Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 1170

 

                                                         Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, улсын яллагч Т.Мөнх-Амгалан, хохирогч Э.Ганбат, шүүгдэгч Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор П.Болормаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Дт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03009 1375 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, Э.Д,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Д нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис зочид буудлын 5 давхарт байрлах ресторанд иргэн Э.Ганбаттай маргалдан түүний нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.    

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

             Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Д мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.Ганбат мэдүүлэхдээ: “...Нүүрний сорвийг эдгээвэл гомдолгүй. Сорвины оёдол авахуулсан баримт байгаа. Би хөдөө байдаг тул эмчилгээ хийлгэх гэж нааш, цааш явсан бензиний зардлын баримт өгсөн байгаа. “Болор мэлмий” нүдний эмнэлэгт нүдний торлог бүрхэвчний эмчилгээнд орсон. Нийт 1.044.075 төгрөгийн зардал гарсан. Энэ мөнгөө нэхэмжилж байна. Сорви эдгэрсэний дараа хагалгаанд ордог гэж эмч хэлсэн. Тэр хагалгааны зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.

             Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /хх-н 2-3/, мөрдөн шалгах ажиллгаанд хохирогчоор Э.Ганбатаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 7-9/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Ариунзаяагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 12-13/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6102 дугаартай дүгнэлт /хх-н 16/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаартай нэмэлтээр хийсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 20-21/, мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Долгормаагаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 24-25/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 32/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34-35/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Дын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 47-48/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокуророос шүүгдэгч Э.Д нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Чингис зочид буудлын 5 давхарт байрлах ресторанд иргэн Э.Ганбаттай маргалдан түүний нүүрэн тус газар нь шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

    

            Шүүхээс шүүгдэгч Э.Дыг согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр иргэн Э.Ганбаттай маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:       

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Э.Ганбатын өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр “Хүрээ” дээд сургуулийн хонхны баяр болоод манай сургуулийн төгсөгч нар “Чингис” зочид буудлын 5 давхарт байрлах ресторанд хонхны баяраа тэмдэглэсэн. Э.Д намайг “чи тэгээд яахын юу гээд байгаа юм гэж” намайг хэл амаар доромжлоод, ангийнхан боль боль гээд Э.Дыг гаргах гээд аваад явж байх хооронд замдаа ширээн дээр байсан стаканыг над руу шидээд духанд онож хагараад миний нүүрийг зүссэн. Миний нүүрнээс цус гарсан. Нүүр энд тэндгүй зүсэгдсэн байхаар нь ГССТ рүү авч яваад оёдол тавиулсан. Даваажавын учруулсан гэмтлээс болж нүүрэндээ 3 сорвитой болсон. Сорвийг Солонгос улсад очиж косметик хагалгаанд орж арилгуулна. Энэ эмчилгээ хийлгэхэд 10 сая төгрөг шаардагдана." гэх мэдүүлэг /хх-н 7-9/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр А.Ариунзаяагийн өгсөн: "...Хохирогч Э.Ганбат нь харааны хугарлын гажигтай буюу хасах шил зүүдэг учраас нүдний торлог бүрхүүл эрүүл хүмүүсийг бодвол нимгэрсэн байдаг.” гэх мэдүүлэг /хх-н 13/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч Б.Долгормаагийн өгсөн: "... “Болор мэлмий” эмнэлгийн эмчийн үзлэгт дурдсан дээрх торлогийн цоорол нь гэмтэл биш юм. Хэрвээ гэмтэл байсан бол тухайн үед намайг үзэхэд нүдний эвэрлэг салстад илэрхий харагдахуйц гэмтэл байх учиртай. Гэтэл Э.Ганбатын нүдэнд намайг үзэхэд гэмтэл байгаагүй. Тиймээс үүнийг гэмтэл гэж үзэхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 24-25/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 6102 дугаартай:

          1. Э.Ганбатын биед дух, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-н 16/

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 708 дугаартай нэмэлтээр хийсэн:

          1. Э.Ганбатын биед дух, баруун хацарт шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг дурдсан гэмтлээс өөр шинээр гэмтэл тогтоогдсонгүй.

          2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

          3. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

          4. Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй." гэх дүгнэлт /хх-н 20-21/

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Э.Дын өгсөн: “...Би “Чингис” зочид буудлын ресторанд байхдаа ангийнхаа Ганбаттай маргалдаж түүн рүү шилэн стакан авч шидээд нүүрэнд нь онож хагараад нүүрийг нь зүсэж гэмтээсэн гэж сүүлд мэдсэн. Би өөрөө согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Учирсан хохирлыг би бодит зардлаар төлж барагдуулна.” гэх мэдүүлэг /хх-н 47-48/,

          шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Дыг иргэн Э.Ганбатын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч Э.Дт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

            Хохирогч энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан зардал болох нийт 1.044.075 төгрөг нэхэмжилсэнээс нотлох баримтын шаардлага хангасан 734.000 төгрөгийг хангах үндэслэлтэй байх тул шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч 1.044.075 төгрөг нэхэмжилсэнээс дараах баримтуудыг хасч тооцов. Үүнд: 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн “Гор Газ” ХХК-ийн 55.611 төгрөгийн шатахууны баримт, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн “Гор Газ” ХХК-ийн 64.200 төгрөгийн шатахууны баримт, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Гор Газ” ХХК-ийн 44.736 төгрөгийн шатахууны баримт, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Гор Газ” ХХК-ийн 50.000 төгрөгийн шатахууны баримт, 2019 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “Гор Газ” ХХК-ийн 45.228 төгрөгийн шатахууны баримт, 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн “НИК” ХХК-ийн 20.000 төгрөгийн шатахууны баримт, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн “Гор Газ” ХХК-ийн 38.300 төгрөгийн шатахууны баримтуудыг хасч тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Харин хохирогч Э.Ганбат нь цаашид гарах эмчилгээний зардал болон гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.