Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00743

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09591 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

74,900,000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ийн эрх залгамжлагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* арлын дугаартай, ******* улсын дугаартай, ******* маркийн экскаваторыг 120,000,000 төгрөгөөр худалдахаар гэрээ байгуулж, экскаваторыг хүлээлгэн өгсөн. Тээврийн хэрэгслийн үнийг тогтоосон хуваарийн дагуу төлж дууссан тохиолдолд худалдан авагчийн нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон.

1.2. ******* нь 21,100,000 төгрөгийг бэлнээр, 5,000,000 төгрөг дансаар, 5,000,000 төгрөгт тооцон автомашин, нийт 31,100,000 төгрөгийг *******д төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөр 88,900,000 төгрөгийг төлөөгүй.

1.3. Хариуцагч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс хойш экскаваторыг эзэмшиж ашиглаж байгаа тул буцаан авах боломжгүй. Тухайн хугацаанаас хойш тээврийн хэрэгсэлтэй холбоотой торгууль нэхэмжлэгч *******ийн нэр дээр бүртгэгдэж байна. Шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч ******* 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 14,000,000 төгрөгийг төлсөн.

Иймд, хариуцагч *******гаас худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 74,900,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д ******* улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авахыг даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. *******тай 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ******* маркийн экскаваторыг худалдан авах гэрээ байгуулсан. Гэвч 2022 онд экскаваторт засвар үйлчилгээ их хийсэн бөгөөд мотор, насос засварлаж, мөн тодорхой хэмжээний төлбөрийг төлсөн. Гэрээнд заасны дагуу ******* ХХК нь тээврийн хэрэгслийн үнийг төлөх ёстой байсан боловч 2024 оны 06 сараас эхлэн чулууны уурхайн үйл ажиллагааны санхүүгийн хүндрэл үүссэн. ******* ХХК нь 2025 оны 06 дугаар сараас хэвийн үйл ажиллагаа явуулна. Иймд, 89,900,000 төгрөгийн үлдэгдлийг 2025 оны 07 дугаар сараас үе шаттайгаар төлж барагдуулах боломжтой гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч *******гаас 74,900,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч *******д ******* улсын дугаартай экскаваторын тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлэн авахыг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 602,450 төгрөгийг болон 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гаас 70,200 төгрөг, 532,450 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ энэ хэргийн жинхэнэ хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй. Хариуцагч 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр *******тай тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг ******* ХХК-ийг төлөөлж түүний нэрийн өмнөөс уг хэлцлийг хийж, гарын үсэг зурсан. ******* ******* маркийн экскаваторыг бодитоор эзэмшиж ашиглаж, гэрээний дагуу үнийг нь төлж байгаа жинхэнэ худалдан авагч этгээд нь ******* ХХК бөгөөд гэрээний зүйлийн үнэд 45,100,000 төгрөг төлсөн ба энэхүү төлбөрийг төлөхдөө тус компанийн захирал *******ийн эхнэр *******гийн данснаас төлсөн. Цаашид уг компани төлбөрийг төлөх учир жинхэнэ хариуцагч биш гэж маргаж, татгалзлаа нотлох зорилгоор энэхүү компанийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаартай албан тоотыг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл анхан шатны шүүх гэрээнд зөвхөн компанийг төлөөлж гарын үсэг зурсан хүнээс гэрээний төлбөр гаргуулж, тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлж авахыг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Дээрх тээврийн хэрэгсэл *******гийн нэр дээр шилжсэн тохиолдолд ******* ХХК нь үүнийг зөвшөөрөхгүй, ******* болон тус компани нарын хооронд дахин маргаан үүсэх тул анхан шатны шүүхийн шийдвэр хэргийг нэг мөр шийдвэрлэх зарчимд нийцэхгүй.

4.2. Мөн хариуцагчийн гаргаж өгсөн нотлох баримтыг огт үнэлээгүй, түүнийг тодруулах тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хангаагүй, шийдвэр үндэслэл бүхий болоогүй. ******* нь *******" ХХК-д инженерийн албан тушаалд ажилладаг тул тухайн үед түүнд компанийн удирдлагын зүгээс зөвхөн гэрээнд гарын үсэг зурах эрх, үүрэг өгсөн болохоос гэрээний зүйлийг бодитоор худалдаж авсан этгээд биш юм.

4.3. Хариуцагчийн өмгөөлөгч нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд хурал эхлэхээс өмнө хэргийн материалтай дутуу танилцсан. Хуралдааны өмнөх өдөр үйлчлүүлэгчтэй уулзаж, хэргийн талаар мэдээлэл авч, авсан мэдээллийн хүрээнд хариуцагчийн татгалзлыг нотлох зорилгоор ******* ХХК-ийн менежер *******, ******* нараас гэрчийн мэдүүлэг авхуулж, маргааны зүйл болох экскаваторыг бодитоор хэн худалдан авч эзэмшиж, ашиглаж байгаа болон гэрээний зүйлийн үнийг хэн, хэрхэн төлж байгаа, цаашид хэн төлөх талаар тодруулах, мөн хариуцагчийн солиулах 45,100,000 төгрөгийг *******д хэн, хэзээ хэрхэн төлсөн талаарх баримтыг "*******" ХХК-аас гаргуулах, хавтаст хэргийн материал танилцах тухай хүсэлтийг тус тус гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3.1-34.3.3, 34.3.9, 34.3.11-д заасан эрхийг зөрчсөн, хариуцагчийн татгалзлаа нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн.

