Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваанямын Оюумаа |
Хэргийн индекс | 128/2018/0688/З |
Дугаар | 221/МА2020/0421 |
Огноо | 2020-07-02 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0421
“АИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Д.Оюумаа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, Н.Э, С.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.С, хариуцагч М.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч М.Н болон хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын дагуу “АИ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Үндэсний аудитын газар, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Оюумаагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 269 дүгээр шийдвэрээр: “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасныг баримтлан “АИ” ХХК-иас Үндэсний аудитын газар газарт холбогдуулан гаргасан ...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/116 дугаар тушаалаар батлагдсан “ЭҮ” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн Бүлэг 2 буюу “ЭҮ” ХХК-ийн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж буй хүдэр боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа хууль, журамд нийцэхгүй байна хэсгийн 2.5, 2.6, 2.7, 2.8, 2.9, 2.14, 2.15, 2.16, 2.17, 2.23, 2.24, 2.25, 2.26, 2.27, 2.28, 2.32, 2.33 дахь хэсгийн “АИ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 13 дугаар зүйлийн 13.2-т заасныг тус тус баримтлан Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын “АИ” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж,
Хариуцагч шүүхийн шийдвэрээр тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Нийслэлийн Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын “АИ” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болохыг дурдаж,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” шийдвэрлэжээ.
Хариуцагч М.Н болон хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0269 дугаар бүхий шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй" гэж заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна
1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "... хариуцагчийн зүгээс “ЭҮ” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд аудит хийхдээ “АИ” ХХК-д төлбөр барагдуулахаар акт тавьсан атлаа тус компанид Захиргааны ерөнхий хуулийн мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, төрийн аудит хийх журмын холбогдох заалтыг алдаатай хэрэглэсэн байна” гэж дүгнэн “Төлбөр барагдуулах тухай” актын холбогдох хэсгийг дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Төрийн аудитын байгууллага нь Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 “Төрийн аудитын байгууллага нь улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө"-т заасан чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Үндэсний аудитын газар нь “ЭҮ”-т аудит хийх эрхгүй, Компанийн тухай хуулиар зохицуулагдах харилцаа байсан, аудитын байгууллага хувийн эрх зүйн харилцаанд хөндлөнгөөс хутгалдан орсон гэх зэргээр тайлбарладаг. Уг асуудлыг хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд ойлгож, тайлбарлах боломжтой юм. Учир нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Үндэсний аудитын газрын аудит хийх бүрэн эрхийг тухайлан хуульчлаад, 15.1.1-д “Улсын Их Хурлаас бусад төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд санхүүжилтийн эх үүсвэрээс нь үл хамааран аудит хийх....” гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд “ЭҮ” ХХК-д шалгалт хийсэн. Тиймээс хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн зүйл огт биш юм.
Өөрөөр хэлбэл төрийн аудитаар хувийн компани /”АИ” ХХК/-ийн үйл ажиллагааг хянах, зөрчилд тооцох боломжгүй бөгөөд хуулиар тогтоосон хүрээнд “ЭҮ” ХХК-ийн хувьд зөрчлийг тогтоож, арилгуулах арга хэмжээ авсан.
2. “...Захиргааны үйл ажиллагаанд бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, 13 дугаар зүйлийн 13.2-т “...3ахиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно” гэж заасны дагуу гэрээний нөгөө тал болох “АИ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, оролцоог хангаагүй ...” гэжээ.
Үндэсний аудитын газраас “Төлбөр барагдуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар актын төслийг “ЭҮ” ХХК-ийн удирдлагад танилцуулж, тайлбар саналыг авсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан бөгөөд энэхүү актыг “ЭҮ” ХХК-ийн захирал Х.Б, Ерөнхий нягтлан бодогч С.С нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар Төрийн аудитын байгууллагаас субъектийн оролцооны бүрэн эрхийг хангасан гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2019/0269 дугаар бүхий шийдвэрийн “Төлбөр барагдуулах тухай” 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар акттай холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдолд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0269 дугаартай шийдвэрээр “ЭҮ” ХХК-ийн үйл ажиллагаанд хийсэн аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хийсэн давтан аудитын тайлангийн бүлэг 2-ийн холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын газрын аудиторын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актын “АИ” ХХК-д холбогдох хэсгийг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн.
