Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 204/МА2026/00014

 

 

 

  

2026 оны  05 сарын  15                                                   204/МА2026/00014                       

 

 

Д.Б-н нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2026/00332 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б-н нэхэмжлэлтэй,

            Хариуцагч Т.М-д холбогдох,

Зээлийн гэрээний төлбөр 78,630,000 төгрөг, олох байсан орлого 21,204,560 төгрөг, нийт 99,834,560 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Т.Мы давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэл, тайлбарын агуулга: 2025 оны 01 сараас эхлэн Б.Т нь надтай холбогдож Т.М мөнгө зээлье гэж байна гэсэн. Эдгээр нь нэг гэр бүлийн хүмүүс бөгөөд Б.Т дамжуулж ярьж байсан боловч бодитоор Т.М өөрөө зээл авсан. Үүний дагуу 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,630,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23,000,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025 оны 01 сарын 31-ны өдөр 16,000,000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 23,000,000 төгрөгийг тус тус зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл буцаан төлөөгүй байна.

Энэ мөнгийг зээлэхдээ Т.М өөрөө шууд яриагүй ч эхнэр Б.Т нь надтай холбогдож нөхөр бид хоёр зээлж байна гэж хэлж байсан. Т.М тухайн үед нүүрсний машин авч амьжиргаагаа дээшлүүлэх зорилготой гэж тайлбарлаж, 2025 оны 01 дүгээр сарын 28-нд 23,000,000 төгрөг авсан. Үүний дараа 94490814 дугаараас “машинаа авчихлаа, замд явж байна” гэж надтай холбогдсон. Иймд би тухайн мөнгийг зориулалтын дагуу ашигласан гэж ойлгож байсан. Гэвч одоо хүртэл мөнгөө буцаан төлөөгүй тул нэхэмжилж байна.

2024 оны 7 сард би Өвөрхангай аймагт ирэхдээ Б.Т-ийнд очиж уулзсан. Тухайн үед Т намайг гэртээ авч очиход монгол гэрт амьдарч байсан. Дараа нь 2025 оны 7 дугаар сард дахин ирж тооцоо нийлж мөнгөө авах гэж оролдсон боловч Б.Т утсаар хотод ирчихсэн байна гэж хэлээд надтай уулзахаас зайлсхийсэн. Би шөнөжин хайж, гэрийг нь олж очиход хаалттай, хүнгүй байсан. Маргааш нь холбогдох гэсэн ч утас нь холбогдохоо больсон. Тэгээд машинаа асаалттай хоночхоод ярьтал эмнэлэгт хадам ээж харвасан гэхээр нь танай аймгийн төв эмнэлэг дээр очоод сахиуртай, харвасан хүн байгаа юу? гэхэд байхгүй гэсэн. Иймд цагдаагийн байгууллагад хандаж, тухайн хүнийг хайж эхэлсэн. Цагдаагийн алба хаагчийн тусламжтайгаар Б.Т-ийн байгаа газрыг нь олж очиход тухайн этгээд байсан. Цагдаад хэлтэл өргөдөл гарга гээд өргөдөл гаргах гээд байж байсан чинь гаднаас нэг цагдаа орж ирээд энэ хүн манай найзын эхнэр байна. Та гомдол өгөхөө байж бай би гэрийг нь мэднэ гээд охин бид хоёрыг дагуулж очсон. Очиход хариуцагч Т.М өөрөө байж байсан. Тэгснээ манай эхнэр байхгүй, 3 хоног алга болчихсон гэж хэлсэн. Тэгээд эхнэр Б.Т-тай нь уулзаж чадаагүй. Тэгээд хариуцагчтай өөртэй нь холбоо барьж болохгүй, миний утсыг блоклочихсон байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Иймд Т.М-д зээлүүлсэн 78,630,000 төгрөг, энэ мөнгийг бусдад зээлүүлсэн бол зохих хэмжээний орлого олох байсан орлогыг мөнгөн зээлийн үйл ажиллагааны хамгийн доод хувь болох 2,6 хувиар тооцож 21,204,560 төгрөг, нийт 99,834,560 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

