Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 282

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг Бага тойруу 4-р хороо 30А байр 36 тоотод оршин суух, Мужаан овогт Батсуурийн Амартүвшин /РД: ХП76071010/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо 10-р байрны 27 тоотод оршин суух, “Мэргэн арцат” ХХК-ний захирал ажилтай, Чонос овогт Жаргалын Бямбажаргал /РД: ЗЮ82040330/,

Хариуцагч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо 10-р байрны 27 тоотод оршин суух, Чимэддорж овогт Энх-Амгалангийн Уянга /РД: МЭ84121401/ нарт холбогдох

“Грашийн байрлалыг тодруулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ”-г гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Амартүвшин, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх, гэрч Б.Гантөмөр, Я.Оюун, нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Амартүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие 2011 оны 09 сард “Мэргэн Арцат” ХХК-ний Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг 1-р баг 8-р хэсэгт баригдаж байсан багш нарын гэх 137-р байрны 2 давхарын 12 тоот 31м2 байр худалдан авах гэрээ байгуулан түүнээс хойш байр ашиглалтанд орох  2012 оны 06 сар хүртэлх хугацаанд гэрээний дагуу 24,8 сая төгрөгийг төлж барагдуулсан. Гэтэл байр ашиглалтанд орох болсон үед Ж.Бямбажаргал болон түүний эхнэр 2 захиалсан байрыг маань аргагүйн эрхэнд өөр хүнд зарах болоод байна, танд 4 давхарт ижил талбайтай байраар солих мөн дээрээс нь хамгийн сайн байрлалтай зогсоолын үл хөдлөхийн гэрчилгээг гаргаад өгье гэж удаа дараа утсаар болон биеэр уулзаж гуйсаар байгаад анх захиалсан байрны байрлалыг өөрчилсөн. Тэгээд грашийг хамгийн сайн байрлалтайг нь байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй хамтад нь өгнө гэсэн боловч байрны үл хөдлөхийн гэрчилгээг 2012 оны 09 сард өгөөд грашийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл өгсөнгүй. ….Байр ашиглалтанд орсноос хойш байрны доор байрлах грашид миний бие өөрийн автомашинаа тавьж байна. Гэтэл Ж.Бямбажаргал байрны доорх грашийг өөр хүнд зарах гэж байна гэж сураг сонслоо. Иймээс залилан мэхэлж буй “Мэргэн Арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргалаас Монгол Улсын хуулийн дагуу иргэн Б.Амартүвшин надад грашийн байрлалыг тодруулан, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Амартүвшин шүүх хуралдаанд: Миний бие 2011 оны 09 сард “Мэргэн Арцат” ХХК-ний барьсан барилга болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг 1-р баг 8-р хэсэгт 137-р байрны 2 давхарын 12 тоот 31м2 байр худалдан авахаар захиалж гэрээг “Мэргэн Арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргалын эхнэр Э.Уянгатай уулзаж  байгуулан урьдчилгаа төлбөр болох 30 хувийг төлсөн. Байр ашиглалтанд орох хүртэл гэрээний дагуу байрныхаа төлбөр болох 24,800,000 төгрөгийг төлж 100 хувь барагдуулсан. Тэгээд байр ашиглалтанд ороход миний захиалсан 2 давхарт 12 тоотыг нэг багшид зарчихсан, мөнгө төгрөгийг нь авчихсан зайлшгүй өгөх шаардлагатай юм та 4 давхарын байраар сольчих гээд Ж.Бямбажаргал, Э.Уянга нар гуйхаар нь би хөгшин настай ээжийгээ 4 давхар луу гаргаж чадахгүй гэсэн гэтэл граш үнэ төлбөргүй өгье. Байр, грашийн үл хөдлөх гэрчилгээг хамт гаргаж өгье гэхээр нь би зөвшөөрсөн.  Байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг 24 тоотоор гаргаж өгсөн. Харин грашийн гэрчилгээг гаргаж өгөөгүй өнөөдрийг хүрсэн. Би 4 жилийн турш байнга гэрчилгээг гаргаж өгөхийг шаардаж байсан. Удахгүй гаргаж өгнө гэж худлаа хэлсээр байгаад сүүлдээ утсаа авахгүй болсон. Шүүхэд өгөхөөс өмнө грашийн гэрчилгээ гаргаад өгөөч үнэ төлбөргүй өгөхгүй гээд байгаа бол 1 сая төгрөг өгье гэж хэлсэн. Тухайн үед граш 2 сая төгрөгний үнэтэй байсан гэтэл зөвшөөрөөгүй. Тухайн үед бичиг баримтаар баримтжуулж аваагүй нь миний буруу, бичиг баримт бичүүлж аваагүй учраас энэ хүмүүс тийм зүйл болоогүй гээд байна. Иймд би заавал 3 тоот зогсоол гэхгүйгээр зогсоолын байршил тогтоолгож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргуулах хүсэлттэй байна” гэв.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд: “Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Зогсоол өгөх талаар хэлэлцэн тохиролцсон зүйлгүй бөгөөд уг зогсоол нь барилга баригдсан дараагаар хөрөнгө оруулагчаас худалдан борлуулагдсан тул бусдын эзэмшлийн эд хөрөнгө гэж тайлбарлан хэлсэн. Тухайн оршин суугчдыг ашиглахгүй байгаа хугацаанд л тээврийн хэрэгсэлийг тавиулж байсан нь түүний эзэмшлийн гэж үзэх үндэслэл боллоо гэж байдаг тул бусдын эзэмшилд байдаг хөрөнгийг уг хариуцагч дур мэдэн захиран зарцуулах эрхгүй. Анх энэ байрыг барьж дуусгасны дараа халаалт болон бусад асуудлууд гарч ирсэн. Тэгээд энэ бүх асуудлаас болж төвийн халаалтанд хамрагдаагүй учир тогтвортой оршин суугч нартаа ашиглахгүй байхаар гээд машинаа тавьж болно гэж хэлсэн. Үүний дагуу Б.Амартүвшин нь машинаа тавьж байсан. Б.Амартүвшинтэй ярьж байсан үнэхээр граш авах хүсэлтэй байгаа бол мөнгөөр нь авах боломжой. Яагаад гэвэл 12, 24 тоот нь хэмжээний хувьд адилхан зөрүүтэй зүйл байхгүй. Грашийг мөнгөөр нь авах санал тавьсан. Тэгэхэд Б.Амартүвшин нэг сая төгрөг өгье гэсэн. Тэгээд хариуцагч тал нэг сая төгрөгөөр зарахгүй гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагын хувьд 3 тоот зогсоол гэж нэхэмжилсэн байна. Тэгэхээр энэ зогсоол нь Жаргалын Есүйн нэр дээр байдаг. Ийм учраас Б.Амартүвшингийн нэхэмжлэх ёстой хүн нь тодорхой биш яг хэний эзэмшлээс нэхэмжлэх ёстойгоо тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Ямар нэгэн гэрээ хийгээгүй байрных нь метр квадрат ижил хэмжээтэй байж зүгээр л энэ зогсоол дээр машинаа тавьж байсан гэх үндэслэлээр нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчдын тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Амартүвшин нь хариуцагч “Мэргэн Арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргал, Э.Уянга нарт холбогдуулан зогсоолын байрлал тогтоолгож, уг зогсоолын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Үүрцайх нь тогтвортой оршин суугч нартаа ашиглахгүй байхаар гээд машинаа тавьж болно гэсний дагуу Б.Амартүвшин зогсоолд машинаа тавьж байсан. 12, 24 тоот нь хэмжээний хувьд адилхан зөрүүтэй зүйл байхгүй, Б.Амартүвшин нь зогсоол дээр машинаа тавьж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Амартүвшин нь “Мэргэн Арцат” ХХК-тай Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг 1-р баг 8-р хэсэгт 137-р байрны 2 давхарын 12 тоот 31м2 байрыг худалдан авахаар захиалж гэрээ байгуулсан. Байр ашиглалтанд ороход гэрээний дагуу 2 давхарын 12 тоот 31м2 байрыг Б.Амартүвшингийн өмчлөлд шилжүүлэх байсан боловч 4 давхарын 24 тоот 31м2 байраар сольж, давхар солигдсонтой холбогдуулан уг байрны В давхарт автомашины зогсоол өгөхөөр талууд тохиролцсон үйл баримт болсон байна. Уг үйл баримт нь нэхэмжлэгч, хариуцагчийн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэлт гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /698 дугаар шүүгчийн захирамжтай хэргийн материал хх-5/ зэргээр тогтоогдож байна. 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийн худалдан авахаар захиалсан 12 тоот орон сууцыг 24 тоотоор сольж нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар маргаагүй.

