Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 102/2016/02749/И |
Дугаар | 001/ХТ2018/00174 |
Огноо | 2018-02-02 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 02 сарын 02 өдөр
Дугаар 001/ХТ2018/00174
Г- ХХК, Б У- ХХК,
С А Г- ХХК-иудын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дугаар шийдвэртэй,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дугаар магадлалтай,
Г- ХХК, Б У- ХХК, С А Г- ХХК-иудын нэхэмжлэлтэй,
Х Г- ХХК-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт нийт 782 260.94 ам.доллар буюу 1.569.997.706,58 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Х Г- ХХК-ийн Г- ХХК-д холбогдуулан гаргасан гэрээнээс татгалзаж, гэрээгээр шилжүүлсэн урьдчилгаа төлбөр 151.215.000 төгрөг болон засварын зардал 21.778.000 төгрөг, нийт 173.149.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
Гуравдагч этгээд Х М- ХХК-ийн нэхэмжлэгч Г- ХХК-иас 300.000.000 төгрөг гаргуулах бие даасан шаардлага бүхий иргэний хэргийг,
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, О.Э, өмгөөлөгч Ц.Б нарын гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Э, Б.У, өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, өмгөөлөгч Ж.Э, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч Г- ХХК, Б У- ХХК, С А Г- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Очирлаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х Г- ХХК нь Г- ХХК-тай 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 09 дугаартай ургамал хамгаалах бодис худалдах-худалдан авах гэрээ, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 13062702 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ӨХШ-14/87 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг тус тус байгуулсан. Мөн Х Г- ХХК нь Б У- ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 13061201 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ, С А Г- ХХК-тай 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ӨХШ-14/86 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнүүдийг тус тус байгуулсан. Нэхэмжлэгч нар төлбөрийг төлж барагдуулахыг албан бичиг, и-мэйл болон утсаар хариуцагчид удаа дараа мэдэгдэж, шаардсан. Гэрээнд зааснаар Х Г- ХХК нь гэрээ байгуулагдснаас 1-3 хоногийн дотор урьдчилгаа 30 хувийг төлж, үлдэгдэл төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл техник тоног төхөөрөмж болон ургамал хамгаалах бодис худалдан авсан төлбөрөө төлөөгүй.
Иймд, С А Г- ХХК-ийн хувьд 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 17/86 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Моррис максим 12 м үрлэгчийн үндсэн төлбөр алдангид 79.121,77 ам.доллар буюу 162.055.627,03 төгрөгийг Х Г- ХХК-иас гаргуулах,
Б У- ХХК-ийн хувьд 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12061201 дугаартай Техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Харди маркийн ургамал хамгаалах бодис цацагч техникийн үндсэн төлбөр, хүү, алдангид 72.048 ам.доллар буюу 147.567.272,64 төгрөгийг Х Г- ХХК-иас гаргуулахаар нэхэмжилж байна.
Г- ХХК-ийн хувьд 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13062702 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Жон Дийр W210 үр тариа хураагч 2 ширхэг үр тариа хураагч комбайны үндсэн төлбөр, хүү, алдангид 359.328 ам.доллар буюу 735.968.423,04 төгрөг, 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 14/87 дугаартай техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу Жон Дийр 8530 тракторын үндсэн төлбөр, алдангид 97.149,68 ам.доллар буюу 198.980.023,05 төгрөг, мөн 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот ургамал хамгаалах бодис зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу үндсэн төлбөр, хүү, алдангид 26.778,30 ам.доллар буюу 54.846.786,63 төгрөгийг хариуцагч Х Г- ХХК-иас гаргуулахаар тус тус нэхэмжилсэн.
Хариуцагч нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш төлбөрөөс тодорхой хэмжээний мөнгийг шилжүүлсэн учраас нэхэмжлэлийн шаардлагаа 270.579.573,61 төгрөгөөр багасгасан гэжээ.
Хариуцагч Х Г- ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г- ХХК-ийн нэхэмжилж байгаа 1.569.997.806 төгрөгийн дүнг яаж гаргасан талаарх аргачлал, тооцоо нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, манай компанийн төлсөн төлбөрийг тооцон үзэж, одоо төлөх төлбөрийг бодитойгоор дахин тогтоож, төлөх хугацааг сунгах шаардлагатай. 2014 онд Монгол Улсын бүх газар тариалангийн компанийн тариалсан буудай цавуулаггүй байсан бөгөөд Г- ХХК-ийн манай компанид нийлүүлсэн буудайн 60 хувь нь чанарын шаардлага хангаагүй. Манай компани ургацаа алдаж, гурилын үйлдвэрлэл 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд сул зогсож, үлдсэн 5-6 саруудад алдагдалтай ажилласны улмаас техник тоног төхөөрөмжийн үнийг төлөх боломжгүй болгосон. Мөн хариуцагч ургамал хамгаалах бодисын төлбөрийг 100 хувь төлсөн. Мөн Харди, моррис үрлэгчийн төлбөрийг төлсөн. Харин хор цацагчийн төлбөр дутуу байгаа, үүнийг бид төлнө.
Иймд, төлөхгүй байгаа гэдэг тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бид тооцоогоо гаргаад 731.247.931 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Моррис үрлэгчийг ажиллуулж мэдэхгүй учраас бид 2, 3 жил алдсан. Комбайны төлбөр 549.480.811 төгрөгөөс 183.160.270 төгрөг нь алданги болж байна. Алдангийг 50-60 хувь хөнгөлж өгөхийг шүүхээс хүсч байна. Тракторын хувьд ажиллуулах гэж хичээсэн боловч байнга эвдэрч байсан тул энэ гэрээний маргаан үүсэж байна. Трактор нь одоогийн байдлаар ажил гүйцэтгэх боломжгүй. Мөн 10.000.000 төгрөгийн дугуй нь хөнгөн гэмтэл биш, 1 автомашины үнэ юм. Жанам нь эвдэрсэн, труф цоорох гэмтлүүд бага гэмтэл биш юм. Энэ трактор цаашдаа ажил үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй тул тракторыг буцаахаас өөр аргагүй байна.
Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас комбайны төлбөрийн 50 хувийг хөнгөлж өгвөл бид өөр хүсэх зүйлгүй, хариуцлагаа хүлээнэ. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг үүсэх дарааллыг тодорхой заасан. Өнөөдөр гэрээтэй нь хэдэн төгрөг, гэрээгүй ургамал хамгаалах бодисын ялгааг гаргахгүйгээр, хүү, алдангийг яаж тооцсон гэдгийг бодох боломжгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргаж өгсөн тооцоогоор ургамал хамгаалах бодисын төлбөрийн үлдэгдэл 16.034.870 төгрөг төлөх тооцоо гарч байна. Энэ нь тооцоо нийлсэн акт дээр тодорхой харагдаж байна.
Хэргийн 61 дүгээр талд авагдсан тооцоо нийлсэн актад 300.000.000 төгрөг бэлнээр, бэлэн бусаар өгсөн. Энэ мөнгийг авсан гэдгээ шүүх хуралдаан дээр нотолсон. Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад шууд бус ч гэсэн ашиглаж байсан техник тоног төхөөрөмжийг засч өгнө, сайжруулж өгнө гэх мэтээр худалддаг гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэжээ.
Хариуцагч Х Г- ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Х Г- ХХК нь 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах тухай нэртэй гэрээг Г- ХХК-тай байгуулж, Жон Дийр 8530 маркийн тракторыг худалдан авч, урьдчилгаа төлбөрт нийт 85.000 ам.доллар буюу 151.215.000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч талаас гэрээний 1.6-д заасан үндэслэлээр бидэнд техник, тоног төхөөрөмжийн бичиг, баримттай холбоотой мэдээллийг өгөөгүй. Г- ХХК нь АНУ-ын Жон Дийр компанийн Монгол дахь төлөөлөгчийн хувьд бидэнд шинэ трактор анх нийлүүлэхээр тохиролцсон боловч уг компанийн техникийн албаны дарга н.Батбуян нь шинэ трактор байхгүй, өөрсдөө шинэ трактороо хэрэглэж байгаа учир хуучин зогсож байгаа 3 трактороос сонгоод авбал шинээс дутуугүй болгон янзалж өгнө гэсэн. Манай төлөөлөгчид газар дээр нь очиж үзээд маргаан бүхий тракторыг 170.000 ам.доллараар буюу шинэ тракторын үнээр авсан. Өмнөх жил нь цоо шинэ тракторыг 180.000 ам.доллараар авч байсан. Ингээд гэрээ байгуулж, урьдчилгаа 50 хувь болох 85.000 ам.долларыг тухайн үеийн ханшаар тооцон 151.215.000 төгрөг төлсөн.
Тракторыг худалдан авснаас хойш хэд хэдэн удаа эвдэрсэн бөгөөд бидний зүгээс удаа дараа өөрсдөө хөрөнгө мөнгө гаргаж, засвар хийлгэсэн зардалд нийт 21.778.849 төгрөг гаргасан. Худалдагч тракторыг худалдах үедээ орж ирээд удаагүй, манай компани ашиглаж байсан гэж тайлбарласан бөгөөд улсын бүртгэлийн газраас авсан лавлагаанаас үзвэл уг трактор нь 2011 онд импортоор орж ирсэн байх тул 2014 онд гэрээ байгуулах хүртэл нийт 3 жилийн хугацаанд бий болсон ашиглалтын явцад үүссэн элэгдэл, хорогдлоос шалтгаалж дээрх эвдрэл гэмтлүүд гарч, хохирол учрах үндэслэл болсон. Иймд, худалдагчийг биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчин худалдан авагчид эрхийн доголдолтой, өөрөөр хэлбэл, банкны барьцаанд тавьсан эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэн, Г- ХХК-тай байгуулсан техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 151.215.000 төгрөг, хохиролд 21.778.849 төгрөг, нийт 172.993.849 төгрөгийг Г- ХХК-иас гаргуулж өгнө үү.
Түүнчлэн, маргаан бүхий гэрээний 2.1-д энэхүү гэрээнд гарын үсэг зурснаар худалдан авагч тал техник тоног төхөөрөмжийг худалдан авахаа албан ёсоор баталж байгаа бөгөөд ямар нэгэн шалтгаанаар ямар ч тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхгүй болно гэж заасан. Энэ заалтаар тухайн гэрээний зүйл нь биет байдлын болон эрхийн доголдолтой байсан тохиолдолд худалдан авагч гэрээг цуцлах болон татгалзах боломжийг хязгаарласан. Гэрээний дээрх заалт нь худалдан авагчийн эрх зөрчигдөж, ашиг сонирхол нь хөндөгдсөн ямар ч тохиолдолд түүнд гэрээний зүйлийг заавал худалдан авахыг тулгасан заалт байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээний 2.1 дэх хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай шаардлагыг анх гаргасан.
