Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 00617

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Зүүнговь сумын Тохой багт оршин суух, 1968 онд төрсөн, эмэгтэй, ОЭ68020461 регистрийн дугаартай, Бурдууд овогтой Самбуугийн Алимаагийн,

          Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч С.Алимаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие нь 1968 онд төрсөн, 48 настай. Би 1984 оноос Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд аав, ээжтэйгээ цуг таван хошуу мал маллаж нэгдэл тарах хүртэл ажилласан юм. Тухайн үед хөдөлмөрийн дэвтрээ авч чадаагүй байтал нэгдэл тарсан. Одоо тэтгэвэрт гарах хугацаа дөхөж байгаа учраас бичиг баримтаа бүрдүүлэхэд Говийн хөгжил нэгдэлд ажилласныг нотлох хөдөлмөрийн дэвтрийг нөхөн бичүүлэх боломжгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч С.Алимаа нь Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод С.Алимаагийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.

         Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр З.Цэрэндолгор, Р.Эрдэнэдэлгэр нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч З.Цэрэндолгор: “Би 1971 оноос Увс аймгийн Зүүнговь сумын Засаг даргын Тамгын газарт бичээчээр 2002 он хүртэл ажилласан. С.Алимаа нь аав, ээжтэйгээ 1980 оноос хойш мал маллаж байгаад хүнтэй суун тусдаа амьдралтай болсон боловч үргэлжлүүлэн нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг хүртэл мал малласан малчин хүн юмаа. Алимаагийн аавыг Самбуу гэдэг байсан. Би Алимааг аав, ээжээр нь сайн мэднэ. Алимаа нь Баттогтох гэх хүнтэй сууж, одоог хүртэл мал маллан амьдарч байна. Манайхан айл саахалт байсан учраас мэдэж байна. Тухайн үед Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Т.Хүрэлхүү, С.Намсрайжав гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Р.Эрдэнэдэлгэр: “Би Увс аймгийн Зүүнговь Говийн хөгжил нэгдэлд тракторын жолоочоор 1977 оноос 1995 он хүртэл ажилласан юм. С.Алимаа нь 1984 оноос эхлэн аав, ээжийн хамтаар бага наснаасаа мал маллаж эхэлсэн. Би тус сумын Говийн хөгжил нэгдлийн малчдын өвс тэжээл бэлтгэж тарааж явдаг байсан учраас мэдэж байна. С.Алимаа нь Баттогтох гэх хүнтэй сууж тусдаа амьдралтай болон боловч тус нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл мал малласан. Одоо ч Зүүнговь сумандаа мал маллан амьдарч байгаа хүн юмаа. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэл нь 1991 оноос эхлэн Говийн хөгжид компани болон 1995 он хүртэл ажилласан. Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдлийн даргаар Ц.Цэдэв, н.Намсрай, н.Хүрэлхүү гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.

         Иймд хэрэгт авагдсан Архивын тасгийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч С.Алимаагийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар С.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй. 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бурдууд овогтой Самбуугийн Алимаагийн Увс аймгийн Зүүнговь сумын Говийн хөгжил нэгдэлд 1984 оны 7 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар нийт 5 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч С.Алимаагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА