| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 183/2023/02750/И |
| Дугаар | 210/МА2026/00742 |
| Огноо | 2026-04-06 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, Төрийн албаны тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 210/МА2026/00742
*******-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00806 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Төрд учруулсан хохиролд 42,546,111 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2-т зааснаар төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана. ******* нь *******ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн "Ажлаас чөлөөлөх тухай" ******* дугаар тушаалаар ******* газрын /хуучин нэрээр/ Тамгын газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга *******ыг албан тушаалаас нь чөлөөлсөн. Иргэн ******* нь дээрх 2018 оны ******* дугаар тушаалыг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу тус шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0368 дугаар магадлалаар ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөөр шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу ******* сайдын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" ******* дугаар тушаалаар 13,042,736 төгрөг, *******аас 2019-2021 оны нийгмийн даатгалын шимтгэлд 1,766,555 төгрөг, нийт 14,809,291 төгрөгийг *******ын ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлд тооцож олгосон.
1.2. Түүнчлэн, *******ыг шүүхийн шийдвэрийн дагуу *******ын даргын 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн ******* дугаар тушаалаар ажилд нь эгүүлэн томилсон байна. Иргэн ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дээрх шийдвэрийн дагуу нийт 27,736,820 төгрөгийг *******д ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох байснаас ******* сайдын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" ******* дугаар тушаалаар 20,000,000 төгрөгийг, ******* сайдын 2025 оны 02 дугаар гарын 06-ны өдрийн "Хөрөнгө хуваарилах тухай" ******* дугаар тушаалаар 7,736,820 төгрөгийг тус тус олгосон.
Иймд, хариуцагч нарын хууль бус шийдвэрийн улмаас төрд 42,546,111 төгрөгийн хохирол учирсан тул хариуцагч *******гээс 14,809,291 төгрөгийг, хариуцагч *******оос 27,736,820 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ *******гийн хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 14,809,291 төгрөгийг буруутай албан тушаалтан *******гээс гаргуулж өгнө үү гэж дурдсан. Гэтэл Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2-т зааснаар ******* нь өөрт учирсан хохирлоо *******аас нэхэмжилсэн. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тухайн ажилгүй байсан хугацааны цалинг *******аас гаргуулахаар шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх мөн адил *******аас гаргуулахаар шийдвэрлэсэн. Үүнд, *******ын ажилгүй байх хугацааны цалинг буруу шийдвэр гаргасан хариуцлага хүлээх ёстой этгээдээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь хоёр шатны шүүхийн шийдвэр, магадлалаас харагдана. ******* нь *******ын эрх бүхий албан тушаалтан биш. Мөн *******гийн гаргасан шийдвэрээс болж төрд хохирол учраагүй, төрд хохирол учруулсан, төрөөс хохирол гаргуулсан этгээд нь *******ын эрх бүхий албан тушаалтан байна. Өөрөөр хэлбэл, 3 шатны шүүхийн шийдвэрт дүгнэснээр *******ын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийг үндэслэж *******дарга байсан *******гийн шийдвэр тушаал гарсан.
2.2. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ******* дугаар Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор *******г *******даргын үүрэгт ажлаас чөлөөлсөн. Мөн ******* нь *******ын даргын албан тушаалд ажиллаж байгаагүй. 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0368 дугаартай Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш ******* эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын эс үйлдэхүйн улмаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулахаар ******* нь *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул зохигчийн эвлэрлийг шүүхээр баталсан.
Иймд, ******* нь хууль бус шийдвэр гаргасан этгээд биш тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:
3.1. Монгол Улсын Их Хурлын 2018 оны ******* дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын Засгийн газрын зарим агентлагийн талаар авах арга хэмжээний тухай ******* дугаар тогтоолоор *******газрыг татан буулгаж, ******* газар, *******ыг тус тус байгуулсан. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор *******ийг *******ын даргаар томилсон. ******* нь ******* сайдын 2018 оны ******* дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн өгсөн үүрэг, чиглэлийн хүрээнд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ******* тушаалаар ...******* дугаар тогтоол-ын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг байгуулж ажиллуулсан бөгөөд уг ажлын хэсгийн танилцуулгад үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр *******т шилжүүлэх ******* орон тоонд нэр бүхий ******* албан хаагчийг санал болгон, холбогдох танилцуулгын хамт ******* яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн. Харин уг албан бичгээс өмнө ******* сайд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ******* дугаар тушаалаар ******* бүтэц, орон тоо, албан тушаалын ангилал, зэрэглэлийг баталсан бөгөөд уг бүтцэд *******ын эрхэлж байсан ажил багтаагүй байсан. Энэ талаар ******* мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бөгөөд сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд уг шийдвэрийг гаргасан, ******* оролцоогүй.