Маргааны зүйл болох трактор нь 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын хилээр орж ирсэн бөгөөд гаалийн мэдүүлэгт 150.853 ам.доллар буюу 182.226.318 төгрөгийн үнэтэй гэж тусгагджээ. Гэтэл Г- ХХК нь энэ тракторыг 3 жил гаруй хугацаанд эзэмшиж, ашигласан атлаа анхны үнээс 20.000 ам.доллараар нэмэгдүүлэн бидэнд худалдсан. Гэрээний 1.1-д ...хэвийн ажиллагаатай болгож өгнө гэж заасан бөгөөд энэ нөхцөл удаа дараа зөрчигдөж, богино хугацаанд 21.800.000 гаруй төгрөгийн бодит хохирол учирсан. Энэ трактор цаашдаа ажил үүрэг гүйцэтгэх ямар ч боломжгүй тул тракторыг буцаахаас өөр аргагүй, худалдагчийн зүгээс гэрээ байгуулах үеийн үндэслэл, нөхцөл байдал өөрчлөгдсөнийг мэдсээр байж эдгээрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа зэргийг харгалзан талуудын хооронд байгуулагдсан техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзан анх гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна.
Иймд, худалдагч талыг биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ зөрчин худалдан авагчид эрхийн доголдолтой, өөрөөр хэлбэл, банкны барьцаанд тавьсан эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул маргаан бүхий гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт төлсөн 151.215.000 төгрөг, хохиролд 21.778.000 төгрөг, нийт 173.149.000 төгрөгийг Г- ХХК-иас гаргуулж өгнө үү.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт гадаад валютын ханшийг тухайн үеийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцохоор заасан. Тухайн үеийн ханш нь нэхэмжлэл гаргах үеийн ханш эсэх нь тодорхойгүй ба тухайн үеийн ханш гэдгийг тухайн өдрийн ханшаар тооцож байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт зааснаар төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө гэж заасан. Иймд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2, Иргэний хуулийн 218 дугаар зүйлийг баримтлах нь зүйтэй байна. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах барьцаа юм. Үүнд шууд болон дам зүйл нөлөөлж болно. Эдийн засгийн хувьд 2 компани олон жил хамтарч ажилласны тод жишээ нь хариуцагч байгууллага банкнаас 4.600.000.000 төгрөгийн зээл авааад 2.600.000.000 төгрөгийг 1 жил орчим хугацаанд нэхэмжлэгч байгууллагад ашиглуулсан.
Мөн н.Батдуламын гарын үсэгтэй баримтыг шинжлэн судалсан. Түүний үндсэн дээр 300.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Аль болох хөнгөлттэй нөхцөл үзүүлж байсан ч үр дүнгээ үзүүлээгүй. Хариуцлага хүлээх үндэслэлтэй боловч тракторын анзын хэмжээг бууруулах боломжтой. Бусад зүйлийг тооцоход нийт 290.000.000 төгрөгийн алданги хүлээж байгааг бага биш гэж үзэж байна. Эхлээд хүү алдангиа аваад дараа нь үндсэн төлбөрийг тооцдог хуулийн зохицуулалт байхгүй гэжээ.
Нэхэмжлэгч Г- ХХК, Б У- ХХК, С А Г- ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Манай компани шинэ, хуучин олон техник худалдаалж байсан бөгөөд шинэ техникийн хувьд үйлдвэрийн 1 жилийн баталгаат засварын хугацааг өгдөг. Харин хуучин техникийн тухайд техник хүлээлцэх акт үйлдэн, хэвийн ажиллагаатай бүрэн бүтнээр нь хүлээлгэж өгдөг. Хүлээлгэж өгснөөс хойшхи ямар нэгэн эвдрэл гэмтлийг манай компани хариуцдаггүй. Хариуцагч Х Г- ХХК нь 2009 онд үйлдвэрлэгдсэн тракторыг 2014 онд сайн дурын үндсэн дээр өөрөө сонголт хийж худалдан авсан ба манай компани тус тракторыг хэвийн ажиллагаатай бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн. Бид харилцагч компанийн хувьд хөнгөлөлт үзүүлэн төлбөрөө нэг жилийн хугацаанд хүүгүй төлөх төлбөрийн хуваарь гаргаж өгсөн. Хариуцагч гэрээнд заасан хуваарийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 42.500 ам.доллар, мөн 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 42.500 ам.долларыг тус тус төлж дуусгах үүрэгтэй байсан боловч үүргээ эс биелүүлж, дээрх төлбөр төлөх хуваарийг зөрчиж, өнөөдрийг хүртэл үлдэгдэл төлбөрөөсөө нэг ч төгрөгийг төлөөгүй. Тус тракторыг өмчлөх эрх нь Х Г- ХХК-ийг төлбөрөө 100 хувь бүрэн төлж дуустал манай компанийн нэр дээр хэвээр үлдсэн. Х Г- ХХК гэрээнд заасан үүргээ биелүүлж, төлбөрөө бүрэн төлж дууссан цагт тус тракторын өмчлөх эрх болон өмчөө захиран зарцуулах эрхээсээ татгалзаж, барьцаанаас чөлөөлөн Х Г- ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлж өгөх болно.
