Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1136

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Ө.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03234 1341 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө.М, 

            Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Ө.М нь 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Нью Таун” хотхоны 43 байр 404 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.М мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

            Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 2/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчоор Д.Отгонбаяраас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 6-12/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Д.Эрдэнэсоёлоос мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 16-18/, мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Б.Амаржаргалаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 19-20/,  Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6552 дугаартай дүгнэлт /хх-н 24/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-н 27-28/, мөрдөн шалгах ажиллагаанд Ө.Мөнх-Эрдэний яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-н 34-35, 48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 38/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 37/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 39-45/, зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Түмэн-Өлзийгөөс Ө.М нь 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “Нью Таун” хотхоны 43 байр 404 тоотод гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.       

            Шүүхээс шүүгдэгч Ө.М 2019 оны 05 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий эхнэр Д.Отгонбаярыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:   

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.Отгонбаярын өгсөн: “...Нөхөр их ууртай хэрцгий зантай, архи нээх хэрэглээд байдаггүй. Оройтлоо, хүүхэд уйллаа гэх мэт чухал зүйлээс биш уурладаг. 2 хүүхэддээ гар хүрдэггүй. Охинтойгоо их дотно хүүтэйгээ дотно биш. Надад гар хүрч байсан зодож цохидог. Энэ шиг айхтар гэмтэл бэртэл учруулж байгаагүй толгой руу цохих мангасдаж унагаах зүйл байсан. Би цагдаа болон бусад байгууллагад хандаж байгаагүй. Намайг ер нь их харддаг. Тэгээд 25-ны өглөө 04 цагт гэртээ очоод хаалганы гадна зогсоод сонсоход манай ээжтэй яриад тасалж байсан. Танай охин чинь гэртээ ирсэнгүй наана чинь байна уу хаана байгаа юм охиныг чинь ирэхээр яадаг юм билээ гэж бодоод байна гэж хэлэхээр нь айж байгаад орсон. Ортол нөхөр юм хэлэхгүй хаалгаа түгжээд цаашаа явчихсан. Би 00 өрөө орох гэтэл гэрийн хаалга түгжээд түлхүүрээ аваад над руу чи хаагуур хэнтэй явж байгаад ирж байгаа юм би өнөөдөр чамайг ална утас чинь хаана байна гэсэн. Тэгээд толгой руу гараараа маш олон удаа цохиод орилж уйлтал охин битгий сэрээчих ална шүү чамайг сэрээвэл гэж хэлээд зодсон. Би түлхүүр аваад хаалга нээх гэтэл үсдээд гэр дотор чирээд тэгэхээр нь би 00 өрөө ороод дотроос нь түгжтэл түгжээгийн мултлаад орж ирээд толгой тархигүй зодож шалан дээр унатал бүх бие рүү өшиглөөд зодож байгаад ус уухаар явах хооронд би гэрийн хаалга нээгээд зугатаасан. Гарч ирээд намайг барьж аваад гэр рүү үсдээд чирсэн би аваарай гээд орилтол ам дараад хоолой боогоод хашгирвал ална чимээгүй ор гэж хэлсэн." гэх мэдүүлэг /хх-ийн 6-12/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэсоёлын өгсөн: "...2019 оны 05 дугаар сарын 25-ны үүрээр унтаж байтал хаалга тогшсон. Нээтэл дүү Отгонбаяр байсан. Тэгээд орон дээрээ хэвтээд эргээд хартал дүү чичирч байсан. Эгчээ намайг зодчихлоо гэж хэлсэн. Босоод хартал нүүр нь хавдаж халуу дүүгсэн байсан. Би жин тавьсан гар хуруу нь хавдчихсан тухайн үедээ хөхрөлт байхгүй, маргаашнаас нь зүүн нүд нь тод хөхөрсөн баруун нүд нь бага зэрэг хөхөрсөн бэлэг эрхтэнийхэн дээр хөхөрсөн уруул дотроо язарч цус хурсан хоёр өвдөг нь хөхөрч няцарсан, хоёр гар нь хөхөрч няцарсан байсан. Мөн урьд нь ээж эдний гэрт амьдарч байх явцад ээжийн дэргэд шилэн хүзүү рүү нь цохиод унагаж байсан гэсэн. Ер нь зоддог юм байна лээ их бага хэмжээгээр дүү нуугаад явдаг юм байна лээ. Нөхөр нь бид нарын дэргэд их л сайн хүүхэд шиг харагдаад байсан. 5-6 жилийн өмнө миний нүүрэн дээр дүүг мангасдаад унагааж байсан. Тухайн үед би энэ хүчирхийлэлтэй айл юм байна гэдгийг тухайн үед ойлгож байсан." гэх мэдүүлэг /хх-н 17-18/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Амаржаргалын өгсөн: "...Чингэлтэйд хадмынхаа гэрт байхдаа зодуулаад хүүхдээ чирээд давхар биетэй хүрээд ирдэг байсан. Биед нь жижиг сажиг хөхөрсөн няцарсан зүйл ажиглагдаж байсан. Сая 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин хөх няц болсон байсан. Хөл, гар, нүүр, ам, цавь бүх бие хөхөрсөн байдалтай байсан." гэх мэдүүлэг /хх-н 20/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн №6552 дугаартай

1. "...Д.Отгонбаярын биед хоёр зовхинд цус хуралт, баруун хацар, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад цус хуралт, няцрал, 2 бугалга, баруун бугуй, баруун сарвуу, зүүн шуу, умдагны зүүн дээд хэсэгт, баруун өвдөг, баруун чихний дэлбээнд цус хуралт хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэргийн гэмтэл болно." гэх шинжээчийн дүгнэлт /хх-н 24/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ө.М өгсөн: "...өглөө орж ирэхээр нь хайчаад ирэв, хэнтэй байсан юм гэхэд юм дугараагүй. Тэгэхээр нь би уурлаад нүүрэн тус газар нь баруун зүүн хацар, шанаа руу нь 2 удаа алгадсан. Эхнэр 00 орчихсон би хаалгын дараад нээсэн түгжигдээгүй байсан. Эхнэр цүнхээ үүрчихсэн байхаар нь утас чинь хаана байна гээд цүнхийг нь уудлахад утас нь байхгүй байсан. Утсаа яасан юм гэхэд хажуугаар зөрөөд 00-ийн өрөөнөөс гарсан. Тэгээд охин руу явахаар нь хүүхэд битий сэрээчих гэсэн. Тэгээд би ус уухаар явтал гэрийн хаалга дугараад эхнэр гараад явсан. Би араас нь гартал эхнэр 3 давхарт бууж байсан би очоод хоёр гарын бугалганаас бариад гэртээ ор гээд зууралдаж байтал хөрш эгч гарч ирээд миний хоёр хүү боль орцгоо гэхэд би эхнэрийг тавиад гэр рүү орсон. Эхнэр доошоо буугаад явчихсан. Мөн би учруулсан нүүр рүү нь би алгадсан гарны хөхрөл зууралдаж байх явцад учирсан орцонд шатан дээр унасан гэхэд хэцүү эхнэр газар суун тусаад боссон тэр үед баруун өвдөг нь гэмтсэн байж магадгүй. Нүүр рүү нь нэлээн хүчтэй 2 удаа алгадчихсан. Ер нь би хүлээн зөвшөөрч байна." гэх мэдүүлэг /хх-н 35/

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.   

            Иймд шүүгдэгч Ө.М гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хохирогч Д.Отгонбаяр нь хохирол нэхэмжлээгүй байх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ө.М нь цагдан хоригдсон хоноггүй ба энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Шүүхээс шүүгдэгч Ө.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.