Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00740

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03592 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

4,402,466.66 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 1,976,474.81 төгрөг, зээлийн хүү 2,425,991.85 төгрөг, нийт 4,402,466.66 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ зээлдэгч ******* нь 10,686,138 төгрөгийн тэтгэврийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар авсан бөгөөд хамтран зээлдэгчээр түүний хүү болох ******* гэрээнд гарын үсэг зурсан. ******* нь 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нас барж, 2013 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн зээлийн төлбөр төлөгдөөгүй. Дээрх зээлийн гэрээний шаардах эрхийг ******* ХК шилжүүлэн авсан. Хамтран зээлдэгч *******аас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч зээлийн үлдэгдлийг төлөөгүй тул хамтран зээлдэгч *******аас үндсэн зээл 1,976,474.81 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны үндсэн хүү 2,425,991.85 төгрөг, нийт 4,402,466.66 төгрөгийг гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч татгалзлын үндэслэлээ аав маань 2013 онд тэтгэврийн зээл авсан бөгөөд 2013 оны 05 дугаар сард нас барсан. 2020 онд тэтгэврийн зээл тэглэх Өршөөлийн хууль батлагдсан тул тус зээлийг тэглэгдсэн гэж ойлгож байсан. Банкны зүгээс холбогдоогүй байж байгаад 2022, 2024 онуудад 1 удаа холбогдсон. Ямар үндэслэлээр зээлийн үлдэгдэл, хүү тооцоолж нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Хүү өндөр байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн 2013 оны зээлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргажээ.

 

Хариуцагч нь үндсэн зээлийн мөнгөн төлбөрийн үүргийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүүг төлөхгүй гэж маргажээ.

 

3. ******** ХХК болон *******, ******* нар нь 2013 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тэтгэврийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******** ХХК нь 10,686,138 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч *******, ******* нар зээл, түүний хүүг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-16/

 

3.1. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

 

3.2. Зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгчээс 10,686,138 төгрөгийг зээлдэгч нарт шилжүүлсэн талаар маргаагүй тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ нэхэмжлэгч биелүүлсэн байна.

 

3.3. Зээлдэгч ******* /РД:********/ нь 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдөр нас барсан ба 2013 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдлийн хэмжээ 7,927,408 төгрөг байхаар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт заасан байна.

 

3.4. Мөн зээл, хүүгийн тооцооллын баримтаас үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн дагуу 6,000,000 төгрөг төлөгдсөн.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,976,474,81 төгрөг, зээлийн хүү 2,425,991.85 төгрөг, нийт 4,402,466.66 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн гаргасан зээлийн дансны хуулга, зээл, хүүгийн тооцооллын баримтаар тогтоогдсон.

 

4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс хойш 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 12 жилийн хугацаанд зээлийн гэрээний үүргийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн байдлыг анхаараагүй байна.

 

4.1. Тодруулбал, зээлдэгч ******* нь талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэнээс хойш 4 сарын дараа нас барсан, улмаар зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэн байх ба хамтран зээлдэгч ******* нь зээлийн мөнгөн төлбөрийн үүргийг гүйцэтгээгүйгээс гадна 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр зээлийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд иргэний хэргийн шүүхээр асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтийг ******* ХК-д гаргасан байна. /хх-22/

 

4.2. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч *******аас нь 12 жилийн хугацаанд зээлийн мөнгөн төлбөрийн үүргийг шаардахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлээгүйгээс зээлийн төлбөрийн хэмжээ нэмэгдсэн нөхцөл байдлыг харгалзан хариуцагчаас нэхэмжлэгчид хандаж шүүхээр асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл зээлийн хүүгийн хэмжээг тооцох нь зүйтэй.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр өдрийн байдлаар үндсэн зээл 1,976,474.81 төгрөг, зээлийн хүү 1,524,394.66 төгрөг, нийт 3,500,869.6 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 901,597.19 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.

 

5. Харин зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Мөн нэхэмжлэлийн хангасан дүнг өөрчилсөнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад зохих өөрчлөлт оруулна.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2026/03592 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******аас 3,500,869.6 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 901,597.19 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын 85,389 гэснийг 70,964 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,389 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Ч.БАТЧИМЭГ