| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00590/и |
| Дугаар | 00616 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00616
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 2 дугаар багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЮ66011901 регистрийн дугаартай, Борлууд овогтой Чимчингийн Нямаагийн,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Нямаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие 1966 онд төрсөн, 50 настай. Би 1987 онд сувилагчийн сургууль төгсөж ирээд 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар ажилласан болно. Одоо өвчний улмаас групп тогтоолгож байгаа тул бичиг баримтаа цэгцлэх шаардлагатай болсон. Миний 1994 оны 12 дугаар сард ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Тэс сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажилласан байдлыг сэргээн тогтоож өгнө үү. Би Тэс сумын 2 дугаар багт амьдардаг, даралт ихэсдэг, нурууны суулттай тул машинд удаан хугацаагаар явах боломжгүй байдаг юм. Иймд намайг байлцуулахгүйгээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Нямаа нь Увс аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Тэс сумын Сум дундын эмнэлэгт 1987 оны 7 дугаар сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод Ч.Нямаагийн Увс аймгийн Тэс сумын Сум дундын хүн эмнэлэгт 1988 оны 9 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд сувилагчаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.
Мөн Ч.Нямаагийн Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх эх хувиараа авагдсан байх ба уг дэвтэрт 1983 оны 12 дугаар сараас 1988 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд гишүүний татвар төлж байсан тухай бичилт хийгджээ.
1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Сувилагчийн сургуулийн боловсон хүчингээс олгосон 241214 тоот хөдөлмөрийн дэвтэрт: “1985 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд Сувилагчийн сургуульд суралцан төгссөн, 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт сувилагчаар, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт сувилагчаар” тус тус ажилласан тухай тэмдэгдэгдсэн байна.
Түүнчлэн Увс аймгийн Төвийн нэгдсэн эмнэлгийн даргын 1987 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 78 тоот “Шинээр сургууль төгссөн эмнэлгийн дунд мэргэжилтэн, их эмч нарыг тасгуудад хуваарилан томилон ажиллуулах тухай” тушаалд: Ч.Нямааг мэдрэлийн тасагт 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сувилагчаар томилж, мөн даргын 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 79 тоот “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: Ч.Нямааг өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлжээ.
Мөн Увс аймгийн Тэс сумын Сум дундын нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн тушаалд Ч.Нямааг түр хугацаагаар авч ажиллуулахаар, тус эмчийн 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 29 тоот тушаалд үндсэн ажилчнаар тус тус томилон ажиллуулсан тухай дурдсан байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр М.Жаргалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч М.Жаргал: “Би 1979 онд Говь-Алтай аймгийн Ангаах ухааны дунд сургууль төгсөөд Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага эмчийн салбарт эрхлэгч, бага эмчээр томилогдон ажиллаж эхэлсэн. Тухайн эмнэлэгтээ 2005 он хүртэл ажиллаж амьдарч байгаад өндөр насны тэтгэвэртээ гарсан. Ч.Нямаа манайг ажиллаж байхад 1988 оны дундуур аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэл, мэдрэлийн тасгаас манай Тэс сумын Сум дундын эмнэлэгийн Хар үзүүрийн бага эмчийн салбарт шилжиж ирж байсан. Ч.Нямаа нь тухайн эмнэлэгт 1994 оныг дуустал сувилагчаар ажилласан. Ч.Нямаа бид хоёр хамт ажиллаж, багийн төв дээр айл хошоо байсан учраас нэгнээ сайн мэднэ. Ч.Нямаа нь нөхөр Тэрбишийн хамтаар 1995 оноос хойш хөдөө мал дээр гараад одоог хүртэл мал маллан амьдарч байгаа. Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгийн эрхлэгч эмчээр Р.Бадар, Хар үзүүрийн эрхлэгч бага эмчээр миний бие М.Жаргал ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба гэрчийн ажиллаж байсан байдлыг нотлох түүний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.
Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ч.Нямаагийн 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт тус тус сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ч.Нямаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Борлууд овогтой Чимчингийн Нямаагийн 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл хугацаанд Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 1988 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тэс сумын Сум дундын эмнэлэгт тус тус сувилагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Нямаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА