Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00741

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10347 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******д холбогдох,

 

Гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 177,404,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие *******тай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ******* дүүргийн ******* дугаар хороонд байрлах ******* үйлчилгээний төвийн ******* дугаар давхрын ******* м.кв талбай бүхий паб, караокег гал тогоо, тоног төхөөрөмжийн хамт 1 жилийн хугацаатайгаар түрээслэх гэрээ байгуулж, сарын 8,500,000 төгрөгийн түрээс төлөх, мөн 17,000,000 төгрөгийг барьцаанд байршуулахаар харилцан тохиролцсон. Гэвч уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй, мөн Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.6-д заасныг зөрчсөн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл нь ******* ХХК-д олгогдсон байхад иргэн ******* уг зөвшөөрлийн хүрээнд бусадтай түрээсийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу гэрээг хүчин төгөлдөр бусад тооцох үндэслэл болно. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 54.5, 54.6-д заасны дагуу гэрээ хүчин төгөлдөр бусд тооцогдсон тохиолдолд талууд өгсөн, авснаа буцаах ёстой тул дараах шаардлагыг гаргаж байна.

1.2. Нэхэмжлэгч нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг сар бүр урьдчилан төлж, нийт 18 сарын хугацаанд 153,000,000 төгрөг төлсөн, мөн барьцаанд 17,000,000 төгрөг шилжүүлсэн. Гэвч 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тус объектод үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Түүнчлэн, түрээсийн объектыг ашиглах явцад элэгдэл, гэмтлийг засварлах зорилгоор 14 ширхэг буйдангийн бүрээсийг 2,160,000 төгрөгөөр, шалны плитаг 928,000 төгрөгөөр тус тус сольж, нийт 3,088,000 төгрөгийн зардал гаргасан боловч уг зардлыг хариуцагч төлөөгүй.

1.3. Мөн хариуцагчийн хүсэлтээр посын орлогоор зээл авч өгөхөөр тохиролцож, 2024 оны 11 дүгээр сард 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс зээлийн эргэн төлөлтийн 06, 07 дугаар сарын төлбөр болох 2,316,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул нэхэмжлэгч өөрөө төлсөн.

1.4. Түүнчлэн, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид 2,000,000 төгрөгийг зээлдүүлсэн боловч буцаан төлөөгүй байна. Иймд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг гэрээний үр дагаврыг шийдвэрлүүлэн хариуцагчаас түрээсийн төлбөрт төлсөн 153,000,000 төгрөг, барьцаа 17,000,000 төгрөг, засварын зардал 3,088,000 төгрөг, зээлийн төлбөр 2,316,000 төгрөг, зээлдүүлсэн 2,000,000 төгрөг, нийт 177,404,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. Миний бие нэхэмжлэгчтэй хуульд заасан журмын дагуу харилцан тохиролцож, өөрийн өмчлөлийн Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо,******* дугаар гудамж, ******* тоотод байрлах, бүртгэлийн Ү-******* дугаартай, ******* м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг түрээсэлсэн. Уг үл хөдлөх эд хөрөнгө нь паб, караокены зориулалтаар үйл ажиллагаа явуулахад бүрэн тохижуулсан, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангагдсан, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан объект болно.

2.2. Талууд харилцан тохиролцож 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл буюу 1 жилийн хугацаатай байхаар, сарын түрээсийн төлбөрийг 8,500,000 төгрөг, барьцааг 17,000,000 төгрөг байхаар тус тус тохиролцсон. Нэхэмжлэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшилдээ хүлээн авч, 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр буцаан хүлээлгэн өгсөн. Түрээсийн төлбөрийг хамгийн сүүлд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төлсөн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй болно.

2.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасны дагуу түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, улмаар түрээсийн төлбөрт төлсөн 153,000,000 төгрөг, барьцаа 17,000,000 төгрөгийг буцаан гаргуулах шаардлага гаргасан. Гэвч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд талууд гэрээг чөлөөтэй байгуулах, агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан бөгөөд мөн хуулийн 43.1.1, 196.1.1, 318.1 дэх хэсэгт заасны дагуу миний зүгээс гэрээний дагуу хэвийн үйл ажиллагаа явуулах боломжтой, ямар нэг саадгүй үйлчилгээний зориулалттай талбайг бүх тоног төхөөрөмжийн хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн.