3.2. Түүнчлэн, ******* бүтцийг баталсан талаар тухайн үед ажлын хэсэг болон ******* яамнаас түүнд мэдэгдээгүй байна. Хэрэв мэдэгдсэн бол *******ыг шилжүүлэх саналд оруулахгүй байх, улмаар хохирол үүсэхээс сэргийлэх боломжтой байсан гэж үзэж байна. ******* сайдын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар ******* орон тоо, 262,290,700 төгрөгийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэж, агентлагуудын дарга нарт албан хаагчдыг томилохыг даалгасан. Үүний дагуу Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ******* дугаар албан бичгээр холбогдох бэлтгэл ажлын танилцуулгыг *******т хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тайлбарласан боловч уг шийдвэрүүдээр хариуцагчийг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан гэм буруутай гэж шууд тогтоосон гэж үзэх үндэслэлгүй. Тухайлбал, захиргааны шүүхээс гэм буруугийн хэлбэр болох шууд санаа, эсхүл илтэд болгоомжгүй байдлын талаар дүгнэлт өгөөгүй байна. Иймд, уг маргаанд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйл, Иргэний хуулийн 497, 498 дугаар зүйлүүдийг харилцан уялдуулан хэрэглэх шаардлагатай бөгөөд гэм хор учруулсан этгээд зайлшгүй буруутай байх, тэр нь шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй хэлбэртэй байхыг шаарддаг.
3.3. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 498.5-д зааснаар хохирол нэхэмжилж байгаа бол хариуцагчийн гэм буруугийн хэлбэр, түүнчлэн хохирол үүсэхэд нөлөөлсөн бусад этгээдийн оролцоог тодорхойлж, хариуцагчид ногдох хохирлын хэмжээг зөв тогтоох үүрэгтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм хор учруулсан этгээд буруугүйгээ нотолбол хариуцлагаас чөлөөлөгдөхөөр заасан бөгөөд мөн хохирол ба үйлдлийн хооронд шалтгаант холбоо байх шаардлагатай тул шалтгаант холбоо тогтоогдохгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг хангахын тулд хариуцагчийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр *******ыг хууль бусаар ажлаас халсан, мөн үүнээс шалтгаалсан хохирол үүссэн нь тогтоогдох ёстой.
3.4. Түүнчлэн, Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд зааснаар төрд учирсан хохирлыг шаардах эрх бүхий этгээд нь тухайн хохирлыг арилгасан байгууллага байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд уг хохирлыг ******* бус, харин ******* яам арилгасан байна. Тодруулбал, ******* сайдын 2021 оны *******, 2024 оны *******, 2025 оны ******* дугаар тушаалуудын дагуу нийт 42,546,111 төгрөгийг *******д олгосон байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Төрийн албаны зөвлөлийн хариуцагч *******д холбогдуулан гаргасан 14,809,291 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******оос 27,441,662 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 295,158 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. ******* миний бие Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ******* дугаар тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг *******ын даргаар томилогдсон. Шинээр томилогдсон даргын хувьд хуульд заасан чиг үүргийн хүрээнд байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, албан хаагчдыг томилох, мөн ******* сайдын 2018 оны ******* дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу *******т шилжүүлэх албан хаагчдыг Төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд шилжүүлэх ажлыг зохион байгуулж гүйцэтгэсэн. Энэ хүрээнд Санал хүргүүлэх тухай 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар албан бичгээр *******т шилжүүлэх албан хаагчдын нэрсийг ажлын хэсгийн ахлагч, ******* яамны ******* *******д хүргүүлсэн. Уг саналыг үндэслэн ******* сайд 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар тушаалаар 31 орон тоо, 262,290,700 төгрөгийг *******т шилжүүлэхээр шийдвэрлэж, холбогдох агентлагийн дарга нарт албан хаагчдыг томилохыг даалгасан. Мөн уг тушаалын хэрэгжилтийн хүрээнд Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1-******* дугаар албан бичгээр холбогдох бэлтгэл ажлын танилцуулгыг *******т хүргүүлсэн байна. Харин *******дарга *******гээс *******ыг шилжүүлсэн ажлын байранд ажиллуулах боломжгүй талаар Төсвийн ерөнхийлөн захирагчид хандаагүй, мөн энэ талаар надад мэдэгдээгүй болно.
5.2. Анхан шатны шүүх нь уг маргааныг шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.2, 498 дугаар зүйлтэй уялдуулан системийн хүрээнд тайлбарлах ёстой. Ийнхүү авч үзвэл гэм хор учруулсан этгээд нь зайлшгүй гэм буруутай, тэр нь шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй хэлбэртэй байхыг шаарддаг. Миний бие ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу дээрх албан бичгийг хүргүүлсэн бөгөөд *******ыг үндэслэлгүйгээр ажлаас халж, төрд шууд санаатай эсхүл илтэд болгоомжгүй байдлаар хохирол учруулах зорилго агуулаагүй. Гэтэл анхан шатны шүүх ...шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагчийн шууд санаатай үйлдлийн улмаас төрд хохирол учирсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд *******ыг урьд эрхэлж байсан албан тушаалд шууд томилох боломжгүй байсан тул түүний хүсэлтийн дагуу дүйцэхүйц албан тушаал санал болгосон боловч тэрээр хүлээн зөвшөөрөөгүй, өөр албан тушаал хүлээж байсан нь 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн өргөдлөөр нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх энэхүү нотлох баримтад дүгнэлт хийгээгүй.
5.3. Түүнчлэн Захиргааны хэргийн шүүхийн дүгнэлтийг шууд үндэслэл болгож, Иргэний хуулийн 498 дугаар зүйлийг хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд уг зүйл заалтыг хэрэглэхэд хариуцагчийн шууд санаатай, эсхүл илтэд болгоомжгүй үйлдэл заавал тогтоогдсон байх шаардлагатай. Мөн төрд учирсан хохирлын шалтгаан нөхцөлд миний үйлдлээс гадна ******* яам болон ажлын хэсгийн үйл ажиллагаа, эс үйлдэхүй нөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Үүнд, нэхэмжлэлийн шаардлага хангагдахын тулд гэм буруутай үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдох ёстой бөгөөд тогтоогдохгүй тохиолдолд Иргэний хуулийн 497.2, 498.2-т заасны дагуу хариуцлагаас чөлөөлөгдөнө. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******ид холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
6.1. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр *******ийг хамтран хариуцагчаар татуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарч, иргэний хэргийн шүүхийн шийдвэрийн дагуу *******д 27,473,600 төгрөгийг 2024-2025 онд ******* сайдын багцаас олгохоор шийдвэрлэсэн. Мөн шүүх хуралдаан болохоос өмнө нэхэмжлэлийн шаардлагыг 42,500,000 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүх хуралдаан 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр болсон бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ******* тоот албан бичгээр 3 жилийн хугацаатай итгэмжлэл шинээр олгогдож, шүүхэд хугацаанд нь хүргүүлсэн. Иймд, итгэмжлэлийн хугацаа дууссан үед хамтран хариуцагч татсан, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн гэх нөхцөл байдал байхгүй бөгөөд энэ нь нотлох баримтаар тогтоогдоно.
6.2. Хариуцагч *******ийн албан тушаал хашсан хугацааны талаар нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шүүхээс түүнийг 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Засгийн газрын ******* дугаар тогтоолоор томилогдож, 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор чөлөөлөгдсөн нь нийтэд илэрхий үйл баримт тул нотлох шаардлагагүй гэж үзсэн. Гэм буруугийн хувьд хариуцагч ******* нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байсан боловч *******ыг ажил албан тушаалд нь эгүүлэн томилоогүй нь санаатай эс үйлдэхүй юм. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх бөгөөд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэр, 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн магадлал гарснаас хойш хангалттай хугацаанд /2020 оны 07 сар хүртэл/ албан тушаалдаа ажилласан атлаа уг шийдвэрийг биелүүлээгүй. Энэ хугацаанд ******* нь 2019.12.16, 2020.03.04-ний өдрүүдэд шийдвэр биелүүлэхийг шаардсан өргөдөл гаргасан боловч хэрэгжээгүй.
6.3. *******ыг зөвхөн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр буцаан томилсон нь шүүхийн шийдвэрийг хугацаанд нь биелүүлээгүйг нотолж байна. Хэрэв хугацаанд нь биелүүлсэн бол хохирол 14,000,000 төгрөгөөр хязгаарлагдах байсан боловч эс үйлдэхүйн улмаас 27,700,000 төгрөг болж нэмэгдсэн. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл, Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн тайлбарын агуулга:
7.1. Нэхэмжлэгчээс нийт 42,546,111 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах шаардлага гаргаснаас *******д хамаарах хэсэг буюу 14,809,291 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний үйлчлүүлэгч *******даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Захиргааны хэргийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр *******аас биш *******аас холбогдох цалин хөлсийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл гэж заасны дагуу гэм хорын хохирол нэхэмжилсэн. Тухайн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн эд зүйлд гэм хор учирсан гэх шалтгаант холбоо байснаар хариуцагч гэм хорыг хариуцах үүрэгтэй. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Үүнтэй холбогдуулаад нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.
7.2. Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа ажлын хэсгийн *******ын даргаар ажиллаж байсан, надад мэдэгдээгүй гэх зүйлийг дурддаг. Түүний дурдсанчлан захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр *******т хариуцуулаагүй. Тухайн ажиллаж байсан ******* гэх албан хаагчийг ******* холбогдох албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг *******аас гаргуулж шийдвэрлэсэн учраас миний үйлчлүүлэгчтэй холбоотой ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдоогүй тул миний үйлчлүүлэгчтэй холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангав.
