| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 152/2016/00562/и |
| Дугаар | 00620 |
| Огноо | 2016-09-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 00620
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багт оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОЙ66040101 регистрийн дугаартай, Шангас овогтой Ширнэнгийн Дуламбаярын,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Цэцэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Дуламбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Увс аймгийн Өмнөговь сумын Улиастай багт 1966 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн. Би 1981 оноос Өмнөговь сумын Цог нэгдлийн Улиастай багт малчнаар ажилласан ба 1990 он хүртэл ажилласан. Тухайн үед гэр үерт автан бичиг баримт, хөдөлмөрийн дэвтэр зэрэг нь усанд урсаж үгүй болсон тул шүүхэд хандаж байна. Иймд миний 1981 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл хугацаанд ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Дуламбаяр нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1990 он хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэгт авагдсан Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн цалингийн тодорхойлолтод Ш.Дуламбаярын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж, авч байсан цалинг түүвэрлэн ирүүлсэн байна.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр Ш.Оюунхүү, Д.Дарьсүрэн нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан бөгөөд гэрч Ш.Оюунхүү: “Ш.Дуламбаяр нь Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Улиастай бригадад 1981 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг хүртэл ээж Ширнэнгийн хамтаар малчнаар ажиллаж байсан. Би 1976 оноос нэгдэл тарах хүртэл Цог нэгдлийн Улиастай бригадад мал маллаж байсан. Ш.Дуламбаяр бид нар үе тэнгийн найз нөхөд, нэг баг бригадад мал маллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Ш.Дуламбаяр нь одоо ч нөхөр Т.Нямсүрэнгийн хамтаар Өмнөговь сумын Улиастай багт мал маллан амьдарч байгаа. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Улиастай бригадын даргаар Б.Бадарч, Я.Лхамжав гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж, гэрч Д.Дарьсүрэн: “Би Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн Улиастай бригадад 1976 оноос нэгдэл тарах хүртэл буюу 1990 оныг хүртэл малчнаар ажиллаж байсан. Ш.Дуламбаяр нь 1981 оноос 1990 оныг хүртэл Цог нэгдлийн Улиастай бригадад мал малласан. Бид нар хамтдаа нэг баг бригадад мал маллаж байсан учраас нэгнээ сайн мэднэ. Ш.Дуламбаяр нь одоо ч Улиастай бригадад мал маллан амьдарч байгаа. Ш.Дуламбаярын ээж Ширнэн гэх хүн байсан ба Дуламбаяр бага наснаасаа ээжийнхээ хамт нэгдэлд мал малладаг байсан. Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдлийн даргаар Н.Юнгэр, Л.Дүүдэй, Улиастай бригадын даргаар Б.Бадарч, Я.Лхамжав гэх хүмүүс тус тус ажиллаж байсан” гэж мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.
Иймд хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ш.Дуламбаярын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Ш.Дуламбаярын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Шангас овогтой Ширнэнгийн Дуламбаярын Увс аймгийн Өмнөговь сумын Цог нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1989 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд малчнаар нийт 8 жил 7 сар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Дуламбаярын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА