Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 00629

 

          Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

        Нэхэмжлэгч: Увс аймгийн Тэс сумын 6 дугаар баг, 1-45 тоотод оршин суух, 1966 онд төрсөн, эмэгтэй, ОО66072408 регистрийн дугаартай, Тайж овогтой Лойполын Долгорсүрэнгийн,

          Ажиллаж байсан байдал болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тус тус  тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Т.Дашдорж оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Л.Долгорсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: “Миний бие нь 1966 онд төрсөн, 50 настай, ам бүл 6. Би Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн 2 дугаар бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллаж байсан. Одоо миний бие нь өндөр насны тэтгэвэрт орох болсон ба тэтгэвэрт орох гээд бичиг баримтаа цэгцлэхэд миний хөдөлмөрийн дэвтрийг нэрний зөрчилтэй гээд шүүхэд хандаж байна. Тухайн үед миний нэр Долгормаа байсан боловч сүүлд цахим үнэмлэх гаргахад Долгорсүрэн болж нэр өөрчлөгдөж ирсэн. Миний хөдөлмөрийн дэвтэр болон гарсан тушаал байгаа. Харин орсон тушаал нь байхгүй байна. Иймд намайг Тэс сумын Хар үзүүрийн бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож, мөн тухайн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү. Миний даралт ихэсдэг бөгөөд машинд сууж явж чаддаггүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг минь шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

          Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Л.Долгорсүрэн нь Увс аймгийн Тэс сумын 2 дугаар бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдал тогтоолгох, мөн Увс аймгийн Тэс сумын 2 дугаар бага сургуулиас 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон 340599 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохоо тогтоолгох тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

           Хэрэгт 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон 340599 тоот хөдөлмөрийн дэвтрийн хуулбар авагдсан байх ба уг дэвтэрт “Лойполын Долгормаа” хэмээн хаягласан байгаа боловч тухайн дэвтэр дээрх “1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Тэс сумын 2 дугаар бага сургуулийн цагаан хэрэглэлийн угаагчийн ажлаас чөлөөлөв” гэсэн бичилт нь хэрэгт авагдсан Увс аймгийн Тэс сумын 2 дугаар бага сургуулийн захирлын 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 64 тоот тушаалаар “Өөрийнх нь хүсэлтээр цагаан хэрэглэлийн угаагч байсан Л.Долгормааг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэсэн бичилттэй тохирч байна.

          Нөгөө талаар, гэрч Л.Нямжавын: “Манайхан эцэг эхээсээ наймуулаа. Манай аавыг Лойпол, ээжийг Сүхээ, том эгчийг Дуламсүрэн, дараагийн ахыг Дүгэрсүрэн, дараа нь би Нямжав, дараа нь Оюунчимэг, дараа нь Бямбагэрэл, дараа нь Долгормаа /Долгорсүрэн/, дараа нь Баттулга, дараа нь Бум-Эрдэнэ гэж хүмүүс байдаг. Одоо бид наймаас Улаангомд байгаа нь Бум-Эрдэнэ бид хоёр байгаа, бусад нь бүгд Тэс сумандаа ажиллан амьдарч байна. Л.Долгорсүрэнгийн нэрийг анх аав, ээжээс Долгормаа гэж өгсөн боловч манай сумын Иргэний бүртгэлийн ажилчдын буруутай үйлдлээс болон Долгорсүрэн гэх нэртэй болсон ба одоог хүртэл Долгорсүрэн нэртэй байгаа. Анх улаан паспорт солигдоход л нэр нь өөрчлөгдөж Долгорсүрэн нэртэй болсон. Одоо миний дүү тэтгэвэрт гарах нас нь болоод бичиг баримтаа цэгцлэхэд нэрний зөрчил гараад байгаа учраас энэ зөрчилийг нь шийдвэрлэж өгнө үү” гэсэн мэдүүлгээс үзэхэд нэхэмжлэгч Л.Долгорсүрэнг “Долгормаа” гэдэг байсан нь тогтоогдож байгаа ба тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилчдын буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн нэрийг өөрчлөн бүртгэлд оруулснаас нэрний зөрчил үүссэн нь тогтоогдож байна.

         Мөн гэрч Ж.Батмөнх: “Би Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага сургуульд 1981 оноос 1985 оныг хүртэл бага ангийн багшаар, 1985 оноос 1987 он дуустал эрхлэгчээр, 1988 оноос 1996 он хүртэл бага ангийн багшаар тус тус ажиллаж байгаад Улаангом руу шилжин ирсэн. Одоо Увс эрдэм ахлах сургуульд багшилж байна. Л.Долгорсүрэн 1984 оноос эхлэн манай сургуульд ажилд орж байсан. Анх 1984 онд үйлчлэгчээр ажиллаж эхэлсэн. 1985 оноос гал зууханд сав угаагчаар, 1986 оноос цагаан хэрэглэл угаагчаар 1994 он хүртэл ажилласан. Ажилдаа идэвхи зүтгэлтэй сайн ажилчин, даруухан төлөв томоотой хүүхэд байсан. Бид хамтдаа бага сургуульд ажиллаж байсан болохоор нэгнээ сайн мэднэ. Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага сургуулийн захирлаар Д.Гансүх, Л.Жамсран гэх хүмүүс ажиллаж байсан” гэж, гэрч Н.Нямжав: “Л.Долгорсүрэн Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага сургуульд 1984 оноос эхлэн үйлчлэгч, сав угаагчаар, цагаан хэрэглэл угаагчаар 1994 он хүртэл тус тус ажиллаж байсан. Би Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага сургуульд бага ангийн багшаар 1985 оноос 2006 он хүртэл ажилласан. Л.Долгорсүрэн нь ажилдаа идэвхи зүтгэлтэй ба даруухан төлөв томоотой ажилчин байсан. Бид хамтдаа Хар үзүүрийн бага сургуульд ажиллаж амьдарч байсан болохоор бие биенээ сайн мэднэ. Тухайн үед Увс аймгийн Тэс сумын Хар үзүүрийн бага сургуулийн захирлаар З.Дүгэржав, Ж.Батмөнх, Д.Гансүх, Л.Жамсран гэх хүмүүс ажиллаж байсан” гэж тус тус мэдүүлсэн ба гэрчүүдийн ажиллаж байсан байдлыг нотлох тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

         Иймд нэхэмжлэгч Л.Долгорсүрэнг Увс аймгийн Тэс сумын 2 дугаар бага сургуулиас 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон 340599 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож, уг хөдөлмөрийн дэвтэр, тус сургуулийн захирлын 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 64 тоот тушаал, гэрч Н.Нямжав, Ж.Батмөнх, Л.Нямжав нарын шүүхэд өгсөн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбар зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Л.Долгорсүрэнгийн Увс аймгийн Тэс сумын 2 дугаар бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд үйлчлэгч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Л.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаанаа дурдаж, өөрийг нь байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийлгэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тайж овогтой Лойполын Долгорсүрэнг Увс аймгийн Тэс сумын 2 дугаар бага сургуулиас 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр олгосон 340599 тоот хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож, түүний Увс аймгийн Тэс сумын 2 дугаар бага сургуульд 1984 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл хугацаанд үйлчлэгч, цагаан хэрэглэл угаагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч Л.Долгорсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ГЭРЭЛТУЯА