Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 204/МА2026/00010

 

 

2026           04            15                                                204/МА2026/00010

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2026/00217 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.М , Ц.Б , Б.О  нарт холбогдох,

Зээлийн гэрээний төлбөр 395,294,000 төгрөг, орох байсан орлого 125,955,264 төгрөг, нийт 521,249,264 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал, хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , хариуцагч нарын өмгөөлөгч Н.Мөнхсүлд, нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: ...Миний бие Д.Б нь Дундговь аймагт мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Болоож овогтой Б.Т  нь Өвөрхангай аймагт оршин суудаг бөгөөд 2024 оны 4 дүгээр сарын сүүлээр Дундговь аймагт ирж, өөрийгөө хүүхэд гаргаад ээж дээрээ ирсэн гэж тайлбарлан надтай уулзсан. Тухайн үед тэрээр надаас мөнгө зээлсэн бөгөөд өмнө нь Өвөрхангай аймагт бусдад мөнгө зээлүүлэхэд зуучилж, найдвартай хүмүүс холбож өгдөг, хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн гэж өөрийгөө танилцуулж байсан. Ингээд  2025 оны 7 дугаар сараас эхлэн Б.Т  нь Б.М, Ц.Б, Б.О нар мөнгө зээлэх шаардлагатай байгаа талаар надад мэдэгдэж, эдгээр хүмүүсийг найдвартай, тогтмол орлоготой, төлбөрийн чадвартай, өөртэй нь ойр дотно харилцаатай тул ямар нэгэн эрсдэлгүй гэж баталж тайлбарласан. Тэрээр дансны дугаар, овог нэр, зээлэх мөнгөн дүнг надад дамжуулж өгсөн бөгөөд миний хувьд өгсөн мэдээлэл нь дансны мэдээлэлтэй таарч байсан тул итгэн шилжүүлэг хийсэн. Зээл олгосны дараа зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд мөнгөө эргэн төлөөгүй. Энэ талаар Б.Т тай холбогдож тодруулахад тэрээр тухайн хүмүүсийн ажил төрөл түр хугацаанд хүндрэлтэй байгаа боловч төлөх чадвартай, удахгүй төлнө гэж хэлж байсан. Би итгэж төлөх байх гэж хүлээж байсан ч төлөөгүй. Энэ хооронд Б.Т   нь Өвөрхангай аймагт очсон байсан. Миний зүгээс Банзрагчийн Б.М д 183,758,000 төгрөг, Цэрэндондовын Бат-Очирт 58,400,000 төгрөг, Бат-Очирын Оюундэлгэрт 112,316,000 төгрөг тус тус шилжүүлсэн бөгөөд нийт 354,474,000 төгрөг болсон. Анх уг мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргасан боловч дутуу тооцсон байсан тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, үндсэн нэхэмжлэлийн шаардлага 395,290,000 төгрөг болгосон. Мөн би эрх бүхий мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулдаг тул дээрх мөнгийг хугацаанд нь эргэн төлсөн бол бусдад зээлүүлж орлого олох боломжтой байсан. Иймд алдагдсан орлогыг мөнгөн зээлийн үйл ажиллагааны доод хэмжээ болох 2.6 хувийн хүүгээр тооцож нэхэмжилсэн. Үүнд: Банзрагчийн Мөнхтуяагаас 63,786,300 төгрөгийг нэмж, нийт 206,708,000 төгрөг, Цэрэнтүндэвийн Бат-Очироос 23,090,600 төгрөг нэмж нийт 67,550,000 төгрөг, Бат-Очирын Оюундэлгэрээс 39,078,364 төгрөг нэмж, нийт 121,036,000 төгрөг тус тус нэхэмжилсэн. Ийнхүү нийт нэхэмжлэлийн шаардлага 521,249,260 төгрөг болсон. Дээрх мөнгөн шилжүүлгүүдийг банкны дансны хуулгаар нотолж, шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Иймд хариуцагч нараас нийт 521,249,260 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

            2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байх шиг байна. Талууд аль аль нь Б.Т  гэх этгээдийн үйлдлийн улмаас хохирсон гэж тайлбарлаж байна. Гэвч манай нэхэмжлэлийн шаардлага нь Б.Т тай холбоотой асуудал биш, харин хариуцагч нарын данс руу шилжүүлсэн 27 удаагийн гүйлгээний нийт 206,708,000 төгрөгийг гаргуулах тухай юм. Энэ мөнгө нь шууд хариуцагч нарын данс руу шилжсэн нь баримтаар тогтоогдож байгаа. Хариуцагчийн татгалзалд би Б.Т  руу 300 сая төгрөг шилжүүлсэн гэж дурдагдаж байна. Хэрэв тийм бол яагаад нэхэмжлэгчээс орсон мөнгө Б.Т д шилжиж байсан бэ? гэдгийг тааж мэдэх боломжгүй. Нэхэмжлэгчийн зүгээс 8 эсхүл 10 оронтой дансны дугаарыг таамгаар мэдэж, дур мэдэн шилжүүлэг хийсэн зүйл байхгүй. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн өгсөн дансны мэдээлэл дээр үндэслэн шилжүүлэг хийсэн нь тодорхой. Нэхэмжлэгч үнэн зөвөө хэлж байна, мөн хариуцагч ч өөрөө Б.Т г найдвартай түнш, зээлдэгч гэж итгэж байсан талаар тайлбарлаж байна. Гэтэл бүтэн нэг жилийн хугацаанд 27 удаагийн гүйлгээ хийгдэхэд нэг ч удаа буцааж нэхэмжлэгч рүү шилжүүлсэн зүйл байхгүй. Харин ч мөнгө орж ирж байгааг мэдсээр байсан нь дансны хуулгаар тогтоогдож байна. Ийм нөхцөлд яагаад Б.Т  руу шилжүүлсэн бэ?, яагаад Д.Б рүү шилжүүлээгүй вэ? гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. Хэрэв хариуцагчийн хамаарал бүхий этгээд рүү шилжсэн бол энэ нь хариуцагчийн өөрийнх нь асуудал бөгөөд нэхэмжлэгчид хамаарахгүй юм. Мөн хариуцагчийн татгалзалд “2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Б.Т  нь Д.Б гөөр дамжиж орж ирсэн мөнгийг надаар болон миний нөхөр, хүүхдүүдийн дансаар дамжуулан өөр лүүгээ, өөрийн нөхөр болон бусад хүмүүсийн данс руу шилжүүлж авсан” гэж дурдсан байна. Энэ тайлбараас үзэхэд нэхэмжлэгчээс 207 сая төгрөг орж ирснийг хариуцагч хүлээн зөвшөөрч байна. Харин уг мөнгийг Б.Т  болон түүний хамаарал бүхий этгээдүүдэд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа нь мөнгийг хүлээн авсан үйл баримтыг үгүйсгэхгүй, харин цааш дамжуулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэрэг юм. Иргэний эрх зүйн үүднээс авч үзвэл, хариуцагчийн дансанд мөнгө орж ирсэн бол тухайн этгээдэд уг мөнгийг буцаан төлөх үүрэг үүснэ. Өөр этгээдэд шилжүүлсэн асуудал нь хариуцагчийн өөрийнх нь асуудал бөгөөд нэхэмжлэгчид хамааралгүй. Иймд мөнгийг өөр хүн авсан гэх татгалзал нь үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Иймээс хариуцагчийн гаргасан татгалзал нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх бодит үндэслэл болохгүй, харин ч мөнгө хүлээн авсан болон дамжуулсан нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрсөн тайлбар болж байна гэж үзэж байна” гэв.

