Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 1135

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа, улсын яллагч Э.Намуун, шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ө.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1906 01788 1428 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.  

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:   

          Монгол Улсын иргэн,

          Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

         Яллагдагч Б.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Сансар” худалдааны төвийн зүүн талд явж байсан иргэн Д.Майцэцэгийн “самсунг эс-8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ц мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн. Нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

          Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 3/, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 4/, мөрдөн шалгах ажиллагаанд Д.Майцэцэгийн хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10-13/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-н 17-18/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 29/, мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Цаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 26-27/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:  

          Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б.Ц нь 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Сансар” худалдааны төвийн зүүн талд явж байсан иргэн Д.Майцэцэгийн “самсунг эс-8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.  

          Шүүхээс шүүгдэгч Б.Цийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэн Д.Майцэцэгийн “самсунг эс-8” маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:  

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Майцэцэгийн өгсөн: "... 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо “Алтанжолоо” ХХК-ийн зүүн талд явж байгаад халааснаасаа гар утсаа алдсан..." гэх мэдүүлэг /хх-н 10-13/,

          Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар Б.Цийн өгсөн: “...ганцаараа явж байгаад Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо Сансар худалдааны төвийн гадна байдаг Түц-ний хажууд байсан хүүхэд хөтөлсөн нэг эмэгтэй хүний самсунг эс-8 маркийн гар утсыг халааснаас нь унах гэж байхад нь хулгайлаад аваад явсан юм.” гэх мэдүүлэг /хх-н 26-27/,

            шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргийн талаараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.  

            Иймд дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай байх бөгөөд Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн зүйлчилж ирүүлсэн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.  

            Шүүгдэгч Б.Ц нь хохирогчид учирсан хохирлыг буцаан өгсөн байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Шүүхээс шүүгдэгч Б.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, хохирогчид учруулсан хохирлыг төлж, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлуудыг хянасаны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.    

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сиди хураагдан ирсэнийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.