Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 00615

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын 3 дугаар багт оршин суух, 1959 онд төрсөн, эрэгтэй, ОЙ59050816 регистрийн дугаартай, Зөөд овогтой Дүгэржавын Өлзийгийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч Д.Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1959 онд төрсөн, 57 настай. Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1987 оноос 1990 оныг дуустал тракторчноор ажиллаж байсан юм. Миний бие 1991 онд бие маань муудаад Улаанбаатар хотод 2 жил эмчлүүлээд ирсэн. Надыг ирэхэд нэгдэл тараад бүх дарга нар солигдоод миний ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа учир аймгийн Архиваас цалингийн тодорхойлолт авлаа. Иймд миний Цог нэгдэлд 1987 оноос 1990 оныг дуустал 4 жил тракторчноор ажилласныг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

           Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Д.Өлзий нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1987 оноос 1990 оныг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

         Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Д.Өлзийгийн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд  1987 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.

       Түүнчлэн Өмнөговь сумын Намын хороо, Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, Хувьсгалт залуучуудын эвлэлийн хорооноос 1988 оны 12 дугаар сарын 30-ны өдөр олгосон “Сумын хошой аварга тракторчин” цол олгож шагнасан “Аваргын диплом” авагджээ.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Г.Батхишиг, Р.Пүрвээ нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Г.Батхишиг: “Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1973 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1993 оныг хүртэл тракторын жолоочоор ажиллаж байсан учраас тухайн нэгдлийн айл өрх болон хүмүүсийн талаар мэддэг юмаа. Нэгдлийн даргын өгсөн үүрэг даалгавараар Д.Өлзийгийн гэрийг нь өвөл, хаварт нүүлгэх болон өвс, тэжээлийг нь зөөж, өтөг бууцыг нь хатгах зэрэг ажилд явдаг байсан учраас мэднэ. Жолооч бид нар нэгнийхээ гэрийг нүүлгэх суулгах цаг их байсан. Д.Өлзий нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1987 онд шилжиж ирэн 1990 онд хүртэл ажилласан. Д.Өлзий нь Дорнод аймагт байхдаа улсын аврага жолооч болж байсан. Увс аймагтаа ирээд аймгийн аварга жолооч болж байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэл нь 1990 оныг дуустал Цог нэгдэл, 1990 оноос 1992 оныг дуустал Цог компани болон ажилласан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Орлого бригадын даргаар Г.Буянжаргал гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Пүрвээ: “Би 1970 оноос 1974 оны хооронд Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор, 1974 оноос 1977 оны хооронд Увс аймгийн Тэс сумын Тэжээлийн аж ахуйд тракторчноор, 1977 оноос 1992 оны хавар 6 дугаар сар хүртэл Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторчноор тус тус ажиллаж байсан. Д.Өлзий нь Дорнод аймагт ажиллаж байгаад 1986 оны намар Өмнөговь сум руу шилжиж ирсэн. 1987 оны 1 дүгээр сараас 1990 оныг дуустал Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд тракторын жолоочоор ажилласан. Д.Өлзий нь сумын аварга, улсын аварга тракторчин болж байсан аварга хүн юмаа. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Юнгэр, Дүүдэй, Гомбосүрэн нар ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.

          Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийгийн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Д.Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Зөөд овогтой Дүгэржавын Өлзийгийн Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1987 оны 1 дүгээр сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд тракторчноор нийт 4 жил ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Өлзийгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.ГЭРЭЛТУЯА