            3. Хариуцагч, хариуцагч Ц.Б , Б.О  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Б  манай нөхөр бөгөөд манай нөхрийн данс руу мөнгө шилжүүлсэн асуудлын талаар дараах тайлбарыг өгч байна. 2024 оны 4 дүгээр сарын үед Б.Т  гэх эмэгтэй анх над дээр ирж өөрийгөө Батцэцэг буюу Баагий гэж танилцуулсан. Тэрээр би Дундговь аймгийн иргэн, танай Өвөрхангай аймагт бэр болж ирсэн хүн хэмээн ярьж надтай танилцсан. Эхэндээ 500,000 төгрөгийг 1-2 хоногийн хугацаатай, заримдаа 10 хоногийн хугацаатай зээлээч гэж гуйж, ойр зуурын мөнгө авч буцааж өгдөг байдлаар орж гарч явдаг байсан. Удалгүй тэр надад та хүн амьтнаас мөнгө зээлээд өгөөч. Би Дундговь аймагт хамаатан садантай. Миний төрсөн ээжийн дүү Ж.С гэж хүн байдаг бөгөөд Онцгой байдлын газрын орлогч дарга хийдэг. Түүний эхнэр Б.Т  нь Онцгой байдлын газрын ерөнхий нягтлан, хэд хэдэн салбар хариуцсан том албан тушаалтан байдаг. Түүний эгч Бат-Өлзий нь тухайн үед Төрийн банкинд ахлах менежер, эдийн засагч хийдэг хүн. Эгч нь банкинд ажилладаг учраас зээл гаргах боломж их байдаг. Мөнгө дутаад байна. Та хүнээс мөнгө зээлээд өг, дундаас нь хоёулаа ашиг хүртье  гэж санал тавьсан. Энэ яриа 2024 оны 3, 4 дүгээр сараас эхэлсэн. Би түүний ярианд итгэж, өөрийн төрсөн дүү Амгалан, мөн төрсөн дүү Одонбаатар нараас 300 гаруй сая төгрөг зээлж өгсөн. Түүний өгсөн Онцгой байдалд ажилладаг дүүгийн данс хэмээн танилцуулсан данс руу мөнгийг шилжүүлсэн. Тэр хүнтэй утсаар холбогдоход жонгиносон дуутай эмэгтэй холбогдож, өөрийгөө дүү нь гэж танилцуулан Бат-Өлзий эгч зээл гаргах гэж байна, мөнгө дутуу байна, өнөөдөртөө хаана, 2 хоногийн дотор буцааж өгнө, 5-10 хувийн хүү өгнө гэх зэргээр ярьж итгэл төрүүлдэг байсан. Ингэж би 300-400 сая төгрөгийг дамжуулан өгсөн. Дараа нь том төсөл орж ирсэн, эко ногоон төсөл байгаа, та компани байгуулаад оролц. Барилга, хот тохижилтын газарт бичиг баримт бүрдүүлнэ гэж ятгаж, надаар компани байгуулуулж, хүсэлт бичүүлсэн. 2024 оны 05 дугаар сарын 20-ны орчим Б.Т Дундговь аймгаас 20 км зайд машин дотроо алуулсан байна. Мөнгөний асуудлаас болсон гэж надад мэдэгдсэн. Үүний дараа Ж.С гэх хүн  “Wechat”-аар болон утсаар холбогдож, манай талийгаачийн эгч Бат-Өлзий том төсөл авсан, үргэлжлүүлэхгүй бол 2 өнчин хүүхэд хохирно. Та чадах чинээгээрээ мөнгө босгож өг. Та өртэй болж байж бид шүүх, цагдаагаас 120 гаруй сая төгрөг буцаан авна гэх мэтээр дарамталж, дахин мөнгө босгуулсан. Ингээд 06 дугаар сарын 20-ны үед би залилуулснаа бүрэн ойлгосон. Тухайн үед миний биеийн байдал муу, сэтгэлзүй хүнд байдалтай байсан. Хүн амьтнаас их хэмжээний мөнгө авч өгсөн, өөрөө хүүхэдгүй, өрөнд орсон нөхцөл байдалд орсон. Дараа нь манай нөхөр, Б.Т  гэх хүний гэрт 2-3 удаа очиход эзгүй, зугтаасан байдалтай байсан. Б.Т гийн гэрт нь нэхэмжлэгчтэй таарахад өөрийгөө Дундговиос ирсэн, бүх эд хөрөнгөө алдсан гэж ярьсан. Манай нөхөр эхнэрээ дагуулж ирье гэж буцаж очиход байгаагүй. Дараа нь төв талбайн орчим бараа зарж байхад нь таарч, ярилцсан. Тухайн үед маргаан үүсч, бичлэг хийж, фейсбүүкт тавина гэх зэргээр асуудал үүсгэсэн. Би нэхэмжлэгчтэй анх 06 дугаар сарын 19-ний үед гудамжинд таарсан бөгөөд түүнээс өмнө ганц ч удаа утсаар ярьж, мөнгө зээлж өгөхийг хүсэж байгаагүй. Би 100 төгрөг ч хэнээс ч аваагүй, гэрээ хийж мөнгө аваагүй, хэнд ч зээл зуучлаагүй. Нөхрийн маань машин, эд хөрөнгийн талаар ярьсан зүйл бол миний үг биш, Б.Т  дамжуулсан байж болзошгүй. Анх тэгэхэд л нэхэмжлэгчтэй таарч байсан. Одоогийн байдлаар би Б.Т гийн үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Анх их хэмжээний мөнгө залилуулсан талаар мэдүүлсэн бөгөөд дараа нь нэхэмжлэлийн дүнг нэмж, нийт 700 гаруй сая төгрөгийн хохирлын талаар гомдол гаргасан. Тухайн үед би цочролын байдалтай байсан тул тооцоогоо буруу гаргасан зүйлс байсан бөгөөд дараа нь засч нэмэгдүүлээд гомдол гаргачихсан явж байгаа. Өөр хүний мөнгө гэдгийг мэдсэн бол авахгүй. Ц.Б , Б.О  нарын дансанд мөнгө орж ирсэн.Орж ирсэн мөнгийг буцаагаад Б.Т , түүний нөхөр Мөнх-Отгоны нарын данс руу хийсэн. Нэхэмжлэгчийг цагдаад өгсөн зүйл байхгүй. Б.Т г л цагдаад өгсөн байгаа. ...Би анхнаасаа нэхэмжлэгчийг танихгүй байсан. Харин Б.Т  өөрийгөө бэр болон төрсөн эгчтэйгээ хамтарч ажилладаг гэж ойлгуулсан. Надаас гарсан мөнгө шууд Б.Т  руу шилжиж байсан. Мөнгөө буцааж авах гэхэд Өлзий эгчийн данс руу хийе гэсэн. Яагаад эгчийнхээ дансаар хийж байгаа талаар асуухад Б.Т г онцгой байдлын албанд ажилладаг, дансаар нь их хэмжээний мөнгө орж гардаг, тухайн үеийн лимит хэтэрсэн гэж тайлбарласан. Тиймээс эгчийнхээ ашигладаггүй дансаар мөнгө шилжүүлж байгаа гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн данс руу эргүүлж хийгээгүй. Б.Т  надад Өмнөговь аймгийн төслийн ажил байна гэж санал тавьж байсан. Д.Б г хамтарч ажиллаж байгаа гэж хэлж байсан.  Б.Т  надад одоо тэдэн төгрөг орж ирнэ. Тэрийг буцаагаад над руу хийнэ шүү. Тэд хоног хэрэглэх мөнгө байна шүү. Тэдэн төгрөг хамаатан саднаасаа ч хамаагүй зээлээд бэлдэж байгаарай гэдэг байсан. Д.Б гөөс орж ирж байгаа мөнгийг би ашиг гэж ойлгосон. Б.Т  надад тэгж ойлгуулсан. Би тэр төсөлд өөрийгөө санхүүжүүлэгчээр орж ашиг авах юм байна гэж бодсон. Ашиг гээд мөнгө над руу хийснээ одоо та наад мөнгөө гаргаж болохгүй шүү. Банк санхүүд хийх юмаа хийгээд үлдсэнийг нь хадгалж байгаарай. Тэгээд тэдэн төгрөг буцааж гаргана шүү, тэдэн төгрөг хэрэглэнэ шүү гэж Б.Т  надад хэлдэг байсан. Б.О ийн дансыг ашигладаг. Мөнгө орсон гарсан гэх мэт бүх мэдэгдэл над дээр л ирдэг байсан учраас манай охин мэдэхгүй. Ээж миний дансыг барьж, ашиглаж байгаа гэсэн л ойлголттой байсан. Манай нөхрийн интернэт банк, нууц үг гэх мэт бүхий л мэдээлэл миний утсан дээр байдаг. Би дансыг нь барьдаг. Нэхэмжлэгчээс орж ирсэн мөнгийг өөрийнхөө данс руу авдаг, авсан мөнгөө Б.Т  руу хийх гэх мэт давтамжаар л үргэлжилдэг байсан. Авч байсан бүх мөнгийг бүгдийг нь Б.Т  руу шилжүүлсэн дансны хуулга бүгд байгаа” гэв.

