Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 1685

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,

Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Т холбогдох эрүүгийн 1906 04162 2116 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилдаг ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, Ховд аймгийн Жаргалант,   тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Б.Т .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль Сахиулахын Их Сургуулийн хойно байрлах гэрийн модны үйлдвэр дотор иргэн Н.Лхагва-Эрдэнийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Одоо нэмж ярих зүйлгүй...Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Н.Лхагва-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-8-9, 11-12/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 8536 дугаартай дүгнэлт /хх-20/, хохирогч Н.Лхагва-Эрдэнийн гаргасан хүсэлт /хх-63/, шүүгдэгч Б.Т ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-36/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Б.Т нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль Сахиулахын Их Сургуулийн хойно байрлах гэрийн модны үйлдвэр дотор иргэн Н.Лхагва-Эрдэнийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Лхагва-Эрдэнийн өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн орчим Баянзүрх дүүрэг 8 дугаар хороо, Хууль Сахиулахын Их Сургуулийн баруун хойно байрлах гэрийн модны үйлдвэрт ажиллаж байгаад тус үйлдвэрт туслах ажилтан хийдэг Төрөө гэх залууд толгой тус газраа нэг удаа цохиулсан. Төрөө гэх залуу намайг хэл яриа муутай, доожоогүй байдлыг далимдуулан дээрэлхэж зодсон. Ер нь бол намайг байнга дээрэлхэж байдаг. Өчигдөр буюу 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бид хоёр хоёулханаа байсан тул намайг зодсон. Миний зүүн эрүү хавдсан янгинаж өвдөн, толгой өвддөг, хоол идэх гэхээр эрүүний яс янгинаж өвдөөд байгаа. Би зүгээр байж байгаад хүнд зодуулаад гэмтсэндээ гомдолтой байна. Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөгийн баримтаас өөр баримт байхгүй. Би зүгээр байж байгаад Б.Т гэдэг залууд зодуулсандаа гомдолтой байна.” /хх-8-9, 11-12/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан: “...Миний бие Н.Лхагва-Эрдэнэ нь ямар нэгэн гомдол нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд оролцохгүй. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” /хх-63/ гэх хүсэлт,

 

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн 8536 дугаартай дүгнэлтэд:

        1. Н.Лхагва-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн эрүүнд зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

        3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-20/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаандБ.Т яллагдагчаар өгсөн: “....Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ажил дээрээ Н.Лхагва-Эрдэнэ гэдэг залуутай ажлаас болж маргалдаад Н.Лхагва-Эрдэнэ эхлээд намайг хогийн шүүрээр цохихоор нь би зөрүүлээд өөрийнх нь эрүү шанаа хэсэгт нь гараараа нэг удаа цохиод салцгаасан. Шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Би уг гэмтлийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

ШүүгдэгчБ.Т урьд ял шийтгэгдэж байсан эсэх лавлагаа /хх-36/,

 

Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгчБ.Т 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хууль Сахиулахын Их Сургуулийн хойно байрлах гэрийн модны үйлдвэр дотор иргэн Н.Лхагва-Эрдэнийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Дээрхи байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Н.Лхагва-Эрдэнэ нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн ба үүнийг хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх хялбаршуулсан журмаар Б.Т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу торгох ял шийтгэл оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. 

 

Шүүгдэгч Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Б.Т 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Б.Т нь шүүхээс оногдуулсан 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Т нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                         ШҮҮГЧ                                  Э.ЧИНГИС