| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/10658/И |
| Дугаар | 210/МА2026/01053 |
| Огноо | 2026-05-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/01053
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02837 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Миний бие ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч бөгөөд манай компани *******ын нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй газарт алтны 2 шороон ордод 662.98 гектор талбай бүхий ******* дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 4039.94 га талбайд ******** дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг.
1.2. ******* нь 2017 оны 5 дугаар сард ******* ХХК-ийн алтны 2 шороон ордыг худалдан авах санал тавьсны дагуу бид 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичигт ******* ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийтдээ 2 тэрбум төгрөгөөр үнэлэхэд 70 хувийн хувьцааг нийтдээ 1,400,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон. Улмаар санамж бичигт заасны дагуу *******ийн хувьд 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг надад шилжүүлж, Ти Жи Вэй ХХК-ийн 70 хувийн хувьцааг зөрүүлээд саналд заасны дагуу шилжүүлсэн. Компанийн 70 хувийн хувьцааг шилжүүлэхдээ уг хувьцааны үнийг ******* ХХК-ийн дүрмийн санд заасан нэгж хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнийг 10,000 төгрөгөөр тооцон 8,575 ширхэг энгийн хувьцааг нийт 85,750,000 төгрөг гэж тодорхойлсон.
1.3. 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд 85,750,000 төгрөгийг төлсөн мэтээр 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хэлцлийг халхавчлан энэхүү хууль бус хэлцлийг хийж, улмаар уг хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн 70 хувийн хувьцааг 85,750,000 төгрөгөөр худалдах хүсэл зориг бидний хэн алинд байгаагүй бөгөөд хамтран ажиллах санамж бичигт заасан хамтын ажиллагааг хэрэгжүүлэхийн тулд хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан.
1.4. ******* нь ******* ХХК-ийн 70 хувийн хувьцааны 1,400,000,000 төгрөгийн төлбөрөөс 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төгрөг, нийт 56,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг удахгүй төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. ******* нь компанийн 70 хувийн хувьцааны үлдэгдэл төлбөрт 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* хотхоны 3 өрөө байр, бэлнээр 50,000,000 төгрөг, 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 150,000 ам доллар, зайсанд 3 өрөө байр, 205 оны 5 дугаар сарын 27-ны өдөр 350,000,000 төгрөг, мөн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өгнө гэсэн амлалтыг өгч байсан боловч уг амлалтаа биелүүлээгүй.
Улмаар 2024 оны 10 дугаар сард Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст *******д залилуулсан талаарх гомдол гаргаснаар тус дүүргийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 210901847 дугаарт хэрэг бүртгэлт нээж шалгасан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэргийг хаасан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж, мөн хуулийн 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заасан бөгөөд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ нь анхнаас талуудын хүсэл зориг биш байсан нь нэхэмжлэлд дурдсан үйл баримт, нотолгоогоор тогтоогдсон, мөн хэлцлийг хуульд заасан хэлбэрийг хангаж зөвхөн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор хийсэн.
Иймд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бид 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ******* ХХК-ийн дүрмийн сан дахь хувьцааны 70 хувийг ******* надад шилжүүлэх зорилгоор компанийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасан журмын дагуу байгуулж нотариатаар гэрчлүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах буюу компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах эрхийг хувьцаа эзэмшигчийн хурал эдлэхээр заасан. ******* ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр компанийн дүрэмд өөрчлөлт орж дүрмийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 122,500,000 төгрөг ба нэг бүр нь 10,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 12,250 ширхэг энгийн хувьцаа байхаар тогтож улсын бүртгэлд бүртгэгдсэн.
Биднийг хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ байгуулах үед компанийн дүрмийн сан дээрх хэмжээнд байсан бөгөөд би 70 хувийн хувьцаа буюу нэг бүр нь 10,000 төгрөгөөр үнэлэгдэх 8,575 ширхэг хувьцааг 85,750,000 төгрөгөөр худалдан авч, гэрээний 3.2 дахь хэсэгт зааснаар үнийг бүрэн төлж барагдуулсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт заасан заалтад нийцнэ. Дээрх гэрээ нь ямар нэг хэлцлийг халхавчлах зорилгоор дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш бөгөөд тухайн үед Улсын бүртгэлийн Ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн ******* ХХК-ийн дүрмийн санд тусгагдсан хувьцааны үнэлгээ, тоо ширхгээр тооцож хийсэн, талууд өөрсдөө сайн дураараа хүсэл зоригоо хуулийн хүрээнд илэрхийлж хийсэн хүчин төгөлдөр хэлцэл юм. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ******* ХХК-ийн нийт хувьцааны үнийн дүнг 2 тэрбумаар үнэлж компанийн 70 хувийн хувьцааг 1,400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон гэдэг нь худлаа бөгөөд энд бидний хооронд байгаа ойлголтын зөрүү юм.
2.2. ******* ХХК нь *******ын нутагт алтны ашиглалт болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд нэхэмжлэгч ******* нь эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн №91 тоот тогтоолоор хүлээн авсан 48,63 кг алтны нөөцтэй талбай гэж надад танилцуулж байсан. Тухайн талбайд миний бие олборлолт явуулж хэрэв алт олборлох үйл ажиллагаа амжилттай явагдаж орлого олбол би *******д тодорхой хэмжээний мөнгө өгнө гэж тохирсон. Энэ тохироо нь компанийн хувьцааны үнээс тусдаа асуудал бөгөөд компани алт олборлох үйл ажиллагаа явуулж ашигтай ажилласан тохиолдолд хэрэгжих ёстой байсан тохироо байсан.
Улмаар Ашигт малтмал, газрын тосны газарт хандаж тухайн талбайд байгаа ашигт малтмалын нөөцийн талаар лавлагаа хүсэхэд тус газрын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/9151 дугаартай албан бичигт уг ашиглалтын талбай 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 5/9151 дугаартай албан бичигт уг ашиглалтын талбай 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 18.7 кг алтны нөөцтэй, уг ашиглалтын талбайд 2016 онд уулын ажлын тайлан баталгаажуулсан байна гэдэг хариу ирүүлсэн. Нэхэмжлэгч ******* нь 2016 онд тухайн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл өөрийнх нь эзэмшилд байхад тухайн талбайд олборлолт явуулан 48.63 кг алтны нөөцөөс 24.93 кг алт олборлож нөөцөө 18.7 кг болгон бууруулж тайлагнасан байсан.
Өөрөөр хэлбэл, надад компанийн хувьцаа худалдахдаа тусгай зөвшөөрөл бүхий талбайн ашигт малтмалын нөөцийн талаар худал мэдээлэл өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газраас 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 11/2591 тоотоор их булаг алтны шороон орд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар 18.16 кг алтны үлдэгдэлтэй гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Энэхүү үлдэгдэл нөөц нь 2017 онд ашигт малтмал газрын тосны газраас тухайн ашиглалтын талбайд 18.7 кг алтны үлдэгдэлтэй гэж ирүүлж байсан нөөц хөдлөөгүй байгаа нь уг талбайд ашигт малтмалын олборлолт явуулаагүй гэдэг нь нотлогдоно. Энэ хугацаанд дээрх компанийн ашиглалт болон хайгуулын талбайд 5 тэрбум гаруй төгрөгийн зардал гаргаж их хэмжээний хохирол хүлээгээд байна. Энэ зардал нь санхүүгийн баримтаар нотлогдох бөгөөд нэхэмжлэгч нь компанийн хувьцааны 30 хувийн эзэмшигч учир өөрийн эзэмшиж байгаа хувьцаанд ногдох зардлыг хариуцах ёстой.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ****** хариуцагч *******д холбогдуулан гаргасан компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, ******* ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,243,600 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүхийн шийдвэрт ...талууд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг тус тус байгуулж, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* хувьцааг 100 хувь эзэмшдэг ******ХХК-ийн 70 хувийн хувьцааг 85,750,000 төгрөгөөр худалдан авчээ гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар ****** ХХК нь *******ын нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй газарт алтны шороон ордод 662.98 гектор талбай бүхий дугаар ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, 4039.94 га талбайд дугаар ашигт малтмал хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд уг алтны шороон ордыг худалдахаар *******, ******* нар харилцан тохиролцож 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Уг санамж бичигт Ти Жи Вэй ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийт 2 тэрбум төгрөгөөр үнэлэн, компанийн 70 хувийн хувьцааг 1,400,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Улмаар хамтран ажиллах санамж бичигт заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг *******ээс *******д шилжүүлж, Ти Жи Вэй ХХК-ийн 70 хувийн хувьцааг *******ээс *******д шилжүүлсэн.
