| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 137/2016/0181/И |
| Дугаар | 272 |
| Огноо | 2016-10-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 272
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж тусшүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг 144а-5 тоотод оршин суух Боржигон овогт Хаянхярваагийн Үүрийнтуяа /РД:МЗ83042004/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг, 6 дугаар хэсэг 144а-5 тоотод оршин суух Сартуул овогт Баяртын Төр-Отгон /МЗ67061272/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Ц.Цэрэндулам, нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа, хариуцагч Б.Төр-Отгон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Б.Төр-Отгонтой 2010 онд танилцан хамтран амьдарсаар 2013 оны 04 дүгээр сард гэрлэлтээ батлуулсан. 2015 оны 05 дугаар сард бидний дундаас хүү Дүүрэнжаргал төрсөн. Мөн миний дагавар хүү болох Ч.Өсөхбаяр 2002 оны 09 дүгээр сард төрсөн хүү бий. Амьдарч эхэлсэн эхний 3 сард хүү Өсөхбаяртай цуг амьдарсан боловч хүүд гар хүрсний улмаас хүүгээ аав, ээж дээрээ амьдруулах болсон. Үүнээс хойш байнгын архи ууж агсан тавьж зоддог болсон. Аав, ээж хоёр маань өндөр настай учраас хүүгийн араас сурлагын талаар байнга явж чадахгүй, хүүгийн маань сурлага муудаад одоо өөрийн асрамжид авахаар шийдээд ирээд 14 хонож байна. Энэ хугацаанд өнжиж нэг архи ууж орж ирээд ааваа гэж дуудсангүй гээд багалзуурдан байнга нүд үзүүрлэж байна. Үүнээс их юм болно гэх юмаа. Хүү маань ид шилжилтийн насан дээрээ яваа учир хүүхдийн хүмүүжилд маш их санаа зовж байна. Мөн би одоогоор ажилгүй гэртээ сууж байгаа. Байнгын ажилгүй, гэртээ суудаг гэж царай зүс бие хаа аав, ээж, ах дүүгийн ядуу байдлаар байнгын хүний тэсэн тэвчих аргагүй болтол доромжлон сэтгэл санааны гүн дарамт, хөнгөн маягийн байнгын зодуур дунд амьдарч 2 хүн болон өөрийн амар тайван амьдрах эрхээ энэ хүнээр хасуулж цагдаа дуудах юмуу эсвэл бид 3 гарч зугтах маягаар амьдарч байна. Үүнээс цааш энэ хүнтэй амьдрах арга алга. Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нөхөр бид хоёр эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэв.
Хариуцагч Б.Төр-Отгон нь шүүхэд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Цаашдаа хамтран амьдрах хүсэл сонирхолтой байгаа тул бидэнд эвлэрлийн хугацаа тогтоож өгнө үү...гэжээ.
Хариуцагч Б.Төр-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эхнэр бид хоёр эвлэрч цаашид хамтдаа амьдрах болсон тул хэргийг хэрэсэхгүй болгож өгнө ...гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Үүрийнтуяа нь хариуцагч Б.Төр-Отгоноос гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хэргийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, гэрлэгчдийг эвлэрүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын ажиллагааны явцад гэрлэгч Х.Үүрийнтуяа, Б.Төр-Отгон нар 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.3-дзаасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х.Үүрийнтуяагийн нэхэмжлэлтэй, Б.Төр-Отгонд холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгож, дундын эд хөрөнгө хуваалгах тухай иргэний хэрэгт зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