Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2020/0402

 

“АХТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагчийн өмгөөлөгч Б.Т нарыг оролцуулан, Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу “АХТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр: “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 77 дугаар зүйлийн 77.1, 77.2.1, 77.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “АХТ” НҮТББ-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгож,

 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13-д зааснаар “АХТ” НҮТББ нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Хариуцагч Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын өмгөөлөгч Б.Т давж заалдах гомдолдоо: “Нэг. Нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан тухайд:

Нэхэмжлэгч "АХТ” НҮТББ нь нийтийн ашиг сонирхлыг төлөөлж буюу нийтийн өмчийг хамгаалахаар нэхэмжлэл гаргаж байгаа талаар нэхэмжлэлд дурдсан байдаг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д зааснаар дүрмийн “нийтийн өмчийг хамгаалах” асуудлаар нэхэмжлэл гаргаж буй этгээд нь “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хуульд зааж өгсөн.

Анхан шатны шүүх “нийтийн өмч” гэдэгт аймгийн төрийн захиргааны барилга хамаарах эсэх, орон нутгийн өмчийг хассан шийдвэр нь нийтийн өмчид халдаж буй шийдвэр мөн эсэх талаар дүгнэлт хийгээгүйгээс гадна “нийтийн өмчийг хамгаалах” үйл ажиллагааны чиглэлийг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр нэмүүлж дүрэмдээ тусгасан уг этгээд нь гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг хангасан эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн этгээд нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулснаар нэхэмжлэл гаргах эрх үүсэхээр байна. Зарим онуудын үйл ажиллагааны тайлан хэрэгт авагдсан байх боловч уг тайланд нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулсан зүйл тусгагдаагүй байдаг.

Иймд нийтийн өмчийг хамгаалах чиглэлээр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байхад шүүх хэрэгт авагдсан баримтыг буруу үнэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3 дахь заалтыг буруу хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Хоёр. Маргааны зүйлийг зөв тодорхойлоогүй, маргаанд хамааралгүй асуудлыг шийдвэрийн үндэслэл болгосон тухайд:

Талуудын маргаж буй тогтоол нь өмнө нь иргэний журмаар шийдвэрлэсэн асуудлаас өөр сүүлд гаргасан захиргааны акт байхад өмнөх маргааны зүйлтэй ижил гэж үзсэн нь үндэслэлгүй. Маргаан бүхий объект нь өөр.

Өмчлөлийн маргааны асуудлаар өмнө нь гаргасан иргэний хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа асуудлын хувьд энэ маргаанаас тусдаа асуудал байхад шууд энэ маргаанд хамаатуулан үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хангасан байна.

Мөн энэхүү захиргааны маргааны нэхэмжлэгч нь “АХТ” НҮТББ байгууллага атал “АХТ” ТББ гэдэг өөр нэрийг шүүхийн шийдвэрт дурджээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0010 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “АХТ” НҮТББ “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах хуулийн үндэслэлийг анхаараагүй, нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарч байх тул давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3, 18.3.1, 18.3.2-т тус тус зааснаар хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаарджээ.

Нэхэмжлэгч “АХТ” НҮТББ-ын дүрмийн 2.4-д “Үйл ажиллагааны үндсэн чиглэл: Хүний эрхийн хамгаалал, Байгаль орчны хамгаалал, Хууль эрх зүйн сургалт, сурталчилгаа, судалгаа мэдээлэл, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, нөлөөллийн болон мониторингийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр санаачлах, зохион байгуулах, удирдах хэрэгжүүлэх, зорилгод нийцсэн бусад арга хэмжээ ажил эрхлэх” гэж тодорхойлсон боловч уг зорилгыг 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр “Хууль эрх зүйн сургалт, судалгаа, хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмч хөрөнгийг хамгаалах, нийтийн эрх ашгийг нэхэмжлэн хамгаалах, нөлөөллийн болон мониторингийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, төсөл хөтөлбөр санаачлах ажил эрхлэх” хэмээн үйл ажиллагааны үндсэн чиглэлд нэмж тодорхойлуулан улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт тэмдэглэл хийлгэжээ.

Мөн хэрэгт авагдсан “АХТ” НҮТББ-ын улсын бүртгэлийн гэрчилгээнд тэмдэглэгдсэнээр нэхэмжлэгч нь хүний эрх хамгаалах, байгаль орчноо хамгаалах үйлчилгээ эрхлэх чиглэлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан болох нь 2016 оны үйл ажиллагааны тайлангаар нотлогдож байх ба Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасан улсын бүртгэл үнэн зөв байх зарчмын дагуу нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тусгагдсан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нийтийн өмчийг хамгаалах асуудлаар үйл ажиллагаа явуулж байгаагүй болох нь тогтоогдож байх тул энэ асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд цаг хугацааны хувьд хуульд тусгайлан заасан дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлагыг хангахгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т заасны дагуу “АХТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1, 54.1.5-д зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “АХТ” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/5 дугаар тогтоолыг хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.13 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                                          Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                                          Д.ОЮУМАА