Өөрөөр хэлбэл, Ти Жи Вэй ХХК-ийн 70 хувийн хувьцааг шилжүүлэх талуудын хүсэл зориг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах санамж бичигт заасны дагуу хэрэгжсэн. Энэ үйл баримт нь 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр *******ээс *******д санамж, гэрээний барьцаа гэх гүйлгээний утгатай 3,000,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, бусад дансны хуулга, мөн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр *******ээс компанийн 70 хувийн хувьцааны үлдэх төлбөрт ******* хотхоны 3 өрөө байр, бэлнээр 50,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр 150,000 ам.доллар, Зайсангийн 3 өрөө байр, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 350,000,000 төгрөг, мөн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өгнө гэсэн *******ийн гарын үсэгтэй, гар бичвэр зэрэг баримтаар тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримтад дүгнэлт өгөөгүй, талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаж улсын бүртгэлд бүртгүүлсэн гэсэн хэт нэг талын барьсан, дугнэлт хийсэн.
4.2. Шүүхийн шийдвэрт ...хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 3.2 дахь хэсэгт гэрээний төлбөр 85,750,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн гэж дурдсан бөгөөд гэрээнд талууд гарын үсгээ зурж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байна гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Учир нь хэрэгт авагдсан баримтаар 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах санамж бичгийн дагуу 70 хувийн хувьцааны төлбөрт 1,400,000,000 төгрөг төлөхөөс ******* нь *******д 6 удаагийн шилжүүлгээр нийт 56,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Түүнчлэн, маргаан бүхий 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд гэрээний төлбөр 85,750,000 төгрөгийг хариуцагч 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн гэж оруулсан байгаа нь гагцхүү 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хамтран ажиллах санамж бичигт заасны дагуу Ти Жи Вэй ХХК-ийн 70 хувийн хувьцааг *******д шилжүүлэх хүсэл зоригтой байсан нь дээрх үйл баримтаар тогтоогдох юм. Гэтэл шүүхээс дээрх 56,000,000 төгрөг ямар учиртай болох, түүнчлэн маргаан бүхий 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасан 85,750,000 төгрөгийг төлсөн эсэх, төлсөн бол ямар баримтаар тогтоогдож байгаа зэрэг үйл баримтыг шалгаагүй.
4.3. Шүүхийн шийдвэрт ...2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хамтран ажиллах санамж бичиг гэх хэлцлээр хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ байгуулах, хувьцааны үнэ, хувьцаа эзэмших хувь хэмжээг тохиролцсон нь тухайн хэлцлийг халхавчлах зорилгоор хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээг байгуулсан гэх үндэслэл болохгүй гэж дүгнэлээ гэсэн байна. Хэрэгт авагдсан баримт, хэргийн үйл баримтаар тухайн үед компанийн 70 хувийн хувьцааг *******д шилжүүлэхдээ уг хувьцааны үнийг Ти Жи Вэй ХХК-ийн дүрмийн санд заасан нэгж хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнийг 10,000 төгрөгөөр тооцож 8,575 ширхэг энгийн хувьцааг нийт 85,750,000 төгрөг гэж тодорхойлсон, улмаар 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд уг 85,750,000 төгрөгийг төлсөн мэтээр өмнө буюу 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хэлцлийг халхавчлан энэхүү хууль бус хэлцлийг хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь тогтоогддог.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно мөн хуулийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр талууд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан ба уг санамж бичигт Ти Жи Вэй ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийт 2 тэрбум төгрөгөөр үнэлэн компанийн 70 хувийн хувьцааг 1,400,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Улмаар хамтран ажиллах санамж бичигт заасны дагуу 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг *******ээс *******д шилжүүлж, гүйлгээний утга, холбогдох дансны хуулгаар тогтоогдоно.
