Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 001/ХТ2018/00247

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

    Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02394 дүгээр шийдвэр,

  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2200 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Э” ХХК

          Хариуцагч: “А” ХХК-д холбогдох

          Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 88.479.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхтуяагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          үүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Мөнгөнсүх, Ж.Энхтуяа, нарийн бичгийн даргад Э.Боролдой нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2015-06-10-ны өдөр хариуцагч  барилга барина,зуурмаг зээлээр олгооч гэсэн хүсэлт гаргасан. Улмаар гэрээ байгуулж 98 986 000 төгрөгийн зуурмаг зээлээр нийлүүлсэн. Ингэхдээ хариуцагчийн дутсан гэсэн хүсэлтээр гэрээнд зааснаас илүү зуурмаг нийлүүлсэн. Зуурмагийг хариуцагчийн менежер хүлээж авсан. Мөн 38 сая төгрөгийн хэв хашмал нийлүүлсэн. Улмаар барилгын гол суурийг манай хэв хашмалаар ажлаа эхэлсэн.  98 сая төгрөгөөс 38 сая төгрөгийг төлсөн. 5 удаа мөнгө шилжүүлсэн ба заримыг нь хариуцагч, заримыг нь О.Мөнгөнсүх шилжүүлсэн байдаг. Мөнгөө удаа дараа төлөхийг шаардаж байсан. 2016-11-03-ны өдөр захирал нь мөнгө төлж чадахгүй байна гээд хүсэлт тавьсны дагуу үлдэгдэл 58 сая төгрөгт тооцож 2 өрөө байр өгье гээд тохиролцсон. Бид уг байрыг өөрийн ажилтандаа өгөх болоод гэрээ хийсэн. 2017 оны 2 дугаар сард байр ашиглалтад орох үед 2 өрөө байраа авъя гэхэд хэв хашмалын 38 сая төгрөгөө авахгүй гэвэл өгнө тэгэхгүй бол өгөхгүй гэсэн. Иймд зуурмагийн үнэ 58 986 000 төгрөг, 650 хоногийн алданги 50 хувиар тооцож 29 493 000 төгрөг, нийт 88 479 000 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч тал хариу тайлбартаа: “А” ХХК өөрийн нэр дээр аливаа барилга байгууламж эзэмшдэггүй бөгөөд барьж байгаагүй. “А” ХХК болон “Э” ХХК нарын хооронд бетон зуурмаг нийлүүлэх гэрээ байгаа ч энэ нь “Э” ХХК-ийн шаардлагаар “...заавал компани байх шаардлагатай..." гэх шаардлагын дагуу мөн "...НӨАТ-ын баримт өгнө..." гэх хэлцлийн дагуу байгуулагдсан. “Э” ХХК-ийн нийлүүлсэн бетон зуурмагийг “А” ХХК өөрийн үйл ажиллагаанд хэрэглээгүй. Иймд нэхэмжилсэн үнийн дүнгийн бетон зуурмагт ногдох 59 680 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч,үүнтэй  холбогдуулан “Э” ХХК-д бараа материал нийлүүлж төлбөрийг барагдуулах хүсэлтэй байна. Энэ нь  26 сая орчим төгрөгийн хэмжээнд юм. 2015-06-10-ны өдрийн гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй. Нэхэмжлэгчийн өмнөөс гэрээ хийх эрхтэй этгээд нь н.Баяржаргал байсан боловч энэ хүн гарын үсэг зураагүй, орлогч захирал н.Амгаланбат зурсан. Иймд гэрээний хүсэл зоригоо илэрхийлж байгаа хүн гарын үсэг зураагүй гэж үзэж байна. Хариуцагчийн захирал О.Оюунчимэг өөрийн хувийн газар дээр орон сууц барихдаа хариуцагчийн нэр дээр гэрээ байгуулахаар тохирсон. О.Оюунчимэгийн барилгад ашиглагдсан зуурмагийг компани төлөх үүрэггүй. Гэрээ нь нэхэмжлэгч болон О.Оюунчимэг нарын хооронд байгуулагдсан. Анх О.Оюунчимэг, О.Мөнгөнсүх нартай уулзсан байдаг. Орон сууц өгөх асуудлыг хариуцагчтай тохироогүй, О.Оюунчимэгтэй тохиролцсон байдаг. Компани ямар нэг орон сууц бариагүй. Алдангийг 50 хувиар тооцсон байна.  Хариуцагч зуурмаг авч ашиглаагүй. Гэрээ нь анх байгуулагдахдаа буруу тул алданги тооцох боломжгүй. Гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй. Зуурмаг авсан хүнээс нэхэх хэрэгтэй,нэхэмжлэгч нь хариуцагчаа буруу тодорхойлсон байна. О.