Х Г- ХХК нь Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах тухай өмнө нь манай компанид мэдэгдээгүй. Иргэний хуулийн 209 дүгээр зүйлийн 209.1 дэх хэсэгт хоёр талын гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нэг тал нөгөө талынхаа өмнө үүргээ эхлэн гүйцэтгэхээс бусад тохиолдолд нөгөө тал хариу үүрэг гүйцэтгэхээс өмнө үүргээ гүйцэтгэхээс татгалзаж болно гэж заасан бөгөөд манай компани Х Г- ХХК-д энэхүү тракторыг гэрээ байгуулагдмагц хүлээлгэн өгсөн. Хариуцагч нь тракторын төлбөрийн зарим хэсгийг төлсөн байгаагаас үзэхэд энэхүү гэрээнээс татгалзах эрхээ аль хэдийн алдсан. Гэрээ болон хуульд зааснаар сөрөг нэхэмжлэлд дурдсан тракторын эвдрэл гэмтлийн талаар шаардлага гаргах эрхийн хугацаа нь өнгөрсөн байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь эд хөрөнгийг хүлээж аваад 3 жил болсон учир эд хөрөнгийн доголдлын талаар гомдол гаргах эрхгүй. Мөн түүнчлэн, тус тракторыг 2014 онд Х Г- ХХК-д хүлээлгэн өгөхөд 2 290 мото цаг/км ажилласан ба өнөөдрийн байдлаар тус трактор нь 3 540 мото цаг/км ажилласан байна. Тодруулбал, хариуцагч энэ тракторыг манай компаниас авснаас хойш нийт 1 250 мото цаг/км ажиллуулсан байна. Хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж түрээслэх нь манай компанийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд техник, тоног төхөөрөмж тус бүрээс дагаж мөрддөг түрээсийн үнэлгээний тарифтай. Х Г- ХХК-ийн худалдаж авсан маргаан бүхий тракторыг 1 мото цаг/км нь 161 ам.долларын түрээсийн төлбөртэй бөгөөд Х Г- ХХК нь тус тракторыг худалдаж авснаасаа хойш буюу өнгөрсөн 3 жилийн хуагцаанд нийт 1 250 мото цаг/км ажиллуулсан байх тул тэрхүү ажиллуулсан хугацааны түрээсийн төлбөр нь 201 250 ам.доллар буюу 495.880.000 төгрөг юм.
Иймд, сөрөг нэхэмжлэлд дурдсан зүйлс үндэслэлгүй бөгөөд зөвхөн төлбөр төлөхгүй гэж шалтаглаж байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээд Х М- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярсайхан шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Манай компани 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 13/53 дугаартай гэрээг Х Г- ХХК-тай байгуулж, уг гэрээгээр Х М- ХХК нь Х Г- ХХК-д үр тариа хураах зориулалтын Жон Дийр W210 маркийн 2 ширхэг комбайныг худалдан авахад нь зориулж 300.000.000 төгрөгийг 2013 оны намар авах улаан буудайн урьдчилгаа хэлбэрээр тооцон хүүгүй олгох, тус 2 ширхэг комбайныг гэрээгээр тохирсон улаан буудайг нийлүүлэх хүртэл Х М- ХХК-ийн барьцаанд байлгахаар тохиролцсон. Ингээд манай компани 2013 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Г- ХХК-д 300.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Гэтэл Г- ХХК, Б У- ХХК, С А Г- ХХК-иуд нь Х Г- ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 782 206.94 ам.доллар буюу 1.569.997.706,58 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан 2 ширхэг комбайны үнийг гэрээний дагуу урьдчилан төлсөн байтал нэхэмжлэгч тал үгүйсгэж үнийг төлөөгүй гэж хүү, алданги тооцон нэхэмжилсэн нь үндэслэлгүй хөрөнгөжиж буйн нэг хэлбэр юм.
Иймд, бид нэгэнт гүйцэтгэсэн төлбөр болох 300.000.000 төгрөгөө эрх ашиг нь хөндөгдсөн гуравдагч этгээдийн хувиар бие даасан шаардлага гаргах хэлбэрээр нэхэмжилж байх тул манай компани Г- ХХК-д төлсөн 300.000.000 төгрөгөө буцааж гаргуулах хүсэлтэй байна. Уг мөнгө нь дансаар орж ирсэн. Харин бэлнээр орж ирсэн 300.000.000 төгрөг нь будааны тооцоо биш. Манай компани Х Г- ХХК-тай гэрээ байгуулсны үндсэн дээр мөнгө шилжүүлсэн тул нэхэмжлэгч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа тул нэхэмжлэгч Г- ХХК-иас 300.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Г- ХХК, Б У- ХХК, С А Г- ХХК нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: 2013 онд Г- ХХК, Х М- ХХК-тай улаан буудай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа 20 хувь болох 924.000.000 төгрөгийг төлөх ёстой байсан ба 300.000.000 төгрөг нь урьдчилгаа мөнгөний төлбөр юм. Х М- ХХК-иас банкаар 300.000.000 төгрөг, 400.000.000 төгрөг орж ирсэн. Эдгээр төлбөрүүд нь улаан буудайны гэрээний мөнгө юм. 2 компанийн хооронд байгуулагдсан 300.000.000 төгрөгийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар дүр үзүүлэн хийсэн гэрээ юм. Комбайн худалдах-худалдан авах гэрээ 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан байхад улаан буудайны 300.000.000 төгрөгийг мөн оны 6 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлсэн. Энэ төлбөр нь улаан буудайны урьдчилгаа болохоос биш, техник тоног төхөөрөмжтэй хамааралгүй. Гэрээ байгуулах үед энэ мөнгийг шилжүүлсэн гэж хэлэх бүрэн боломжтой байсан боловч хэлээгүй. Улаан буудайны гэрээний талаар гомдолтой байгаа бол тусдаа нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэй. Г- ХХК, Х М- ХХК-иудын хооронд байгуулсан улаан буудайны гэрээний дагуу хийсэн төлбөрийг өөрөөр тайлбарлаж шүүхийг будлиулах гэж байгаа тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х Г- ХХК-иас 399.340,42 ам.доллар буюу 817.921.061 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Г- ХХК-д олгож, тус компанийн шаардлагаас 83.915,56 ам.доллар буюу 171.874.171,6 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х Г- ХХК-иас 58.368 ам.доллар буюу 119.548.170 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б У- ХХК-д олгож, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагаас 13.680 ам.доллар буюу 28.019.102 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Х Г- ХХК-иас 79.121,77 ам.