2. Нэхэмжлэгч ******* нь төрд учруулсан хохиролд хариуцагч *******гээс 14,809,291 төгрөг, хариуцагч *******оос 27,736,820 төгрөг, нийт 42,546,111 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /1хх1-2, 147-148/
3. Хариуцагч ******* нь *******ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар санал хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэн *******ыг ажлаас чөлөөлөх тушаал гаргасан тул гэм буруугүй гэж,
хариуцагч ******* нь ******* сайдын 2018 оны ******* дугаар тушаалаар байгуулсан ажлын хэсгээс өгсөн үүрэг, чиглэлийн дагуу *******ын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан бичгээр нэр бүхий 29 албан хаагчийг төсвийн ерөнхийлөн захирагчийн мэдэлд шилжүүлэх санал хүргүүлсэн бөгөөд *******ыг хууль бусаар ажлаас халах шийдвэр гаргаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
4. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:
4.1. *******даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч *******гийн 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ******* дугаартай тушаалаар *******ыг *******газрын Тамгын газрын хүний нөөц, сургалтын хэлтсийн даргын ажлаас чөлөөлсөн; /1хх 92/
4.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 221/МА2019/0368 дугаартай магадлалаар *******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 13,042,736 төгрөгийг *******аас гаргуулж шийдвэрлэсэн; /1хх16-41/
4.3. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр *******д 13,042,736 төгрөгийг олгосон; /1хх-12/
4.4. *******ыг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйтэй холбоотойгоор Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2021/01852 дугаар захирамжаар ******* газар нь 27,441,662.29 төгрөгийг *******д олгохоор тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн; /1хх-151/
4.5. Дээрх шийдвэрийн дагуу 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 20,000,000 төгрөг, 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 7,736,820 төгрөг тус тус *******д олгосон. /1хх 170, 172/
5. Нэхэмжлэгч ******* нь Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2-т төрийн албан төв байгууллага төрд учруулсан хохирлын нөхөн төлөлтөд хяналт тавьж, нөхөн төлөгдөөгүй тохиолдолд төрийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргана гэж заасны дагуу төрд учруулсан хохирлыг хариуцагч нараас шаардах эрхтэй.
6. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д иргэнийг, эсхүл улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ гэж заасан.
Шүүх төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар тухайн төрийн албан хаагч нь өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан эсэхийг харгалзан үзнэ.
7. Анхан шатны шүүхийн хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт нэхэмжлэгч нь гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
8. Харин хариуцагч *******ийг шууд санаатай хууль бус үйлдлийн улмаас *******ыг урьд эрхэлж байсан ажил нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцсэн байна.
8.1. Учир нь, хариуцагч ******* нь 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэл *******ын даргаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй бөгөөд Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.4, 8.3.5-д зааснаар агентлагийн дарга нь батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох, хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь *******ын даргын хувьд шүүхийн шийдвэрийн дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан *******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох үүргийг хүлээнэ.
8.2. ******* нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр *******ын дарга *******ид хандаж шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар өргөдөл гаргасан байна. /2хх11-12/
8.3. Хариуцагч ******* нь дээрх хуульд заасан үүргээ биелүүлэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл, түүнтэй холбоотой тайлбар, нотлох баримт гаргаагүй тул түүнийг шууд санаатай үйлдлээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс төрд гэм хор учирсан гэж үзэхээр байна.
Иймд, хариуцагч ******* нь *******ын даргын хувьд *******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0280 дугаар шийдвэрийг биелүүлээгүй эс үйлдэхүй нь төрөөс *******ын ажилгүй байсан тухайн хугацааны олговрыг олгосон хохиролтой шалтгаант холбоотой гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.
8.4. Харин анхан шатны шүүх хариуцагч *******ийг *******ын даргын албан тушаалаас 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр чөлөөлөгдсөн хугацаанд дүгнэлт хийхгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
9. *******ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарсан 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс хариуцагч *******ийг *******ын даргын албан тушаалаас чөлөөлсөн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүртэлх хугацаанд хамаарах *******ын шүүхийн шийдвэрийн дагуу тогтоогдсон нэг өдрийн цалин 64,568 төгрөгийн хэмжээгээр 297 хоногийн хугацаагаар тооцож төрд учруулсан хохирол 19,176,696 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулах нь зүйтэй.
10. Иргэдийн төлөөлөгчийн нэхэмжлэлийг хангах тухай дүгнэлт дээрх үндэслэлтэй нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 192/ШШ2026/00806 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос 19,176,696 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,560,124 төгрөг болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж, 295,158 гэснийг 253,833 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,159 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Ч.БАТЧИМЭГ