Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 204/МА2026/00015

 

 

2026            5            15                                                204/МА2026/00015

Д.Б нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

            Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Цэрэнпүрэв даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2026/00331 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Г-т  холбогдох,

Зээлийн гэрээний төлбөр 35,886,000 төгрөг, орох байсан орлого 9,179,924 төгрөг, нийт 45,065,924 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Б давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгч Б.Цэрэнпүрэвийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Б /цахим/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал /цахим/, хариуцагч Д.Г , нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгч Д.Б нэхэмжлэл, тайлбарын агуулга: “...2025 оны 01 дүгээр сард тус аймагт оршин суугч Б.Т  нь миний найз Д.Г  нь өөрийн ББСБ-н үйл ажиллагаа явуулдаг. Д.Г  хувьд нь “яаралтай мөнгө хэрэг болоод байна мөнгө зээлээч” гээд байна, та манай найзад мөнгө зээлээч манай найз өөрөө ББСБ-д ажилладаг эргэн төлөлт нь найдвартай гэж танилцуулан түүний дансыг өгсөн. Дээрх зүйлийг ярихад миний бие 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6,700,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр 19,186,000 төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 3 удаагийн гүйлгээгээр 35,886,000 төгрөгийг хариуцагч Д.Г-т  зээлүүлсэн.

            Хэсэг хугацааны дараа Б.Т д хандаж чиний найз гэх Д.Г  зээлээ төлөхгүй байна зээлээ төл гэх шаардлагыг түүнд хэл, эсхүл надад утсыг өг гэж хэлэхэд Б.Т  нь та өөрөө шүүхдээд авахгүй юу гэж хэлсэн болно. Д.Г-ийн  зээлж аваад төлөөгүй 35,886,000 төгрөгийг бусдад зээлдүүлсэн бол зохих орлого олох байсан. Олох байсан орлогын мөнгөн зээлийн үйл ажиллагааны 2,6 хувиар бодож 9’179’924 төгрөгөөр тооцооллоо.

            Иймд Д.Г-оос  45,065,924 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

            2. Хариуцагч Д.Г-ийн  татгалзал, тайлбарын агуулга: “...Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ... дугаар баг, .... тоотод оршин суудаг. Одоогоор “С капитал ББСБ” ХХК, “Х” ХХК, “У капитал ББСБ” ХХК, “Х” ХХК зэрэг компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа бөгөөд надад зээл авах ямар нэгэн шалтгаан байгаагүй.

            Нэхэмжлэлд дурдсан Д.Г гэх хүн болон 9920.... дугаартай утас нь надад ямар ч хамааралгүй, огт холбоогүй. Б.Т  гэх хүн өмнө нь манай байгууллагаас зээл авч байсан боловч надад хувийн ямар нэгэн холбоо, найз нөхдийн харилцаа байхгүй. Тэр хүн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр надаас 6,500,000 төгрөг авч, 01 дүгээр сарын 10-ны өдөр 6,700,000 төгрөг болгон шилжүүлсэн. Шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь Б.Т гийн утасны дугаарыг бичсэн. Яагаад гүйлгээний утга дээр нь Б.Т гийн утасны дугаар бичсэн бэ? Хэрэв тухайн үед гүйлгээний утга дээр Д.Г-т  зээл өгөв, Д.Б зээлүүлэв гэж бичсэн байсан бол би юун зээл вэ? гээд холбогдох байгууллагад хандаад хаанаас, хэнээс орж ирснийг шалгуулах боломжтой байсан. Гэвч Б.Т тай үгсэн хуйвалдаж Б.Т  нь Д.Б-гөөр хийлгэсэн юм уу? яасан юм. Энэ хүмүүсийн хоорондын харилцаа, холбоог шалгуулах нь зүйтэй байх. Дараагийн гүйлгээнүүд мөн ийм байдлаар хийгдсэн. Гүйлгээний утга гэдэг бол мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа хүний хувьд хэнд, ямар зориулалтаар, хэдэн сарын хэдний өдөр, хэдэн төгрөгийг ямар хүүтэйгээр зээлж байгаа гэх мэт тодорхой мэдээллийг илэрхийлэх толь байдаг. Гэтэл Б.Т гийн бич гэсэн гүйлгээний утгыг бичиж над руу мөнгө хийсэн нь нэхэмжлэгчийг Б.Т тай холбоотой байж болзошгүй гэж бодоход хүргэж байна. Д.Б гэх хүнийг би огт танихгүй, хэзээ ч холбоо барьж байгаагүй. Гэтэл намайг таньдаг мэт, надад хүүтэй мөнгө зээлүүлсэн мэтээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хуулийн 282.3-т заасан шаардлагыг зөрчиж байна.

Мөн би өөрөө Б.Т  гэх хүнд 82,000,000 төгрөгийн хохирол амссан бөгөөд уг асуудал одоогоор прокурорын байгууллагад шалгагдаж байгаа. Би ямар ч хүүгүйгээр зөвхөн өөрийн өгсөн мөнгөө буцаан авах хүсэлттэй явж байгаа. Иймд уг асуудал нь иргэний маргаан биш, харин Эрүүгийн хуулийн 17.6-д заасан залилах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэж үзэж байна. Одоогоор холбогдох бусад үйлдлүүд ч мөн адил залилангийн шинжтэйгээр шалгагдаж байгаа. Тиймээс энэ хэргийг прокурорын байгууллагаар шалгуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80.1.4-д заасны дагуу хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Би Банк бус ажиллуулдаг Олон хүн зээлээ төлдөг тул Б.Т  гэж хүн зээлээ хаая гэж хэлээд мөнгө шилжүүлсэн. Гүйлгээний утга нь хэлсэнтэй нь таарч байсан” хэрвээ Бат-Өлзийгөөс зээл гэж шилжүүлсэн бол ямар учиртай гэх байсан байх” гэв.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Б нэхэмжлэлтэй хариуцагч Д.Г-т   холбогдох зээлийн гэрээний үүрэг 35,886,000 төгрөг, олох байсан орлого 9,179,924 төгрөг, нийт 45,065,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Б улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 499,209 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.Б давж заалдах гомдлын агуулга: Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 314/ШШ2026/00331 шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж айна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... “Мөн хуулийн 282 дугаар үйлийн 282.4-д мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг айгуулсанд тооцно гэж тус тус заасан нь гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч хэзээ, хэрхэн төлүүлснийг тодорхойлох нөхцөл бөгөөд хариуцагч 35,886,000 төгрөгийг зээлж аваагүй гэж маргасан тул нэхэмжлэгч Д.Б нь 35,886,000 төгрөг зээлснээ нотлох үүрэгтэй ба үндэслэлээ нотолж чадаагүй гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй байх бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг үгээр хэлбэл хариуцагч Д.Г  нь маргасан учраас нэхэмжлэгч намайг нотлох үүрэгтэй гэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэснийг зөрчсөн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх нь хариуцагч Д.Г-ийн  ... банк бус санхүүгийн байгууллага ажиллуулдаг олон хүн зээлээ төлдөг тул Б.Т  гэж хүн зээлээ хаая гэж сэлээд мөнгө шилжүүлсэн. Гүйлгээний утгатай таарч байсан гэж мэдүүлдэг гэснийг зөвтгөн дүгнэж туйлын үнэн зөв гэж үзэж байгаа нь огт ойлгомжгүй байна. Б.Т  хэргийн оролцогч биш нь үнэхээр хариуцагч Д.Г-оос  зээлсэн мөнгөө нэхэмжлэгч Д.Б надаар төлүүлсэн гэсэн ямар ч нотлох баримтгүй байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар 23-ны өдрийн дугаар 314/ШШ2026/00331 шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаан өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч Д.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх намайг нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэж дүгнэсэн. Харин хариуцагч Д.Г-ийн  тайлбарыг үнэн зөв гэж шүүх шийдвэрлэсэн. Мөн Д.Г-ийн  өгсөн баримтыг надад танилцуулаагүй, хавтаст хэрэгт байгааг би мэдээгүй. Өмнө нь гаргасан Д.Г  тайлбарыг бид нар хүлээж авсан. Дараагийн нотлох баримтаар гаргаж өгсөн дансны хуулга прокурорын байгууллагаас ирсэн бичиг баримт гэдгийг огт мэдээгүй байсан. Шүүх хуралдаанд нотлох баримттай танилцана гээд баахан юм уншаад байсан. Би гайхаад өнгөрсөн. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны дараа би хавтаст хэрэгтэйгээ танилцахад олон баримтууд хавтаст хэрэгт цугларсан байсан. Энэ нотлох баримтыг шүүгчийн туслах надад хэлээгүй, надад шинээр ирсэн нотлох баримт ирсэн танилцаарай гэж хэлээгүй учраас би шинээр ирсэн баримт авагдаагүй гэж ойлгоод л шүүх хуралдаандаа орсон. Гэтэл энэ олон баримтууд авагдсан байсан. Би эдгээр нотлох баримттай танилцаагүй. 2025 оны 01 дүгээр сарын 10-ны би 6,700,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 6,500,000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Үүнийг би буцааж н.Түмэннасангаар төлүүлсэн юм гэдгийг тайлбарлаж өгсөн. Түмэннасан Д.Г  гэдэг хүнд өртэй. Би та танаас мөнгө авч энэ өрөө төлүүлье гэж нэг ч удаа надад хэлээгүй. Хэрвээ Түмэннасан надаас мөнгө гуйсан бол Түмэннасангийн өөрийнх нь дансанд шилжүүлэх байсан. Ийм утгатай зүйл надтай нэг ч удаа ярьж байгаагүй. Д.Г  гэдэг хүн мөнгө зээлье гэж хэлж энэ нэхэмжлээд мөнгөнүүдийг чи шилжүүл гэсэн байдаг юм. Ганзоригийн дансыг өгч, Ганзориг 6,700,000 төгрөгийг ямар үндэслэлтэй тайлбар гэрээ хийдгийг би өөрөө тайлбарласан. Би олон банк бус ажиллуулдаг, гүйлгээний утга чухал гэж ярьсан. Гэтэл миний нэхэмжилсэн 6,700,000 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын 9-ний өдөр шилжүүлсэн 6,508,000 төгрөгийг 5400896559 данс руу шилжүүлсэн. Түмэннасан энэ мөнгийг төлсөн юм гэж тайлбарладаг. Түмэннасанд би мөнгө зээлүүлсэн юм гэсэн гүйлгээнүүдэд ямар ч зээлийн гэрээ байгуулсан баримт гаргаж өгөөгүй. Харин гүйлгээний утга чухал байдаг юм гэж өөрөө хэлсэн. Мөн Түмэннасангийн данс Т.М гэдэг хүний данс байгаа. Тэгэхээр Т.М-д зээлүүлсэн мөнгөө Түмэннасанд зээлүүлсэн юм, би энэ мөнгөө авсан гэж ярьж болохгүй. Түмэннасанд зээлүүлсэн мөнгө биш юм. 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 19,186,000 төгрөгийг Дүгэрсүрэнгийн Ганзоригт би шилжүүлсэн. Гэтэл 2025 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 18,100,000 төгрөгийг би Түмэннасанд зээлүүлсэн байсан юм. Тэр зээлүүлсэн мөнгө нь батлагдаж байна гээд шаардлага хангахгүй баримтыг гаргаж өгсөн байгаа. Энэ утган дээр Түмэннасанд зээлүүлэв гэсэн нэг ч үг байхгүй. 2025 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн байгаа. 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр мөнгийг Ганзоригт өгөхөд хариу тайлбар хэлээгүй. Түмэннасан Ганзориг гэдэг хүн мөнгө зээлье гэж байна гээд Ганзоригийн дансыг надад өгсөн байдаг. Энэ дансаар нь л би шилжүүлсэн. Би анх нэхэмжлэл гаргахдаа Ганзориг гэдэг хүн мөнгө зээлье гэж Түмэннасангаар дамжуулаад надад дансаа өгсөн учраас би энэ хүнээс мөнгөө авъя гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Анх нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэлийг огт авч хэлэлцээгүй, нэг талыг баримталж Ганзоригийн худал мэдүүлэг, нотлох баримтаар дүгнэж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би Д.Г-ийн  өөрийнх нь данс руу мөнгийг хийсэн. Ганзориг энэ талаар маргадаггүй. Гэхдээ Түмэннасангаас авах өрөө авсан гэж  яриад байна. Би Түмэннасангийн өр төлөгч биш юм. Би Д.Г-т  мөнгө зээлүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Д.Г-ийн  үнэн худал нь мэдэгдэхгүй шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтыг албан ёсоор гаргаж өгөөгүй, хэзээ хавтаст хэрэгт нь орсон нь мэдэхгүй байна. Би шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтнаас Ганзориг гэдэг хүн нотлох баримт хэзээ өгсөн бэ гэж асуухад манайхаар дамжиж орж ирээгүй гэсэн. Мөн шүүгчийн туслах нь надад Д.Г  нэмэлт материал өгсөн, та танилц гэж надад хэлээгүй. Тэгэхээр Ганзоригийн өгсөн нотлох баримтыг хуурамч. Энэ нотлох баримтыг хавтаст хэрэгт өөрөө шургуулсан байх гэж  бодож байна. Д.Г-ийн  нотлох баримт гэж гаргаж өгөөд байгаа материалууд шаардлага хангахгүй байгаа учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд миний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Золжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Нэхэмжлэгчийн зүгээс гомдлын үндэслэлээ сая тайлбарлалаа. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168.1.3-д заасан зөрчлийг гаргасан байна гэсэн агуулгаар тайлбарлаж байна. Нэхэмжлэгчид хэргийн материал танилцуулаагүй хуулийг зөрчсөн байна. Анхан шатны шүүх үндэслэл хэсэгтээ хариуцагчийн зүгээс маргаж байгаа учраас нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй байна гэдэг. Энэ маргасан татгалзалд ямар хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй харагдаад байна. Өөрөөр хэлбэл Түмэннасан гэж хүн зээлээ хаамаар байна гэж хэлэхэд мөнгө шилжүүлсэн. Түмэннасан гэдэг хүн энэ хэргийн оролцогч биш байгаад байгаа юм. Хариуцагчийн тэр мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх нь учир дутагдалтай нөхцөл байдал байгаа. Шүүх баримтгүй зүйлд дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болж дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

7. Хариуцагч Д.Г  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэл гаргасан Ц.Бат-Өлзий гэдэг хүнийг таньж мэдэхгүй. Би энэ хүнтэй утсаар ярьж ч үзээгүй. Харин иргэний хэргийн анхан шатны шүүхэд буруу зөрүү нь мэдэгдэхгүй нэхэмжлэл ирсэн байсан. Миний овгийг Дүгэрдорж, утасны дугаар огт мэдэхгүй, гэрийн хаяг буруу нэхэмжлэл өгсөн байсан. Би ямар ч хүнээс мөнгө зээлэх болон мөнгө олоод өг гэж нэхэх ямар ч боломж байхгүй. Манай 3-н банк бус гурвуулаа гаднаас хадгаламж ч авдаггүй, өөрийн эх үүсвэрийн гадагш нь зээл олгодог банк бусууд байгаа. Түмэннасан өөрөө нөхөртэйгөө ирээд өнөөдөр зээлээ хаая гээд л зээлээ хаасан байгаа. Түмэннасан манай банк бусаас 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр зээл авч 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдөр буцаагаад төлсөн. Гүйлгээний утга дээр нь Бат-Өлзий гэдэг хүний данснаас гүйлгээний утга дээр нь 99941123 гээд Түмэннасан өөрийнхөө дугаарыг тавьсан байсан. Түмэннасан надаас 3-н удаа зээл авсан. Мөн энэ зээлээ бүгдийг хаасан. Сүүлд нь ийм нэхэмжлэл ирэхээр нь би гайхсан байгаа. Би анхан шатны шүүх хуралдаанд  хардлага гаргасан нь энэ 2 ашиг олохын тулд интернэт банкаа дундаа ашиглаж байсан байх. Яагаад гэвэл Түмэннасан нөхөртэйгөө орж ирээд машиндаа сууж байгаад мөнгө шилжүүлчихлээ гэсэн. Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх журам 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн. Энэ зээлийн журамд иргэд хоорондын зээлийн гэрээний үйлчилгээг гэрээ байгуулж мөнгийг нь заавал зээлж авч байгаа хүний дансанд шилжүүлнэ гэсэн зарчмын асуудал байгаа. Тэрнээс биш утсаар яриад хэн хамаагүй мөнгө шилжүүлээд байна гэж байхгүй. Би энэ хүнд итгэхгүй байгаа. Ямар жижигхэн хүүхэд байгаа биш 67, 68 настай насаараа ийм ажил хийсэн хүн байна. Хэрвээ миний дансанд мөнгө орж би захиран зарцуулсан бол өөр хэрэг. Би нотлох баримтыг Өвөрхангай аймгийн Прокурорын газраас гаргуулж авсан. Энэ материал яагаад гарч ирсэн гэвэл Түмэннасан, Мөнхтуяа гэж 2 хүнд 82,000,000 төгрөг залилуулсан. Одоогоор Прокурорын байгууллагад шалгагдаад явж байгаа. Танай гаргаж өгсөн нотлох баримтаар 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагдаж Түмэннасан хоригдсон байгаа. Түмэннасангийн өгсөн мэдүүлэгт Мөнхтуяа болон Өлзий эгч нар гэсэн хүмүүст их хэмжээний мөнгө өдрийн 3 хүүтэйгээр зээлсэн. Түмэннасан гээд энэ дансаар авсан мөнгөнүүд бүгд Мөнхтуяа, Бат-Өлзий хоёрын дансанд орсон. Энэ хэрэгт эдийн засгийн шинжээч томилогдоод дүгнэлтүүд нь гарсан. Би та нар Түмэннасантайгаа учраа олж, прокурорын байгууллага дээр гаргуулах асуудлаа шийдвэрлүүлэх ёстой гэж хэлж байгаа. Түмэннасангаас авлагатай байсан юм бол яагаад эдийн засгийн шинжээчийн дүгнэлтээр 400,000,000 төгрөгийг Бат-Өлзий Түмэннасанд өртэй байгаа юм бэ. Огт танихгүй хүний данс руу та нар мөнгөн хөрөнгийг нь Түмэннасангийн утасны дугаарыг бичээд зээл төлөх болгонд нь төлчхөөд шатсан дээрээ шатахгүй гэсэн юм шиг мөнгөө авч чадахгүй болохоороо намайг барьж авна гэж бодож байгаа. Тийм зүйл байхгүй. Мөнгөн зээлийн үйлчилгээгээр та нар мөнгөн зээлээд хүмүүсээс ашиг орлого олдог байсан бол гэрээгээ хийгээд дэргэдээ суулгаж байгаад камер бичлэгтэй, дүрэм журмаар нь явахгүй яасан юм. Банк болон банк бус санхүүгийн байгууллагууд дээр зээлээ төлүүлэхийн тулд бичиг баримтуудтай ажилладаг хүмүүс байгаа. Яагаад гэвэл хэний ч данснаас зээлээ төлж болно гэж гэрээнд байгаа. Тэрнээс биш Түмэннасан гэдэг хүн дансаар зээлээ авсан дансаараа зээлээ төлнө гэсэн ойлголт байхгүй. Хэн ч эхнэрийнхээ дансаар төлж болно, хүүхдийнхээ данснаас төлж болно, бид нар хэний ч данснаас зээлээ төлж байгаа гэдгийг хянах ямар ч боломж байхгүй зүйлийг яриад байгаа юм. Прокурорын байгууллагаас авчирсан баримт материалуудыг цаг хугацаатай шүүхэд нэмэлт материал авчирч өгч бүрдүүлээд өгсөн. Намайг энэ нотлох баримтыг шургуулчихсан гэж яриад байна. Нотлох баримтын талаар зүй ёсны бус асуудал ярьж байна. Бат-Өлзий гэдэг хүн Түмэннасантайгаа прокурорын байгууллагад хандаж өр ширнийхээ асуудлыг тэндээ шийдвэрлэх ёстой. Энэ асуудал надтай ямар ч хамаарал байхгүй. Би гүтгэж байгаад гомдолтой байна гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Д.Б нь Д.Г-т  холбогдуулан зээлийн гэрээний төлбөр 35,886,000 төгрөг, орох байсан орлого 9,179,924 төгрөг, нийт 45,065,924 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг Д.Г  эс зөвшөөрч Б.Т  манай байгууллагаас зээл аваад буцааж төлөхдөө Д.Б гэж хүний данснаас шилжүүлсэн болохоос би Д.Б-гөөс зээл аваагүй гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

4. Д.Г  нь мөрдөгчийн 2025 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоолын хуулбар “Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хуулбар үнэн”-ыг нотлох баримтаар гаргаж өгсөн байх боловч анхан шатны шүүх тухайн баримыг Д.Бат-Өлзийд 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр танилцуулан баримт үйлджээ. /хх-ийн 36, 39-р тал/ Өөрөөр хэлбэл нотлох баримт шүүхэд ирээгүй байхад түүнийг хэргийн оролцогчид танилцуулах боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т “эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх” гэж заасан хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг анхан шатны шүүх ноцтой зөрчсөн. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт “Зохигч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно.” гэж заасан мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан учир Д.Б энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэв.

5. Анхан шатны шүүх 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хэргийн материал танилцуулан, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шийдвэр гаргасан байна. Гэтэл шүүх хуралдаан болох өдөр хэргийн материал танилцуулан, шүүх хурлын тов мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” гэж заасан хэргийн оролцогчийн эрхийг анхан шатны шүүх хангасан гэж дүгнэх үндэслэлгүй болжээ.

6. Иймд дээрх зөрчлүүдийг давж заалдах шатны шүүхээс нөхөж гүйцэтгэх, залруулах боломжгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д зааснаар хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 314/ШШ2026/00331 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар Д.Б давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 383,280 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.