Үүнээс үзэхэд хариуцагч нь компанийн 70 хувийн үнийн 1,400,000,000 төгрөгөөр худалдан авах хүсэл зориг байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоно. Иймээс талууд Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ти Жи Вэй ХХК-ийн 100 хувийн хувьцааг нийт 2 тэрбум төгрөг байхаар харилцан тохиролцож, түүний дагуу мөнгөн хөрөнгө шилжүүлэх хүсэл зоригоо хариуцагч илэрхийлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Түүнчлэн, компанийн хувьцааны үнэ болох 1,400,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр, 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичгээр хүсэлтээ илэрхийлж байсан бөгөөд энэхүү хүсэл зориг нь одоо ч хүчин төгөлдөр болно. Гэтэл шүүхээс энэхүү нөхцөл байдлыг хэрхэн дүгнэсэн нь тодорхойгүй байх бөгөөд талуудын хоорондох хүсэл зоригийн илэрхийлэл, нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлийн няцаасан дүгнэлтээ зөв тайлбарлан дүгнэж чадаагүй гэж үзэхээр байна.
Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын 5.3-т Мөн зүйлийн 5.1.3-т заасан өөр хэлцэлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэдгийн тухайд хэлцэлийг хийх хүсэл зориг, эрмэлцэлгүйгээр уг хэлцэлийн зөвхөн гадаад илэрхийлэлийг бий болгох зорилгыг агуулсан, халхавчилж болон халхавчлуулж буй хоёр хийгдсэнээр бий болдог дүр үзүүлсэн хэлцлийн нэг төрөл гэж ойлговол зохино гэж тайлбарласан. Талуудын хооронд байгуулсан 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон эрх шилжүүлэх гэрээ нь Ти Жи Вэй ХХК-ийн бодит үнэ болон талуудын тохиролцсон үнэ биш бөгөөд эрх бүхий этгээдүүдэд дүр үзүүлэн бүртгүүлэх гэсэн агуулга бүхий гэрээ юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээгүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч талын зүгээс Ти Жи Вэй ХХК-ийн 70 хувийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч *******д шилжүүлсэн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргадаг. Тухайн компанийн хувьцааг худалдах,худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ өмнө байгуулагдсан 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн санамж бичгийн агуулгаас үзвэл компанийн 70 хувийг хариуцагч *******д шилжүүлэх хүсэл зориг талуудад байсан нь ойлгомжтой харагддаг. Тухайн компанийн хувьцааны нэрлэсэн үнийг компанийн дүрмийн санд тусгаад Улсын бүртгэлийн газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгэгддэг. Уг хоёр газарт хадгалагдаж байгаа Ти Жи Вэй ХХК-ны дүрмийн сан бол нэг бүр нь 10,000 төгрөгийн үнэтэй 12,250 ширхэг буюу 122,500,000 төгрөгийн үнэ бүхий дүрмийн сантай компани юм.
Хувьцааг шилжүүлэхээс 21 хоногийн өмнө 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ******* нь хувьцаа эзэмшигчийн шийдвэрээ гаргаад компанийн дүрэмд өөрчлөлт оруулан дүрмийн сангаа нэмэгдүүлээд 122,500,000 төгрөг болгосон. 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ хэрэгжсэн байдаг. Гэрээний үр дүнд тухайн компанийн 70 хувийн хувьцаа *******д шилжиж эзэмшигч болсон. Энд ямар нэгэн хуурч мэхэлсэн, халхавчилсан, дүр үзүүлсэн хэлцэл байхгүй. 70 хувийг *******д шилжүүлсэн нь үр дагавар үүсэх зорилгогүй байдаг. 8 жилийн өмнө хийсэн хэлцэл энэ компани нь алтны тусгай зөвшөөрөлтэй талууд хувьцаанаас тусдаа 1,400,000,000 төгрөгөөр гэрээ хийгээд улсын бүртгэлд эрхийг нь шилжүүлж өгөхгүй. Тухайн алтны ордыг аваад олборлолт явуулаад тодорхой ашиг хүртээд 1,400,000,000 төгрөгийн 30 хувийн хувьцаа эзэмшигч *******д төлнө гэсэн агуулгаар анх тохирч байгаад санамж бичигт мөнгөн дүн тавьсан асуудал байдаг.
Байр өгөх, 150,000 ам.доллар өгнө гэсэн бичгүүд дотор хувьцааны үнэ бичээгүй, уурхайн үнэ гэж л бичсэн. ******* нь тухайн дүрмийн сангаа 2,000,000,000 төгрөгөөр үнэлээд 1,400,000,000 төгрөгөөр худалдах хүсэл зорилготой байсан бол 100 хувийн хувьцаа эзэмшигч байхдаа дүрмийн сандаа өөрчлөлт оруулаад тусгай зөвшөөрлөө үнэлүүлээд компанийнхаа хөрөнгийг өсгөөд улсын бүртгэлд бүртгүүлсний дараа тухайн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хуульд нийцүүлэн гаргах боломжтой байсан. Тухайн компанийн 70 хувийн хувьцааг *******д шилжүүлэх зорилгоор хийсэн. Хэрэв талууд компанийн тусгай зөвшөөрөл өмч хөрөнгөтэй холбоотой маргаан байдаг бол мөнгөн дүнгээр нэхэмжлээд явах боломжтой.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох, ******* ХХК-ийн 70 хувийн хувьцааг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэргийн баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр үүсгэн байгуулагдаж, 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр тус компанийн дүрмийг өөрчлөн баталж, 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар ******* улсын бүртгэлд бүртгэлтэй байсан байна. /хх-ийн 22-26/
3.2. Ашигт малтмалын газраас 2012 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймаг, Баян сум, ******* гэх нэртэй газарт орших 662.98 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг ******* ХХК-д зөвшөөрч, ******* дугаар тусгай зөвшөөрлийг 2042 оны 04 дугаар сарын 06-ны өдрийг дуустал хугацаагаар олгосон. /хх-ийн 19-21 тал/
3.3. Талууд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хамтран ажиллах санамж бичиг-ийг үйлдсэн, уг бичигт нэг талаас буюу А тал ХХК-ийг төлөөлж *******, нөгөө талаас буюу Б тал ******* ХХК-ийг төлөөлж ******* нар гарын үсэг зурж баталгаажуулан, компанийн тамга даржээ. Хамтран ажиллах санамж бичигт ...*******ын нутагт байрлах ******* нэртэй дугаартай ашиглалтын лицензтэй 622,3 га талбайтай, дугаартай хайгуулын лицензтэй 4039,94 га талбайтай алтны хоёр шороон ордын талбайнуудад хамтран ажиллаж, ашигт малтмалын ашиглалт, хайгуулын ажил явуулах, уул уурхайн ажлыг эхлүүлэх, тус компанийн хувьцааг 2,000,000,000 төгрөгөөр үнэлэх, компанийн хувьцааны 70 хувийг *******, 30 хувийг нь ******* эзэмших, А тал талбайн геологи хайгуулын ажлын зардал, ашиглалтын зардлыг бүрэн хариуцах, Б тал нь А талд уурхайн талбайтай холбоотой геологи хайгуулын бичиг баримтуудыг гарган өгөх, төрийн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх, хайгуулын ажлын үр дүнгээс шалтгаалж 2 тал тохирсоны дагуу Б тал санамж бичигт дурьдсан үнийн дүн, компанийн хувь хэмжээг хүлээн зөвшөөрч санамж бичиг нь ******* ХХК-ийн хувьцааг худалдан авах хүртэл хүчинтэй байна... гэж тохиролцжээ.