            4. Хариуцагч, хариуцагч Ц.Б , Б.О  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн тайлбарт нэмэлтээр тодруулахад, түүний татгалзлын гол үндэслэл нь нэхэмжлэгч Д.Б болон Б.М  нарын хооронд зээлийн гэрээний болон аливаа иргэний эрх зүйн үүргийн харилцаа огт үүсээгүйд оршиж байна. Б.М  өөрөө болон Б.О , Ц.Б  нар нь Д.Б гөөс мөнгө зээлээгүй, зээлийн гэрээ байгуулаагүй, харилцан тохиролцож үүрэг хүлээгээгүй гэж тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл, хоёр талын хооронд шууд гэрээ, хэлцэл, үүргийн харилцаа бий болоогүй байхад иргэний хариуцлага хүлээлгэх боломжгүй гэж үзэж байна. Харин Б.Т  гэгч этгээд өөрийгөө Баагий, Б гэх мэт өөр нэрээр танилцуулж, нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд мэдээлэл дамжуулж, нэг талд нь мөнгө шилжүүлэхийг хэлж, нөгөө талд нь орж ирсэн мөнгийг өөрт нь дамжуулахыг хүссэн байдлаар оролцсон байна. Өөрөөр хэлбэл, талуудын аль аль нь өөрсдийн хувьд үнэнээ ярьж байж болох боловч бодитоор мөнгийг хүлээн авч, захиран зарцуулсан этгээд нь Б.Т  гэж хариуцагчийн зүгээс үзэж байна. Мөнгийг дамжуулан авсан асуудлыг дансны хуулга, тооцоолол, хүснэгтээр нотолж өгсөн бөгөөд Б.М  тухайн мөнгийг аваагүй, захиран зарцуулаагүй, үрэгдүүлээгүй, ашиг хүртээгүй гэж мэдэгдэж байна. Түүнчлэн Б.Т гийн дээрх үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй тул цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа нөхцөл байдлыг дурдсан. Иймд өөрт нь үүрэг хүлээлгэх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарт товч хариулахад, мөнгөн шилжүүлэг бодитоор хийгдсэн нь маргаангүй байж болох ч мөнгө хэний захиран зарцуулалтад орсон, хэн эцсийн байдлаар ашиг хүртсэн, бодит зээлийн үүргийг хэн хүлээсэн гэдэг нь уг маргааны гол асуудал юм. Зөвхөн шилжүүлгийн баримтад тулгуурлан Б.М д үүрэг хариуцлага хүлээлгэх нь хангалттай үндэслэл болохгүй бөгөөд гуравдагч этгээд болох Б.Т гийн оролцоо, түүний бодит үйлдэл, үр дагаврыг иж бүрнээр нь үнэлж байж шийдвэр гаргах шаардлагатай гэж хариуцагч нарын өмгөөлөгчийн зүгээс үзэж байна гэв.

