| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0236/И |
| Дугаар | 280 |
| Огноо | 2016-10-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Төмөр замын гудамж 1-9 тоотод оршин суух, Борын тээхэн овогт Ойдовсамбуугийн Энхцэцэг /РЮ70031802/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг Захиргааны 14 айлын 18 тоотод оршин суух, Боржигон овогт Батчулууны Оюун /ХЕ65010963/ нарт холбогдох
“Зээлийн үндсэн төлбөр 4,284,667.21 төгрөг, зээлийн хүү 683,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,466 төгрөг нийт 5,012,332.21 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэвэлмаа, нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.Энхцэцэг, хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюун нар нь 2013.10.24-нд Замын Үүд Хас Банктай зээлийн 1390004972 дугаар гэрээ байгуулж 10,000,000 (Арван сая) төгрөгийн зээлийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр, 2014.11.11-ний өдөр Замын-Үүд Хас банктай зээлийн 1390007817 дугаар гэрээ байгуулж 5,000,000 (Таван сая) төгрөгийн зээлийг жижиг оврын нэхмэлийн машин авах зориулалтаар 12 сарын хугацаатай, сарын 2,45 хувийн хүүтэйгээр тус тус авсан. 2013.10.24-ний өдрийн Барьцаат зээлийн 1390004972 дугаар гэрээгээр УНБ 0489 улсын дугаар, No00591998 гэрчилгээний дугаартай FAW маркын авто машин, 36-92 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт, 2013.10.24-ний өдрийн Барьцаат зээлийн 1390004972 дугаар гэрээгээр УНМ 6769 улсын дугаар, Ne00591998 гэрчилгээний дугаартай ТOYOTA CRESTA маркийн суудлын автомашиныг барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн 1390004972 дугаар гэрээ, зээлийн 1390007818 дугаар гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 04 дүгээр 18-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч О.Энхцэцэг, Б.Оюун нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж, 2015 оны 07 сарын 27-ны өдөр зээлийн хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийг бизнесийн үйл ажиллагааны орлого, төлөгдөх нөхцөл байдлыг уялдуулан, зээлийн нөхцлийг өөрчилж, 1390009390 дугаартай зээлийн гэрээ байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 121 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Нийт 4,793,937.21 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү. Мөн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 39/507 тоот албан тоотоор зээлийн хүү 647,983 төгрөг нэмэгдүүлсэн хүү 39,385 төгрөг нийт 178,098 төгрөгөөр нэмэгдүүлсэн бөгөөд 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 4,284,667.21, зээлийн хүү 683,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,466 төгрөг болсон тул нийт 5,012,332.31 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Цэвэлмаа шүүх хуралдаанд: “Зээлдэгч О.Энхцэцэг, Б.Оюун нараас зээлийн үлдэгдэл 4,284,667.21 төгрөг, хүү 683,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,466 төгрөг нийт 5,012,332.21 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсч байна. Удаа дараа зээлээ төлөхийг банкнаас шаардаж байсан боловч зээлийг төлөөгүй. Хууль болон гэрээгээр нэмэгдүүлсэн хүү тооцно гэсний дагуу нэхэмжилсэн учраас гаргуулж авна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Б.Оюунаас мөн зээлийг гаргуулна, зээлийг төлнө гэж хамтран үүрэг гүйцэтгэгчээр гэрээнд гарын үсэг зурсан” гэв.
Хариуцагч Б.Оюун шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Оюун би Хас банкны нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 2013 оны 10 дугаар сарын 24-нд Энхцэцэг нь Хас банкнаас зээл авч байгаа та батлан даагч болоод өгөөч гэж гуйсны үндсэн дээр гарын үсэг зурсан. Уг зээлийн мөнгөнөөс би авч хэрэглээгүй Энхцэцэг нь өөрөө мөнгөө авсан. Тиймээс би энэ мөнгийг төлөхгүй. Энхцэцэг нь өөрөө хариуцаж төлнө. Миний бие нь бөөрний дутагдал, чихэрийн шижин өвчний хүндрэл оноштой 05 дугаар сарын 31-нээс эмнэлэгт байгаа одоо дахин Улаанбаатар хотод эмчилгээнд явж байгаа тул шүүхэд хүрэлцэн ирэх, шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа учир надад хамааралгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “О.Энхцэцэг миний бие Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн 4,793,937.21 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад зээлийн хугацааг сунгуулж, төлөлтийг багасгуулж шийдвэрлүүлэх хариу тайлбарыг гаргаж байна. Учир нь миний бие эрхэлж байсан бизнес үйл ажиллагаа доголдож орлого багассан нөхцөл байдлаас зээлийн эргэн төлөлтийн хугацаа тасалдахад хүрсэн. 2016 оны 07 дугаар сараас эдийн засгийн нөхцөл байдал сайжирч тодорхой хэмжээний орлоготой болж ирсэн байгаа тул тухайн үлдэгдэл дүнг зээлийн хугацаанд оруулж сард төлөх төлөлтийг багасган шийдвэрлүүлж зээлийг төлж дуусгах хүсэлтэй байна” гэжээ.