доллар буюу 162.055.626,8 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С А Г- ХХК-д олгож, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.6, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Г- ХХК болон Х Г- ХХК-ийн байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ14/87 тоот техник, тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах тухай гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 151.215.000 төгрөг, гэрээнээс учирсан хохиролд 21.778.849 төгрөг гаргуулах тухай хариуцагч Х Г- ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, Г- ХХК-иас 300.000.000 төгрөг гаргуулах тухай гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8.007.939 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1.022.919 төгрөг, гуравдагч этгээдээс бие даасан шаардлагад төлсөн 1.657.950 төгрөгийг тус тус улсын төсөвт үлдээж, хариуцагч Х Г- ХХК-иас 5.655.574 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дугаар магадлалаар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 399.34,42 ам.доллар буюу 817.921.061 гэснийг 267.750.783 /хоёр зуун жаран долоон сая долоон зуун тавин мянга долоон зуун наян гурван/ гэж, 83.915,56 ам.доллар буюу 171.874.171,6 гэснийг 761.080.775 /долоон зуун жаран нэгэн сая наян мянга долоон зуун далан таван гэж, 79.121,77 ам.доллар буюу 162.055.626,8 гэснийг 108.037.091 /нэг зуун найман сая гучин долоон мянга ерэн нэгэн/ гэж өөрчлөн, 2 дахь заалтын сөрөг нэхэмжлэл гэснийг сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн Г- ХХК-иас 300.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэснийг хасч, 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.007.939 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1.022.919 төгрөг, хариуцагч Х Г- ХХК-иас 2.649.630 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Г- ХХК-иас 230.137 төгрөг гаргуулан хариуцагч Х Г- ХХК-д тус тус буцаан олгож, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасны дагуу бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 1.657.950 төгрөгийг улсын төсвөөс гаргуулан Х М- ХХК-д буцаан олгосугай гэж нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн хариуцагч Х Г- ХХК-ийн 1.022.919 төгрөгийг, гуравдагч этгээд Х М- ХХК-ийн 1.657.950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.У, О.Э, өмгөөлөгч Ц.Б нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэг нь тус шүүхийн өөрийнх нь үндэслэх хэсэгтээ хийсэн дүгнэлтээс зөрж байгаа, арифметик, тоо тооцооллын олон зуун сая төгрөгийн зөрүү үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн байна.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нийт үнийн дүн Г- ХХК-ийн тухайд 700.220.631,08 (582.719.499,08+111.961.711+5.540.132) төгрөг, Б У- ХХК-ийн тухайд 119.548.170 төгрөг, Сэлэнгэ-Алтанговь ХХК-ийн тухайд 108.037.091 төгрөг, нийт 927.805.892,08 (700.220.631,08+119.548.170+108.037.091) төгрөг болж байна. Гэтэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн өөрийнх нь үндэслэх хэсэгтээ хийсэн дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан өөрчлөлтөөр Г- ХХК-ийн тухайд 700.220.631,08 төгрөг болсон байхад тогтоох хэсэгтээ 267.750.783 төгрөг гэж бичиж, арифметикийн ноцтой алдаа гаргаж, 432.469.848,08 төгрөгийн зөрүүтэй шийдвэрлэснээс гадна хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцон, нийт үнийн дүнгээс алданги тооцсон, алданги гаргуулах үндэслэлгүй хэмээн дүгнэлт хийсэн зэрэг алдаа гаргасан байна.
Анхан шатны шүүх Г- ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 09 тоот гэрээний үндсэн төлбөр, хүү, алдангид 26.778,3 ам.долларыг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс хасч тооцсон дүнгээс алдангийг тооцон нийт 3.042,74 ам.доллар буюу 5.540.132 төгрөг болгон багасгаж, хариуцагчаас гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар үндэслэх хэсэгтээ дүгнэсэн. Ийнхүү 5.540.132 төгрөг болгож дүгнэхдээ долларын ханшийг буруу үржүүлсэн байна. Энэ мөнгийг тухайн үеийн долларын ханшаар үржүүлэхэд 5.540.132 төгрөг биш 6.232.079,21 төгрөг байна.
Анхан шатны шүүх Б У- ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13061201 тоот гэрээний төлбөрт 119.548.170 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн.
Анхан шатны шүүх Сэлэнгэ-Алтанговь ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан ӨХШ 14/86 тоот гэрээний төлбөрт үндсэн төлбөр 52.747,84 ам.доллар, алданги 26.373,92 ам.доллар, нийт 79.121,77 ам.доллар буюу 162.055.626,8 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх алдангийг хасч тооцон, 108.037.091 төгрөг болгон багасгаж, хариуцагчаас гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэн талуудын сайн дурын үндсэн дээр гэрээгээр тохиролцсон алдангийг хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.
Давж заалдах шатны шүүх Г- ХХК болон Х Г- ХХК-уудын хооронд байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 14/87 тоот гэрээ, Сэлэнгэ-Алтанговь ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 14/86 тоот гэрээнүүдэд алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус тоног төхөөрөмжийн нийт үнийн дүнгээс тооцохоор тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасанд нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг энэ гэрээний хувьд алданги шаардах эрхгүй гэж үзнэ гэж дүгнэжээ. Гэтэл Г- ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан ӨХШ 14/87 тоот гэрээний 2.3 дахь хэсэг, Сэлэнгэ-Алтанговь ХХК болон Х Г- ХХК-иудын хооронд байгуулсан ӨХШ 14/86 тоот гэрээний 3.2 дахь хэсгүүдэд “...Худалдан авагч тал нь гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд шилжүүлэх шаардлагатай төлбөрийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө” гэж заасан байдаг.