3.4. Үүний дараа талууд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г байгуулж, гэрээгээр худалдагч ******* нь ******* ХХК-ийн 70 хувийн хувьцаа болох 8575 ширхэг хувьцааг нэг бүр нь 10,000 төгрөг буюу нийт 85,750,000 төгрөгийн үнэ бүхий хувьцааг худалдах, худалдан авагч ******* төлбөрийг төлөхөөр тохиролцсон, гэрээний 3.2-т гэрээний төлбөр болох 85,750,000 төгрөгийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн гэж тусгасан. /хх-ийн 7 тал/
3.5. Мөн өдөр талууд Компанийн эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, гэрээгээр эрх шилжүүлэгч ******* нь өөрийн эзэмшлийн хувьцаанаас 70 хувийн хувьцааг эзэмших эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хариуцлага, эд хөрөнгийг худалдаж, эрх хүлээн авагч *******д шилжүүлэхээр тохиролцжээ. /хх-ийн 8/
3.6. Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлж, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр *******ийг нэмж, компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ 122,500,000 төгрөг, нэг бүр нь 10,00,000 төгрөгийн үнэтэй 12,250 ширхэг хувьцаанаас *******д 70 хувь буюу 8575 ширхэг хувьцааг, *******д 30 хувь буюу 3675 ширхэг хувьцааг тус тус эзэмшүүлж, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр компанийн дүрмийг шинэчлэн баталж, тус компанийн гүйцэтгэх захирлаар *******ийг 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 15-18 тал/
3.7. Хэргийн баримтаар ХААН банк дахь тоот данснаас 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 3,000,000 төгрөгийг санамж, гэрээний барьцаа гэх утгатайгаар, мөн ХААН банк дахь тоот данснаас 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 8,000,000 төгрөг, 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 20,000,000 төрөг, 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 8,000,000 төрөг, 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 5,000,000 төрөг, тоот данснаас 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр 15,000,000 төрөг, нийт 56,000,000 төгрөгийг ордын урьдчилгаа, хувьцааны үнэ гэх гүйлгээний утгаар ХААН банк дахь нэхэмжлэгчийн тоот дансанд тус тус шилжүүлсэн. /хх-ийн 9-14 тал/
3.8. Хариуцагч *******ийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр бичсэн Загарзүсэм ахад гэх гар бичмэлд ...******* ахад Их булгийн уурхайн төлбөрт бодож өгөх ******* хотхоны 3 өрөө байрыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны түлхүүртэй өгөх, мөн бэлэн 50,000,000 төгрөгийг 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор шийдэж өгөх төлөвлөгөөтэй тодорхойлолт бичиж байна. ******* ХХК-ийн харилцан тохиролцсон хувьцааны үнийн дүнгээс хасаж тооцно гэж, мөн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр бичсэн Тодорхойлолт гэх гар бичмэлд ...70 хувийн хувьцааны төлбөрийг 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх саналтай байна. 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төлөлтийн график болон холбогдох асуудлаар гэрээ хийж нотариатаар баталгаажуулна. Жич: маргаан буюу 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр мөнгө өгнө. (150,000 ам.доллар), мөн зайсангийн 3 өрөө байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг яаралтай шилжүүлж өгнө. (2018.09.01-ний дотор) гэх, мөн 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бичсэн гар бичмэлд ...2025 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн дотор 350,000,000 төгрөгийг төлж, мөн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг өмчлөлд шилжүүлэхээр ярилцан тохирлоо. (үл хөдлөх хөрөнгийг ярилцан тохиролцон шилжүүлэх үнэ, бусад зүйлийг дуусгавар болгоход хурдандаа 14 хоног болох тул хугацааг 2025 оны 06 дугаар сарын 15-ны дотор дуусгавар болгоё) гэх баримтууд байна. /хх-ийн 27-29 тал/
3.9. Нэхэмжлэгч ******* нь ...хамтран ажиллах санамж бичиг байгуулан ******* ХХК-ийн 70 хувийн хугацааг 1,400,000,000 төгрөгт тооцон шилжүүлэхээр тохиролцсон боловч ******* төлбөрийг төлөөгүй гэх агуулга бүхий гомдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гаргаснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна. /хх-ийн 30/
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр, хувьцаа худалдах, худалдан авах, хувьцаа эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэсэн байна.
4. 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн Хамтран ажиллах санамж бичиг-ийг халхавчлах эсхүл дүр үзүүлэх зорилгоор 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг байгуулсан эсэх, эдгээр хэлцэл нь хүчин төгөлдөр эсэх нь зохигчдын маргааны зүйл болжээ.
5. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тус компанийн алтны 2 шороон ордыг худалдаж авах санал тавьсныг 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2 тал хүсэл зоригоо илэрхийлж Хамтран ажиллах санамж бичиг-ийг үйлдэхдээ ******* ХХК-ийн хувьцааг 2 тэрбум төгрөгөөр үнэлж худалдахаар тохирсон. Уг бичигт заасны дагуу ******* 3,000,000 төгрөгийг надад шилжүүлж, би түүнд тус компанийн 70 хувийн хувьцааг шилжүүлсэн, компанийн хувьцааг дүрмийн санд заасан нэгж хувьцааны нэг бүрийн нэрлэсэн үнээр тооцож 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд 85,750,000 төгрөгийг төлсөн мэтээр хууль бус хэлцлийг хийсэн, түүнчлэн удаа дараа бичгээр амлалт өгсөн боловч биелүүлээгүй, хувьцаа худалдах худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь талуудын хүсэл зориг байгаагүй, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгож улсын бүртгэлд бүртгүүлэх зорилгоор дүр үзүүлж өөр хэлцлийг халхавчлах зорилгоор байгуулсан хэлцэл гэж тайлбарласан.
5.1. Талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн Хамтран ажиллах санамж бичиг-ийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг дүр үзүүлж, халхавчлах зорилгоор байгуулсан гэж маргах боловч уг Хамтран ажиллах санамж бичиг нь талууд ******* ХХК-ийн алтны 2 шороон ордын талбайнуудад хамтран ажиллах, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах, компанийн хувьцааг 70, 30 хувиар эзэмших, хувьцааны үнийн дүнг 2 тэрбум төгрөгөөр үнэлэх, хайгуулын ажлын үр дүнгээс хамаарч 2 тал харилцан тохирсны дагуу үйл ажиллагааны үр дүнгээс хамаарч энэ бичигт дурьдсан үнийн дүн хувь хэмжээг хүлээн зөвшөөрөх агуулгатай байна.
5.2. Түүнчлэн, Хамтран ажиллах санамж бичиг-ийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж хувьцаа худалдах, худалдан авах хүсэл зорилгогүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохоор 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ...компанийн хувьцааны үнэ болох 1,400,000,000 төгрөгийг төлж барагдуулахаар хүсэл зоригоо илэрхийлсэн байхад шүүх энэ талаар дүгнээгүй... гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5.3. Хэрэгт авагдсан хариуцагч *******ийн гаргасан гар бичмэл нь ******* хотхоны 3 өрөө байрыг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн дотор үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, байрны түлхүүртэй өгөх, бэлэн 50,000,000 төгрөгийг өгөх, 150,000 ам.доллар өгөх, зайсангийн 3 өрөө байр шилжүүлэх, 350,000,000 төгрөг өгнө гэсэн агуулгатай байна. Дээрх бичгийн баримтууд нь талуудын хооронд 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан ******* ХХК-ийн хувьцааг худалдах, худалдан авах гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулах хүсэл зорилго байгаагүй, гадаад илэрхийллийг бий болгосон гэх нөхцөл байдлыг эргэлзээгүйгээр нотлохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ...шүүх хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.
5.4. Өөрөөр хэлбэл, 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдөр үйлдсэн Хамтран ажиллах санамж бичиг-ийг халхавчлах зорилгоор дүр үзүүлж 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3-т заасны дагуу байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь талууд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээнүүдийг улсын бүртгэлд бүртгүүлж, улмаар ******* ХХК-ийн 70 хувийн хувьцаа эзэмшигчээр *******, 30 хувийн хувьцаа эзэмшигчээр ******* гэж өөрчлөн бүртгэсэн байхаас гадна *******ээс *******д хувьцааны үнэд гэх агуулгаар мөнгөн хөрөнгийг удаа дараа шилжүүлснээр бодитой үр дагавар үүссэн байна.
5.5. Иймд талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хувьцаа худалдах, худалдан авах болон компанийн эрх шилжүүлэх гэрээ нь өөр хэлцлийг халхавчилах зорилгоор хийсэн хэлцэлд хамаарахгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын ...хувьцаа худалдах, худалдан авах, компанийн эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох агуулга бүхий давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс хасаж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасныг нэмж хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02837 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...243 дугаар зүйлийн 243.1... гэснийг хасаж, ...56 дугаар зүйлийн 56.5 гэснийг нэмж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр урьдчилан төлсөн 1,243,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