Нэхэмжлэгч Б.Амартүвшин нь хариуцагч “Мэргэн Арцат” ХХК /захирал Ж.Бямбажаргал/-тай  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг 1-р баг 8-р хэсэгт байрлах 137-р байрны 2 давхарын 12 тоот 31м2 байрыг худалдан авахаар тохирч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэхь хэсэгт заасан “худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй.

Гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч Б.Амартүвшин худалдан авсан эд хөрөнгийг үнийг төлөх үүргээ биелүүлж, 24,800,000 төгрөгийг компанид шилжүүлэн өгсөн энэ талаар зохигчид маргаагүй, харин худалдагч нь ...эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх... үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын 2 давхарын 12 тоот байрыг 4 давхарын 24 тоотоор сольж өгсөн гэсэн тайлбараар нотлогдон тогтоогдож байна.

Хариуцагчийн төлөөлөгч зогсоол өгөх талаар хэлэлцэн тохиролцсон зүйлгүй гэх боловч шүүх хуралдаанд гэрч Я.Оюуны “2012 онд байр ашиглалтанд орсон, уг байрны грашид 2012 оны өвлөөс эхэлж Б.Амартүвшин, үсчин Даваасүрэн, манай машин грашид тавих эрхтэй шүү гэж Ж.Бямбажаргал надад хэлж байсан. 2012 оноос хойш Б.Амартүвшин машинаа грашид тавьж байгаа... сүүлд надад хэлэхдээ Б.Амартүвшин танайд гэрчилгээ гаргаж өгнө ... миний гэрчилгээг гаргаж өгөхгүй байхаар нь энд шүүх хуралд орох үед нь барьж авч нотариатаар орж гэрээ хийж сая 10 сард гэрчилгээгээ гаргуулж авсан. Бүх гэрчилгээг Ж.Бямбажаргал нь өөрийн төрсөн дүү Жаргалын Есүйн нэр дээр гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Б.Гантөмөрийн “... Ж.Бямбажаргал ах миний хажууд хэд хэдэн удаа грашийн гэрчилгээгээ гаргуулах талаар ярьж байсан. Тэгэхэд хойшлуулах байдалтай дандаа ярьдаг байсан...” гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч Б.Амартүвшин нь 2 давхарын 12 тоот байрыг захиалсан боловч байр ашиглалтанд ороход 4 давхарын 24 тоотоор сольж уг байрны В давхарт байрлах авто зогсоолоос өгөхөөр талууд хэлэлцэж тохиролцсон үйл баримт нотлогдож байх ба хариуцагч дээрх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.4-т “Үүрэг гүйцэтгэгч тодорхой эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөл буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь уг эд хөрөнгийг өөртөө шилжүүлэх, учирсан хохирлоо арилгахыг шаардах эрхтэй” гэж заасны дагуу үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “Мэргэн Арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргал нь 2 давхарын 12 тоот орон сууцыг 4 давхарын 24 тоотоор сольж, уг байрны В давхарт байрлах авто зогсоолыг үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч Б.Амартүвшингийн өмчлөлд нь шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй байх ба уг авто зогсоолыг өмчлөлдөө шилжүүлэхийг Б.Амартүвшин шаардах эрхтэй гэж үзнэ. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8-р хэсэг 137 дугаар байрны В-1 давхарт байрлах нэг авто зогсоолын өмчлөгчөөр Б.Амартүвшинг тогтоож, авто зогсоолын байрлал тодорхойгүй учраас байршлыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг “Мэргэн арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргал, Э.Уянга нарт даалгаж шийдвэрлэлээ.

Хариуцагч “Мэргэн арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргал, Э.Уянга нар нь гэр бүлийн хүмүүс байх ба нэхэмжлэгч Б.Амартүвшин орон сууц захиалах гэрээг Э.Уянгатай хийсэн гэх ба энэ талаар зохигчид маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар “Мэргэн арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргал, Э.Уянга нарт даалгах нь зүйтэй гэж үзсэн болно. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 110 дугаар зүйлийн 110.1, 227 дугаар зүйлийн 227.4-т зааснаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р баг 8-р хэсэг 137 дугаар байрны В-1 давхарт байрлах авто зогсоолоос нэхэмжлэгч Б.Амартүвшинг нэг автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоож, авто зогсоолын байршлыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч “Мэргэн арцат” ХХК-ний захирал Ж.Бямбажаргал, Э.Уянга нарт даалгасугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч “Мэргэн арцат” ХХК-ны захирал Ж.Бямбажаргал, Э.Уянга нараас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Амартүвшинд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4 . Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