Хариуцагч О.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй О.Энхцэцэгт холбогдох иргэний хэргийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Зээлдэгч О.Энхцэцэгийн хувийн байдал, эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж үндсэн төлбөр дээр шүүхийн шийдвэрийг гаргаж өгнө үү” гэжээ.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбарыг шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв хариуцагч О.Энхцэцэг, Б.Оюун нарт холбогдуулан зээлийн төлбөр 4,284,667.21 төгрөг, хүү 683,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,466 төгрөг нийт 5,012,332.21 төгрөг гаргуулах, төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Б.Оюун шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан ба нэхэмжлэгчийн төлөөлөгч хариуцагч нарыг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч болон хариуцагчийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Хариуцагч Б.Оюун “зээлийг би авч хэрэглээгүй, нэг ч төгрөг аваагүй учраас төлөхгүй” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх “хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийг бүрэн хэмжээгээр хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч О.Энхцэцэг, Б.Оюун нар нь 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хас банктай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэй, тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 5,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай 2,5 хувийн хүүтэй жижиг оврын нэхмэлийн машин авах зориулалтаар тус тус авч 04-89 УНБ улсын дугаартай, №00591998 гэрчилгээний дугаартай FAW маркын авто машин, 36-92 ГЧ улсын дугаартай чиргүүлийн хамт мөн 67-69 УНМ улсын дугаартай №00591998 гэрчилгээний дугаартай ТOYOTA CRESTA маркийн суудлын автомашинуудыг барьцаалсан байна.
Зээлдэгч О.Энхцэцэг, Б.Оюун нар нь 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг зээлийн гэрээний 3.2.1 дэхь заалтын дагуу “зээлийг гэрээнд заасан зориулалтаар ашиглаж зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтанд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүрэгтэй” гэснийг зөрчиж, гэрээг нэг талын санаачилгаар цуцлах нөхцөл бий болсон байх ба банк гэрээний 5.1.1 болон Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй бөгөөд мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохиролыг арилгуулахаар шаардах эрхтэй.
Хариуцагч О.Энхцэцэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй” гэх боловч Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж, барьцаат зээлийн гэрээний 4.1-т “Зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүү төлөх үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх ...” гэж заасны дагуу хариуцагч хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй байна.
Мөн хариуцагч Б.Оюун нь “зээлийг авч хэрэглээгүй, нэг ч төгрөг аваагүй” гэж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй, зээлийн гэрээ нь талуудын сайн дурын үндсэн дээр хийгдсэн гэрээ гэж шүүх үзлээ. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2-т “хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ” гэж, мөн зээлийн гэрээний 3.3.6 дахь хэсэгт “хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх, үүрэгтэй” гэсний дагуу Б.Оюун нь гэрээний үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Иймд хариуцагч О.Энхцэцэг, Б.Оюун нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5,012,332.21 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгох үндэслэлтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч О.Энхцэцэг, Б.Оюун нараас зээлийн төлбөр 4,284,667.21 төгрөг, хүү 683,199 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 44,466 төгрөг нийт 5,012,332.21 төгрөгийг гаргуулан Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
2. Монгол Улсын Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар хариуцагч О.Энхцэцэг, Б.Оюун нар нь зээлийн төлбөрийн үүргээ сайн дураар эс биелүүлбэл зээлийн барьцаа хөрөнгө болох 04-89 УНБ улсын дугаартай FAW маркийн автомашин, 36-92 ГЧ улсын дугаартай чиргүүл, 67-69 УНМ улсын дугаартай ТOYOTA CRESTA маркийн автомашин зэрэг эд хөрөнгийг дуудлага худалдаанд оруулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангасугай.
3. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШЗ2016/00821 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 102,198 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч О.Энхцэцэг, Б.Оюун нараас 102,198 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