Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 00618

 

           Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Увс аймгийн Тариалан сумын Бургастай  багт оршин суух, 1956 онд төрсөн, эрэгтэй, ОМ56101711 регистрийн дугаартай, Шаавай овогт Мэдэгийн Лхагвасүрэнгийн,

         Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Лхагвасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1956 онд төрсөн, 60 настай. Би Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1991 оныг дуустал хугацаанд хонь, ямаа маллаж байлаа. Одоо нас өндөр болж, тэтгэвэр тогтоолгох  шаардлагатай болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний Увс аймгийн Тариалан сумын “Туяа” нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байдлыг тогтоож өгнө үү. Манайх Тариалан сумын Бургастай багт оршин суудаг, эхнэр бид хоёулахнаа амьдардаг тул малаа орхиж явах боломжгүй байна. Иймд намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

         Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч М.Лхагвасүрэн нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

       Хэрэгт Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолт авагдсан байх ба уг тодорхойлолтод М.Лхагвасүрэнгийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэж ирүүлсэн байна.

            Мөн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргын 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 110 тоот тушаалаар 258 малчдыг мөн өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж, Алтан тээл компанийн мэдэлд шилжүүлсэн байх ба уг тушаалын хавсралтын 59 дүгээрт “М.Лхагвасүрэн хоньчин” гэжээ.

         Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Д.Мундааж, Ш.Цээлэй нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Д.Мундааж: “М.Лхагвасүрэн нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад бог мал малладаг малчнаар ажиллаж байсан. М.Лхагвасүрэнг 1977 оноос эхлэн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж эхэлснийг би сайн санаж байна. Түүнээс хойш М.Лхагвасүрэн 1991 оныг дуустал тус нэгдэлд тасралтгүй ажиллаж байсан. Би 1968 оноос 1970 оны хооронд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд зоотехникчээр ажиллаж байгаад 1970 оноос 1973 оны хооронд цэргийн алба хаасан. Цэргээс 1973 оны намар халагдаж ирээд үргэлжлүүлэн Туяа нэгдэлд 1983 оныг дуустал зоотехникчээр, 1983 оноос 1994 оныг дуустал Туяа нэгдлийн Тарвагатай бригадын даргаар ажиллаж байсан тул М.Лхагвасүрэнгийн ажиллаж байсан байдлыг сайн мэдэж байгаа юм. М.Лхагвасүрэн нь одоо ч хөдөө мал маллаж байгаа. Би тэднийхээр байнга очдог байсан. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан” гэж, гэрч Ш.Цээлэй: “М.Лхагвасүрэнгийн талаар би сайн мэднэ. Манайхан хамтдаа суурь малтай байсан. М.Лхагвасүрэн нь Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн 1 дүгээр бригадад 1977 оноос 1992 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Би 1977 оноос 1992 оныг хүртэл буюу нэгдэл тарах хүртэл малчнаар ажилласан. М.Лхагвасүрэн нь одоо ч хөдөө мал маллаж байгаа. Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдлийн даргаар Ж.Сэртээ, Т.Пүрвээ, Г.Баазар нар ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн тухайн нэгдэлд ажиллаж байсныг нотлох Д.Мундаажийн ажилд томилогдож, ажлаас чөлөөлөгдөж байсан тухай нэгдлийн даргын тушаалуудын хуулбар, гэрч Ш.Цээлэйгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтууд хэрэгт авагджээ.

          Иймд дээрх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч М.Лхагвасүрэнгийн Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд 1977 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар М.Лхагсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

          Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шаавай овогт Мэдэгийн Лхагвасүрэнгийн 1977 оны 7 дугаар сараас 1991 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд Увс аймгийн Тариалан сумын Туяа нэгдэлд малчнаар нийт 14 жил 6 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч М.Лхагвасүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА