Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалан, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 12А гудамжны 4 тоотод оршин суух Баатар овогт Баяржаргалын Алтанчимэг /ЖИ82101903, утас 88583139, 99570192/-ийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сум 9-р заставт оршин суух, Хилийн цэргийн 0129 дугаар ангийн хилийн 9 дүгээр заставын харуулын дарга ажилтай, То ван овогт Цагаанхүүгийн Нямбат /ЖИ82090511, утас 78040129/-д хариуцагдах

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Алтанчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд: “Миний бие нь Ц.Нямбаттай 10 жилийн сургуульд сурч байхдаа буюу 2000 оноос үерхэж байгаад 2006 оноос 2009 он хүртэл хамтран амьдарсан. 2006 онд гэрлэлтээ албан ёсоор батлуулсан. 2003 оны 06 дугаар сарын 12-нд охин А.Номинг төрүүлсэн. Гэрлэлтээ бид батлуулаагүй байсан учраас охин маань надаар овоглосон. Хамтран амьдарч байх хугацаанд нөхөр Ц.Нямбат нь архи дарс ууж, гэр бүлийн хүчирхийлэлтэй амьдарч байсан. Бидний үзэл бодол нийлэхгүй байснаас 2009 оноос тусдаа амьдарсан. Одоо бид тус тусдаа гэр бүлтэй, амьдралтай болцгоосон. Иймд гэрлэлтээ цуцлуулж, охин А.Номинг өөрийн асрамжид авна, охин маань миний асрамжид байгаа, тэтгэлэг тогтоолгоно. Бидний дунд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй” гэжээ.

Хариуцагч Ц.Нямбат шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Нямбат миний бие нь Б.Алтанчимэгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Уг нэхэмжлэлийг бүхэлд нь зеөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Ц.Нямбат миний бие дахин гэр бүлтэй болсон учраас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, охин А.Номинд тэтгэлэг төлнө. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Миний бие ээлжийн ажил хийдэг шүүхийн дуудсан цагт дахин ирэх боломжгүй тул намайг шүүх хуралд оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх нотлох баримтаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь хариуцагч Ц.Нямбатад холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид 2000 оноос 10 жилийн сургуульд суралцаж байхдаа үерхэж, нөхөрлөж улмаар 2006 оноос хамтын амьдралтай болж, 2006 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан байна. Тэдний дундаас 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр охин А.Номин төрсөн ба зохигчид зан харилцааны таарамжгүй харилцаа, хэрүүл маргаанаас болж 2009 оноос тус тусдаа амьдран хамтын амьдралаа үргэлжүүлэх боломжгүй болсон нь зохигчдын тайлбар, №0057824/30 тоот гэрлэлтийн баталгааны хуулбар, Г№038 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна.

Зохигчид гэр бүлээ цуцлуулах асуудлаар маргаангүй, хоорондын таарамжгүй харьцаанаас тэдний хооронд үл ойлголцол бий болж 2009 оноос хойш тус тусдаа амьдарсан, хэн аль нь дахин өөр гэр бүлтэй болсон, цаашид эвлэрч амьдрах боломжгүй, гэрлэлтээ цуцлуулна гэж байх тул шүүх тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б.Алтанчимэг нь хариуцагч Ц.Нямбаттай албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байхдаа охин А.Номинг төрүүлж өөрөөрөө овоглосон байх ба хариуцагч Ц.Нямбат нь А.Номинг өөрийн охиноо биш гэж маргаагүй, “охин Номинд тэтгэлэг төлнө” гэж зөвшөөрч байх ба нэхэмжлэгч шүүхэд эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй ч  шүүх охин А.Номингийн эцгээр Ц.Нямбатыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. Мөн охин А.Номин нь эхийнхээ асрамжид өсөж торниж байгаа тул эхийнх нь асрамжинд үлдээж, хариуцагч Ц.Нямбатаас тэтгэлэг гаргуулах үндэслэлтэй.

Хүүхдийг шүүх хэдийгээр хуулийн дагуу нөхцөл байдлыг үнэлж эхийнх нь асрамжинд хууль ёсоор өгөхөөр шийдвэрлэж байгаа боловч, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд зааснаар хүүхэд эцэг эхийн хамт байх, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхийн хэн нэгнээс тусдаа амьдрах үедээ тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эцэг Ц.Нямбат нь охин А.Номинд анхаарал халамж тавьж өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх үүрэгтэйг зааж, зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн хэмжээнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж 45,824 төгрөг /1 жилд төлөх хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ 45,824 төгрөг/ гаргуулан төрийн санд оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132  дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д  зааснаар Баатар овогт Баяржаргалын Алтанчимэг /ЖИ82101903/, То ван овогт Цагаанхүүгийн Нямбат /ЖИ82090511/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Номингийн эцгээр  То ван овогт Цагаанхүүгийн Нямбатыг тогтоосугай.

3. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Номинг эх Б.Алтанчимэгийн асрамжид үлдээсүгэй.

4. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар 2003 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Номинг 16 нас /суралцаж байгаа бол 18 насанд/ хүртэл түүний оршин сууж байгаа тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг Ц.Нямбатаар сар бүр тэжээн тэтгүүлсүгэй.

5. Зохигчид нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

6. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63  дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Алтанчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нямбатаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Алтанчимэгт олгож, хариуцагч Ц.Нямбатаас улсын тэмдэгтийн хураамжид 45,824 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

7. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан ч хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүргээ хэвээр үргэлжлэхийг дурдсугай.

8. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Иргэний бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Н.Баярмаад даалгасугай. 

9. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

10. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