Гэрээнд шилжүүлэх шаардлагатай үнийн дүн гэж бичсэн байхад давж заалдах шатны шүүх нийт үнийн дүнгээс гэсэн байна хэмээн гэрээний үгийн агуулгыг өөрчилж тайлбарлан магадлалдаа буруу бичиж, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт “Гэрээг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасныг зөрчин, алдангийг үндэслэлгүйгээр хасч тооцсон байна. Алдангийг хассан үйлдэл нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зарчим болох гэрээний агуулга, нөхцөлийг гэрээнд оролцогч талууд сайн дурын үндсэн дээр өөрсдөө чөлөөтэй тохиролцох гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн. Мөн алданги дээр талуудын хэн аль нь маргаагүй байхад давж заалдах шатны шүүх талуудын гэрээний эрх чөлөөт байдалд хөндлөнгөөс оролцон алдангийг хассан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүнийг агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэснийг зөрчсөн байна.
Давж заалдах шатны магадлалд “...талууд тракторыг хүлээлцсэн, засварын зардлын холбогдох төлбөрийн баримтууд хэрэгт авагдсан байх тул хариуцагч нь Доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлэхээр нэхэмжлэгчээс шаардах эрхтэй. Хариуцагчийн засвар хийхэд гарсан зардал 14.436.894 төгрөгийн хэмжээнд нотлогдож байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг энэ хэмжээгээр хангахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав” гэснийг эс зөвшөөрч байна.
Хариуцагч нь тухайн тракторын эд ангийг засварласны зардлыг нэхэмжлэгч Г-” ХХК-иас шаардаж, мэдэгдэж байгаагүй. Тухайн засварласан гээд байгаа баримтууд нь манай худалдсан тракторыг засварласан эсэхийг хариуцагч нотолж чадаагүй. Засварласан эсэхээ манайд мэдэгдэж байгаагүй, шүүхэд гаргаж өгсөн баримт манай тракторыг засварласан баримт гэдэг нь тогтоогдоогүй, нотлогдоогүй байхад шүүх цотлогдсои гэж дүгнэж байгаа нь буруу юм. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-д зааснаар хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй. Ийнхүү нотлогдоогүй байхад доголдолтой эд хөрөнгө өгсөн гэж үзэж байгаа давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч нарын зүгээс давж заалдах шатны шүүх үүрэг гүйцэтгэх дараалал зөрчсөн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хассан мөнгийг хүлээн зөвшөөрч байна. Талууд гэрээгээр харилцан тохиролцсон, уүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн заалтыг хүчингүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хасч тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй.
2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 тоот давж заалдах шатны шүүхээс гаргасан магадлалын алдааг засч, өөрчлөлт оруулан, хариуцагчаас үүрэг гүйцэтгэх дарааллын дагуу төлсөн төлбөрийг хасч, үлдсэн төлбөрөөс алданги тооцон дараах мөнгийг гаргуулж өгнө үү.
Г- ХХК-ийн тухайд, 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 13062702 тоот гэрээний төлбөрт 582.719.499,08 төгрөг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн), 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ 14/87 тоот гэрээний дагуу давж заалдах шатны шүүхийн тооцоолсноор үлдэгдэл төлбөр 84.971,32 ам.доллароос хэрэг хянан шийдвэрлэх явцад төлсөн 30.307,30 ам.долларыг хасч тооцсон 54.664,02 ам.доллароос алдангийг 50 хувиар тооцон 27.332,01 ам.доллар, нийт 81.996,03 ам.доллар буюу 167.942.628,72 төгрөг, 2013 оны 4 дүтээр сарын 01-ний өдрийн 09 тоот гэрээний төлбөрт давж заалдах шатны шүүхийн тооцоолсноор үлдэгдэл төлбөр 29.960 ам.доллароос хянан шийдвэрлэх явцад төлсөн 29.358,26 ам.долларын төлбөрийг хасч, 601.74 ам.доллар, хүүгийн төлбөрт 2.103 ам.доллар, алданги 1.352,37 ам.долларыг 25 хувиар багасгаж, нийт 3.042,74 ам.доллар буюу 6.232.079,21 төгрөг, нийт 756.894.207,01 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Г- ХХК-д өлгож өгнө үү.
Б У- ХХК-ийн тухайд, 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 13061201 тоот гэрээний төлбөрт давж заалдах шатны шүүхийн магадлалаар хэвээр үлдээснээр 119.548.170 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Б У- ХХК-д олгож өгнө үү.
Сэлэнгэ-Алтанговь ХХК-ийн тухайд, ӨХШ 14/86 тоот гэрээний үндсэн төлбөр 52.747,84 ам.доллар, алданги 26.373,92 ам.доллар, нийт 79.121,77 ам.доллар буюу 162.055.626,8 өгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч С А Г- ХХК-д олгож өгнө үү.
Хариуцагчаас нийт 1.038.498.003,81 төгрөгийг дээрх үнийн дүнгийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.
Нэг.Г- ХХК, Б У- ХХК, С А Г- ХХК-иуд анх Х Г- ХХК-д холбогдуулж 5 гэрээний үүрэгт 1.569.997.706.58 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 270.579.573.61 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлээ дараахь байдлаар тодорхойлжээ. Үүнд:
1.Г- ХХК нь Х Г- ХХК-иас:
а. 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүрэгт 26.778 ам.доллар буюу 54.846.786 төгрөг
б. 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 84.971.32 ам.доллар, алданги 12.134.80 ам.доллар, нийт 947.134.80 ам доллар буюу 198.980.031 төгрөг
в. 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 190.000 ам.доллар, хүү 74.328 ам.доллар, алданги 95.000 ам.доллар, нийт 359.329 ам.доллар буюу 735.968.423 төгрөг, бүгд 989.795.240 төгрөг
2. Б У- ХХК нь Х Г- ХХК-иас 2013 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 38.000 ам.доллар, хүү 15.048 ам.доллар, алданги 19.000 ам.доллар, нийт 72.048 ам.доллар буюу 147.567.272 төгрөг,
3. С А Г- ХХК нь Х Г- ХХК-с 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 52.747.85 ам.доллар, алданги 26.373.92 ам.доллар, нийт 79.121.77 ам.доллар буюу 162.055.626 төгрөг тус тус нэхэмжилснийг хариуцагч нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрсөн байна.