            5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч Б.М гаас 206,708,000 төгрөг, хариуцагч Ц.Б оос 67,550,000 төгрөг, хариуцагч Б.О ээс 121,036,000 төгрөг, нийт 395,294,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлогод   Б.М гаас нэхэмжилсэн 63,786,300 төгрөг, Ц.Б оос нэхэмжилсэн 23,090,600 төгрөг, Б.О ээс нэхэмжилсэн 39,078,364 төгрөг, нийт 125,955,264 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Б.М , Ц.Б , Б.О  нараас 2,292,900 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 787,712 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

            6. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Миний бие иргэн Д.Б-ийн нэхэмжлэлтэй, Б.М , Ц.Б , Б.О  нарт холбогдох иргэний хэрэгт хариуцагч бөгөөд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Миний бие Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ны өдрийн дугаар 314/ШШ2026/00217 шийдвэрийг 2026 оны 03 сарын 20-ны өдөр гардан авч танилцаад дараах гомдлыг гаргаж байна.

            Анхан шатны шүүхээс талуудын хооронд иргэний хуульд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу Б.М гаас 206,708,000 төгрөг, Ц.Б оос 67,550,000 төгрөг, Б.О ээс 121,036,000 төгрөг, нийт 395,294,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, нийт 125,955,264 төгрөгийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хариуцагч нараас нийт 395,294,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Үүнд:

            Нэг. Хэргийн үйл баримтыг бодитой тогтоож чадаагүй бөгөөд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн тухай: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа талуудын дунд зээлийн гэрээний харилцаа үүссэн учир Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхийн үндэслэлээ тодорхойлсон гэжээ. Харин хариуцагч талаас талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй, гэрээ хэлцэл хийх талаар санал гаргаж байгаагүй учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардах үндэслэлгүй гэж татгалздаг. Монгол Улсын Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ. Хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолсон пайз, тасалбар зэрэг хэрэглэж заншсан зүйлийг олгосон зэргээр хэлцэл хийх саналыг тодорхойлж, хэлцэл хийгдсэн байхаар ойлгохоор зохицуулсан байна. Иргэний хуулийн дээрх зохицуулалтын талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн дугаар 17 "Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 1.1 дэх хэсэгт хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан хүсэл зориг гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг “хүсэл зоригийн илэрхийлэл” гэж ойлговол зохино” 1.2-т хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн уг эрмэлзлэлээ илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд “хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авсан” гэж үзнэ. Хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авсан явдлыг хүсэл зоригийг өөрийг нь хүлээн зөвшөөрсөн гэж ойлгохгүй” гэх байдлаар тайлбарласан нь талуудын дунд зээлийн гэрээний харилцаа үзсэн байхын тулд заавал гэрээний санал гаргасан, саналыг хүлээн зөвшөөрсөн урьдчилсан нөхцөл биелэгдсэн байх ёстойг нэг мөр тайлбарлажээ. Харин анхан шатны шүүх иргэний хуулийн 281.1, 282.4 дэх заалтуудыг үндэслэн өнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэх байдлаар шүүхийн шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон байх бөгөөд тухайн үндэслэлээ тайлбарлаагүй байна. Хуулийн энэ зохицуулалтын талаар: “Монгол Улсын иргэний хуулийн шинжлэх ааны тайлбар” (шар тайлбар) номд Иргэний хуулийн 282.4 дэх хэсгийг дараах байдлаар тайлбарлажээ. “Үүргийн эрх зүйн ерөнхий журмаар гэрээг хүчин төгөлдөр гэрээний санал болон үүнийг хүлээн авсан тухай зохих мэдэгдэл хийгдсэн тохиолдолд байгуулагдсан гэж байна. Эдгээр урьдчилсан нөхцөл нь зээлийн гэрээнд ч гэсэн хамааралтай. Гэрээний талууд зээлийн гэрээний талаар санал нэгдсэн байх ёстой (гэрээний санал болон үүнийг хүлээн авсан мэдэгдэл). 282.4-т зээлийн гэрээг хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэхийн тулд зээлийн гэрээний зүйлийг зээлдэгчид шилжүүлсэн байхыг нэмж шаардана. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасныг зөвхөн хожим байгуулагдах жинхэнэ зээлийн гэрээнд чиглэсэн урьдчилсан гэрээнд хэрэглэвэл утга төгөлдөр байх болно” гэх байдлаар дэлгэрэнгүй тайлбарлажээ.