Оюунчимэг нь өөрийн газар дээр орон сууц барихдаа компанийн захирал гэдэг албан тушаалаа ашигласан байдаг.  Бодит байдал дээр хариуцагч нь өөрийн үндсэн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг зөрчиж гэрээ байгуулсан.  Иргэний хуулийн 68 дугаар зүйлд зааснаар төлөөлөх эрхгүй этгээд гэрээ хийсэн учир гэрээг үнэлж дүгнэх боломжгүй. Хэрэв компанид нийлүүлсэн бол санхүүгийн нэхэмжлэх өгөх ёстой байсан.  Мөнгө төл гэсэн нэхэмжлэх өгч байгаагүй. Гэрээний 4.9-д захиалагчийн данс байхгүй байгаа. О.Оюунчимэг нь өөрийн эрх мэдлийг ашиглаж хийсэн гэрээ гэдэг нь нотлогдоно. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хэлээд байгаа нэмэлт гэрээ гэж байгуулагдаагүй. О.Мөнгөнсүх зуурмаг хүлээж авсан бол үүргээ өөрөө хүлээх ёстой. Компани ямар нэг байдлаар зуурмаг захиалаагүй, хэрэглээгүй. Харин О.Мөнгөнсүх нь зуурмагуудыг хүлээж авсан байдаг. Хариуцагч компани зуурмагийг аваагүй тул ямар нэг төлбөр төлөөгүй.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02394 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 232.3, 232.4-г баримтлан "А" ХХК-иас 77 474 000 төгрөг гаргуулж, "Э" ХХК-д олгож, нэхэмжлэлээс 11.005.000 төгрөгийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 600 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 545 320 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор  шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2200 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02394 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  хяналтын гомдолдоо: “А” ХХК нь 2015-06-10 -ны өдөр “Э” ХХК-тай бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ хийсэн ба “Э” ХХК-ийн захирал Г.Баяржаргал баталгаажуулж, нийлүүлэгч компанийг төлөөлж менежер Г.Чинзориг нар гарын үсэг зурсан байсан. Г.Баяржаргал болон Г.Чинзориг гэсэн гарын үсгүүд нэг хүний гараар бичигдсэн байсан тул тэдний гарын үсэг, бичгийн хэв мөрийн шинжилгээ хийлгэх хүсэлтийг ИХШХШТХ-н 25.1.3-д заасныг үндэслэж гарын үсгийн шинжилгээ хийлгэх, шинжээч томилуулах хүсэлт гаргасан. Шүүх “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бурмаагийн “гэрээнд захирал Г.Баяржаргал, менежер Г.Ганзориг нар хэн алин нь гарын үсэг зураагүй. Харин орлогч захирал н.Амгаланбат гэж хүн гарын үсэг зурсан, тухайн үед н.Амгаланбатад гэрээ байгуулах эрх олгосон” гэсэн тайлбарыг үндэслэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ИХШХШТХ-н 42.2, 38.1-т заасан  байхад өөрийн тайлбарыг нотолсон нотолгоо /Амгаланбат гэдэг хүн тухайн компанийн орлогч захирал болох талаарх баримт/ захирал Г.Баяржаргал н.Амгаланбатад хэлцэлд төлөөлөх, гэрээ хийх эрх олгож, хуулийн этгээдийг итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээдийн өмнөөс гарын үсэг зурах эрх олгосон тухай болон гэрээнд зурагдсан гарын үсэг нь н.Амгаланбатын гарын үсэг мөн гэснийг баталсан баримт гаргаж өгөөгүй байхад нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар үнэн зөв гэсэн дүгнэлтийг хийж шийдвэр гаргасан нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмыг зөрчсөн гэх үндэслэл болж байна. 2015-06- 10-ны өдрийн “А” ХХК болон “Э” ХХК нарын хооронд хийгдсэн гэрээний нэг тал  “Э” ХХК-ийн захирал, менежер нар гэрээнд оролцоогүй байхад шүүх оролцсон гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Гэрээнд оролцогч тал /гүйцэтгэгч тал/-ын эрх бүхий этгээд, менежер нар уг гэрээнд гарын үсэг зураагүй нь Иргэний хуулийн  56.1.2, 56.1.8-р хүчин төгөлдөр бус болох нь  нотлогдсон байхад Иргэний хуулийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй байна.   