Тодруулбал, өмгөөлөгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон өдрөөс өмнө дээрх хүсэлтүүдийг гаргах боломж байгаагүй, уг хүсэлтийг ******* гаргаагүй, өмгөөлөгчийн хувиар гаргасан. Өмгөөлөгч, хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тус тусдаа эрх, үүрэгтэй оролцдог өөр өөр субъектүүд бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуулиар олгосон эрх, үүргээ хэрэгжүүлж, чадаагүй мэтгэлцэх зарчим ноцтой зөрчигдсөн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Маргаан бүхий тээврийн хэрэгслийг *******аас ******* худалдаж авсан бөгөөд цааш худалдан борлуулсан эсхүл ашигласан эсэхийг үгүйсгэхгүй байна. Хариуцагч нь хариу тайлбараа хугацаандаа өгөөгүй, тус тайлбартаа холбогдох төлбөрийг 2025 оны 07 дугаар сараас эхэлж үе шаттайгаар төлнө гэж дурдсан. Энэ хугацаанд 14,000,000 гаруй төгрөгийг төлсөн учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 74,900,000 төгрөг шаардсан.

5.2. Хариуцагчийн өмгөөлөгч анхан шатны шүүх хуралдааны явцад ******* ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь маргаан бүхий тээврийн хэрэгслийг уг компанид хүлээлгэж өгөөгүй бөгөөд *******д хүлээлгэж өгсөн. Бид экскаваторыг ачуулахдаа ажиллуулж, ачих үйл явцыг бичлэг хийж баталгаажуулсан бөгөөд тухайн бичлэгийг шүүхэд гаргаж өгсөн буюу танилцуулсан. Нэхэмжлэгч нь ******* ХХК-тай гэрээ байгуулаагүй, *******тай байгуулсан учир түүнээс төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Бид экскаватораа албан ёсоор хариуцагчийн нэр дээр шилжүүлж өгөхгүй бол жил жилийн тээврийн хэрэгслийн төлбөр нэхэмжлэгчийн нэр дээр гарна. Хариуцагч маргаан бүхий тээврийн хэрэгслийг цааш худалдан борлуулсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 88,900,000 төгрөг гаргуулах, тээврийн хэрэгслийн нэр шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 14,000,000 төгрөгөөр багасгасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргаан бүхий экскаваторыг ******* ХХК нь худалдан авсан бөгөөд тус компанийг төлөөлж гэрээ байгуулсан гэж маргажээ..

 

3. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлж, маргаан бүхий үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

4. ******* болон ******* нар нь 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр худалдагч ******* нь ******* улсын дугаартай, ******* маркийн тээврийн хэрэгслийг 120,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч ******* нь уг техникийг хүлээн авч, төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх-5/

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

6. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг хариуцагч шилжүүлэн өгсөн. Талууд энэ үйл баримтын талаар маргаагүй. Харин хариуцагч нь бусдыг төлөөлж худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж маргажээ.

 

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлохоор *******" ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19 дугаартай Тус компани нь маргаан бүхий худалдах-худалдан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг худалдан авсан бөгөөд захирал *******ийн эхнэр ******* нь гэрээний үнэ 45,100,000 төгрөгийг төлсөн, инженер ******* компанийг төлөөлж гарын үсэг зурсан гэсэн албан бичгийг гаргасан байна.

 

6.1. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч нь бусдын нэрийн өмнөөс хэлцэл хийж байгаагаа нэхэмжлэгчид илэрхийлсэн болох нь тогтоогдохгүй байх ба энэ талаар мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол нэхэмжлэгчийг бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж зааснаар төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ гэж үзэх боломжгүй.

6.2. Мөн худалдах-худалдан авах гэрээний үнийг хариуцагчийн ажилладаг хуулийн этгээд төлсөн нь хариуцагчийг гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

Учир нь, хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно гэж Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д заасан.

 

Өөрөөр хэлбэл, худалдан авагч ******* нь тээврийн хэрэгслийн үнэ төлөх үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр гэрээнд заагаагүй буюу худалдах-худалдан авах гэрээний үүргийн шинж чанарт харшлахгүй тул маргаан бүхий гэрээний үнийг хариуцагчийн ажилладаг хуулийн этгээд төлснөөр хариуцагчийг худалдах-худалдан авах гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

7. Харин *******, ******* нар нь худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөлийн талаар харилцан хүсэл зориг илэрхийлэгдсэн гэрээг бичгээр хийж, гарын үсэг зурсан байна.

 

Иймд, талуудын хооронд Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар маргаан бүхий тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах зорилгоор хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр болсон хэлцэл хийгдсэн гэж үзнэ.

 

8. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх тул нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн үнэ 74,900,000 төгрөгийг гаргуулах, ******* улсын дугаартай экскаваторын улсын бүртгэлийг шилжүүлэн авахыг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй байна.

 

9. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн талаарх хариуцагч өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш 9 сарын хугацаанд хариуцагч нотлох баримтыг бүрдүүлэх хүсэлтээ шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байснаас гадна шүүх хуралдаанд гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж ******* ХХК-ийн менежер ******* гэрчээр асуулгах, ******* ХХК-аас тээврийн хэрэгслийн үнийг төлсөн баримтыг гаргуулах хүсэлтийг хангахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасныг зөрчөөгүй байна.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх бөгөөд хэрэг хэлэлцэх явцад хэргийн материалтай танилцах хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг шүүх хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийн дагуу хүлээн авч шийдвэрлэх боломжгүй.

10. Дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09591 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 532,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Ч.БАТЧИМЭГ