            Өөрөөр хэлбэл, иргэний хуулийн 282.4 дэх зохицуулалт нь гагцхүү гэрээ байгуулагдсан боловч мөнгө шилжүүлээгүй байхдаа зээлийг буцаан шаардахын эсрэг ээлдэгчийг хамгаалсан зохицуулалт бөгөөд энэхүү маргаан бүхий хэргийн хувьд нэн тэргүүнд талууд гэрээ байгуулах талаар санал гаргаж түүний дагуу гэрээний гол нөхцөлүүдийг тодорхойлж нөгөө тал түүнийг хүлээн авч зөвшөөрснөөр зээлийн гэрээ айгуулагдах урьдчилсан нөхцөл хангагдах юм.

            Хэрэгт авагдсан баримтууд болон нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзал, шүүхийн хэлэлцүүлэг зэргээр тогтоогдсон үйл баримтыг харвал: талуудын эн аль нь бие биенээ танихгүй, уулзаж байгаагүй, утсаар болон бусад байдлаар холбогдож байгаагүй, хариуцагч нараас мөнгө хэрэгтэй байгаа талаар хүсэлт гаргаж, мөнгө зээлж авах талаар санал тавьж байсан нэг ч үйл баримт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс ч мөн адил мөнгө зээлдүүлэх хүсэл сонирхол, саналыг хариуцагч нарт илэрхийлж байгаагүй энэ талаар талууд маргадаггүй.

            Түүнчлэн нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч нарын данс руу мөнгө шилжүүлэхдээ: "... Мөнхтуяад, барааны үнэ, гоо сайхан, Оюундэлгэрт, цалин, Бат-Очирт...” гэх мэт гүйлгээний утгатайгаар шилжүүлж байсан ба нэг ч удаа зээл гэсэн утгаар мөнгө шилжүүлээгүй нь нэхэмжлэгчийн зүгээс бусдад мөнгө зээлдүүлэх хүсэл зорилгоор, зээлийн гэрээ байгуулах санал илэрхийлж дээрх үйлдлийг хийсэн гэж үгийн шууд утгаар ч, агуулгаар нь ч тайлбарлах боломжгүй байна.

            Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг харгалзаж, талуудын аль нэгээс хэлцэл хийх санал гаргасан эсэх, талуудын үйлдлийг санал гаргасан, саналыг хүлээн авсан гэж ойлгож болох эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэд тодорхойлж чадаагүй төдийгүй иргэний хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн болохыг илтгэж байна.

            Хэрвээ зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэж байгаа бол гэрээний гол нөхцөлийг талууд хэрхэн тодорхойлсон талаар, талууд хэрхэн санал гаргаж түүнийг хэрхэн хүлээн авсан талаар, нэхэмжлэгч хариуцагч нар нь гэрээний талууд мөн эсэх талаар дүгнэлт хийх шаардлагатай байсан. Б.Т  болон Эрүүгийн журмаар шалгаж байгаа хэргийн талаар дүгнэлт хийгээгүй тухай. Нэхэмжлэгч хариуцагч нар хэн аль нь тэдний дунд Б.Т  гэх хүний ятгалгаар мөнгө шилжүүлсэн болохыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар болон бичгээр өгсөн тайлбараараа талууд хүлээн зөвшөөрсөн байтал Б.Т  гэгчийн үйлдэл, оролцоо, ашиг сонирхол, түүний холбоо хамаарлын талаар шүүх тодорхой ажиллагаа хийгээгүй, дүгнэлт өгөөгүй байна.Талууд шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлгийн үеэр Баагий, Батцэцэг гэж өөрийгөө танилцуулсан хожим Б.Т  гэдэг нэртэй болох нь тогдоогдсон хүн нэхэмжлэгчид хариуцагч нарын дансыг өгч мөнгө шилжүүлсэн. Харин хариуцагч нарт нэхэмжлэгчийг бэр эгч гэж танилцуулаад орж ирсэн мөнгийг өөрийнхөө болон хамаарал бүхий хүмүүсийн данс руу шилжүүлж авдаг байсан талаар саналын зөрүүгүй, маргаангүйгээр илэрхийлдэг. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  миний бие нэхэмжлэгч Д.Б гөөс мөнгө шилжүүлж байсан, буцаагаад Б.Т  руу дамжуулж мөнгө шилжүүлдэг байсан тухай дансны хуулгууд болон нийт 6 хуудас тооцооллыг шүүхэд гаргаж өгсөн байдаг. Тооцооллоор Д.Б гөөс нийт 390,894,000 төгрөг орж ирсэн байх бөгөөд буцаагаад 622,112,500 төгрөг Б.Т д шилжүүлсэн байдаг. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  миний бие Б.Т  гэгчид нийт 700 гаруй сая төгрөг залилуулсан бөгөөд энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулж байгаа. Хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгээд шалгаж байгаа талаарх тодорхойлолтыг хэрэгт хавсаргасан болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1- т “энэ хуулийн 65.1.3 - 65.1.8-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” гэх байдлаар зохицуулсан. Эрүүгийн журмаар шалгаж байгаа бол эхлээд эрүүгийн хэргийг шалгаж дууссаны дараа иргэний журмаар шалгах боломж үүсэх иргэний процессын эрх зүйн журам үйлчлэх ёстой бөгөөд энэ үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулах, түдгэлзүүлэх хүсэлтүүд өгсөн ч хүсэлтүүдийг хангаагүй, шүүхийн шийдвэрт энэ талаар дүгнэлт хийгээгүй байна. Дээрх үндсэн хоёр шалтгаан нөхцөлийг тодруулаагүй, тэдгээрт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг ойлгоогүй, холбогдох хуулийн зохицуулалтыг судалж зөв хэрэглэлгүйгээр хэт нэг талыг буюу зөвхөн нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлийг баримталж тэдгээрийг шүүхийн шийдвэрт тусгах байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу хариуцагч нараас нийт 395,294,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            7. Хариуцагч, хариуцагч, нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ мөнгийг төлөх боломж бололцоо байхгүй. Энэ хүнтэй гэрээ хийгээгүй байгаа гэв.

