Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00798

 

******* ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10734 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******д холбогдох,

 

Үл хөдлөх хөрөнгө чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШШ2021/00217 дугаар захирамжаар ******* ХХК, *******, ******* нараас 412,920,956.00 төгрөг, мөн тус шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/00372 дугаар захирамжаар ******* ХХК, ******* нараас 446,419,737.00 төгрөгийг тус тус гаргуулж, ******* ХК-д олгуулахаар шийдвэрлэсний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нь үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүгчийн захирамжид дурдсан Нийслэлийн ******* дүүрэг, ******* дүгээр хороо, *******, *******гудамж ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 164,6 м.кв талбайтай, ******* өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгт тооцон 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлсэн. Ийнхүү барьцаа хөрөнгийг шилжүүлснээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн *******, ******* дугаартай тогтоолууд гарч тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагаануудыг дуусгавар болгосон. Гэвч хариуцагч нь дээрх орон сууцанд өнөөдрийг хүртэл амьдарч, чөлөөлж өгөхгүй байгаа тул тус орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нар тухайн орон сууцыг 500,000,000 төгрөгийн төлбөрт тооцож шилжүүлж өгье гэхдээ тодорхой хэмжээний дараа буюу 2023 оны 11 дүгээр сард төлбөрөө буцааж төлөөд барьцаа хөрөнгөө шилжүүлж авахаар тохиролцсон. Иймд, хариуцагчаас өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөхгүй орон сууцыг чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч чөлөөлж өгөхгүй байгаа учраас дээрх орон сууцыг албадан чөлөөлүүлж өгнө үү.

1.3. Хуульд зааснаар зохигчид нотлох үүргийг өөрөө хүлээдэг. Гэтэл хариуцагч талаас өөрсдөө нотлох баримтаа бүрдүүлж өгөөгүй. Мөн шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг өгөх үүрэгтэй. Хариуцагч талаас бусад хөрөнгөөр төлбөрийг барагдуулсан гэх боловч дээр дурдсан хоёр захирамжийн нийт төлбөр 859,000,000 төгрөг байх бөгөөд хөрөнгийг 500,000,000 төгрөгөөр тооцож авсан атлаа үлдэх төлбөрөө яаж тооцож авах нь тодорхойгүй. Энэ талаараа хариуцагч тал нотлох баримтаа гаргаж өгөөгүй. Өнөөдрийн байдлаар 100,000,000 төгрөг үлдсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* нь нэхэмжлэгч "*******" ХК болон ******* ХХК, ******* нарын хооронд байгуулагдсан 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүргийг хангуулахаар ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүрэг хангуулахаар ******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус банктай барьцаалуулагчийг төлөөлөн байгуулж өөрийн өмчлөлийн улсын эрхийн бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, *******,******* гудамж, ******* дугаар байр ******* тоотод байршилтай 164,6 м.кв талбайтай ******* өрөө орон сууцыг барьцаалсан ба улмаар тус зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/00372 дугаар шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 182/ШШ2021/00217 дугаар шийдвэр гарсан бөгөөд эдгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу үлдэгдэл төлбөрт тооцуулахаар өөрийн ийнхүү барьцаалуулсан хөрөнгийг банк 500,000,000 төгрөгт тооцож шилжүүлж авахаар болсон тухай зээлдэгч нар надад мэдэгдэж, гарын үсэг тухайн үед зуруулсан.

Банк дээр дурдсан шийдвэрээс гадна Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00805 шийдвэрийн дагуу төлөх 7,673,680 төгрөгийг бүрэн төлүүлж дуусгасан, шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны 182/ШШ2021/02469 шийдвэрийн дагуу төлөх 13,444,289 төгрөгийг бүрэн төлүүлж, мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны 182/ШШ2021/02429 дугаар шийдвэрийн дагуу төлөх 7,110,731 төгрөгийн төлбөрийн үүргийг дээр дурдсан миний хөрөнгөөс давхар гаргуулан төлбөрийн үүрэг мэтээр оролцуулан хасаж тооцсон байх бөгөөд эдгээр шийдвэрүүд нь миний мэдэхгүй, надад хамааралгүй шийдвэрүүд ба ийнхүү төлбөрийн үүрэг хангуулж гүйцэтгэхийг банканд зөвшөөрөөгүй.