            Хариуцагч Т.М татгалзал, тайлбарын агуулга: Би энэ асуудалд өөрөө огт оролцоогүй. Манай эхнэр Б.Т миний дансыг ашигласан. Би Бат-Өлзий гэдэг хүнтэй нэг ч удаа ярьж байгаагүй, утсаар ч холбогдож байгаагүй, мөнгө авч үзээгүй. Дансны хуулгаа авч үзэхэд миний дансаар мөнгө орж гараад байсан ч тэр мөнгө нь Мөнхтуяа, түүний нөхөр, охин зэрэг хүмүүс рүү шилжсэн байсан. Өөрөөр хэлбэл миний дансыг ашигласан болохоос би өөрөө энэ мөнгийг авч, ашигласан зүйл байхгүй. Би ямар мөнгө, ямар зориулалтаар орж гарч байгааг ч мэдээгүй, эхнэр маань надад энэ талаар огт хэлээгүй. Ийм учраас энэ мөнгийг би төлөх үндэслэлгүй гэжээ.

            Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасны дагуу хариуцагч Т.М-оос 78,630,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас олох байсан орлогод нэхэмжилсэн 21,204,560 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй  болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Т.М-оос 551,100 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 657,123 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

            Хариуцагч Т.М давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2026/00332 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие нэхэмжлэгч Д.Б-тэй нэг ч удаа уулзаж байгаагүй. Ерөөсөө танихгүй. Би өөрөө Д.Б руу мөнгө зээлээч гэж нэг ч удаа утсаар ярьж байгаагүй. Энэ хэрэгт хариуцагчаар татагдах хүн нь биш байхад намайг хариуцагчаар татаж, ажиллагаа хийж, надаас 78,630,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Б Өвөрхангай аймагт хүүтэй зээл гаргадаг, миний дансаар мөнгө оруулж гаргадаг байсан. Манай эхнэр миний дансыг ашигладаг байсан. Миний дансаар энэ хоёр хүүгээ оруулж гаргадаг байсан байх гэж бодож байна. Би нэг ч удаа энэ хүнээс мөнгө зээлж үзээгүй, мөнгө зээлье гэж нэг ч удаа утсаар яриагүй гэв.

Нэхэмжлэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Тогоохүүгийн Т.М-той өмнө нь уулзаж байсан. Би Дундговь аймагт лангуу түрээслэгчээр ажилладаг байх үед Т энэ хүн манай нөхөр гэж танилцуулж надтай уулзаж, миний зарж байсан бараанаас зарж өгнө гэж хэлээд авч явсан. Манай хүү машин зарна гээд Т-тай холбогдоход Т манай саахалтын айлын хүн машин авах гэж байгаа юм гэж хэлээд машиныг 2025 оны 3 дугаар сард очиж авсан. Тэгэхэд Т.М, манай саахалт айлын хүүхэд гурвуулаа хамт явж байсан. Гэтэл 7 дугаар сард эхнэртэй нь уулзах гэж ээжийнд очиход тэр машин нь гэрийн гадаа байсан. Т-гийн дүү болох Алтанцоож гэдэг хүн бөөрний хагалгаанд орохдоо донор олдлоо, мөнгөө зээлүүлээч, 60,000,000 төгрөг хэрэгтэй байна гэж Т-гаар надаас 28,000,000 төгрөг зээлүүлсэн. Гэтэл маргааш нь хагалгаа амжилтгүй боллоо, Т шөнөжингөө нойргүй хоносон учраас унтаж байна, хагалгаа нь амжилтгүй болохыг мэдээгүй, би нөхөр нь байна гэж хэлээд эхнэрийнхээ утсаар ярьсан. Анхан шатны шүүх хуралдаанд эхнэр, Д.Б 2 миний дансыг ашиглаж байсан гэж ярьсан. Т.М гэдэг хүн дансаа өөрөө л мэднэ. Би өөрөө 5450395555 гэсэн Хаан банкны дансыг эзэмшдэг, мөн Хаан банкны 5561132668 гэсэн данс, 50500688114 гэсэн 3-н дансны гүйлгээгээр надтай 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сар хүртлээ харьцсан. Нийт 3-н дансаар 51 удаа 344,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн байна. Энэ 344,000,000 төгрөгийн гүйлгээний нэг дансыг мэдэхгүй байна гэхэд бусад 2 дансныхаа гүйлгээг энэ хүн өөрөө гардаж хариуцдаг. Анхан шатны хуралдаанд энэ дансаар миний орсон мөнгөнүүдийг энэ хүн өөрөө захиран зарцуулсан, би хариуцагч биш, Т. Д.Б хоёр миний дансыг ашигладаг гэсэн тайлбар нь худал, огт үндэслэлгүй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийн аль хэсгийг ямар хууль зүйн үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа бичсэний үндсэн дээр нэхэмжлэгч татгалзал, баримтаа гаргаж өгөх эрх нь нээлттэй байдаг. Гэтэл үндэслэлдээ давж заалдах шатны шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлана гэж бичсэн. Гэтэл хариуцагч биш байхад намайг хариуцагчаар татсан, мөн Д.Б, Т хоёр хоёулаа миний дансыг ашигладаг гэсэн үндэслэлгүй тайлбар хэлж байна. Давж заалдах гомдлын үндэслэл, тайлбар агуулга нь хоорондоо зөрчилдөөд байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлд хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдсон бол оролцогчийн хүсэлтээр шүүх солих эрх нь нээлттэй. Энэ агуулгаар шүүхэд татгалзал тайлбар гаргаагүй, нэхэмжлэгчээс орж ирсэн мөнгийг хүлээн зөвшөөрдөг, би өөрөө захиран зарцуулаагүй, манай эхнэр зарцуулсан, шилжүүлсэн гэж тайлбар гаргадаг ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т заасны дагуу нотолж нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Д.Б нь Т.М-д холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 78,630,000 төгрөг, олох байсан орлого 21,204,560 төгрөг, нийт 99,834,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Т.М эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн байна.

            4. Д.Б нь Хаан банк дахь өөрийн 5450395555 дугаар данснаас Т.М-ы 5400896550 дугаар дансанд 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 6,630,000.00 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 23,000,000.00 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр 26,000,000 төгрөг, 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр 23,000,000.00 төгрөг, нийт 78,630,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

Харин Д.Б-н зүгээс Т.М эхнэр Б.Т-аар дамжуулан мөнгө зээлэхийг хүссэн учир Хаан банк дахь Т.М-ы дансанд зээлсэн мөнгийг нь шилжүүлэн өгсөн гэсэн бол Т.М нь эхнэр Б.Т миний дансыг ашиглан мөнгө авсан, би энэ мөнгийг авч, ашигласан зүйл байхгүй, хариуцагч биш гэж маргасан боловч үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлоогүй, энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул Т.М-ы давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, мөн 282 дугаар зүйлийн 282.4 дэх “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан.

Тодруулбал, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно” гэж зааснаар  зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, Т.М нь гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.2 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй буюу болзол тавиагүй, үүргийн шинж чанараас шалтгаалан түүнийг тодорхойлох боломжгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг хэдийд ч шаардах эрхтэй, үүрэг гүйцэтгэгч нэн даруй гүйцэтгэх үүрэгтэй байна.” гэж заасан. Өөрөөр хэлбэл зохигч үүрэг гүйцэтгэх хугацаа тогтоогоогүй байх тул Д.Б зээлийн төлбөрийг хэдийд ч шаардах эрхтэй, Т.М нэн даруй зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй учраас зээлийн гэрээний төлбөр 78,630,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

5. Олох байсан орлого 21,204,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт Д.Б гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй болно.  

6. Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2026/00332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.М-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

7. Давж заалдах гомдлыг хангахгүй орхисон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа Т.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2026/00332 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.М-ы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа Т.М-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 551,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.