О.Оюунчимэгийн барьж байгаа орон сууцны барилгад ашиглагдах зуурмагийг компани худалдан авч байгаа мэтээр хэлцэл хийсэн, уг худалдах-худалдан авах гэрээнд “Э” ХХК-ийн захирал Г.Баяржаргал гарын үсэг зураагүй нь зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн гэж үзэх үндэслэл болж байхад шүүх дүгнэлт хийгээгүй. ИХШХШТх-ийн 166.4-г  зөрчсөн, зохих этгээдийн зөвшөөрөл байгаа эсэхэд ИХШХШТХ-н 68.1-д заасан ажиллагааг хийлгүй, гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа ИХШХШТХ-ийн  40.1, 40.2, 40.3-г зөрчсөн гэх үндэслэл тогтоогдож байхад, давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй хууль зөрчөөгүй гэж үзсэнийг зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Э” ХХК 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, “А”ХХК-с 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 58.986.000 төгрөг, алданги 29.493.000 төгрөг нийт 88.479.000 төгрөг шаардсан байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн талаар “... зохигчид 560 м.куб зуурмаг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч 667 м.куб-г нийлүүлснийг хариуцагч хүлээн авсан нь тогтоогдсон... 560 м.куб зуурмагийн төлбөрт хариуцагч 41.520.000 төгрөг төлөөгүй үлдэгдэлтэй байна... 560 м.куб зуурмаг нийлүүлэх гэрээгээр алданги төлөхөөр тохиролцсон тул алданги гүйцэтгээгүй үүрэг 41.520.000 төгрөгийн 50% буюу 20.760.000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна... 107 м.куб /667-560=107/ зуурмагны үнэ 15.194.000 төгрөгийг хариуцагч төлөөгүй байх тул уг мөнгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй...харин бичгээр гэрээ байгуулаагүй тул 15.194.000 төгрөгийн үлдэгдэлд алданги тооцохгүй...” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж, зуурмагны үлдэгдэл төлбөр 56.714.000 /41.520.000+15.194.000/ төгрөг, алданги 20.760.000 төгрөг нийт 77.474.000 төгрөгийн шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон байна. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Зохигчид 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр бетон зуурмаг худалдах-худалдан авах болон тээвэрлэлт, гүйцэтгэлийн гэрээ байгуулж, “Э” ХХК нь БМ250 бетон зуурмагийг 1 м.куб 142 000 төгрөгөөр тооцож 560 м.куб 79 520 000 төгрөгийн үнэ бетон зуурмагийг 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал “А” ХХК-д нийлүүлэх,  хариуцагч үнийн дүнгийн 40 хувьтай тэнцэх төлбөр буюу 31 808 000 төгрөгийг шилжүүлэх, үлдэгдэл 60 хувь буюу 47 712 000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлөх талаар тохиролцсон нь тогтоогдсон байна. Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд нийцжээ.

       Нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа хариуцагч баримтаар нотлоогүй, зуурмагийг “А” ХХК хүлээн авсан гэж шүүх үзэхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөрчөөгүй дүгнэлт хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй байна.

       Хариуцагч гэрээний дагуу зуурмагийг хүлээн авч, төлбөрийн зарим хэсгийг нэхэмжлэгчид төлж байсан нь тогтоогдсон, нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээг байгуулагдаагүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт буй баримтаар нотлогдоогүй тул энэ тухай гомдлоор шийдвэр магадлалыг хүчингүй болгох үндэслэлгүй .

        Хоёр шатны шүүх хэрэгт буй баримт тус бүрийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/02394 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2200 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 545.320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