            8. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Мөнхсүлд давж заалдах шүүх хуралдаанд саналдаа: Би хоёр үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан. Иргэний хуульд эхлээд гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байгаа эсэхийг шалгаж тодруулна. Гэрээнээс үүдэлтэй шаардах эрх байгаа эсэхийг шалгахын тулд талуудын хооронд хэлцэл хийгдсэн эсэхийг шалган тодорхойлох нь зүйтэй байдаг. Гэрээ болгон хэлцэл байдаг ч хэлцэл болгон гэрээ биш байдаг гэж байдаг. Гэрээ байгуулагдсан эсэхийг шалгахын тулд хэлцэл байгуулагдсан  уу, үгүй юу гэдгийг шалгах шаардлагатай. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй  бол талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийхээр хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зээлийн гэрээтэй холбоотой гэрээ байгуулагдсан эсэхийг зээлдүүлэгч тал, нэг тал, эсвэл зээлдэгч тал нь би чамаас зээл авмаар байна, мөнгөний хэрэгтэй байна, бодит байдал дээр Мөнхтуяагийн хувьд шаардлагатай надад мөнгө зээлүүлээч гэдэг санал гаргах ёстой, нөгөө тал саналыг нь хүлээн авснаар талуудын хүсэл зориг агуулгын хувьд давхцаж хэлцэл байгуулагдсан гэж үзнэ. Үүнийг Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлэгт тайлбарласан тайлбар байгаа. Үүнд хүсэл зориг гэдгийг тодорхой зохицуулсан байгаа. Хэлцэл хийх хүсэлтэй этгээдийн эрмэлзлээр илэрхийлсэн байдлыг нөгөө тал ойлгож, утга санааг нь ухамсарласан тохиолдолд хүсэл зориг, илэрхийллийг хүлээн авсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл ямар нэгэн байдлаар нөгөө тал хүсэл зоригийн илэрхийллийг хүлээж авсан байх шаардлагатай. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг бол өмнөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан талуудын тайлбар, нэхэмжлэл, талуудын аль аль нь хэн хэнийгээ танихгүй, мэдэхгүй, өмнө нь уулзаж байгаагүй гэдгийг илэрхийлсэн, мөнгө зээлүүлээч гэдэг саналыг хариуцагч талуудаас гаргаж байгаагүй талаар мөнгө зээлүүлэх саналыг ч мөн адил нэхэмжлэгчээс гаргаж байгаагүй талаар маргадаггүй. Үүнийг тодруулахаар Б.Т  гэж хүн тэгж хэлсэн гэдэг. Энэ талаар аль аль нь маргадаггүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан үндэслэлээр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан байна гээд нэхэмжлэгчийн шаардсан мөнгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарласан. Анхан шатны шүүхээс хэргийг үндэслэсэн зохицуулалт нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх заалт буюу зээлийн гэрээний зүйлийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэсэн зохицуулалт байдаг. Үүнийг үндэслэж шууд утгаар тайлбарласан. Гэтэл Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-д талууд хүсэл сонирхол нэгдсэн боловч гэрээний зүйл буюу бодитоор тэр зүйлийг үйлдээгүй, гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүй гэрээ байгуулснаараа далимдуулж мөнгө шаардаад байдаг нөхцөл байдал түгээмэл байгаа учраас энэ нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор үйлдэл хийгээгүй ч гэрээ байгуулагдсан нөхцөл байдалд зээлдэгчийг хамгаалсан, зээл төл, зээлдэгчийг хамгаалах зорилгоор энэхүү зохицуулалтыг хууль санаачлагчаар оруулж ирсэн. Иргэний хуулийн ерөнхий ангид хэлцлийг хэрхэн ойлгох талаар, хэлцлийг хэрхэн байгуулагдсан талаарх зохицуулалт, журам Иргэний хуулийн 281 зүйлийн 284.2-д мөн адил хамаарна. Өөрөөр хэлбэл хэлцэл хийх талаар нөхцөл байдал хангагдсаны дараагаас Иргэний хуулийн 284 дүгээр зүйлийн 284.2-т заасан заалтыг ашиглаж болох байдлаар хуулийн зохицуулалт хийгдсэн. Шүүх хуралдааны явцад ч бас асууж тодруулж байсан. Нотлох баримт шинжлэн судлах үеэр, асуулт хариултын үеэр ч мөнгө шилжүүлсэн гүйлгээ, гүйлгээний утган дээр нэг ч удаа зээл гэсэн гүйлгээний утга байдаггүй. Энэ хүсэл сонирхол, илэрхийллийг гүйлгээний утгыг анхаарч үзэх нь зүйтэй. Гэтэл нэг ч удаа зээл гэж шилжүүлээгүй. Бат-Очирт цалин, гоо сайхан, барааны үнэ гэх байдлаар гүйлгээний утгаар шилжүүлсэн байдаг. Энэ талаар мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч талаас асууж тодруулахад Б.Т  ингэж хийгээрэй гэсэн байдлаар хэлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч Бат-Өлзийн зүгээс Өвөрхангай аймагт бараа зардаг байсан нь хэргийн үйл баримтаас харагддаг. Мөн нийлээд хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллах тухай нөхцөл байдал байгаа. Эрүүгийн журмаар шалгаж байгаа хэргийн талаар дүгнэлт хийгээгүй байна. Анх энэ хэрэг эхлэхэд Б.Т  гэдэг хүн олдоогүй. Б.Т  гэж хүнд нэхэмжлэгч болон хариуцагч талууд аль аль нь залилуулсан, луйвардуулсан, хохирсон байж магадгүй, хоорондоо маргаад байгаа ч байж магадгүй нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийг тодруулах, үүнтэй холбоотойгоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд Мөнхтуяагийн өгсөн гомдолтой холбоотойгоор шалгагдаж байгаа талаар баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл Цагдаагийн байгууллагаас ганц Мөнхтуяа ч биш өөр маш олон хүмүүс Б.Т  гэж хүнтэй холбогдуулж залилуулсан гэж гомдол гаргасан, хэргийг нэгтгэж шалгаж байгаа талаар мэдээллийг өгсөн. Б.Т  гэж хүнтэй холбоотой эрүүгийн журмаар хэрэг шалгагдаж байгаа нөхцөл байдлыг тодорхойлоод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3- 1.8-д заасан нөхцөл байдал үүссэн бол хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан. Хэрвээ хэрэгсэхгүй болголоо гэхэд эрүүгийн хэргийг шийдвэрлэж дуустал хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэх бүрэн боломжтой. Эдгээр нөхцөл байдлуудыг анхаарч үзэлгүйгээр их үнийн дүнтэй маргааныг амархан байдлаар шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас Хэрэгт холбоотой баримт гаргаж өгөөгүй, татгалзлаа, нотолж чадаагүй гэж байна. Иймд хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг буюу 395,294,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байгааг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүхийн шатанд хариуцагч, түүний итгэмжилсэн төлөөлөгч нараас тайлбар, татгалзлын холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, няцаалт  өгөөгүй. Нэхэмжлэгчээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрдөг бөгөөд 40 гаруй удаагийн үйлдлээр энэ мөнгийг иргэн Б.Т  гэх хүнтэй бизнесийн хамтарч ажилладаг, бизнесийн ашиг гэж надад ойлгуулсан гэж тайлбарладаг. Шүүх хуралдааны даргалагчаас ашиг юм бол яагаад Б.Т  руу шилжүүлээд байгаа юм бэ гэж асуухад үндэслэл бүхий тайлбар өгөөгүй нь шүүх хуралдааны тэмдэглэлийн 11 дүгээр талд байгаа. Мөн хариуцагч талаас би энэ мөнгийг Б.Т  руу бүгдийг нь шилжүүлсэн юм гэсэн баримтыг гаргаж өгөөгүй. Дансны тооцоолол гэсэн excel дээр гаргасан хүснэгт өгсөн байгаа. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хариуцагч тал татгалзлаа баталж чадаагүй. Мөн хүсэл зоригийн илэрхийллийг шалгах ёстой байсан. Талуудын хооронд зээлийн гэрээний эрх зүйн харилцаа үүсээгүй, гүйлгээний утга дээр ч гэсэн зээл гэсэн агуулга байхгүй байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зээлдэгчид мөнгө шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсанд тооцно гэдэг агуулга шүүхэд жишиг тогтсон ойлголт байгаа. Мөнгө  авсан бол ямар харилцаа үүссэн эсэхээс үл хамааран заавал эргэж төлөх үүрэгтэй. Хэрвээ үүнийг төлөхгүй гэвэл үндэслэлгүй хөрөнгөжөөд байна. Мөнгийг буцааж шилжүүлэхгүй байгаа бол эрүүгийн журмаар завших гэмт хэрэг болж байгаа. Талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүсэж мөнгө авсан бол мөнгийг буцааж шилжүүлэх үүрэг заавал хүлээнэ. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэргийг түдгэлзүүлэх эсвэл хэрэгсэхгүй болгох байсныг анхан шатны шүүх шийдвэрлээгүй гэсэн гомдлын агуулга байна. Хариуцагч, нэхэмжлэгчийн зүгээс авсан мөнгийг бусдад алдаад залилуулсан гэдгээ Цагдаагийн байгууллагад шалгуулж байгаа гэсэн. Нэхэмжлэгч Д.Б тэй холбогдуулаад Цагдаагийн байгууллагад өгсөн энэ хэрэг маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэгдэж байгаа юм байна. Одоогоор эцсийн шийдвэр ч гараагүй байна. Бизнесийн үйл ажиллагаа хийж ашиг гээд хүмүүсийн мөнгийг эргэлдүүлсэн юм уу? Үнэхээр хариуцагч залилуулсан юм уу? гэдгийг мэдэхгүй байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Тухайн хэрэг маргаантай, эрүүгийн журмаар Д.Б н нэхэмжлэлтэй хариуцагч нарт холбогдох иргэний хэрэгт Бат-Өлзийтэй холбоотой эрүүгийн журмаар шалгуулж байгаа түдгэлзүүлэх, хэрэгсэхгүй болгох асуудал яригдах бүрэн боломжтой. Ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

10. Нэхэмжлэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Б.М  би энэ мөнгийг буцааж төлөх чадваргүй гэж ярьж байна. Энэ мөнгийг данс руу нь орж ирэхэд юун мөнгө орж ирэв, хэнээс орж ирэв, би авах ёсгүй мөнгө байсан гээд буцаагаад төлөх үүрэгтэй. Мөн иргэнийхээ үүргийг гүйцэтгээд буцаагаад банкин дээр очоод буцаагаад шилжүүлэх ч юм уу, Цагдаагийн газар очоод мэдэгдэж иргэнийхээ үүргийг гүйцэтгэх байсан. Энэ мөнгийг захиран зарцуулсан, хэрэглэсэн ашигласан байгаа. Би анхан шатны шүүхийн шийдвэрийг бүрэн дүүрэн төгс гаргаж өгсөн гэж ойлгож байна. Мэтгэлцсэн, ярилцсан, хуралдсан хуулийн дагуу шийдвэрээ үнэн зөвөөр тодорхойлж гаргаж өгсөн. Би хэргийг түдгэлзүүлье гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Д.Б нь Б.Т  өөрийгөө Өвөрхангай аймагт бусдад мөнгө зээлүүлэхэд зуучилж, найдвартай хүмүүс холбож өгдөг, хүмүүсийн итгэлийг хүлээсэн хүн гэж танилцуулан Б.М , Ц.Б , Б.О  нар мөнгө зээлэх шаардлагатай байгаа талаар мэдэгдсэн бөгөөд миний хувьд өгсөн мэдээлэл нь дансны мэдээлэлтэй таарч байсан тул итгэн шилжүүлэг хийсэн. Зээл олгосны дараа зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд мөнгөө эргэн төлөөгүй. Алдагдсан орлогыг мөнгөн зээлийн үйл ажиллагааны доод хэмжээ болох 2.6 хувийн хүүгээр тооцсон тул Б.М , Ц.Б , Б.О  нараас зээлийн гэрээний төлбөр 395,294,000 төгрөг, орох байсан орлого 125,955,264 төгрөг, нийт 521,249,264 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Харин хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М  нэхэмжлэлийг эс зөвшөөрч Д.Б тэй нэг ч удаа ярьж, уулзаж байгаагүй, Д.Б гөөс зээл гэсэн агуулгаар мөнгө шилжүүлээгүй, түүнээс мөнгө зээлээгүй. Харин Б.Т  ашиг өгнө гэж надаас 300,000,000-400,000,000 төгрөг авсан байсан учир Д.Б гөөс шилжүүлсэн мөнгөнөөс надад үлдээсэн хэсгийг ашиг гэж ойлгосон бөгөөд бусад мөнгийг Б.Т  өөрөө болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар шилжүүлэн авсан. Мөн Б.Т г залилах гэмт хэргээр шалгуулж байгаа гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