2.4. Нэхэмжлэгч нь уг эд хөрөнгийг хүлээн авч өөрийн бизнесийн үйл ажиллагааг явуулж, үр шимийг нь хүртэж, ашиг орлого олж байсан атлаа гэрээ дуусгавар болж, эд хөрөнгийг буцаан хүлээлгэн өгсний дараа гэрээний үүргээс зайлсхийх зорилгоор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн түрээсийн гэрээнд заасан 17,000,000 төгрөгийн барьцааг 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт суутган тооцсон. Харин 2,000,000 төгрөгийн тухайд эд хөрөнгийг хүлээн авахад дутсан болон эвдэрсэн эд зүйлсийг нөхөн төлсөн тохиолдолд олгох боломжтой талаар мэдэгдсэн.

Иймд нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 19,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, үлдэх түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах, 158,404,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,195,920 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 252,950 төгрөгийн гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуулийн этгээд байх шаардлагатай тул *******ы өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг түрээслэхдээ ******* үйлчилгээний төвийн тусгай зөвшөөрлийг ашиглуулсныг буруутгах үндэслэлгүй, улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй хэмээн дүгнэж, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн гэрээний зүйл болгох тохиолдолд уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай бөгөөд мөн зүйлийн 318.4-т зааснаар тухайн гэрээг бүртгүүлээгүй бол хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан. Энэхүү зохицуулалт нь императив шинжтэй тул талууд маргаагүй байсан ч шүүхээс заавал хэрэглэх ёстой хэм хэмжээ юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх хуулийн заалтыг хэрэглэхээс зайлсхийж, үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсгийг түрээслэх тохиолдолд улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагагүй гэх хуульд байхгүй тайлбарыг хийж, гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасны дагуу талуудын хооронд байгуулсан, бүртгүүлээгүй үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, талууд өгсөн, авснаа харилцан буцаах эрх зүйн үр дагаврыг хэрэглэх ёстой байсан.

4.2. Түүнчлэн, шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа түрээсийн төлбөрийг сар бүр урьдчилан төлөхөөр тохиролцсон нөхцөлийг харгалзан үзээгүй, 2025 оны 06 дугаар сард үйл ажиллагаа явуулах зорилгоор 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 8,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлээгүйд гомдолтой байна. Мөн түрээсийн эд хөрөнгөд хийсэн засварын зардал 2,978,000 төгрөг, посын орлого барьцаалж авхуулсан зээлийн эргэн төлөлтөд төлөгдөөгүй 2,316,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хангахаас татгалзсан нь нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн шаардлагыг ханган, иргэн *******тай байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, түрээсийн төлбөрт төлсөн 153,000,000 төгрөг, засварын зардал 2,978,000 төгрөг, зээлийн эргэн төлөлтөд төлөгдөөгүй 2,316,000 төгрөг, нийт 158,294,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Тооцооллын хувьд бага зэрэг алдаа гаргасан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бусд тооцуулж өгсөн мөнгөө авъя гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл уг гэрээ нь хэрэгжээд дууссан. Тодорхой цаг хугацаанд эзэмшилдээ аваад тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулаад үр шимийг нь хүртээд ашигтай байсан учраас гэрээ үргэлжлээд төлбөр төлөгдөөд дууссан. Улсын бүртгэлд бүртгүүлсэн тухай асуудал нь үл хөдлөх эд хөрөнгийг бүхлээр нь түрээсэлсэн тохиолдолд хамаарах асуудал. Энэ тохиолдол нь нэг үл хөдлөх эд хөрөнгийг нэлээн олон хүмүүст хэсэгчлэн түрээсэлсэн асуудал байдаг. Иймд тухайн түрээсийн гэрээ болгоныг тус бүрд нь улсын бүртгэлийн газар бүртгүүлнэ гэх агуулга яригдахгүй ба энэ гэрээ нь хөлслөх гэрээний шинжийг агуулсан. Нэгэнт 153,000,000 төгрөг буюу түрээсийн мөнгөө буцаагаад шаардсан тохиолдолд үр шим буюу ашгаа буцааж өгөх ёстой. Бид гэрээгээ цуцлаад өгсөн мөнгөө авъя гэдэг. Тэгвэл эсрэгээрээ энэ хугацаанд ашигласан үр шим юу вэ, хэдэн төгрөг буцааж өгөх вэ гэх агуулга байхгүй, тул бид гэрээнээс тэдэн төгрөгийн ашиг олсон гэх агуулгаар сөрөг нэхэмжлэл гаргах боломжгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Талууд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, 1 сарын түрээсийн төлбөрийг 8,500,000 төгрөгөөр тохиролцсон. Гэрээний дагуу түрээслэгч талын буруутай үйл ажиллагааны улмаас хохирол учирсан тохиолдолд түрээслэгч хариуцахаар тохиролцсон бөгөөд түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас түрээсийн зүйлийн тусгай зөвшөөрөл 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр эрх бүхий байгууллагаас түдгэлзүүлэгдсэн байна. Гэвч түрээслэгч нь уг үед гэрээг дуусгавар болгох, цуцлах талаар ямар нэг санал, хүсэлт гаргаагүй бөгөөд түрээсийн зүйлийг ашиглаж, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүртэл түрээсийн зүйлийг эзэмшиж, ашиглаж байгаад гэрээг дуусгавар болгон, эд хөрөнгийг хүлээлгэн өгсөн байна.

6.2. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний дагуу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл түрээсийн зүйлийг түрээслэгч эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртсэн бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг төлөөгүй байна. Тодруулбал, талууд 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэрээг дуусгавар болгож, эд хөрөнгийг хүлээлцэхдээ уг хугацааны түрээсийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр дүйцүүлэн тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 17,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Учир нь 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн объектод үйл ажиллагаа явуулахаар түрээсэлсэн. 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч тусгай зөвшөөрөл цуцлагдсан учраас цаашид үйл ажиллагаа явуулж болохгүй гэж нэхэмжлэгчийг хөөж гаргасан ба дараагийн хүнтэй түрээсийн гэрээ яригдаж эхэлсэн асуудал байдаг. 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эцсийн байдлаар тооцоо хийсэн болохоос объектыг хүлээлгэж өгөх, авах гэх асуудал яригдаагүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нөхцөл байдлыг мэдэхгүй өөртөө ашигтай байдлаар эргүүлэхээр худал тайлбар хэлж болохгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 153,000,000 төгрөг, барьцаа 17,000,000 төгрөг, түрээсийн эд зүйлийг засварласан 3,088,000 төгрөг, зээлийн гэрээний үүрэгт 4,316,000 төгрөг, нийт 177,404,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр түрээсийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* дүүргийн ******* дугаар хороо ******* үйлчилгээний төвийн ******* давхарт байрлах ******* м.кв тайлбай бүхий паб, караоке /заал, гал тогоо, агуулах өрөө, ******* VIP өрөө, нийтийн бие засах өрөө/ болон түүнд хамаарах тоног төхөөрөмжийг 1 жилийн хугацаатай, сарын 8,500,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцсон байна. /хх 7-9/

 

4. Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний дагуу хариуцагчид түрээсийн төлбөрт 153,000,000 төгрөг, барьцаа 17,000,000 төгрөг, нийт 170,000,000 төгрөг төлсөн бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг 2024 оны 01 дүгээр сарын 22-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны хүртэл 1 жил 4 сарын хугацаанд эзэмшиж, ашигласан үйл баримтыг шүүх зөв тогтоосон.

 

5. Анхан шатны шүүх дээрх гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

5.1. Учир нь түрээсийн гэрээний зүйл болох ******* дүүргийн ******* дугаар хороо *******, ******* дугаар гудамж, ******* тоотод байрлах, ******* м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр ******* нь 2013 оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгүүлсэн байх ба /хх-69/ анхан шатны шүүх уг хөрөнгийг бие даасан бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө бус гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй.

 

5.2. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ. Хэрэв уг шаардлагыг хангаагүй бол гэрээ хүчин төгөлдөр бус болно.

 

5.3. Талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээ байгуулсан байх ба хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.