2.2. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний орон сууцыг зөвхөн Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00217 дугаар шийдвэр болон 2021 оны 02 дугаар сарын 04-ний 182/ШШ2021/00372 дугаар шийдвэрийн үүргийн гүйцэтгэлд тооцож авсан мэтээр худал үйл баримт зохиож нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд, нэхэмжлэгч банк дур мэдэн холбогдох барьцааны гэрээ байгуулаагүй хөрөнгөнөөс гаргуулан тооцож төлбөрийн үүргээ хангуулж миний эд хөрөнгийг бусад хэн нэг этгээдийн зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, миний өмчлөх эрхэд халдаж, хууль зөрчих замаар миний хөрөнгийг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар ******* ХХК-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дүгээр хороо *******, ******* гудамж ******* байрны ******* тоотод байрлах 164,6 м.кв талбайтай ******* бүртгэлийн дугаартай, ******* өрөө орон сууцыг хариуцагч *******ийн эзэмшлээс албадан чөлөөлж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,657,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******эс 2,657,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хуульд заасны дагуу нотлох баримтыг шүүхийн журмаар бүрдүүлэх тухай гаргасан боловч хангахаас татгалзаж хэргийг хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байна. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим, тухайлбал мэтгэлцэх болон эрх тэгш байх зарчмыг зөрчиж, хариуцагчид хуулиар олгогдсон эрхийг хангалттай хэрэгжүүлэх боломж олголгүй хэргийг нэг талыг барьж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.2. Хариуцагч талаас орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан. Учир нь, нэхэмжлэгч банк шүүхийн шийдвэрт заагдаагүй төлбөрийн үүргийг хариуцагч *******ийн барьцаа хөрөнгөөр хангуулж, бусад этгээдийн төлбөрийг төлүүлсэн гэж үзэж байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 182/ШШ2021/00217, 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2021/00372 дугаар шийдвэрүүдээр нийт 859,340,693 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн бөгөөд эдгээрээс өөрөөр хариуцагчийн барьцаа хөрөнгөөр үүрэг гүйцэтгүүлэх тухай шийдвэр байхгүй. Дээрх шийдвэрүүдийн дагуу зээлдэгч нар 394,010,946 төгрөгийг хэсэгчлэн төлж, 465,329,747 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд уг нөхцөл байдлыг хариуцагч нь хөрөнгийг банкны нэр дээр шилжүүлсний дараа мэдсэн.

4.3. Бодит байдалд банк нь хариуцагчийн хөрөнгийг 500,000,000 төгрөгт тооцон авахдаа барьцааны гэрээ болон шүүхийн шийдвэрт заагдаагүй бусад этгээдийн төлбөрийн үүргийг мөн адил уг хөрөнгөөс суутган тооцсон байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00805, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02469, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02429, мөн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02170 дугаар шийдвэрүүдээр ногдуулсан нийт 124,116,778 төгрөгийг хариуцагчид мэдэгдэлгүйгээр, зөвшөөрөлгүйгээр барьцаа хөрөнгөөс гаргуулж, хариуцагчийн төлөх үүрэг мэтээр тооцсон байна. Эдгээр нөхцөл байдлыг тогтоох зорилгоор *******аас холбогдох нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан боловч хангахаас татгалзсан. Харин уг баримтууд нь хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох, хариуцагчийн татгалзлын үндэслэлийг нотлоход ач холбогдол бүхий байсан. Мөн дээрх баримтууд нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд цуглуулсан, хуулиар хязгаарлалттай мэдээлэлд хамаарах тул хариуцагч өөрөө гаргуулан авах боломжгүй бөгөөд шүүхийн журмаар бүрдүүлэх шаардлагатай байсан. Иймд, шүүх хүсэлтийг хангаагүй нь хуульд нийцэхгүй.

4.4. Нэхэмжлэгч банк нэхэмжлэлдээ маргаан бүхий орон сууцыг зөвхөн 2021 оны 01 дүгээр сарын 25, 02 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрүүдийн үүргийн гүйцэтгэлд тооцсон мэтээр тайлбарласан нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд дээр дурдсан нөхцөл байдлыг нотлох боломжийг шүүх хязгаарласан. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч тайлбар, баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хариуцагч талаас гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт гаргуулах хүсэлтүүдийг гаргасан боловч шүүх хүлээн авахаас татгалзсан бөгөөд бичгээр тайлбар гаргасан болно. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд зохигч нотлох баримт гаргах, тайлбарлах эрхээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хэрэгжүүлэх боломжтой. Гэтэл шүүх уг эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь процессын ноцтой зөрчилд хамаарна.

Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

5.1. Шүүгчийн захирамжийн дагуу албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хариуцагчийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлж, дуудлага худалдаанд оруулах ажиллагааг ******* байгууллагаас явуулсан. Гэтэл хариуцагч нь 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлт гаргасан бөгөөд 500,000,000 төгрөгийн төлбөрт тооцож, үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлж, 5 сарын хугацааны дотор төлбөрөө төлж эд хөрөнгөө буцаан авах хүсэл зоригийг илэрхийлсэн. 

5.2. Хариуцагч тал нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлээгүй гэж гомдолдоо дурдсан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэх үеэс оролцсон ба хэргийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд нотлох баримт бүрдүүлэх боломжтой байсан.

5.3. Мөн *******ийн хөрөнгөөр *******, ******* гэх хамааралгүй этгээдүүдийн төлбөрийг төлүүлсэн гэх агуулгыг гомдолдоо дурдсан нь өрөөсгөл бөгөөд ******* болон ******* нарын охин нь хариуцагч ******* буюу тухайн зээлийн хамтран зээлдэгч юм. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд ******* болон ******* ХХК-ийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* төлөөлж оролцсон. Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасан буюу хүсэлтэд дурдагдсан баримтуудыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлөөлөгчийн хувьд гаргуулах боломжтой байсан. 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хууль ёсны дагуу өмчлөх эрхийг шилжүүлж авсан. Хууль ёсны өмчлөгчийн эд хөрөнгийг албадан чөлөөлүүлэх шаардлага гаргасан тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв

 

2. Нэхэмжлэгч ******* ХК нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 500,000,000 төгрөгийн төлбөрт тооцон нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн гэж,

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрт нь хамааралгүй шүүхийн шийдвэрээр тогтоосон бусдын өр төлбөрт тооцон хууль бусаар шилжүүлэн авсан гэж маргажээ.

 

4.1. Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ нотлохоор Чингэлтэй Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний 182/ШШ2021/00372 дугаар шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 182/ШШ2021/00217 дугаар шийдвэр гүйцэтгэх баримт бичиг буюу хувийн хэрэг тус бүрээс төлбөр авагч "*******" ХК-ийн шийдвэр гүйцэтгүүлэхээр анх гаргасан хүсэлт, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, тус банкны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичиг, төлбөр тооцоог хэрхэн тооцож барагдуулсан талаарх баримтууд, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00805, мөн шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02469, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02429 дугаар шийдвэр гүйцэтгэх баримт буюу хувийн хэргээс шийдвэрийн эх хувийн хуулбар, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тогтоол, шийдвэрийн дагуу төлбөрийн үүргийг хэзээ, хэрхэн барагдуулсантай холбогдох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргажээ. /хх-ийн 68-89/ 

 

4.2. Анхан шатны шүүх хүсэлтэд дурдсан дээрх нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үзэх үндэслэлгүйгээс гадна хариуцагч нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх боломжтой гэж үзэж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д заасныг зөрчөөгүй.

 

5. Харин энэ тохиолдолд шүүх хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байгааг анхаараагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн өөрийн өмчлөх эрхийг зөрчигдсөн гэж тайлбарлаж, хариуцагч нь нэхэмжлэгчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хууль бусаар олж авсан гэж маргаж байгаа тохиолдолд энэ талаарх үйл баримт бүрэн тогтоогдсон байх учиртай.

 

5.1. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагчаас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ******* ХХК, *******, ******* нарын шүүгчийн захирамжтай төлбөрөөс 500,000,000 төгрөгт тооцон ******* ХК-ийн өмчлөлд шилжүүлэх хүсэлтийг ******* гаргасан байна.

 

5.2. Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний 182/ШШ2021/00372 дугаар шийдвэр, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны 182/ШШ2021/00217 дугаар шийдвэр хэрэгт авагдсан байх боловч нэхэмжлэгч ******* ХК-ийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн ******* дугаартай албан бичгээр ******* газарт таван шүүхийн шийдвэрээр тогтоосон төлбөрт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тооцон шилжүүлэн авах хүсэлт гаргажээ.

 

Хэдийгээр энэ баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй боловч нэхэмжлэгчээс энэ үйл баримтын талаар маргахгүй байна.

 

5.3. Нэхэмжлэгч ******* ХК-ийн дээрх хүсэлтэд үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт суутгах үндэслэл болсон гэх Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2022/00805, 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 182/ШШ2021/02469, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2021/02429, 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02170 дугаартай шийдвэрт хариуцагч бус өөр этгээдүүдээс төлбөр гаргуулж нэхэмжлэгчид олгохоор заасан гэж дурдсан байх ба уг шүүхийн шийдвэр хэрэгт авагдаагүйгээс маргаан бүхий хөрөнгийг төлбөрт тооцон нэхэмжлэгчид шилжүүлсэн үндэслэл тодорхойгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчаас маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үндэслэл болсон шүүхийн шийдвэр хөрөнгийг ямар төлбөрт тооцохоор тохиролцсон, тухайн төлбөр дуусгавар болсон эсэх, үлдэгдэл төлбөрийн хэмжээ зэрэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэрхэн явагдсан талаарх үйл баримт тогтоогдоогүй байна.

 

5.4. Анхан шатны шүүх маргааны үйл баримтыг бүрэн тогтоож хэргийг шийдвэрлэхгүйгээр зөвхөн ******* ХК-ийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийг үндэслэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд, давж заалдах шатны шүүх дээрх ажиллагааг нөхөн гүйцэтгэж, маргааны үйл баримтыг тогтоон, хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10734 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА

 

Ч.БАТЧИМЭГ