Хариуцагчаас шүүхээс огт дүгнээгүй асуудлаар буюу нэхэмжлэгчийн маргасан үндэслэлийг буруу ойлгон гомдол гаргасан байна. Шүүхээс Үндэсний аудитын газраас “ЭҮ” ТӨҮГ-т хяналт шалгалт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнээгүй, харин “ЭҮ” ТӨҮГ-ын үйл ажиллагаанд аудит хийхдээ “АИ” ХХК-д төлбөр барагдуулахаар акт тавьсан атлаа тус компанид Захиргааны ерөнхий хуулийн мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй, төрийн аудит хийх журмын холбогдох заалтыг алдаатай хэрэглэсэн гэж дүгнэсэн.
Иймд хариуцагчийн “...хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн зүйл огт биш юм” гэсэн гомдол нь үндэслэлгүй байна. Харин “өөрөөр хэлбэл төрийн аудитаар хувийн компани / “АИ” ХХК/-ийн үйл ажиллагааг хянах, зөрчилд тооцох боломжгүй бөгөөд хуулиар тогтоосон хүрээнд “ЭҮ” ХХК-ийн хувьд зөрчлийг тогтоож, арилгуулах арга хэмжээ авсан” гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д зааснаар Захиргааны үйл ажиллагаанд “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” тусгай зарчмыг баримтлахаар хуульчилсан. “ЭҮ”-ийг шалгах явцад манай компанид чиглэж, төлбөр гаргуулахаар уг төлбөр барагдуулах актыг Үндэсний Аудитын газрын аудитор гаргасан тул “АИ” ХХК нь Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны акт гаргах ажиллагаанд оролцогч мөн юм .
Хэлбэрийн хувьд “ЭҮ” ХХК-ийг “АИ” ХХК-аас төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байх боловч “АИ” ХХК-д актын дагуу төлбөр төлөх шууд үр дагавар бий болж байгаа тул манай компанийг оролцуулалгүйгээр маргаан бүхий актыг гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.
Анхан шатны шүүхээс энэ талаар “маргаан бүхий аудитын акт тавих үндэслэл нь “ЭҮ” ХХК болон “АИ” ХХК-уудын хооронд байгуулсан 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн №5/199-15 дугаар гэрээг бүрэн хэрэгжүүлээгүйн улмаас бий болсон тооцооллын маргаан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4.2.6 ...., 13.2-т гэж заасны дагуу гэрээний нөгөө тал болох “АИ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй, оролцоог хангаагүй нь захиргааны байгууллага нөхцөл байдлыг бүрэн тогтоох, шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах зарчимд нийцээгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болсон.
Нэхэмжлэгчийн хувьд дахин шинэ акт гаргах ажиллагаанд оролцож, тайлбар, нотлох баримтаа гаргаж өгснөөр актын үнийн дүнгийн хувьд өөрчлөгдөх, улмаар акт тавигдахгүй байх боломжтой гэж үзэж байгаа болно.
Хариуцагчаас энэ талаар “актын төслийг “ЭҮ” ХХК-ийн удирдлагад танилцуулж, тайлбар саналыг авсны үндсэн дээр шийдвэрээ гаргасан бөгөөд энэхүү актыг “ЭҮ” ХХК-ийн захирал Х.Б, Ерөнхий нягтлан бодогч С.С нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар Төрийн аудитын байгууллагаас субъектийн оролцооны бүрэн эрхийг хангасан гэж үзэж байна ” гэжээ.
Дээр дурдсанчлан “АИ” ХХК-д төлбөр ногдуулж байгаа тул оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан бөгөөд хариуцагч нь захиргааны байгууллага тул Захиргааны ерөнхий хуулийг үйл ажиллагаанд баримтлах нь хуульд нийцэх юм.
Ийнхүү хариуцагчийн гаргасан гомдлын үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 0269 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч М.Н болон хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянав.