            4. Д.Б нь Б.М , Ц.Б , Б.О  нарт “Мөнтуяад, Бат-Очирт, Оюундэлгэрт барааны үнэ, гоо сайхан, цалин...” гэх гүйлгээний утгатай нийт 395,294,000 төгрөг шилжүүлсэн /1-р хавтас, 99-161/ үйл баримтын талаар зохигч мараагүй байна.

            Харин зохигчийн хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

Зохигчийн хооронд үүссэн маргаантай харилцааны эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлох нь талууд шаардах эрхтэй эсэх, эсхүл энэ эрх нь дуусгавар болсон эсэх, улмаар зөвшөөрөх, татгалзах, үгүйсгэх бусад нөхцөл бий эсэх асуудлаар эрх зүйн дүгнэлтийг зөв хийхэд ач холбогдолтой байдаг.

            4.1 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох бөгөөд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1-д зааснаар эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээг байгуулсанд тооцохоор хуульчилсан. Өөрөөр хэлбэл гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцсон байх урьдчилсан нөхцөл шаарджээ.

Харин Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.3 дахь хэсэгт хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих, түүнчлэн нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрсөн нөхцөлийг гэрээний гол нөхцөл гэж тодорхойлсон.

            Гэтэл Д.Б , Б.М , Ц.Б , Б.О  нар гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон эсэх нь тодорхойгүй буюу мөнгө зээлэх талаар хоорондоо харилцаагүй бөгөөд Б.Т  гэж хүний ямар оролцоотой зохигчийн хооронд мөнгө шилжүүлэн, хүлээн авсан гэдэг нь тодорхойгүй байхад анхан шатны шүүх энэ талаарх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр зөвхөн мөнгө шилжүүлэн өгсөн баримтыг үндэслэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулсанд тооцсон нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх буюу нотлох баримтад үндэслэсэн байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг залруулан дүгнэж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

            4.2 Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг үүссэн талаар тайлбар гаргажээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэж үзэж хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардаж болно.

Харин үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх урьдчилсан нөхцөл нь нэхэмжлэгчээс гаргасан зардлын хэмжээгээр хариуцагчийн хөрөнгө өссөн байх буюу ийнхүү өссөн нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй байх тохиолдолд нэхэмжлэгчид энэ хуульд зааснаар шаардах эрх үүснэ.

Гэтэл Б.Т  гэж хүний ямар оролцоотой зохигчийн хооронд мөнгө шилжүүлэн, хүлээн авсан гэдгийг тогтоогоогүй байхад Д.Б гөөс гаргасан зардлын хэмжээгээр , Б.М , Ц.Б , Б.О  нарын хөрөнгө өссөн нь хууль болон гэрээнд заасан үндэслэлгүй гэж шууд дүгнэх боломжгүй юм.

Түүнчлэн Д.Б нь зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байсан бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд мөн энэ талаар мэтгэлцэж байсан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд түүний өмгөөлөгчөөс үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болох талаар тайлбар гаргасан. Анхан шатны шүүх хуралдаанд зохигч энэ агуулгаар мэтгэлцээгүй байна.

Дээрх байдлаар анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулж тогтоогоогүй, энэ талаар зохигчийг мэтгэлцүүлээгүй байх тул хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн тус агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангав.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65.1.3 - 65.1.8-т заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан.

Тус хэрэгт Өвөрхангай аймаг Цагдаагийн газрын 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 43Г/7888 тоот албан бичиг, Өвөрхангай аймаг Цагдаагийн газарт Б.М гийн гаргасан гомдол /1-р хавтас, 246, 168/ нотлох баримтаар авагдсан байх боловч албан бичигт Д.Б гөөс Б.М , Ц.Б , Б.О  нарт шилжүүлсэн нийт 395,294,000 төгрөгийн асуудал эрүүгийн журмаар шалгагдаж байгаа эсэх нь тодорхойгүй, гомдол гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй учир хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн хэргийг хэрэгсэхгүй болгох агуулгатай гомдол үндэслэлгүй байна.

6. Хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс Б.Т гийн төрөл садангийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг “нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй, хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 314/ШЗ2026/00225, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 314/ШЗ2026/00426 дугаар захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Гэтэл дээрх лавлагаа нь Б.Т , Д.Б нар хамааралтай эсэх, Б.Т  өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар мөнгийг шилжүүлэн авсан эсэх талаар дүгнэсний эцэст зохигчийн хооронд ямар харилцаа үүссэнийг тогтооход ач холбогдолтой байж болохоор байхад хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн хүсэлтийг татгалзаж шийдвэрлэжээ.

Зохигч, тэдгээрийн төлөөлөгч тухайн нотлох баримтыг өөрөө олж авах боломжгүй байхад хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн  38.6 дахь хэсгийг зөрчиж, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж дүгнэхээр байна.

7. Давж заалдах шатны шүүхээс дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

8. Давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,134,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 314/ШШ2026/00217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,134,420 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                        ШҮҮГЧИД                               Н.ЭНХМАА

                                  Л.НЯМДОРЖ