Х Г- ХХК нь Г- ХХК-д холбогдуулж 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн зээлээр худалдах худалдан авах гэрээгээр худалдан авсан трактор доголдолтойн улмаас гэрээг цуцалж, үнэд шилжүүлсэн 85.000 ам.доллар буюу 151.215.000 төгрөг, доголдлыг арилгуулах засварт зарцуулсан 21.778.849 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргасан байна.
Энэ хэрэгт Х М- ХХК нь гуравдагч этгээдээр оролцож, Г- ХХК-иас 300.000.000 төгрөг гаргуулах бие даасан шаардлагыг гаргажээ.
Хоёр.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон журам болон зохигчдын эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.
Харин хоёр шатны шүүхийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн зарим алдааг залруулж дараах үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчдын хооронд газар тариалангийн зориулалттай тоног төхөөрөмж, ургамал хамгаалах бодис, ургамал хамгаалах бодис цацагчийг зээлээр худалдах-худалдан авах гэрээ болон худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, эдгээр гэрээний хүчин төгөлдөр байдалд хоёр шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1-д заасантай нийцсэн дүгнэлт хийсэн байна.
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны зүйлийг зөв тодорхойлж, үндсэн төлбөрийн үлдэгдэл, төлөгдөх хүү, алдангийн хэмжээг гэрээ тус бүрээр тооцохдоо нотлох баримтын хүрээнд гэрээ болон хуульд нийцсэн дүгнэлт хийж, Х Г- ХХК-иас 817.921.061 төгрөгийг Г- ХХК-д, 119.548.170 төгрөгийг Б У- ХХК-д, 162.055.626 төгрөгийг С А Г- ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4, 222 дугаар зүйлийн 222.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 232.8-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, мөн тооцооллын алдаа гаргасан байна. Тодруулбал:
1.Г- ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд 2013 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан 09 тоот 500 литрийн хэмжээтэй 4000 ширхэг ургамал хамгаалах бодис нийлүүлэх гэрээний үүрэгт анхан шатны шүүх 17.684.74 ам. доллар /үндсэн төлбөр 29.960 ам.доллар, хүү 2.103 ам.доллар, алданги үндсэн төлбөрийн 50 хувь буюу 14.980 ам.доллар, нийт 47.043 ам.доллараас үүрэг гүйцэтгэх хугацаа өнгөрснөөс хойш төлсөн 29.358.26 ам.долларыг хасч/ гаргуулсныг давж заалдах шатны шүүх өөрчилсөн нь үндэслэл муутай болжээ. Давж заалдах шатны шүүх ийнхүү дүгнэлт хийхдээ анхан шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчсөн гэсэн нь буруу байна. Учир нь хариуцагч Х Г- ХХК нь гэрээ ёсоор 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлбөрийг гүйцэтгэх үүргийг хүлээсэн хэдий ч хугацаа хэтрүүлсэн бөгөөд төлбөр төлөгдөж эхэлсэн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн төлөх алданги нь үндсэн үүргийн 50 хувиас хэтэрсэн байгааг давж заалдах шатны шүүх анхаараагүй, хугацаа хэтрүүлж төлсөн төлбөрийг үндсэн үүргээс хасч, үлдэгдлээс алданги тооцон 1.352.37 ам.доллараар тогтоож, үүнээсээ 25 хувиар багасгахдаа үндэслэлээ заагаагүй нь зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.4, 232.8-т заасантай нийцээгүй байна.
2. Г- ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Жон дийр 8530W маркийн трактор зээлээр худалдах худалдан авах гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг анхан шатны шүүх тооцохдоо Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасныг буюу үүрэг гүйцэтгэх дарааллыг зөрчиж, төлсөн төлбөрийг үндсэн төлбөрөөс бус алдангиас хассан нь буруу, мөн гэрээнд заасан алданги төлөх зохицуулалт хуульд нийцээгүй гэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүх хийхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Тухайлбал, гэрээний 2.3-т худалдан авагчийн үүрэгт “гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд шилжүүлэх шаардлагатай төлбөрийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө” гэж заасныг 3.3-т заасан худалдагчийн үүргийн заалттай хольж “гэрээгээр алдангийг тоног төхөөрөмжийн нийт үнийн дүнгээс тооцохоор тохирсон нь хуулийн 232.6-д заасантай нийцээгүй,... алданги шаардах эрхгүй...” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.
Талууд гэрээ байгуулснаас хойш 1 хоногт тракторын үнэ 170.000 ам.долларын 50 хувь буюу 85.000 ам.долларыг төлөх, үлдэх 85.000 ам.долларыг 12 сарын туршид хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон бөгөөд хариуцагч Х Г- ХХК нь урьдчилгаанд 85.028.8 ам.доллар төлж, үлдэгдэл 84.971.32 ам.долларыг 2015 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төлөх үүрэг хүлээсэн боловч үүргээ хугацаандаа биелүүлээгүй байна. Харин 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 30.22.18 ам.доллар төлснийг зохигч маргаагүй ба төлбөрийг гүйцэтгэх гэрээнд заасан хугацаанаас хойш эхний төлөлт хүртэл 11 сараар алданги тооцоход үндсэн үүргийн 50 хувиар хэтэрсэн байна. Иймээс хариуцагч алдангид 42.485.66 ам.доллар төлөх үүргийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу хариуцагч хүлээнэ. Үүнийг төлөгдөөгүй үндсэн төлбөртэй нэгтгэхэд 127.456.98 ам.доллар /үндсэн төлбөр 84.971.32 ам.доллар, алданги 42.485.66 ам.доллар/ болох бөгөөд төлөгдсөн 30.322 ам.долларыг хасч 97.134.80 ам.долларын үүрэг байгааг анхан шатны шүүх зөв тодорхойлсон атал давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж буруутгасан нь учир дутагдалтай болжээ.
