эрдэнбатад ял шийтгэл оногдуулахдаа түүний хувийн болон ар гэрийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулан, хорих ял эдлэх дэглэмийг мөн хөнгөрүүлсэн нь Эрүүгийн хуульд нийцсэн байна.

Ялтны өмгөөлөгч Б.Отгонцэцэг “...шинжээчийн дүгнэлтүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байхад шүүх нотлох баримтад үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх зарчим алдагдсан. Түүнчлэн хохирогч Д.Үнэнбат нь нарийн гэдэсний сүрьеэ өвчтэй байсан эсэх талаар гэрч Эрдэнэбаатарын мэдүүлэгт тодорхой байдаг тул тухайн өвчний улмаас хохирогчийн нарийн гэдэс явцаараа тасрах байсан эсэх, заавал гадны хүчин зүйлийн улмаас тасрах эсэхийг нарийн тогтоох шаардлагатай байсан болно. Иймд Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг хянаж анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 125 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэх агуулга бүхий  давж заалдах гомдол гаргажээ.

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн шүүх эмнэлгийн комиссын 2017 оны 1 дүгээр сарын 24-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтэд “...Өмнө нь гаргасан 81 тоот дүгнэлт үндэслэлтэй болно. Анх эмчилгээ хийгдэх үед Д.Үнэнбатын биед учирсан гэмтэл болох нарийн гэдэсний тасралт гялтан тас гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Эмчилгээ бүрэн хийгдэж, эдгэрсэн тохиолдолд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй, Одоо буюу эмчилгээ хийгдсэнээс хойш Д.Үнэнбатын биед учирсан гэмтлийн байдал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Эмчлэгдэх бүрэн боломжтой бөгөөд, эмчилгээний болон эдгэрэлтийн үр дүнгээс энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь хамаарна” гэж заасан нь хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг улам илүү бататгаж өгсөн байна.

Нөгөөтэйгүүр гэрч Д.Эрдэнэбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн “...Д.Үнэнбат нь гэдэсний сүрьеэ өвчинтэй байсан нь тухайн үед нарийн гэдэс тасрахад нөлөөлсөн байна. Учир нь гэдэсний сүрьеэгийн улмаас нарийн гэдэсний хананд үрэвсэл явагдаж байсан учраас амархан тасарсан байна. Гэхдээ сүрьеэ өвчин нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Яагаад гэхээр шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.9.1-т зааснаар шинжлүүлэгч нь өмнө нь гэмтсэн эсхүл ямар нэг өвчинтэй байсан зэргийг харгалзахгүй зөвхөн тухайн үед авсан гэмтлийн зэргийг тогтооно гэж заасан байдаг..” гэх мэдүүлгээс үзэхэд өмгөөлөгчийн гомдолд дурдагдсан “...тухайн өвчний улмаас хохирогчийн нарийн гэдэс явцаараа тасрах байсан эсэх, заавал гадны хүчин зүйлийн улмаас тасрах эсэхийг нарийн тогтоох шаардлагагүй өөрөөр хэлбэл тухайн үед авсан гэмтлийн зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлд хамаарч байгаа юм. Иймд ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлийн 325.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Ялтны өмгөөлөгч Б.Отгонцэцэгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 22-ны  өдрийн 125 дугаартай  шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн  өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Б.СОСОРБАРАМ

          ШҮҮГЧИД                                                                Ё.БЯМБАЦЭРЭН

                                                                         Н.БАЯРХҮҮ