Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 284

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Дорноговь аймаг Улаанбадрах сумын 3-р баг Аргалант гэх газар нутаглах Захат овогт Бат-Өлзийгийн Баатар /РД: ЕК56110772/-ын хүсэлттэй

“Бичиг баримтын жинхэнэ эзэмшигч мөн болохыг болон улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансүх нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Б.Баатар шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд: “Миний бие Дорноговь аймгийн Улаанбадрах суманд 1979 оны 07 дугаар сарын 20-ноос 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал 15 жил 05 сар 21 хоног тасралтгүй малчин, мал аж ахуйн хэсгийн даргаар ажиллаж байсан. Тухайн үеийн сум нутгийн удирдлагууд миний хөдөлмөрийн дэвтэрт ажиллаж байсныг бичилт хийхдээ хойд эцэг болох Дугарын Цэрэннамжил, Цэвээний Цэенпилийн Цэвээнээр овоглож буруу бичсэн тул тэтгэврээ тогтоолгож чадахгүй байна. Иймд 3 хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигчээр тогтоож, миний ажилласан жилийг 15 жил 5 сар 21 хоногоор улсад ажиллаж байсныг тогтоож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Бат-Өлзийгийн Баатар нь 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №27 дугаар хөдөлмөрийн дэвтэр, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр, 1984 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох мөн 1979 оны 07 дугаар сарын 20-оос 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлийн Аргалант бригадад малчин, мал аж ахуйн даргаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус гаргажээ.

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлд ажиллаж байх үед олгосон 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №27 дугаар хөдөлмөрийн дэвтэрт “Цэрэннамжилын Баатар 1957 онд төрсөн” гэж, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэрт “Цэвээний Баатар 1957 онд төрсөн” гэж,  1984 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн хөдөлмөрийн дэвтэрт “Цэрэннамжилын Баатар 1957 оны 10 дугаар сарын 11-ний өдөр төрсөн” гэж тус тус бичилт хийж нээсэн байх ба уг дэвтэрүүдийн эзэмшигч нь  Бат-Өлзийгийн Баатар мөн болох нь гэрч Г.Энхжаргал, Т.Дашдэндэв нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн магадлагаа, иргэний үнэмлэхний хуулбар зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Мөн дээрх хөдөлмөрийн дэвтэрүүд, цалингийн тодорхойлолт, гэрчүүдийн мэдүүлэг, баярын бичгүүд, хүндэт үнэмлэх зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.Баатар нь 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Аргалант бригадад малчин, тэмээчин, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлийн мал аж ахуйн даргаар, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4-р багийн даргаар тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д зааснуудыг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-т заасныг баримтлан 1979 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №27 дугаар, 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр,  1984 оны 05 дугаар сарын 05-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь Захат овогт Бат-Өлзийн Баатар /РД: ЕК56110772/ мөн болохыг тогтоосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Захат овогт Бат-Өлзийн Баатар /РД: ЕК56110772/-ыг 1979 оны 07 дугаар сарын 13-ны өдрөөс 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдлийн Аргалант бригадад малчнаар, 1984 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Оргил нэгдэлийн мал аж ахуйн даргаар, 1992 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 4-р багийн даргаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Б.Баатарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.  Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