3. С А Г- ХХК-ийн Х Г- ХХК-иас 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 105.400 ам.долларын үнэ бүхий Моррис максиум маркийн хийн үрлэгч зээлээр худалдсан гэрээний хувьд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн төлбөрийн гүйцэтгээгүй үүрэг 52.747.85 ам.доллар, үүний 50 хувь буюу 26.373.92 ам.долларын алданги нийт 79.121.77 ам.доллар хариуцагчаас гаргуулсан нь хуулийн үндэслэлтэй байна.
Давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2.3-т худалдан авагчийн үүрэгт “гэрээнд заасан төлбөрийн хуваарийн дагуу төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд хугацаа хожимдуулсан хоног тутамд шилжүүлэх шаардлагатай төлбөрийн дүнгийн 0.2 хувиар алданги төлнө” гэж заасныг бус гэрээний 3.3-т заасан худалдагчийн үүргийг баримталж, “алданги тохиролцсон зохицуулалт Иргэний хуулийн 232.6-д заасантай нийцээгүй,... алданги шаардах эрхгүй...” гэж дүгнэн алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулсан нь хуульд нийцээгүй байна.
4.Давж заалдах шатны шүүх дээрх алдаанаас гадна өөрийн хийсэн дүгнэлтийн дагуу нэхэмжлэлийн нийт хангагдах үнийн дүнг магадлалын тогтоох хэсэгт илтэд зөрүүтэй байдлаар тодорхойлжээ.
Гурав.Х Г- ХХК-ийн Г- ХХК-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг, давж заалдах шатны шүүх өөрчилж, 14.436.894 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийг хангахаар шийдвэрлэсэнийг буруутгах боломжгүй байна.
Гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгө буюу трактор эвдрэлтэйн улмаас удаа дараа засуулж байсан нь тогтоогдсон. Харин давж заалдах шатын шүүх сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар дүгнэлт хийсэн атлаа магадлалын тогтоох хэсэгт энэ талаар заагаагүй орхигдуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2-т заасантай нийцээгүй байна.
Дөрөв.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х М- ХХК-ийн Г- ХХК-с 300.000.000 төгрөг гаргуулах шаардлагыг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны Х М- ХХК-ийн дээрх бие даасан шаардлагын талаар дүгнэхдээ уг шаардлага нь Г- ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд үүссэн маргааны зүйлд шууд хамааралтай биш гэж үзсэн нь үндэслэл бүхий болсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно” гэж заажээ. Тухайн 300.000.000 төгрөгөөр 2 ширхэг комбайны үнэ төлөгдсөн нь тогтоогдоогүй, Х М- ХХК нь Г- ХХК-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлж шаардсныг Г- ХХК эс зөвшөөрч энэ нь улаан буудайн үнэ, буудайг өгсөн гэж маргасан байна. Х М- ХХК нь Г- ХХК-д шилжүүлсэн мөнгөө буцаан гаргуулна гэсэн үндэслэл зааж байгаа тохиолдолд уг маргаан нь тус компаниудын хооронд үүссэн тоног төхөөрөмж худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлттэй холбоотой маргаанд хамааралгүй буюу Х М- ХХК-ийн бие даасан шаардлагыг энэ хэрэгтэй хамтатган нэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэх боломжгүй байсан нь шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзнэ. Иймээс нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 65 дугаар зүйлийн 65.1.2, 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзах нь зөв тул холбогдох хэргийг мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Харин давж заалдах шатны шүүх энэ талаар шийдвэрт өөрчлөлт оруулахдаа холбогдох хэргийг хэрэгсэхгүй болголгүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хасах замаар өөрчилсөн нь зохистой болоогүйг өөрчлөхөөр шийдвэрлэв.
Тав.Анхан шатны шүүх Г- ХХК болон Х Г- ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн гэрээний үүргийг тодорхойлохдоо алдангийг 25 хувиар багасгаж дүгнэлт өгсөн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох хуулийг баримтлаагүй, түүнчлэн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хуулийн зүйл, хэсгийг алдаатай бичснийг зөвтгөх шаардлагатай байна.
Дээр дурдснаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2144 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2017/01589 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад” Иргэний хуулийн 243.1, 262.1, 232.4 дэх хэсэгт заасныг...” гэснийг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дах хэсэгт заасныг...” гэж,
2 дах заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул Г- ХХК-д холбогдох 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ӨХШ14/87 тоот техник тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, хэлцлээр шилжүүлсэн 151.215.000 төгрөг гаргуулах Х Г- ХХК-ийн сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар Г- ХХК-с 14.436.894 төгрөг гаргуулж Х Г- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Х М- ХХК-ийн бие даасан шаардлагатай Г- ХХК-иас 300.000.000 төгрөг гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
3 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8.007.939 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд төлсөн 1.022.919 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х Г- ХХК-иас 5.655.574 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт, нэхэмжлэгч Г- ХХК-иас 230.137 төгрөг гаргуулж хариуцагч Х Г- ХХК-д тус тус олгож, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х М- ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.657.950 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Г- ХХК 3.942.422 төгрөг, Б У- ХХК 755.691 төгрөг, С А Г- ХХК 968.229 төгрөг тус тус төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