 

5.4. Хэдийгээр түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус боловч нэхэмжлэгч нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 16 сарын хугацаанд хариуцагчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг аж ахуйн зориулалтаар ашигласан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэхүү хөрөнгийг үнэ төлбөргүйгээр ашиглах хэлбэрээр үндэслэлгүйгээр хөрөнгөжих ёсгүй тул хариуцагчаас хөрөнгө ашигласан хугацааны төлбөр /8,500,000 х 16 сар/ 136,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Мөн түрээсийн гэрээ нэгэнт хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 4.2-т зааснаар түрээслүүлэгчид гэрээний үүргээ биелүүлэх баталгаа болгож төлсөн 17,000,000 төгрөг, мөн тухайн үйлчилгээний газрын согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр цуцлагдсантай холбогдуулан нэхэмжлэгч аж ахуйн үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр амраа түрээс гэсэн гүйлгээний утгатайгаар дараагийн сарын түрээсийн төлбөрт хариуцагчид шилжүүлсэн 6,700,000 төгрөгийг тус тус буцаан шаардсан нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцсэн.

 

7. Мөн нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид 2,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлсэн гэж тайлбарласан ба хариуцагчаас уг үйл баримтын талаар маргаагүй, харин тухайн мөнгөн хөрөнгийг эвдэрсэн болон дутсан эд зүйлийн төлбөрт тооцож авсан үндэслэлээр татгалзсан боловч хариуцагч 2,000,000 төгрөгийн эд хөрөнгө эвдэрсэн, дутсан гэж үзэх үндэслэлийг нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд хариуцагч Иргэний хуулийн 218 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч 2,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна.

 

8. Харин нэхэмжлэгч нь хариуцагчийн эд хөрөнгийг засан сайжруулсан 3,088,000 төгрөгийн зардал гаргасан болохоо баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул энэ хэсгийг хангахгүй орхисон анхан шатны шүүхийн шийдэл зөв байна.

 

9. Нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 16,000,000 төгрөгийг ******* гүйлгээний утгаар шилжүүлсэн байх ба уг мөнгөн хөрөнгийг пос-ын орлогоо барьцаалан зээл авч хариуцагчид зээлдүүлсэн бөгөөд сар бүрийн түрээсийн төлбөрөөсөө суутгах замаар хариуцагч эргэн төлөхөөр харилцан тохиролцсон гэж тайлбарлаж байх тул талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийг урьдчилан төлөх байдлаар 16,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэхээр байх ба энэхүү мөнгөн хөрөнгөөс 2,316,000 төгрөгийн эд хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрөөс илүү төлөгдсөн болохыг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй байх тул хариуцагчаас 2,316,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 

10. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэлийн шаардлагаас 17,000,000 төгрөгийн барьцаа, 2,000,000 төгрөгийн зээл, 6,700,000 төгрөгийн илүү төлөлт, нийт 25,700,000 төгрөгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн эрх зүйн дүгнэлтийг өөрчлөв.

 

11. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд түрээсийн зүйлийн тусгай зөвшөөрөл түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас түдгэлзүүлсэн, мөн түрээслэгч гэрээг цуцлах санал гаргаагүй атлаа үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, эд хөрөнгийг ашигласан тул тухайн хугацааны түрээсийн төлбөрийг барьцаа мөнгөнөөс суутган тооцсон нь үндэслэлтэй гэж маргаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахыг хүссэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний зүйл болох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр түдгэлзүүлсэн нь түрээсийн зүйлийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжийг бодитойгоор хязгаарласан нөхцөл байдал үүссэн байна.

 

Ийм нөхцөлд түрээслэгчийг гэрээний үндсэн зорилгыг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж үзэх үндэслэлтэй бөгөөд түрээслэгч нь эд хөрөнгийг бодитоор эзэмшиж байсан гэх нөхцөл байдал нь дангаараа түрээсийн төлбөр төлөх үүргийг хэвээр хадгалах хангалттай үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, гэрээний зүйлийг бодитоор эзэмшиж, ашиглах боломжгүй болсон тохиолдолд нэхэмжлэгч эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах байдлаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй.

 

Иймд түрээсийн зүйлийг зориулалтын дагуу ашиглах боломж хязгаарлагдсан хугацаанд холбогдох түрээсийн төлбөрийг барьцаагаас суутган тооцсон гэх хариуцагчийн тайлбар, үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн, зөв дүгнэлт болжээ.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2025/10347 шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 25,700,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 151,704,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

2 дахь заалтын 252,950 гэснийг 286,450 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1,100,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА

 

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

 

Ч.БАТЧИМЭГ