Нэхэмжлэгч “АИ” ХХК нь Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-д холбогдуулан “Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын “АИ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэлтэй дүгнэлт хийлгүйгээр маргаан бүхий актыг 6 сарын хугацаатайгаар түдгэлзүүлж, хариуцагчаас дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
Хариуцагч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/12 дугаар тушаалаар батлагдсан ажлын төлөвлөгөө, 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Давтан аудитын төлөвлөгөөний дагуу “ЭҮ” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар “Төлбөр барагдуулах тухай” актаар “ЭҮ” ХХК, “АИ” ХХК-ийн хооронд 2015 оны 06 дугаар сарын 24-ний өдөр байгуулсан гэрээний 2.2 дахь заалтад тусгасан хувь хэмжээг үндэслэн 2015-2016 он, 2017 оны 3 дугаар улирлын байдлаар нийт 408,826.0 мянган төгрөгийн дутуу тооцсон борлуулалтын орлогыг “АИ” ХХК-иас нөхөн төлүүлэн авч “ЭҮ” ХХК-ийн орлого болгохоор шийдвэрлэжээ.
Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийг төрийн аудитын байгууллагаас улс, орон нутгийн төсвийн орлого, зарлагын гүйцэтгэл, төсвийн байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд, төсвөөс санхүүгийн дэмжлэг авсан төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан, үйл ажиллагааны гүйцэтгэлд аудит хийж, дүгнэлт, зөвлөмж гаргахад дагаж мөрдөнө”, 15 дугаар зүйлийн 15.1.2-т “төсвөөс санхүүжилт авсан, төсвийн орлого бүрдүүлдэг байгууллага, аж ахуйн нэгж төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үйл ажиллагаанд аудит хийх”, 15.1.12-т “аудитын явцад илэрсэн төлбөр, зөрчлийг барагдуулах акт тавих, албан шаардлага өгөх, хууль тогтоомж, эрх зүйн хэм хэмжээ тогтоосон бусад шийдвэрийг боловсронгуй болгох саналыг холбогдох байгууллагад тавих” гэж тус тус зааснаар хариуцагч нь хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр бөгөөд “ЭҮ” ТӨҮГ-ын 2015-2016 он, 2017 оны 3 дугаар улирлын санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, санхүүгийн зөрчил илрүүлж, акт тогтоосон нь хуульд нийцэж байна.
Нөгөөтэйгүүр маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д “Сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд үүрэг бий болгосон, эсхүл түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан захиргааны актыг ойлгоно” гэж зааснаар зөвхөн “ЭҮ” ТӨҮГ-т чиглэсэн шинжийг агуулсан захиргааны акт байна.
Үүнээс үзвэл энэ тохиолдолд шалгагдагч байгууллага болох “ЭҮ” ХХК-ийг буруутгаж акт тавихад нэхэмжлэгч “АИ” ХХК-д төлбөр хариуцуулсан, тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг шууд зөрчсөн шинжийг агуулахгүй учир Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах”, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцоно” гэж тус тус зааснаар “АИ” ХХК-ийг захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулах шаардлагагүй.
Иймээс анхан шатны шүүх “...“АИ” ХХК-ийн оролцоог хангаагүй нь захиргааны байгууллага нөхцөл байдлыг бүрэн тогтоох, шийдвэрээ хуульд нийцүүлж гаргах зарчимд нийцээгүй...” гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, “ЭҮ” ХХК болон “АИ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний холбогдох заалтын дагуу төлбөрөө шаардах эрх хуулийн үндэслэлтэй эсэхийг холбогдох шүүх шийдвэрлэх бөгөөд тухайн шүүхийн шийдвэрээс хамаарч маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийг буруутай албан тушаалтан төлөх эсэх нь тодорхой болох учиртай. Тухайн тохиолдолд хариуцагчаас хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан гэрээнд аудит хийгээгүй, харин нэг талд нь төрийн оролцоотой хуулийн этгээд оролцсон гэрээнд аудит хийж, төлбөр тогтоосон нь хуулийн зөрчилгүй, гэрээний чөлөөт байдалд халдаагүй, түүнчлэн “ЭҮ” ХХК болон “АИ” ХХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу төлбөр тооцооны асуудлыг талууд харилцан тохирч тогтооход энэхүү шүүхийн магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Иймд хариуцагч М.Н болон хариуцагч Үндэсний аудитын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, “АИ” ХХК-ийн шүүхэд гаргасан “хариуцагчийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын “АИ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 269 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн /2013 он/ 4 дүгээр зүйлийн 4.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.12, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АИ” ХХК-ийн “Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудиторын газрын аудитор М.Н-ын 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №01/84 ГАГ-2017/01-ДА дугаар Төлбөр барагдуулах тухай актын “АИ” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, 3 дахь заалтыг хасч, 4 дүгээр заалтыг 3 болгон дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч нар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА