Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1145

 

 

 

 

 

 

 

 

 “Хера экуйпмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

          Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

          Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2016/02795 дугаар шийдвэртэй,

 

          Нэхэмжлэгч: “Хера экуйпмент” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: “Бат жинсрэгт” ХХК-д холбогдох

 

Санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт нийт 576 077 134 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг,

 

Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

         Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.        

 

         Шүүх хуралдаанд:

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Өлүн-Үжин,

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч:  Г.Нямдалай,

         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Өлүн-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь “Бат жинсрэгт” ХХК-тай 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ХЭ-506 тоот, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ХЭ-470 тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүдийг тус тус байгуулсан. Тус гэрээнүүдийн дагуу “Хера экуйпмент” ХХК нь R300LC-9S маркийн 223,300 ам.долларын өртөг бүхий гинжит экскаватор, SL760 маркийн 81,400 ам.долларын өртөг бүхий дугуйт ачигч техникүүдийг гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу “Бат жинсрэгт” ХХК-д шилжүүлсэн. 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн ХЭ-506 тоот, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ХЭ-470 тоот гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.3.6-д “... түрээсийн хүү, түрээсийн зүйлийн үлдэгдэл төлбөрийг компанид энэхүү гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүрэг хүлээх ...” гэж заасан байдаг бөгөөд “Бат жинсрэгт” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд хариуцагч талын хүсэлтээр 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ХЭ-470 тоот санхүүгийн түрээсийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, эргэн төлөлтийн хуваарийг шинэчилж хугацааг сунгасан боловч тус гэрээнүүдийн үүрэг дараах байдлаар зөрчигдөж эхэлсэн. Үүнд ХЭ-506 тоот гэрээний SL760 маркийн техникийн хувьд 2014 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс, ХЭ-470 тоот гэрээний R300LC-9S экскаватор техникийн хувьд 2014 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш хуваарьт төлбөрөө төлөлгүй гэрээний үүргээ зөрчиж байна. Үүний дагуу манай компанийн санхүүгийн ажилтнууд удаа дараа төлбөрөө хугацаанд нь төлөх талаар холбогдон мэдэгдэх хуудас өгсөн боловч төлбөр төлж барагдуулах талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй болно. Үүний дагуу ХЭ-506, ХЭ-470 тоот гэрээнүүдийн 2 дугаар зүйлийн 2.2.9-д болон санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4-т заасныг тус тус үндэслэн гэрээний зүйлүүд болох R300LC-9S маркийн гинжит экскаватор, SL760 маркийн дугуйт ачигч техникүүдийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр техник татах албан бичгээр дамжуулан өөрийн эзэмшил хамгаалалтад татан авсан. Техник татан авснаас хойш харилцагч тал гэрээ үргэлжлүүлэх талаар ямар нэг санал ирүүлээгүй төлбөрийн үүргийн зөрчлөө арилгаагүй. 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “Бат жинсрэгт” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийг цуцлах мэдэгдлийг танилцуулан гэрээг цуцалсан. Санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 5.3-т “гэрээг цуцалсан тохиолдолд түрээсийн зүйлийн төлбөрийг үйл ажиллагааны түрээсийн төлбөрт шилжүүлэн, түрээслэгчийн ажлын талбайд ажилласан нийт хугацаа, бодит ажилласан мото/цагт үндэслэн тооцож нэхэмжилнэ” гэж заасны дагуу SL760 дугуйт ачигч харилцагчийн эзэмшилд 1,679 мото/цаг ажилласан бөгөөд энэ нь гэрээнд заасан үнэлгээгээр 115,431 ам.доллар, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “... гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10%-тай тэнцэх торгуулийг түрээслэгч компанид төлнө ...” гэж заасны дагуу 8,140 ам.доллар нийт 123,571 ам.доллар, үүнээс “Бат жинсрэгт” ХХК-иас “Хера экуйпмент” ХХК-д төлсөн үндсэн төлбөр 66,654 ам.долларыг хасч нийт 56,917 ам.доллар, R300LC-9S экскаваторын хувьд харилцагчийн эзэмшилд 3,109 мото/цаг ажилласан бөгөөд энэ нь гэрээнд заасан үнэлгээгээр 231,277 ам.доллар, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.4-т “... гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10%-тай тэнцэх торгуулийг түрээслэгч компанид төлнө ...” гэж заасны дагуу 22,330 ам.доллар нийт 253,607 ам.доллар, үүнээс “Батжинсрэгт” ХХК-иас “Хера экуйпмент” ХХК-д төлсөн үндсэн төлбөр 20,000 ам.долларыг хасч нийт 233,607 ам.доллар болох бөгөөд 2 техникийн нийт төлбөр 290,524 ам.долларын төлбөртэй байна. Уг 290,524 ам.долларын төлбөр нь 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн ХЭ-506 тоот, 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ХЭ-470 тоот санхүүгийн түрээсийн гэрээнүүдийн 5 дугаар зүйлийн 5.3-т заасан түрээсийн зүйлийн ашигласан элэгдэл бөгөөд гэрээнээс учирсан хохирол болно. Иймд санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт нийт 290,524 ам.долларыг шүүхэд анх нэхэмжлэл гаргасан 2015 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн ханш 1982.89 төгрөгөөр бодож нийт 576,077,134 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

  • Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1, Санхүүгийн түрээс /лизинг/-ийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч “Бат жинсрэгт” ХХК-иас 576 077 134 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 3 038 340 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Бат жинсрэгт” ХХК-иас тэмдэгтийн хураамжид 3 038 340 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК-д олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдалай давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани нь хөрсний нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулдаг ба улсаас орж ирэх санхүүжилтээс үүдэн гэрээний үүрэг зөрчигдөж эхэлсэн байдаг. Мөн компанийн зүгээс шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүндрэл учруулсан бол түүнийгээ ойлгож ухамсарлаж байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлага тооцооны хувьд үндэслэлгүй, маргаантай, төлбөрийн дүн бага бус их хэмжээний төлбөр яригдаж байхад шүүх бодит байдлыг судалж үзэлгүй нэг талын эрх ашгийг хамгаалан нэг удаа ч гэсэн шүүх хуралдааныг хойшлуулалгүйгээр яаран шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “… нэхэмжлэлийн хувийг 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр гардуулж, 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн дотор хариу тайлбараа ирүүлээгүй, гарын үсэг зуруулсан баримт иргэний хэрэгт авагдсан, хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг эзгүйд нь хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэжээ. Нэг талаас шүүх хуульд заасны дагуу шийдвэрлэсэн мэт харагдаж байгаа боловч эрх тэгш байх зарчим болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т заасныг хэрэгжүүлээгүй байна. Хариуцагч компани нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 125 дугаар байрны 14 тоот хаягт байрладаг  байна. Гэтэл нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх  захирлын гэрийн хаягаар нэхэмжлэлээ гаргажээ. Гүйцэтгэх захирал С.Баянмөнхийн оршин суугаа хаяг нь шүүхийн харьяалал тогтооход хамааралгүй юм. Нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК нь 2006 оны 6 дугаар сарын 5-ны өдөр 1 гишүүнтэйгээр байгуулагдаж байсан ба 2012 онд үүсгэн байгуулагчийн тоо 2 болж өөрчлөгджээ. Гүйцэтгэх захирлаар Ганболд овогтой Батхуягийг 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгэсэн байна. Гэтэл нэхэмжлэлд Х.Ганхуяг төлөөлөн гарын үсэг зуржээ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг тал бүрээс бодитой шийдвэрлэх нөхцөл боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч “Хера экуйпмент” ХХК нь хариуцагч “Бат жинсрэгт” ХХК-д холбогдуулж санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт нийт 576 077 134 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

            Зохигчид 2013 оны 3 дугаар сарын 15, 2013 оны 5 дугаар сарын 7-ны өдөр тус тус санхүүгийн түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр  “Хера экуйпмент” ХХК нь “Хьюндай R300LC-9S” маркийн гинжит экскаватор, “Хьюндай SL760” маркийн шанагатай ачигчийг түрээслэж, “Бат жинсрэгт” ХХК нь мото/цагаар тооцож түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-15 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв болно.

 

            Хариуцагч “Бат жинсрэгт” ХХК нь “Хьюндай R300LC-9S” маркийн гинжит экскаваторыг 3109.6 мото/цаг, “Хьюндай SL760” маркийн шанагатай ачигчийг 1.679 мото/цаг ажиллуулсан болох нь эд зүйлийг хүлээлцэх хуудас гэх баримтаар тогтоогдсон ба хариуцагч уг баримтыг  үгүйсгэсэн, няцаасан нотлох баримт гаргаагүй тул анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний үүргийг гэрээгээр тохирсон торгуулийн хамт нийт 290 524 ам.доллар буюу 576 077 134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ  нэхэмжлэлийн үндсэн шаардах эрхийг Иргэний хуулийн  315 дугаар зүйлийн 315.1 дэх хэсэг буюу  түрээслүүлэгчийн шаардлагын хэмжээ тодорхойлох зохицуулалтаар тодорхойлсон нь буруу байна. Мөн талуудын байгуулсан 2  гэрээний 5.4 дэх заалтад “гэрээг цуцалсан тохиолдолд гэрээний нийт үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх торгуулийг түрээслэгч тал компанид төлнө” гэж заасан ба талуудын тохиролцоо нь анзын гэрээг  бичгээр байгуулах болон торгуулийн  хэмжээ 50 хувиас хэтрэхгүй  байх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.5 дахь хэсэгт заасантай  нийцжээ. Иймд  нэхэмжлэгчийг торгууль шаардах эрхтэй гэх шүүхийн дүгнэлт зөв боловч  торгуульд 30.470 ам доллар  гаргуулж шийдвэрлэхдээ  хууль баримтлаагүйг  давж заалдах шатны шүүхээс зөвтгөх боломжтой байна.

 

Анхан шатны шүүх хариуцагчид 2016 оны 2 дугаар сарын 29-ний өдөр  нэхэмжлэлийн хувийг гардуулж, хариуцагчийн төлөөлөгчид хуульд заасан эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлаж өгсөн ба хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбар гаргаагүй, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

 

Түүнчлэн шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдэж, хариуцагчийн төлөөлөгч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авч, гарын үсэг зурсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг шүүх зөрчөөгүй болно.

 

Нэхэмжлэлийг “Хера экуйпмент” ХХК-ийн ерөнхий захирал Х.Ганхуяг гаргасан нь хууль зөрчөөгүй бөгөөд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

            Талуудын байгуулсан гэрээнд хариуцагч “Бат жинсрэгт” ХХК нь Баянгол дүүрэгт оршин байдаг талаар тусгасан байх тул хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасан хэргийн харьяалалыг зөрчөөгүй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно. /хх-н 7, 11-р тал/

 

            Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 102/ШШ2016/02795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

           1 дэх заалтын “Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1 …” гэснийг “Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 232 дугаар зүйлийн 232.5” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 050 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Э.ЗОЛЗАЯА          

                                   

                                            ШҮҮГЧИД                                       А.ОТГОНЦЭЦЭГ                                                                            

                                                                                                  Г.ДАВААДОРЖ