Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 883

 

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Б.Чимгээ, шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Б.Баттөр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

             Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө овогт Э Г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 00521 0557 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Э.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “МВ” бааранд гэрээт хамгаалагчаар ажиллаж байхдаа хэрүүл зодоон хийсэн хүмүүсийг зохицуулж байхад дундуур орж ирлээ гэх шалтгаанаар үйлчлүүлэгч Ш.Д өргөж шидэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Г мэдүүлэхдээ: “…2019 оны 01 дүгээр сарын 13-нд хохирогч Д хамаатан садантайгаа миний ажилладаг бааранд үйлчлүүлсэн. Өглөөний 4 цагийн үед манай баар хаах гэж байна шүү гэж хэлтэл хохирогч чам шиг юмаар ууж идэхээ заалгахгүй гээд байсан. Хохирогч ахтайгаа ноцолдоод би салгах гэтэл эхнэр нь гэх хүн наад хоёр чинь төрсөн ах, дүү хоёр бие биенийгээ ална уу байна уу хамаагүй орхичих гэсэн. Тэгээд тэд нар гарах гэж байтал үүдэнд нэг танихгүй залуу, хохирогчийн эхнэртэй нь маргалдсан. Хохирогч чи манай эхнэрийг доромжиллоо гээд зодоон эхэлсэн. Би салгах санаатай хохирогчийн ахынх нь хойноос татсан чинь чи намайг татангуутаа цохиулчихлаа гээд над руу дайрсан. Намайг 4 эрэгтэй, 3 эмэгтэй нийлж зодсон. Найз охинтойгоо явж байсан залууг дундаа хийчихээд зодоод байхаар нь би салгах гээд очсон чинь хохирогч Д намайг өвдгөлсөн. Хэл амаар доромжлоод, гар далайхаар нь би тохойноос нь аваад баруун гар тийшээ татсан. Хөл нь эвгүй болсныг тухайн үедээ би мэдээгүй. Цагдаа ирээд зодоон хийсэн хүмүүсийг аваад явсан. Хохирогч Д тухайн үед хамт явж байсан 3 эгчийн хамт үлдээд одоо яах вэ, хөл нь эвгүй болчихлоо гэсэн. Бид нар Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст энэ хүний хөл нь гэмтсэн юм шиг байна. Бид гэмтлийн эмнэлэг рүү авч явах уу, хойд талын эмнэлэг рүү оруулах уу гэсэн чинь наашаа оруулчих гээд Баянзүрх дүүргийн нэгдүгээр хэлтэс рүү оруулж өгсөн. Тэгээд бид явчихсан.” гэв.

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Д хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 6-9, 33-35/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Ц гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 10-12/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 13-15/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Б гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 16-18/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Ч гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 22-24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1346 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 27/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Д гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-н 36-37/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 39-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 400 дугаартай хэргийн задгай материалаар хийсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт /хх-н 45-46/, хохирлын баримт /хх-н 49-56/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд Э.Г яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 62-63/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Чимгээгээс шүүгдэгч Э.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт байрлах “МВ” бааранд гэрээт хамгаалагчаар ажиллаж байхдаа хэрүүл зодоон хийсэн хүмүүсийг зохицуулж байхад дундуур орж ирлээ гэх шалтгаанаар үйлчлүүлэгч Ш.Д өргөж шидэн, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.     

Шүүхээс шүүгдэгч Э.Гыг 2019 оны 01 дүгээр сарын 13-ны шөнө “МВ” бааранд хамгаалагчаар ажиллаж байхдаа иргэн Ш.Д эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:     

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Ш.Д ийн хохирогчоор өгсөн: “...эхнэр Д, ах Ц, Д, бэр эгч нарын хамт караокед сууж байгаад гараад бааранд орж 1 шил архи авч уугаад би гарч тамхи татчихаад ороод иртэл хамгаалагч манай ахтай хэрэлдээд байж байсан. Би дундуур нь ороод хамгаалагчтай маргасан. Тэгэхэд намайг өргөөд шидсэн бөгөөд баруун талаараа багана орчимд цохигдсон. Тэгээд эмнэлэгт ирэхэд дунд чөмөг хугарсан байна гэсэн. Өөрөөр цохиж зодсон зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6, 8-9/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.Э гэрчээр өгсөн “...Би Архангай аймгаас ирээд 6-7 хонож байна. Манай дүү нар намайг ирсэн гэж уулзалдаад караокед орж дуулж байгаад гараад бааранд орсон. Бид 9-үүлээ байсан. Тэгээд баар хаах болоод би нойл ороод гараад иртэл Д, Ц 2 танихгүй хүмүүстэй зодолдож байсан. Тэр үед Д гаднаас орж иртэл урдуур нь нэг залуу ороод Д буйдангийн тийшээ өргөөд шидсэн. Тэгээд босохгүй болохоор нь би очоод миний дүү бос гэхэд босч чадахгүй байна гээд ёолоод байсан.” гэх мэдүүлэг /хх-н 14-15/,

             Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 1346 дугаар,

             1. Ш.Д биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо,

             2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ,

             3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна,

             4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй,

             5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 27/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Н.Э хэргийн материалаар хийсэн нэмэлт шинжилгээний 400 дугаар,

1. Ш.Д биед баруун дунд чөмөгт ясны далд хугарал бүхий шинэ гэмтэл учирчээ,

2. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2019.01.13-ны өдөр үүсэх боломжтой,

3. Ш.Д биед учирсан гэмтэл уналтаас үүсэх боломжтой, 2019.01.17-ны өдрийн 1346 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй.” гэх дүгнэлт /хх-н 45-46/,

хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...дотуураа цайвар өнгийн юүдэнтэй цамц өмссөн гадуураа бараан өнгийн үстэй захтай хүрэмтэй залуу уг өндөр биетэй залууд ойртон хоорондоо юм ярьж байгаа байдалтай байх явцад түүний цээж хэсэгт 2 гараараа түлхэх үйлдэл хийхэд өндөр биетэй цайвар цамцтай эрэгтэй түүний 2 тохойноос барьж ертөнцийн зүгээр баруун гар тийш эргүүлэн шидэхэд хар хүрэмтэй эрэгтэй буйдангийн доод хэсэгт шалан дээр унаж байгаа нь бичигдсэн...гэжээ. /хх-н 39-40/,

             Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Э.Г өгсөн: “...Би бичлэгийг үзсэн. Би уг ахын 2 тохойноос барьж аваад унагааж байгаа нь бичигдсэн байна. Шалан дээр цус байсан учир тухайн үед тэр ахыг хальтраад унасан гэж бодож байсан. Одоо бичлэг дээрээс харахад би унагааж байгаа нь бичигдсэн байна. Миний унагаасан уналтаас үүссэн гэмтэл мөн эсэхийг мэдэхгүй. Чмар ч байсан энэ ахаас уучлалт гуйж уулзана. Би буруутай гэж мэдэж байгаа. Би чадлаараа эмчлүүлнэ.” гэх мэдүүлэг /хх-н 62-63/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Хохирогч Ш.Д нь “шүүгдэгчээс 800.000 төгрөгийг хүлээн авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч Э.Г ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэн, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.